Монголчуудын дунд

Монголчуудын дунд хэмээх энэхүү ном нь Монсудар хэвлэлийн газараас эрхлэн гаргаж буй Монголоор бэдэрсэн гадныхан цувралын нэгэн боть юм. Жеймс Гилморийн монгол нутгаар хийсэн аяллын тэмдэглэл болох “Монголчуудын дунд” хэмээх уг бүтээлийг гар зургаар баяжуулан уншигч танд хүргэж байна. Ж.Гилмор монголчуудыг таньж мэдэхийн тулд тэдний бүхий л соёл ахуй, амьдралын хэв маягт нь чадлынхаа хэрээр суралцаж, монгол хэлийг сурах хугацаандаа энгийн ардын дунд амьдран өдөр тутмын аж байдал, соёл уламжлал, баяр ёслол бүхий л зүйлүүдийг харан тэмдэглэж байжээ. Хожмоо тэрээр “Анх миний нүдэнд монголчууд болхи бүдүүлэг, хөндий хүйтэн харагдаж байв. Хамт байж ахуй байдлыг нь ойлгох цагт тийм биш юм” хэмээн тэмдэглэсэн байдаг.

Монголчуудын дунд
Эрхлэн гаргасан
Монсудар хэвлэлийн газар
Номын тухай мэдээлэл
ЗохиогчЖеймс Гилмор
Эрхлэн гаргасан он2013
ХэлМонгол
ISBN код978-99973-1-016-3
АнгилалМонголын түүх
Форматхатуу хавтастай
ЦувралМонголоор бэдэрсэн гадныхан
Худалдаалагдаж буй газарИнтерном номын их дэлгүүр


Агуулга

засварлах

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. МОНГОЛ ОРОНТОЙ ТАНИЛЦСАН МИНЬ

засварлах

Ням гараг тул хэнд маань ч хийх яаралтай зүйлгүй ч бидэнтэй зам нийлэх учиртай аянчдыг хүлээсээр өдрийг барав. Гэтэл нам гүм байдлыг эвдсэн нэг явдал боллоо. Чанга хашхирах дуунаар бид мөнөөх гэрүүд рүү харвал орос цэрэг тэр хавийн нохдод хөөгдөн, хамаг хурдаараа гүйх бөгөөд ноход түүнд дөхсөөр үзэгдэнэ. Ноход тун ойртсонд, бид хэсэг зуурт самгардаж, сандарсан боловч тэр эхний гэрийн хаалгаар харайн орж амжлаа. Тал дунд холгүй харагдах гэрүүд рүү санаа амар алхаж явсан түүнийг тэдний ноход тийнхүү хөөсөн бөгөөд үүнийг олж харсан хэн нэг нь хэрэв анхааруулж чимээ өгөөгүй бол ноход орос цэргийг анзаарахаас өмнө амжаад зуучих байжээ. Нохдод хөөгдсөн орос цэрэг зугтаж амжсан хойно энэ явдлыг харсан нутгийн хүмүүс болон тэр цэрэг ч бүгд инээлдсэн бөгөөд ердийн мэт эл явдал монголчуудын хотонд ойртож очих харийн хүн тун хянуур явах хэрэгтэйг ойлгуулсан сургамжтай үйл явдал болсон билээ...


ХОЁРДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ ХЭЛ СУРСАН МИНЬ

засварлах

Бээжингээс мордохын минь өмнө хэн нэгэн “Бээжингээс Хиагт хүрэх замын зураг” хэмээх газрын зургийг надад бэлэглэсэн юм. Бээжингээс Хаалган хүрэхэд энэ газрын зураг хэрэгтэй байсан боловч Хаалганаас Хиагт хүрэхэд зам олон, гэтэл мөнөөх газрын зурагт зөвхөн ганцыг нь тэмдэглэсэн бөгөөд хөсөг маань ондоо замаар аялсан болохоор түүнээс цааш зорчиход хэрэг болсонгүй. Газрын зургийн үзүүр дээр цөөн монгол үг, хэллэгийг тэмдэглэсэн нь говийг гатлах надад нутгийн иргэдтэй харилцахад маань дэм болох учиртай байлаа. Тэр миний хувьд монгол хэлний хамгийн анхны ярианы дэвтэр болсон. Тэмээн хөсөг болон монгол хөтөч хайж Хаалганд хоёр долоо хоноход намайг тэнд урьсан Америкийн шашин номлогчийн газарт багшаар ажилладаг монгол эрд би шавь орлоо. Монгол багш, монгол хэлний ярианы дэвтэр хоёроос гадна Шмидтийн зохиосон “Монгол хэлний дүрэм” гэдэг номыг би уншиж байв. Хаалганаас мордохын өмнө би монгол багшаараа “Би монгол хэлээр ярьдаггүй”, “Би монгол хэл үзэж байгаа” гэх зэрэг ойр зуурын өгүүлбэрийг хэлүүлж цээжилж авсан маань монголчуудтай уулзаад өөрийгөө танилцуулах төдийгүй зарим нэг түгээмэл үг, ойр зуурт хэрэглэгддэг зүйлсийн нэрийг хэлүүлж авахад тус болно.


ГУРАВДУГААР БҮЛЭГ. ӨВӨЛ ЦАГИЙН БАЙГАЛ НУУР

засварлах

Оросууд Байгал нуураа хэчнээн их дээдэлж, түүнийг ариун нандин далай хэмээн нэрлэдгийг Хиагтад амьдардаг хүмүүс сайн мэднэ. Өвлийн улиралд Байгал нуурыг ялангуяа гадныхан хэцүү хатуу гэлцэж, шүтэж мөргөх нь ч бий. Хиагт хавийн голууд өвөл ерөнхийдөө хадаалж, арваннэгдүгээр сарын эхэн гэхэд дээгүүр нь тэрэг чаргатай явж болохоор тас хөлддөг боловч 150 бээрийн цаадах Байгал нуур нэгдүгээр сарын хорьд хүртэл ямар ч хүйтэнд харзалсан хэвээр байх ажгуу. Энэ их усны мандлаас дэгдсэн чийг агаарыг зөөллөж, хүйтний эрчийг улам нэмэгдүүлэх мэт санагддаг бөгөөд Байгал нуур хөлдөхөд агаар хуурайшиж, хүйтний эрч хэвэндээ боловч тэсэж давахад хялбар болсон мэт санагдана. Хиагтаас гарч Байгалыг чиглэн аялахад газрын баримжаа авах эхний зүйл нүдэнд туссан нь үүр хаяарахын өмнө сарны гэрэлд зам дээр асар том байшин мэт харагдсан багана байв. Эхэндээ тэр чухам юу болохыг таагаагүй боловч дөхөж очтол мэдээж хэрэг Байгал нуурт тавихаар завдсан уурын хөлөг онгоцны асар том тогоо байсан бөгөөд Англиас Амар мөрнөөр дамжин энэ аралд ирсэн гэлцэнэ. Түүнийг ачиж явсан хүнд даацын тэрэгний дөрвөн дугуйны нэг нь мултарч, уг ачааг авч явсан хүмүүс тэрэгнээс салгаж болох бүх зүйлийг аваад түр орхисон нь тийнхүү бидний замд тааралдсан аж.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ЭРТНИЙ БУРИАД НОМЛОГЧДЫН МӨРӨӨР

засварлах

Оросын эрхшээл дэх монгол овогтон болох буриадуудын дунд Христийг номлодог төлөөлөгчийн газрын 1817-18 онд Англиас мордсон гэгээнтэн И.Сталлибрасс болон В.Сван нар анх байгуулсан уг төлөөлөгчийн газар Сэлэнгийск хотноо эхэлж нэгдсэн боловч Онад нүүж очсон бөгөөд 1841 онд Николай хааны зарлигаар хаагдаж, лам нар нь ажлаа зогсоосон билээ. Монголчуудыг Христийн номлолд дагаар оруулах хүчин чармайлт хэдийнээс эхэлсэн тухай ийм нэг товчхон баримтыг Лондон дахь Шашны номлогч нарын нийгэмлэг албан ёсоор тэмдэглэж үлдээсэн байдаг. Гэхдээ дурдсан шашин номлогчийн төлөөлөгчийн газрын түүхийн хамгийн сонирхолтой хэсэг нь бичигдэж үлдээгүй бөгөөд магадгүй цаашид ч бичигдэхгүй биз. Энэ удаа ч түүнийг дэлгэрүүлж бичихийг завдсангүй. Хэдий тийм ч эртний тэр төлөөлөгчийн газрын талаар хүмүүс цаг үргэлж асууж сонирхож байдаг болохоор янз бүрийн замаар сонсож мэдсэн цөөн хэдэн зүйл маань уншигчдын сонирхолд нийцэж мэдэх юм. Төлөөлөгчийн газраас үлдэж хоцорсон ул мөрийг өгүүлэхэд тэнд ажиллаж байгаад нас нөгчсөн хүмүүсийн булшны тухай өгүүлэх болно. Сэлэнгэ мөрний эрэг дээр оршдог Сэлэнгийск хотоос холгүйхэн сүрхий бахим чулуун хашаа бүхий дөрвөн булш байдаг нь Сталлибрасс гэгээнтэн, түүний гэргий хатагтай Юүлли болон хоёр хүүхдийнх нь шарил болой.


ТАВДУГААР БҮЛЭГ. МОРЬ УНАЖ СУРАВ

засварлах

Монгол нутгаар аялахад морь унаж чаддаг байх хэрэгтэй тул унаж сурахыг би хүсэв. Надад байн байн морь барьж эмээллэхээс залхсан монгол анд маань айлын жаалууд эсвэл чавганц нар эдэлж, хэн хүнгүй мордож байнга шахам ноолдог бололтой номхон, хөгшин морийг барьж, эмээллэв. Багачууд хүүхэд нь хөлд ормогц морины зоон дээр гарч, давхидаг энэ оронд морь унаж чаддаггүй хүн гэдэг хачин жигтэй зүйлийн нэгд тооцогддог бөгөөд морь бариад ирмэгц миний мордох гэж хөглөхийг харахаар хот айлынхан хөгшин залуугүй бүгд цуглав. Монголчууд богино дөрөө хэрэглэдэг болохоор гадаадынхан тэдний морийг унахаар хөл нь атийчихдаг тул шаардлагатай үед дөрөөгөө сунгаж сурсан ч гэсэн моринд мордоход амаргүй байв. Тийм ч би мордож л орхив. Ингэж хааяа нэг морь унавч би тэгтэл дадамгай болсонгүй. Гэхдээ би Өргөө хотод байхдаа Хаалган хот руу говийг мориор туулж явахаар үнэ тохирч хөтөч хөлсөөр авч зургаан зуун бээр аялах болохоор эрхбиш эмээл дээрээ эвтэйхэн мордчихдог болно гэж дотроо найдаж байв.


ЗУРГААДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ ГЭРТ ХОНОВ

засварлах

Залуу тэмээ унасан хөтөч миний урд жонжуулах нь бөөн бараан юм харагдахаас цаашгүй. Зам дагаж нэлээд явсны дараа би тэмээгээ гуядаж түүнийг гүйцэж очоод гэр хаана байсан юм бэ? гэж асуувал тэр урагшаа заах бөгөөд бодвол тэнд байсан бололтой. Гэвч санаа амарсангүй. Түүний тэмээ тэшүүлсээр урд гартал миний унасан хөгшин тэмээ хоцорчихов. Гэр харагдсангүй харин алсад сүүтэгнэх бараан дүрс гэнэт улам өргөн болов. Зам дээр тэмээ зогсож байна уу гэтэл баруун тийш бага зэрэг хөдлөв. Хөтөч маань өнөөх гэрүүдийг харсан болов уу гэж бодоод бага зэрэг давирсанд түүнийг гүйцээд очив. Бид замаас гарсан харин гэрүүд хаана байна? гэж асуув. Харанхуйд бусдаасаа бараан зүйл нэлээд цаана байхыг монгол эрийн хурц нүд олж харав. Биднийг дөхөж очтол айлын ноход хуцаж, гэрийн үүд онгойход галын гэрэл харагдав. Хүний бараа ч харагдав. Төдөлгүй бид ламын гэрт орж гал тойрон сууцгаав. Ламтан хорин долоон настай залуухан эр тавь гаруй настай эхийнхээ хамт суудаг бөгөөд арав орчим настай болов уу гэхээр өөр нэгэн жаахан лам тэднийд бас байв. Тэд аарцтай будаа буцалган хоолоо идэж суусан бололтой. Авгай аян замын хоёр хүнд цай халааж өгөхөөр хоёр ламыг хоолоо түргэн дуусгахыг сануулав. Хөөрөг зөрүүлж, гэрийн эзний бие тэнхээ, мал сүргийнх нь тарга тэвээрэг, тайван амгалан гэх мэтийг асууж харилцан ярилцсаны дараа гэрт нь биднийг хонуулах зай бий эсэхийг хөтөч маань асуув. Гэрийн эзэн ламд тэгтэл таатай санагдаагүй бололтой үгүй л болов уу даа гэж хариулав. Тэдний гэр жаахан, тэгээд хойморт нь гуутай бурхан тахил өрж өмнө нь зул асаасан, баруун талаар нь уяатай хурга, зүүн талаар нь олон сав суулга, усны болон сүүний бортого өрснөөс гадна хүрч болох бүхнийг долоох уяатай тугал, гурван хүн хэвтэх төдий зайтай болохоор түүний тийнхүү болгоомжилдог ч аргагүй. Нэмж хоёр хүнийг хаана унтуулах билээ. Манай хөтөч залуу ч амархан бууж өгөх янзгүй намайг зааж, ихэмсэг зангүй, амар хүн, жаахан зай байхад л болно гэж ятгаснаар, би суусан газартаа унтах, хөтөч маань хажуу айлд хонохоор болов. Биднийг цай ууж суутал айлынх нь хүмүүс орж ирсэнд гэрийн эзэн тайвширч, манай хөтөч хоол хийхийг зааварлах хооронд надтай яриа өрнүүлэв. Гэрийн эзэн бусад лам нараас илүү мэдлэгтэй нэгэн бөгөөд лам нарын дотор элбэг тааралддаггүй монгол бичгээр уншдаг болох нь мэдэгдэв.


ДОЛООДУГААР БҮЛЭГ. ТУРШЛАГАЖИВ

засварлах

Би монгол хэл үзэж, морь унаж сурахаар удаан хичээллэсний эцэст Монголд элбэг гардаг өвчнүүдийг эмчлэхэд зориулан нэг авдар эм олж, Бээжин дэх шашин номлогчдын газрын эмч нараар тэдгээр өвчнийг эмчлэх аргыг заалгав. Тэгээд Англи болон гадаад орнуудын Библийн нийгэмлэг болон шашны ном зохиолын нийгэмлэгийн агуулахаас гарт тааралдсан ном судруудыг хайрцагт хийж багласнаар Монголын өмнөд хилийн ойролцоох Хаалган хот дахь Америкийн шашин номлогчийн газарт зочлов. Би Монгол руу аялж хүн амьтангүй газруудаар бууж хоноглон, нутгийн оршин суугчдад эм тарааж над дээр ирсэн зарим нэгд нь Госпел уншиж өгөхийн тулд майхан, тэмээ худалдаж авах, монгол зарц хөлслөн авахаар төлөвлөсөн бөгөөд хамгийн түрүүнд тэмээ олохыг хичээсэн боловч худалдах эсхүл түрээслэх ганц ч тэмээ олж үл чадав. Тэгээд энэ бодлоо орхиж, хэд хоногийн дараа ирэх учиртай монгол найзаа хүлээж, нам суухаар шийдэв. Миний чимээгүй хүлээж суух бодол ч амжилт олсонгүй. Монгол орон, монголчуудтай холбоотой миний хийсэн ажлуудаас хүлээж суух л хамгийн хэцүү нь байсныг хэрэгтэй. Хүнд бэрх аялал хийж, хэл сурч, нутгийн иргэдийн ядмаг сууцанд хоног төөрүүлж тааруу хоол унднаас нь идэж, хардаж сэрдүүлж, зарим үед илэрхий улаан цайм эсэргүүцэлтэй тулж явахад тууштай зүтгэхэд зорьсон замынхаа төгсгөлд хүрнэ, орон сууц, хоол хүнс хүрэлцдэггүй хомс байдлыг тэсвэр тэвчээрээр давна, илэн далангүй харилцаа, хүч чармайлтын үр дүнд найрсаг бус, тэр ч байтугай дайсагнасан хандлагыг ялж дийлнэ гэж бодохоор тайвширч, тэнхээ ордог. Гэвч алс холоос хүрч ирээд хожмын өдрийг хүлээгээд зүгээр сууна, хэчнээн чармайгаад тэднийг түргэлүүлж чадахгүй гэдгээ мэдэх л Монголтой холбоотой ажлын маань хамгийн хэцүү зорилт байв.


НАЙМДУГААР БҮЛЭГ. МОНГОЛД ХЭРХЭН АЯЛДАГ ВЭ?

засварлах

Монголчууд тэмээгээр аялахдаа майхан авч явдаг. Тэд олуул нийлж алсын замд гарахдаа ингэж аялдаг. Монголын хойд болон баруун зүгийн нутгийнхан Утай, Бээжин дэх алдартай шашин номын газруудад мөргөхөөр ингэж явдаг. Ингэж явахдаа хучлага, дэвсгэр болгох хонины нэхий дээл, хоол хүнсээ хийж хадгалдаг тугалын арьсан тулам (амьд тугал шиг харагддаг)-нууд, утаа тортогт харлаж олонтоо нөхүүлсэн, багавтар хөх даавуун майхан, тулга, домбо, усны хоёр хувин, цөөн хэдэн эсгий гудас, ширдэг тэргүүтнийг хэрэглэдэг. Ачаа багатай, сольж арилжих эд бараагүй явахад хөнгөн учир түргэн шуурхай аялдаг бөгөөд хоногт хэр холыг туулах нь уналга тэмээний хүч тэнхээ, цаг улирал, аялж яваа хүний тэсвэр тэвчээрээс хамаарна. Хоногт нэг зуун хорин ли буюу дөчин бээр зам туулдаг боловч зарим үед түүнээс хол гэхдээ ихэнхдээ бага замыг туулдаг. Монголчууд уналга тэмээгээ их анхаарч, тарга хүч сайтай байсан ч унаа малаа ядраалгүй, аажуу тайвнаар хэд хоног ахиу явахыг чухалчилна. Гэхдээ л монголчууд тэмээнээс буугаад мориор давхихыг ямагт илүүд үздэг бөгөөд морины явдал биед таатай, тэгээд ч илүү түргэн гэлцдэг. Тэд ямагт мориор аялдаг боловч моринд цөөн фунт ачаа ачихаас гадна холын замд арчилгаа шаарддаг сул талтай. Хятадад хаана ч очсон дэн буудалд хонож, өвс тэжээл худалдаж аваад шөнөжин морьдоо тэжээдэгтэй адилгүй Монголд аялж яваад замд тааралдсан айлд бууж, морьдоо сул тавиад идээшлүүлээд хоночихно.


ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. МОНГОЛ ЭРТЭЙ ХАМТ ХООЛ ИДЭВ

засварлах

Нэг удаа үдээс хойно, орой болохын хэрд багшийндаа сууж байтал адуучин залуу үүдээр шагайж нутгийн нэр хүндтэй нэгэн эрхэм намайг оройн хоолонд урьсан тухай дуулгав. ”Хэдийд явах вэ?” гэж түүнийг асуухад би “Одоохон“ гэж хэлээд босож, араас нь дагав. Намайг тэр айлд очиход хагас албаны байдалтай оройн зоог бололтой, их гэрт нь оруулсан бөгөөд гэрийн эзэн жижиг ваартай хятад архийг гал дээрх савтай усанд бүлээсгэн, жижиг жүнзээр ууж суув. Хэдий хэр удаан сууж, хэчнээн архи уусныг нь хэлж мэдэхгүй ч тэрбээр надтай ярилцахад биш харин уухад нэлээд шимтсэн шинжтэй байв. Тэр урьд асуусан хэдэн зүйлээ надаас ёс төдий давтаж асуусанд би өмнө хэлснээ давтаж яриа өрнүүлэх санаатай оролдсонд над руу гөлөрч, ганц үгээр “тийм” эсвэл “үгүй” гэсэн хариу хэлнэ. Намайг ярихад хятад архи амандаа балгачихаад ихэвчлэн чимээгүй сонсож суух агаад яриад дуусмагц зөвшөөрснөө илтгэх мэт сонин дуу гаргах тэр архиа халааж аягалсаар завгүй. Түүний тийнхүү сонссон шинжгүй суухыг хараад би ч ярих гэж хичээхээ больж гэрийн эзнийг дуурайн чимээгүй суутал нөхөрт гарсан боловч гэртээ зочилж ирээд байгаа дугуй царайтай, махлаг, хөөрхөн охин намайг бодож эцгийнхээ анхаарлыг татахын тулд миний цагийг харуулж, гадаад орны хуримлах ёс заншлыг надаас асууж сонирхоно. Харин мөнөөх эр хятад архинаас өөр юуг ч үл сонирхдог шинжтэй.


АРАВДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ ЭРХЭМД ХАНДАВ

засварлах

Монголд аялахад нутгийн оршин суугчдын хардлага сэрдлэгийг давах, хэрэг гарахад хэн, хаашаа явсныг мэдэх, нутгийн эрх баригчдад хандаж, дэмжлэг авахын тулд паспорттой явах нь зүйтэй. Эрх баригчид хардаж сэжиглэн, паспортоо үзүүлэхийг шаардаж байгаагүй боловч зөвлөгөө авахын тулд би хоёр ч удаа тэдэнд хандаж билээ. Эхний удаад замд хэрэглэх морь түрээсээр авах зар тараатал нэгэн монгол эр манай майханд ирж, үнэ тохироод морио бэлчээрээс ирэхээр үзүүлэх, бидэнд таалагдвал морийг нь авах болов. Үдэш болж адуу ирэхэд би морио үзээд хэрхэх талаар шийдэхийг зарцдаа даалгасанд тэр холын замд тохирохгүй тул болихоор шийдэв. Тэгээд өөр морь олохыг зарцдаа захисны дагуу төдөлгүй тэр эргэж ирээд морь олдсон гэж хэлсэн болохоор бид унтахаар хэвтэв. Өглөө зарц маань морио авчирч эмээллэхээр мордон явах чимээг сонсоод үүдээр шагайж харвал адууны зүг явж байх түүний араас морьтой хүн гүйцэж очоод хэрүүл хийгээд, тэд хамтдаа буцаж ирэв. Тэр морьтой хүн бол мөнөөх үнэ хөлс ярьж тохирсон ч холын замд тохирохгүй гэж гологдсон морины эзэн бөгөөд өөрийнхөө морийг ав хэмээн шаардаж яваа нь тэр аж. Үнэ хөлсийг нь ярьж тохирон, таалагдвал авахаар шийдтэл мориных нь нуруу гэмтсэн болохоор ондоо морь авахад хүрснээ тайлбарлан хэлбэл тэр ойлгож зөвшөөрсөн тул зарц маань мордон явав.


АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ЛАМЫН СҮМ

засварлах

Хятадаар “Лама Миао”, монголоор Долоон нуур буюу “Долнуур” гэж нэрлэдэг энэ газар Хаалган хотоос зүүн хойш нэг зуун тавин бээрийн зайд Монгол нутагт оршдог, арилжаа наймааны их хөлийн төв билээ. Лама Миао хэмээн нэрлэсний учир бол тэндээс хагас бээрийн зайд Ламын хоёр сүм байдаг, Долнуур хэмээсэн нь тэр хавьд нуур цөөрөм олонтойгоос үүдсэн гэлцдэг. Хятад худалдаачид олонтой энэ газар үхэр ялангуяа адууны наймааны томхон зах боловч би энэ нутгийн ус нуур, сүм дуган, хятад наймаачид, цэцэглэн хөгжиж байгаа бараа солилцооны тухай биш харин Лама Миаог эргэн дурсах бүрт санаанд ордог, өөр хаана ч үзээгүй, хүнийг зориуд аажмаар үхүүлэхээр мүглэнд хийж цоожилдог, зөвхөн тэнд л харсан нэг хэрэг явдлын тухай өгүүлэхийг хүссэн билээ. Гол гудамны нэг үзүүрт, зээл болгон ашигладаг задгай талбайг хашсан нэг том хэрмэн хашаа Тамгын газрын өмнүүр үргэлжилнэ. Тэр хавиар биднийг тэмээ хөсөгтэйгөө өнгөрч явахад нэлээд олон хүн цугласан байсан бөгөөд дэн буудалд орчихоод эргээд очвол баригдсан хулгайч гэх нэг хүнийг толгойг нь цухуйлгаад мүглэнд хийчихсэнийг хүмүүс хараад зогсож байв. Мүглэнгийн жижиг нүх түүний хүзүүг наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болгосны дээр мөнөөх нүх нь хүн босоод зогсоход намхан, суухад өндөр тул өвдөг дээрээ хагас суугаад бөхийж атиран, тун шаналгаатай байхаар эд аж. Алах ял сонсож, мүглэнд цоожлуулсан, үхэн үхтлээ л тэнд зовох учиртай хүн юм гэдгийг тэнд цугласан хүмүүсийн ярианаас олж мэдлээ.


АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ. ӨРГӨӨ ХОТ

засварлах

Ар Монголын шашны төв Өргөө бол худалдаа арилжааны томоохон хот бөгөөд Хятадын хойд хилийн Хаалган хотоос зургаан зуун бээр, Оросын урд хилийн Хиагт хотоос хоёр зуун бээр зайтай, Туул голын хөвөөнд оршдог. Монголчууд “Хүрээ” гэж нэрлэдэг нь “тойруулж хүрээлсэн” буюу “бэхлэлт” гэсэн утгыг агуулдаг боловч бүтэн нэр нь хамгийн дээд ламтан суудаг газар гэсэн утга бүхий “Богд ламын хүрээ” ажгуу. Хятадууд энэ хотыг “Да хүрээ”, оросууд “Өргөө” гэлцдэг нь монголчуудын “Хүрээ” хэмээн нэрлэдгийн хувилбарууд бололтой. Хүрээнд өмнө зүгээс дөхөж очиход нүдэнд нэг “Ногоон байшин” тод тусдаг нь өндөр дэнж дээр байрласан учир алсаас бараатай Оросын Консулын газар аж. Консулын газрын арын чулуурхаг толгойн оройгоос хавь орчны бараа ил харагдана. Тэндээс харахад Консулын газар чанх урд дор үзэгдэх агаад хятад наймаачдын суурин зүүнтээ алсад, монголчуудын суурин, сүм дуганууд баруунтаа харагдана. Тал талаас уулсаар хүрээлэгдсэн агаад урд нь Консулын газрын чанх өөдөөс сүртэй гэгч лүглийн харагддаг нүсэр том уул ой модтой аж. Уулын мод бэлд нь хүрээгүй боловч орой хавьдаа илүү өтгөн харлан харагддаг нь өндөрлөг газраар ургадаг моддын төрөл зүйлээс шалтгаалдаг болов уу гэлтэй. Өтгөн ойгоор хучигдсан орой хэсэг нь үүлэнд нуугдан үзэмж төгс харагддаг энэ уулын хормой бэлээр өтгөн манан хөшилдөн, алсрах тусам шингэрэх нь захгүй цэлэлзэх их усны мандал уу гэлтэй.


АРВАНГУРАВДУГААР БҮЛЭГ. УТАЙ

засварлах

Еврей үндэстний хувьд Иерусалим, Исламын шашинтны хувьд Мекка хэчнээн чухал байдаг шиг монголчуудын хувьд ариун дагшин газар нь Утай аж. Монгол даяар, тэр ч байтугай Хятадын хойд нутагт тааралдсан монгол хүн бүр яриандаа энэ тухай ямар нэг байдлаар дурсдаг. Эргэл мөргөл хийх дон монгол мөргөлчдийг олон сүм хийдэд, түүний дотор нэр алдар нь хол ойрд түгж, олон хүн очдог сүмүүдэд хүргэдэг боловч Утайд дүйх нь үгүй. Тэсгим хүйтэн, аагим халуунд жилийн аль ч улиралд мөргөлчид, лам хуваргууд, эр эм, хөгшин залуу, баян чинээлэг, ядуу хоосон мөргөлчид ганц нэгээр эсхүл хэсэг бүлгээрээ морьтой, явганаар, алс холоос, ойроос Монголын Бурхны шашинтнуудын хувьд энэ дэлхий дээрх хамгийн ариун дагшин энэ газрыг зорьж яваа эсхүл тэнд очоод буцаж явахтай тааралддаг бөгөөд үхэхдээ ясаа тавих энэ газарт очих нь тэдний гол зорилго аж. Монголчууд энэ газрыг ерөөл шингэсэн, үүрд мөнхийн дагшин газруудын нэг, тэр ч байтугай ертөнц мөхөж, дэлхий дээрх амьдрал үгүй болсон ч үлдэх учиртай, энэ газрын усыг ууж, өвс ногоог идсэн амьтан хойд насандаа илүү дээд төрлийг олж төрнө гэж ярьцгаана. Утайд мөргөлөөр нэг удаа очиход хойдын нэг насны амьдрал, хоёр удаа очиход хойдын хоёр насны амьдрал, гурван удаа очиход хойдын гурван насны амьдрал аз жаргалаар дүүрэн байна гэж итгэдэг тул Монголын сүсэгтнүүд энэ ууланд амьдралдаа ядаж нэг удаа, олонх нь хоёр удаа, нэлээд нь жил бүр очиж мөргөхийг үнэнхүү хичээнэ.


АРВАНДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ХААЛГАН ХОТ

засварлах

Хаалган хотоос өөр Хятадын хотуудыг амьдралдаа үзээгүй монгол хүн олон бий. Хятадаар Чанг чиа коу буюу “Чанг овогтын даваа” гэж нэрлэдэг хотын хойд талаас ордог хаалгаар алдарт цагаан хэрмээр, энэ улсад нэвтэрдэг болохоор монголчууд “Хаалга” буюу Хаалганы хот гэж нэрлэдэг бол уг газрын хятад нэрийг бичиж, хэлэхээс хялбар болохоор Хаалган гэдэг үгийг оросууд гадаад ертөнцөд танилцуулсан гэдэг. Умар зүгийн тал нутгаас аянчид энэ газар хүрэхийн тулд асар урт үргэлжилсэн, зарим газартаа далайн түвшнээс таван мянга дөрвөн зуун тохой өргөгдсөн уул нуруудыг давах болдог. Аян замын энэ хэсгээс харахад асар том дэлгэц дээр байрлуулсан мэт уулс, түргэн урсгалт уулын голуудын хатаж хуурайшсан сайр, алс баруун зүгт хөвөрсөн утас мэт мяралзан харагддаг. Чухамдаа бол хайрга чулуун дэвсгэртэй сав газрынхаа өчүүхэн хэсгээр сүлжин урсдаг ганц гол зэрэг энэ газар орны бараа тун сүрлэг үзэгддэг. Хаалганы давааны орой дээрээс орчны байдлыг ажиглахуйд хязгааргүй үргэлжлэх ширээний тавцан мэт тэгш тал захын хэсгээрээ усанд идэгдсэн байх бөгөөд эхэндээ сүрлэг тод харагдсан байгаль бага зэрэг ижилдүү боловч тэртээх голын сайр, түүнээс чинагш үргэлжлэх хөндий, тэр хавиар урсаж өнгөрөх жижиг гол, борооны улмаас үүссэн ганга жалга гэхчлэн нэг хэвийн гэхээр зүйл ерөөс үл харагдана.


АРВАНТАВДУГААР БҮЛЭГ. МОНГОЛЧУУДЫГ ЭМЧЛЭВ

засварлах

Хүн цөөнтэй энэ оронд хүн амын аль нэг хэсэгт ихэдсэн гэдэг үгийг хэрэглэхэд хүрвэл нутгийн домч нар л Монголд чухам “ихэдсэн” аж. Тэдний ихэнх нь лам нар. Амьжиргаандаа нэмэр болох ажил төрөл эрхлэхийн зэрэгцээ эмчилгээ хийдэг энгийн хүмүүс ч бий. Эмч нарын дийлэнх нь лам нар байдагт тэгтэл гайхах зүйлгүй. Учир нь нэгдүгээрт, лам нарт хийгээд байх зүйл бага болохоор эмчилгээ эрхлэхэд шаардлагатай зүйлийг сурч мэдэх цаг завтай. Хоёрдугаарт, энгийн хүмүүсийг бодоход гэр бүлийн ахуй амьжиргаа, засаг төрийн алба ажлаас чөлөөлөгддөг болохоор эмчлэх чадвараа ашиглах боломж ахиу. Гуравдугаарт, монголчууд өвчин эмгэгийг анагаах ажил үйлийг уншлага мөргөлөөс үл салгадаг учир энгийн хүнийг бодвол оточ лам эм өгөөд шашны зан үйл хийгээд байх давуу талтай. Харин чухамдаа тэдний хэр мэдлэгтэйг хэлэхэд хэцүү. Анагаах ухааны нэлээд нарийн тогтолцоотой боловч ядаж л зарим талаар мухар сүсэг, хайхрамжгүй занг нь эс тооцвол суурь багатай. Сонирхолтой гэхээр нэг зүйлийг хэлэхэд хүн эмчлэхдээ өвчтөнийдөө очоод суучихдаг тэд эмчилгээ дуустал эсхүл цаашид хийх зүйлгүй болсон гэж бодтолоо тэндээ амьдраад байдаг. Монголчууд дуулгавартай, сайн өвчтөнүүд. Гэнэн итгэмтгий зантай тэд анагаах ухаанд биширдэг бөгөөд эмийг ихээр уухад хэзээ ямагт бэлэн, эмийг гашуун амттай тусмаа илүү тустай гэж үздэг.


АРВАНЗУРГААДУГААР БҮЛЭГ. МОНГОЛД АВРАЛЫН ЗАР ТАРААВ

засварлах

Монгол нутгаар аялж яваа шашин номлогч хэсэг айлд очоод буудаллахаар болоход майхнуудаа босгон ачаа бараагаа буулгаж, галаа түлж эзэн зарц гэлтгүй бүгд цайлж эхэлнэ. Энэ үед тэднийг тойрон цугларах нутгийнхан найрсаг зангаар майхныг нь босголцоно, зарим нь эрхиэ эргүүлэн харж зогсоно. Тэд бараг л цаг үргэлж уриалгахан бөгөөд дуртай гэгч нь хамтдаа цайлна. Нэлээд нь үнэгүй эм тарааж байгаа сургаар эсвэл зүгээр л сониуч зангаар эсвэл монгол ном авчих санаатай ирнэ. Хамт цайлсан ч биеэ барьж бишүүрхсэн хэвээр байх тэд тод өнгийн зурагтай ном үзээд, хөгшин залуугүй л нүд чих тавьж сонирхоно. Номын зургууд Христийн үндсэн сургаалыг тайлбарлах боломжийг олгодог бөгөөд нүд чихэнд дэмтэй гэгчээр оюуны чадавх султай нэгэн ч зургийн ачаар уг сургаалыг сайтар ойлгож, хожим тод санадаг билээ. Зураг үзүүлж дуусмагц номнуудаа тайлбарлаж эхэлнэ. Номнууд гэдэг маань зарим нэг зурагтай гурав дөрвөн жижиг тракт хэмээх товхимол, катекизм болон Матьюгийн бичсэн Госпел (Сайн мэдээ) зэрэг болой. Товхимлууд энгийн ойлгомжтой байдлаар, ямар нэг оноосон нэргүй бичигдсэн болохоор боловсрол багатай хүн ч уншиж ойлгоход бэрхшээлгүй. Катекизм хялбар биш боловч Госпелийн хувьд онцгой сайн уншигч биш бол ихэд бэрхшээж зарим нь номоо тавьчихаад арай л хүнд юм байна гэлцэнэ.


АРВАНДОЛООДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШИНД ТУЛГАРДАГ БЭРХШЭЭЛ

засварлах

Монгол хүний хувьд Христийн шашин нь илүүц хэрэггүй зүйл мэт санагддаг нь хамгийн эхний бөгөөд тун ч хүндрэлтэй талуудын нэг аж. Нэгэнт Бурханы сургаал байгаа болохоор өөр зүйлийг хүсэх хэрэг юу байх билээ? Өөр шашнаас эрж хайх дутуу дулимаг гэхээр зүйл Буддын шашинд үгүй гэж тэд боддог. Гэвч сүнс сүлдээ бодох, насан хутгийг олох бодолд нь хязгаар гэж үгүй бололтой. Ном судрын үг үсгийг дагаж мөрдсөн төдийгөөр зогсохгүй бурхны сургаалыг шашин, хийсвэр зүйл бус хүний хүслийг биелүүлэгч ид шидийн хүч хэмээн итгэдэг. Монголчуудын мэддэгээр Буддизм бол ном судрынх нь овор хэмжээ, сүм хийдийнх нь тоо, ёс жаягийн сүрлэг дүр төрх, өнө эртний түүх, дэлхийн олон оронд асар олон хүн итгэж биширдэг, амьд бурхдынх нь алдар хүнд, нутаг усанд нь хэчнээн хүндтэй байр суурийг эзэлдэг зэргийг бодолцвол хийсвэр сургаалын гайхамшигт тогтолцоо аж. Тэдний сэтгэлд шашны асар сүрлэг хүч чадал, түүнд үл итгэдэг, ёс жаягийг нь үл тоомсорлодог нэгээхэн ч үгүй зэрэг нь тэдний санаа бодлыг эрхшээн эзэмддэг. Гэтэл тэдний бодлоор Христийн шашин тун ч өнгөц санагдах авай.


АРВАННАЙМДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ ДАХЬ БУРХАНЫ ШАШИН

засварлах

Энэ бүлэгт Бурхны шашны сайн сайхныг өгүүлэхгүй. Нэгэнт энэ талаар ур чадвартай зохиол бүтээл олон байдаг, бүгд л ямар нэг хэмжээгээр энэ тухай мэддэг болохоор би Бурхны шашны хэчнээн өнгөц болох тухай, өнөөгийн монголчуудын аж байдал, дадал зуршилд илэрдэг бодит ул мөрийг энэ удаа хөндөх болно. Монголчуудын шашныг хэчнээн их мушгин гуйвуулдаг нь тэдэнтэй уулзаж учирсан номлогчдын анхаарлыг нэн түрүүнд татдаг. Морин дээрээ маани мэгзэм уншиж, гартаа эрхи эргүүлж яваа монгол хүнтэй хөдөөгийн замд тааралдаж мэднэ. Тогтсон заншил ёсоор түүнээс хэрэг зоригийг нь асуувал сүм хийдэд очиж мөргөх, ном хуруулахаар явна гэж хариулна байх. Тэр хүнийг дагаж явсаар сүм хийдэд хүрч очвол мөргөл үйлдсээр байгаад дух нь шороонд халтартан, омголтсон уруул нь өмөлзөн ном уншихын сацуу хэзээ ч гараасаа үл салгах эрхи эргүүлж, ариун дагшин гэгдсэн газруудыг гороолон явж, сувраг болгонд сунаж мөргөн, Бурхан бүрийн өмнө наманчлан залбирч, нүдэнд өртсөн шашин ном судрын шинэ содон зүйл болгоныг гойд сүсэглэсэн байдалтай ширтэн ажих хүмүүсийг олж харах болно.


АРВАНЕСДҮГЭЭР БҮЛЭГ. ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГЭН

засварлах

Оросын хилийн ойролцоо нутагладаг таньдаг ламтнаас шинийн нэгэнд буюу монголчуудынхаар бол шинэ жилийн эхний өдөр зочилж, бүтэн өдөр өнжих урилгыг хүлээн авсан би вээр товлосон хугацаанд нь амжиж хүрэхийн тулд битүүний өдрийн үдээс хойхно замд гарлаа. Үдээс хойш гэдэг бол монголчуудын их ажилтай байдаг үе. Цасанд хучигдсан задгай талаар явж, нарны хурц гэрэлд гялбасан нүд маань айлд орохын хэрд түр амсхийсэн боловч суудалд суухын хооронд аргалын гашуун утаанд хорсож нулимс цувж эхлэхийн алдад гэрийн дотор бүх хүн зай завсаргүй ажиллаж байхыг анзаарлаа. Намайг урьсан айлынхан дараа өдөр тохиох баярт бэлтгэн банш чимхэж байгаа аж. Баншийг хийхдээ хэгэж татсан хонины махыг давс, жижигхэн хэрчсэн нарийн ногоотой хольж, хавтгайлж элдсэн гурилд орооно. Ингэж бэлтгэхэд багагүй ажил ордог бөгөөд банш чимхсэний дараа намайг уг хоолоор дайлахад тэдний ер бусын цэвэрхэн болсон гарыг хараад дотор арзайх шиг болсон хэдий ч найрсаг сэтгэлийг нь бодохгүй бол гомдоочихно гэдгийг мэддэг болохоор дотроо эвгүйцсэн ч бага шиг амссан. Томоохон баяр ёслолын үед хийдэг ийм хоолыг тэд энэ удаа ихээр бэлтгэжээ. Баншаа чимхэж гүйцээд, гэрийн хаяанд байх том тавиур дээр эгнүүлэн тавихад гэрийн дотор ил гал түлсэн хэдий ч хэдхэн мөчийн дотор хөлдөнө. Хөлдсөн баншийг маргааш хэрэглэхээр том уутанд хийж тавина. Айлын хүмүүс банш хийх зуур гэрийн эзэн өмнө нь тавьсан том тавагтай чанасан махнаас үе үе огтолно. Хүмүүс баншаа хийж дуусмагц хутгаа сугалан махнаас огтолно.


ХОРЬДУГААР БҮЛЭГ. НОРОВЫН ХУРИМ

засварлах

Намрын цагаар хэдэн долоо хоног өнжихөөр төлөвлөсөн хот айлдаа хүрч очиход “Хуримын өмнө амжаад ирсэн тань сайн хэрэг боллоо” гэсээр угтав. Урьд өмнө нь дуулаагүй байсан ч нутаг усандаа хүндтэй айлын охины хуримын ёслолд оролцох болсондоо миний сэтгэл хангалуун байлаа. Үдэш нь тэр айлынхан удахгүй болох хурим найрын тухай, хэн юуг хийх, ямар бэлэг сэлт өгөх гэхчилэн олон зүйлийг ярьж хөөрнө. Дараа өглөө нь намайг босоод гадагшаа гарахын өмнө залуухан бүсгүй гэрт орж ирээд, гэрийн эзний өгүүлсэн бэлгийг авчирч өглөө. Түүнийг тэр айлын охин гэдгийг дуулаад би найр тавих санаатай хуримынх нь тухай асууж яриа үүсгэтэл мөнөөх бүсгүй гайхсан янзтай харчихаад гараад явчихлаа. Нөхөр болох хүнийхээ гэрт хүргэгдэж очтол хуримын тухай мэдэх учиргүй монгол бүсгүйд эмзэг сэдвийг нь хөндөж, ихээхэн бүдүүлэг загнаснаа тэгэхэд л дөнгөж ухаарлаа. Хот айлаараа хурим найрт бэлтгэж байгааг бэр сайн мэдэж, тэр ч байтугай дээл хувцас оёх ажилд тусалдаг боловч тэр бүхнийг мэдээгүй дүр үзүүлэх учиртай атал тэр тухай нэгэнт мэдэж байгаа гэж бодоод түүнтэй яриа үүсгэсэн нь миний алдаа байжээ. Тэгээд өөрийн алдааг цайруулахаар дээлийн товч хийх хоёр мөнгөн рублийг өгүүллээ. Гэрээс гарч хот айлуудаар ортол хүн бүгд л ямар нэг зүйлийг хийж зай завгүй ажиллан шинэ гэр барьж, хивс эсгий ширдэг, гутал, дээл, жинтүү сэлтийг оёж байх аж. Харин бэрийн ах нь “унтах нойр, ууж идэх унд хоолоо умартан ажиллаж байна даа” гэсээр намайг угтав.


ХОРИННЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НАЙРСАГ МОНГОЛЧУУД

засварлах

Айлд хоёр, гурван зуун метр хэртэй дөхөж очиход ноход хуцах чимээ сонсогдон, газрын баримжааг тодруулна. Нохой хуцах чимээнээр гэрээс хүн гарч ирж, гадаадын хүн бүхнийг монголчуудын нэрлэдэгчлэн “оросууд” ирж явааг бусдадаа хэлснээр айлынхан бүгдээрээ гарч ирээд биднийг хамгаална. Шалмаг хурдан гүйдэг жаал охин хот айлын хамгийн том нохойг амжиж хөөн, биднээс холдуулна. Эрүү нь унжсан, сахлаг урт үс ноостой ноход туугдсан ч төдий л холдолгүй, биднийг дахиад хэзээ ч харахгүй шинжтэй аажуу алхалж дагана. Танихгүй хүмүүсийг хоргоож, аймшигтай боргож угтсан монгол нохдын ихэмсэг дүр төрх айлд ойртох тусам айдас түгшүүрийг минь нэмэгдүүлнэ. Гийчдийг хүрээлж явсаар гэрт оруулсан хойно хүртэл тэр том ноход идшээ булаалгасан мэт тэрүүхэндээ хүржигнэн, гэрийн үүдээр толгойгоо шургуулчихаад хэвтэх нь элбэг үзэгдэнэ. Бяцхан охинд хөөгддөг, ааш сайтай энэ сүрлэг нүсэр амьтан төрөлхийн ургамал судлаач шиг өвс ногоо үнэртэн тун ч завгүй хэвтэнэ. Айлд дөхөхийн хэрд гэрийнхэн нь гарч ирж хотныхоо нохдоос хамгаална. Нохдын дэргэдүүр явж өнгөрөх үед тэд жагсаалын цоожлогч мэт эгнэн дагаж, эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачуудаар бүчүүлж явсаар гэрт ороход хот айлын ноход гэрийн гадна хилэнтэй гэгч нь хуцаж, архиралдан хоцорно. Гэрийн үүдэнд очоод бид найрсаг дүр эсгэн гэрийн эздийг түрүүлж оруулахыг хичээх боловч нохдоос эмээх маань дийлж хоромхон төдийд дохичихоод тэдний татгалзах төдийд гартаа барьж явсан таягаа хаяад, бушуухан гэрт нь шургаад орж явчихна.


ХОРИНХОЁРДУГААР БҮЛЭГ. МОНГОЛЫН ХУЛГАЙЧ НАР

засварлах

Нэг удаа нар жаргахын хэрд бид гэрт ил гал тойрч суугаад, тогоонд буцалж буй махнаас гарган шөлөнд нь хаясан гурвалжин будаагаа болохыг хүлээж байтал ойролцоох айлын лам гартаа эрхи эргүүлсээр орж ирээд, олбог дээр зай тавьж өгмөгц суугаад тогоо руу өнгийснөө “Өнөөдөр осолтой хүн ирлээ” хэмээн өгүүлэв. Манай хөтөч түүнээс “Хэн ирлээ гэнэ ээ?” гэж асуухад “Яагаа вэ, үдээс хойхно хүүхэд дагуулсан нэг лам ирсэн шүү дээ. Түүнийг таньдаггүй юм уу. Тэр чинь Базар гэдэг айхавтар хулгайч шүү дээ” гэж хариу өгүүлэв. Хөтөч маань тэр хүнийг зүс танихгүй боловч нэрийг нь хэдийнээ сонссон бололтой, аа тэр хүн байсан юм уу? гэж дуугарав. Мөнөөх лам хэсэг зуур ярьж сууснаа будаа болохыг хараад явахаар өндийж, өдрийн хүнийг хот айлд ирэхэд нь санаа зовоод та нарт сануулж хэлэхээр ирсэн юм гэж нэмж өгүүлэв. Ингээд хооллох зуур тэр осолтой гэгдсэн хүний тухай олон сонин хачин үйл явдлыг тун ч уриалгахан ярих хөтчөөсөө нэлээд зүйлийг сонсож авлаа. Тэр хэдийгээр хулгай зэлгий хийдэг ч өөрийн гэсэн мал сүрэг, орон гэр, нутаг устай хувраг нэгэн бөгөөд өмнө нь олон жил мал хулгайлсан ч шийтгэл багатай мултарч явсан, нутгийнхан нь түүнийг зартай хулгайч гэж мэддэг ч ял тулгаж хэрэг хүлээлгэж байгаагүй аж. Зартай хулгайч нарыг Монголын нийгэм олонд нэр хүндтэй хүмүүсийн адил үздэг, хулгай хийгээд баригдалгүй яваад байж чадвал тэднийг буруушааж зэмлэдэггүй харин ч хөхүүлэн магтаж ярьцгаах нь элбэг.


ХОРИНГУРАВДУГААР БҮЛЭГ. МОНГОЛЫН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО

засварлах

Нэг үдэш нар жаргасан хойно майханд маань нэгэн монгол эр орж ирээд ойр зуурын зүйл ярьж байснаа дуугаа намсган “Шарханд сайн эм байна уу?” гэж сураглав. “Хэнд, ямар шарх байгаа юм бэ? Эм өгөхийн тулд шархыг нь үзэх хэрэгтэй шүү дээ” гэж намайг хэлэхэд зочин маань одоогоор шарх байхгүй гэхдээ ойрын хэд хоногт шүүгдэх бөгөөд байцаалтын явцад эрүү тулгах тул урьдчилаад эм уух бодолтой. Өөртөө болон өөр нэгэн нөхөртөө өвдөж шаналалгүй эрүү шүүлтийг давах эм авах хүсэлтэй яваагаа үнэнээр нь хэлээд, биеийг нь өвдүүлэхгүй эм өгч чадахгүй бол зүрх зоригийг нь чангалах эм өгөөч гэж тэр хүсээд хэрэв тэгвэл эрүү шүүлтэд автаж хэрэг хүлээмээргүй байна гэх зэргээр нэлээд удаан нууц яриа өрнүүлэв. Эцэст нь өөр хүнд битгий хэлээрэй. Хоригдож байгаа болохоор хуягийнхаа зөвшөөрснөөр л ингэж явна гэж тэр хүн надаас хүсэв. Дараа өглөө нь өөр нэгэн хүн ирж түүнтэй төстэй гэхдээ биед нь учрах шархыг эдгээх, бие махбод, сэтгэл санааг нь чангалах эм өгөхийг мөн хүсэв. Өглөө эрт зөөлөн үлээх салхины аясаар том гэрийн гадна цэнхэр хиур намирна. Тэр аймгийнхны хагас жилийн хэрэг заргыг хийдийн сүмд байцаан шийтгэх боловч эрүүгийн хэргийг хийдийн дотор шүүж болдоггүй учир тийнхүү гадна талд гэр босгосон нь тэр аж. Хийдийн хашаанд хүн зодож ташуурдаж болохгүй хуультай тул сүсэгтнүүд гороо эргэдэг хийдийн гадуурх явган зам дээр хулгайн хэргийг шүүх болсон гэнэ.


ХОРИНДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. МОНГОЛЫН ШОРОН

засварлах

Хавчиг мөртэй, давжаа биетэй, үе мөч нь хөшүүн, хөл нүцгэн өвгөжөөр хүн зарим нэг өвчнөө эмнүүлсний дараа ирж уулзаач хэмээн гуйсан, ойролцоо суудаг, өвчтөний хүсэлтийг дамжуулахаар ирснээ надад хэлэв. Ойрхон суудаг тэгээд ч бие нь муу биш юм бол өөрсдөө яваад ирвэл дээр биш үү гэж намайг хэлбэл хажууд сууж байсан залуу “тэд ирж чадахгүй. Тэд чинь шоронд хоригдож байгаа хэрэгтнүүд. Тэдэнд гадагш гарч явахыг зөвшөөрдөггүй юм” гэж өгүүлэв. Тэгвэл өөр хэрэг гэж би хэлээд очихоор завдсан боловч өвгөн эхлээд өөрөө шоронд очиж гутал хувцсаа өмсчихөөд дахин ирж намайг ёс төртэйгөөр дагуулж аваачна гэлээ. Удалгүй тэр гутлаа өмсөөд ирсэн тул бид хамтдаа гадагш гарлаа. Өвгөн өөрийгөө болон өөрсдийн хоригдож байгаа шорон, бусад хоригдлуудын тухай дэлгэрэнгүй ярьж танилцуулав. Тэр өөрөө бол сарын хугацаагаар алба барьж буй шоронгийн даамлын орлогч гэнэ. Түүний дээр шоронгийн даамал, дор нь хуяг, хэрэг гарсан үед хүч нэмэгдүүлэх хоёрын зэрэг цагдаа, харж цагдах учиртай зургаан хоригдол байдаг. Шоронгийн даамал өөрөө тэнд амьдардаггүй харин хуяг, гэмт хэрэгтэн хоригдлууд нийлээд арван хүн байнга шахам байдаг гэнэ. Хоёр цагдаа нь айл хэсээд, хуяг нь лаа олж ирэхээр, өвгөн өөрөө намайг аваачихаар гадагш явцгаасан тул зургаан хоригдлын үүд нь задгай үлдсэн аж. Таван хувраг, нэг хар нийт зургаан хоригдол “хар гэр” хэмээх шоронгийнхоо гадуурх намхан хашааны дээгүүр биднийг харж хүлээсээр угтав.


ХОРИНТАВДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ ДАХЬ АРХИДАЛТ

засварлах

Зуны улиралд Монгол орноор аялан явахад хөтөч тань замд тааралдсан хүмүүсээс “Гүүгээ барьсан уу?” гэж асуухыг сонсож болно. Тэд хариуд нь “Үгүй“ гэж хэлбэл бага зэрэг урам хугарах бөгөөд гүүгээ барьсан айл тааралдвал ”Айраг сайхан гарсан уу?” гэдэг дараагийн асуултыг залгуулаад тавина. Айлын эзэн асуусан хүнийг гэрт орж айрагны амт үзэхийг урина. Монголчууд саахын тулд гүүг барьдаг. Яг үнэндээ гүүг биш харин унагыг нь барьдаг боловч нэг ижил зүйлийг өгүүлж байгаа хэрэг. Учир нь унагыг нь бариад уячихаар эх нь түүний дэргэдээс холддоггүй. Тэмээ, үхэр, хонь, ямаа бол үрээ орхиод бэлчиж явдаг. Харин гүү бол унагаа орхиод холдож чаддаггүй, уяатай төлийнхөө дэргэд сүүлээ шарвасаар өдрийн хагасыг тэвчээртэй гэгч нь зогссоор бардаг. Тиймээс л гүүг саахын тулд унагыг нь барьж уядаг гэж монголчууд ярьдаг юм билээ. Шөнийн цагаар болон өдөр сааль саагаагүй үед гүү унагаа дагуулан ижил сүргийнхээ хамт хээр талд дураар давхих бөгөөд унага ч эхийгээ хөхөж гэдэс гардаг. Эзэн нь саалийн цагаар унагаа уячихаад, хангалттай сүү сааль хурааж авдаг. Монголчуудын нэрлэдгээр таван хошуу мал иймэрхүү л хариулга маллагаатай аж. Монголчууд ямаа, хонь, үхэр, тэмээ, гүү гэхчилэн гарт тааралдсан болгоныг саадаг. Эдгээр амьтдын сүү амт чанарын хувьд адилгүй, өөр өөр зүйлд ашигладаг. Сүүгээр олон төрлийн идээ ундааг бэлтгэдэг боловч гүүний сүүг миний мэдэхээр ганцхан зүйлд, тодруулж хэлбэл айраг исгэх, архи нэрэхэд ашигладаг. Айраг гэдэг бол бүлж исгэсэн л сүү шүү дээ.


ХОРИНЗУРГААДУГААР БҮЛЭГ. ЗУНЫ ДУНД САРЫН БАЯР

засварлах

Монголчуудын шашны энэ том баяраар нийгмийн бүхий л давхаргын эрэгтэй, эмэгтэй хүмүүс олноороо сүм хийдүүдэд ирдэг бөгөөд бид ч очсон юм. Сүм дуганы онцлог болон орчин тойрныг илтгэдэг “Уулын горхины хийд” хэмээх нэг хийдийг бид мэднэ. Нарны гэрэлд холоос алтран гялалзаж харагддаг уг хүрээ гоёмсог чимэглэл бүхий өндөр адартай, уншлага мөргөлийн нэг том болон сүр бараа багатай, жижгэвтэр хоёр гурван дугантай, ядуувтар лам хуврагуудын суудаг эсгий гэрүүдийн захаар мяндаг тушаалтай чинээлэг лам нарын сууц болох нэлээд хэдэн байшинтай байдагсан. Сунаж тогтсон уулын энгэрт, цэнгэг устай булаг урсан гардаг толгойн оройд байрласны учир газар орныхоо нэрээр тийнхүү нэршсэн хийдийн урд гүехэн устай, тал нь ширгэсэн, бэсрэг, жинхэнэ монгол нуур байх нь шаргалтан харагдах өргөн талд чимэг нэмдэг. Нүднээ үзэгдэх барааг уул халхлах боловч нөгөө талд нь тэнгэрийн хаяа тийш цэлийх уудам талд мал сүрэг, хот айлууд, хийдийн өмнөхөн холгүй хэсэг гэрүүдээс бүрдсэн монгол суурин үзэгддэг. Бидний хөсөг зургаадугаар сарын 12-ны өдөр хийдэд хүрч очлоо. Биднийг тэнд очиход өндөр нуруутай, хүдэр том биетэй, нар салхинд борлосон царайтай эр, гэр дүүрэн бүсгүйчүүдийн хамт цайлж суусан болов уу гэлтэй айлаас гарч ирээд тод чанга дуугаар мэндэлж, намайг гэрт орж цай уухыг уриад, гаднаа буухыг зөвлөв.


ХОРИНДОЛООДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ ЖОРЛОН

засварлах

Монгол эр өглөө хэвтрээсээ өндийж тулганы захад дээлээ нөмрөн нойрмогдуу сууж, галд биеэ ээж гаансаа нэрнэ. Ингэж хэсэг суусны дараа дээлийнхээ дотуур өмсдөг цамц гэлтэй зотон даавууг хувцсыг хайж эхэлнэ. Наад зах нь зургаан сарын өмнө шинээр, эсвэл угааснаас хойш биеэсээ салгалгүй өмссөн түүний эл цамц монголчуудын хувцасны талаар бага боловч ойлголттой гадныханд таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Тэдний угаал хийх нь бас л сонирхолтой. Хоногт ганц л удаа угаал үйлддэг монголчууд биеэсээ салгалгүй авч явдаг модон тагшинд ус дүүргэх эсвэл амандаа балгаад гар дээрээ багаар дусаана. Нүүр, гараа угаахаас бус хүзүү толгой, биеийн бусад хэсэгтээ ус хүргэх ёстой гэж огт үл бодно. Угаалга хийх нь муугүй боловч “хатаах” арга нь бага зэрэг хачирхалтай. Аливаа зүйлийг урьдчилж бодохдоо тааруу зангаараа монгол хүн нүүрээ угаасны дараа л түүнийгээ ямар аргаар хатаах тухай бодно. Ингээд эргэн тойрноо харахад хамгийн түрүүнд нүдэнд тусдаг “цамц” нь алчуур болж орхино. Чинээлэг монгол эр өврөөсөө алчуур гаргаж арчих боловч тэр нь түүний цамцнаас огтхон ч үл ялгарна. Ихэвчлэн охид бүсгүйчүүдийн хэрэглэдэг өөр нэг арга бол нүүрээ угаасны дараа алгуурхнаар гараараа доош шувтарч илж, гарынхаа алгыг амныхаа хавьд ирмэгц түүнд тогтсон усыг сорчихдог. Тийнхүү сорох чимээ, уг санаа нь таатай санагддаггүй ч нүүрийг арчих цэвэрхэн бөгөөд тухайн хүнд татгалзахааргүй арга юм билээ.


ХОРИННАЙМДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ ҮЛГЭРҮҮД

засварлах

Намайг монгол хэл сурахад дөхөм болно гэж багшийн маань хэлж бичүүлсэн цөөн хэдэн ёгт үлгэрийг дурдъя. Зэрвэсхэн харахад эдгээр үлгэр бүгд харь холын, монголчуудын таньж мэдэхгүй улс оронд тохиолдсон үйл явдлыг дүрслэн үзүүлдэг боловч багш тэдгээрийг аль нэг ном судраас хуулсан эсвэл санаанаасаа хэлж надаар бичүүлсний дараа утгыг нь цаг ямагт өөрийнхөөрөө хэлж тайлбарладаг сан.


ХОРИНЕСДҮГЭЭР БҮЛЭГ. МОНГОЛ ӨГҮҮЛЛЭГҮҮД

засварлах

Монголчууд амьдралын зорилго, сүсэг бишрэлдээ итгэл алдсан нэгнээ зоригжуулахын тулд шашныхаа олон хувилбарт домгуудын аль нэгийг нийтэд тархсан байдлаар өгүүлдгээс дор дурдсу. Бясалгал үйлдэж өөрийн биеэр Бурхан багштай уулзаж учрахаар аглаг зэлүүд ууланд гурван жил суусан нэгэн лам ядарч зүдрэн, гэртээ харьж жирийн амьдрахаар явах замдаа уулыг таслахаар хялгасаар хөрөөдөж буй хүнтэй тааралджээ. Юуны тулд ийм зүйл хийж байгааг нь ламтан асуусанд мөнөөх хүн уулыг хөрөөдөж тасална гэж хариулжээ. Хялгасаар уулыг тасална гэдэг боломжгүй биш үү гэж ламтан асуугаад “тэвчээртэй хүн тууштай чармайхад боломжгүй зүйл гэж байхгүй” гэсэн хариулт сонсож, ихэд гайхахын сацуу өөртөө гэмших сэтгэл төрж, буцаж яваад бясалгалаа үргэлжлүүлжээ. Ингэж дахин гурван жил бясалгал үйлдсэн лам мөн л урам хугарч харихаар явах замдаа нэгэн хүнтэй тааралдсан нь хаднаас дуслах борооны усыг асар том тогоонд тосож суужээ. Та юу хийж сууна вэ? хэмээн тэр хүнээс ламтан асуугаад, тогоог усаар дүүргэнэ гэж хэлэхийг сонсож гайхширсан боловч их хугацаа шаардах ч гэсэн бүтнэ гэж түүний итгэл дүүрэн хэлснийг өөртэйгөө харьцуулж бодоод мөн эргэж яваад дахин гурван жил сууж бясалгалаа үргэлжлүүлэхээр шийджээ. Гурван жилийн дараа эцэж ядарсан ламтан гэртээ харихаар уулнаас буух замдаа эцэж гуринхлаад, өтөнд бариулсан эм нохойтой тааралдаж, түүнд хэрхэн туслахаа бодож байгаад нохойг өтнөөс салгавал өт үхнэ, өттэй нь үлдээвэл нохой үхнэ. Тиймээс нохой, өт хоёрт адил туслах нь зүйтэй гэж шийдээд гуяныхаа махнаас хэсгийг тасалж хоёр хуваагаад, тэдэнд өгөхөөр шийджээ.


ГУЧДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ ЧОНО

засварлах

Зарим аялагч Монгол нутагт очуут л чоно үзэгдэж эхэлдэг мэт боддог. Монголд чоно байдаг ч гэсэн Хаалганаас Хиагтын хооронд яваа аян замын хүнд харагдахгүй байж мэднэ. Чонын сураг дуулддаг ч тэр бүр харагддаггүй. Өвлийн улиралд ганцхан монгол дагуулын хамт аялж явсан гадаадын иргэний сүйх тэрэг эвдэрч, задгай тэргэнд шилжиж суусан аж. Гэтэл хөсгөө амраахаар түр зогстол ямар нэг дуу гарахад тэргэнд хөллөсөн тэмээ үргэж чихээ солбиулан хөдөлгөснөө хөтөч болон бусад хөсгөөс салаад, тэргээ чирээд давхижээ. Гэтэл гадаад эр чонын улих чимээнээр мэгдэн сандарч, тэмээ хөлдсөн голыг гатлахаар явдлаа сааруулах үед харайн буужээ. Нэг аюулаас салсан ч харанхуй ойд цор ганцаар үлдсэн хөөрхий тэр гадаад эр өөр нэг аюулын тухай, өөрөөр хэлбэл чоно дайрвал хэрхэх вэ гэж бодоход хүрчээ. Ямар нэг амьтан дөхөн ирж яваа чимээ сонсогдоход азгүй аялагч моддын завсраар чоно ирэхийг хүлээж байтал тэмээ унасан монгол эр дөхөн ирж, түүний сэтгэлийг амраав. Хулжиж одсон тэмээ тэрэгтэйгээ гэрээсээ холгүй очоод, идээшилж байсан нь олдов. Аянчин эр дэмий эмээжээ. Монголд чоно хүн рүү дайрдаггүй аж. Орост чоно хүн рүү дайрсан гэлцдэг. Шөнө хээр явж байсан чоныг биедээ хэт ойртуулж хазуулснаас шархаа даалгүй нас нөгчсөн буриад эрийг би таньдаг байсан юм. Хятадад олон хүн чононд бариулсан бас хазуулсан, бага насны хүүхдийг чоно зуугаад явчихсан гэж дуулддаг. Монгол нутгаар явж наймаа хийдэг хятадууд чононоос ихэд эмээдэг.


ГУЧИННЭГДҮГЭЭР БҮЛЭГ. БЭЭЖИНГИЙН МОНГОЛЧУУД

засварлах

Монголчуудын хувьд Бээжин бол эзэн хаан өргөөлөн суудаг суурин газар. Эзэн хаан өргөөлдөг төдийгүй түүний засгийн газар байрладаг гэдэг утгаар хүндэтгэл хүлээж, бишрэл, айдас төрүүлдэг, дэлхийн том хот болой. Монголчууд дундаас нэлээд нь эзэн хааны төрд зүтгэхээр эсвэл сүсэг бишрэлдээ автан мөн эргэл мөргөлөөр цөөнгүй хэд нь нутаг орныхоо эд барааг үнэ хүргэж борлуулах, чанар сайтай бөс даавуу, бусад олон төрлийн эд бараа Хятадын суурин соёлоос хараат амьдардгийн учир хямд төсөр зүйлс олж авахаар эл хотод ганц боловч удаа зайлшгүй ирдэг бөлгөө. Монголчууд Бээжин рүү цор ганц хэргээр зорин ирэх нь ч бий. Мөргөлчид Чан Тан Суй сүмд мөргөхөөр ирдэг боловч тийнхүү явж ирэх чин сүсэгтэн бас ч олон биш. Ихэнх нь эргэл мөргөлөөр ирээд худалдаа наймааг ч зэрэгцүүлэх, наймааны ажлаар ирэхдээ зорьсон хэргээ бүтээчихвэл сүм хийдүүдээр амжиж ороод мөргөхийг зорино. Харин төрийн хэргээр ирэгсэд арилжаа наймаа, шашин номын аль алийг нь зэрэгцүүлчихнэ. Энэ нийслэл хотод нэг мянга таван зуу орчим монгол хүн байнга оршин суудаг бөгөөд хувилгаан лам, хуврагууд нь хэрмийн доторх болон гадна сүмүүдэд хуваагдан сууна. Тэд ихэвчлэн идэр залуудаа Бээжинд ирж, Хятад газрын хэл, хоол унд, ёс заншил гэхчлэн соёлд нь идээшиж дассан, заримдаа монгол хүн гэхэд хэцүү, Монголоос ирсэн жинчдийн хамт гудамжаар явахыг нь холоос харахад илт ялгардаг болсон байдаг.


ГУЧИНХОЁРДУГААР БҮЛЭГ. МОНГОЛЫН ХОЁР ХӨРШ- ОРОС, ХЯТАД

засварлах

Төв Ази дахь Оросын түрэлт өдгөө анхаарал татаж байна. Тийм болохоор эзэнт гүрнээ тэлэх зорилгоор зэргэлдээх үндэстнүүдэд хэрхэн хандаж байгааг ажиглах нь сонирхолтой байж болох юм. Миний ажиглалт Монгол, Сибирьт чиглэсэн болохоор умард зүгт Оросын нөлөө, өмнө зүгт Хятадын нөлөө ямар үр дагавар үүсгэж буйтай харьцуулж, тэдгээр нутагт өөрийн үзсэн, сонссон зүйлсийг энэ номонд өгүүлсэн болно. Аливаа улс, үндэстний хувьд хамгаалалт гэдэг эхний бөгөөд хамгийн чухал ойлголт юм. Энэ үүднээс авч үзвэл Орос нь Хятадтай харьцуулахад үлэмж давуу талтай харагдаж байна. Хятадын захиргаан доорх монголчуудад ямар нэг хамгаалалт үгүй бололтой. Хэсэг дээрэмчин тонуулчин нийлээд авахад л энэ орон эрхшээлд нь орохоор байна. Хурдан морьтой элчийг Бээжин рүү довтолгох л төдий биз. Ойролцоох цэргийн ангийн удирдлага өөрсдийн хэрээр хөдлөх л байх. Гэвч цэргийн байгууллага гэдгээс нь удтал, магадгүй хэдэн сараар тухайн газарт хамгаалах хүч хүрч очихгүй, нутаг орон нь эзлэгдэнэ, идэгдэнэ, хүн ард нь тарж зугтана, алагдана. Бүх зүйл өнгөрсөн хойно өртөг зардал ихтэй цэргийн анги салбарууд очиж байрлаад цалин хөлс гаргуулж, хөрөнгө мөнгө дайчилж дайн тулалдаанд, ялалт амжилт олсон тайланг санаснаараа зохиож, Бээжин рүү илгээгээд суурин сууна. Энэ хооронд дээрэмчдийн бүлэг алс бөглүү нутагт ажил явуулгаа даамжруулна эсвэл аяндаа тарж замхарна гэсэн үг. Цэргийн хүч чармайлтын хорины нэг нь зохих цаг хугацаандаа хүрч, нутаг орны ихэнхийг аварч чөлөөлдөг. Энэ бол Хятадын зүй бус менежмент.


Номын зохиогчийн тухай

засварлах

Уг номын зохиогчийн тухай мэдээллийг та Жеймс Гилмор үзнэ үү.