Мижиддоржийн Гонгор

Гавьяат тамирчин Мижиддорж овогтой Гонгор 1968 оны 3-р сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 13-р дунд сургуулийг дүүргэсэн тэрээр 1981 оноос Залуу техникчдийн ордны Нисэх загварын дугуйланд орж хичээллэснээр спортын гараагаа эхлэжээ. Тэрээр нисэх загварын спортын F2B, F2D, F3A, RCC ангиллуудаар хичээллэж байснаас чөлөөт нислэгийн F1B ангиллаар өдийг хүртэл тууштай хичээллэж байна. ОУХМ М.Гонгор нь Улсын аварга, Тивийн аварга, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнүүдэд үзүүлсэн нислэгийн оноогоороо эхний гуравт шалгарч 2011 оноос хойш Монгол Улсын Нисэх загварын спортын шигшээ багийн гишүүнээр 3 удаа шалгаран 2011 онд Аргентинд, 2013 онд Франц улсад зохион байгуулагдсан Чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2012 онд Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2014 онд Ази Номхон далайн орнуудын тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд улс эх орноо төлөөлж амжилттай оролцож байсан манай туршлагатай тамирчдын нэг юм. М.Гонгор нь Монголын нисэх загварын спортын нийгэмлэгийн 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014 оны “ШИЛДЭГ ТАМИРЧИН”, 2013, 2014 оны Улаанбаатар хотын аварга, 2013, 2014 оны Монгол Улсын аварга, 2014, 2015 оны “Монголын цом” Дэлхийн цомын тэмцээний аварга, 2015 оны “Түвшин дурсгалын цом” Дэлхийн цомын тэмцээний аварга, 2014 оны Ази Номхон далайн орнуудын тивийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар шалгарч байсан. М.Гонгор 2015 оны 7-р сарын 27-оос 8-р сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдсан Нисэх загварын спортын Чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Резинэн хөдөлгүүрт F1B ангилалд түрүүлж Дэлхийн аварга болсон. Монгол Улсын Агаарын спортын түүхэн дэх анхны Дэлхийн аварга болсон байна. 2016 оны 3-р сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Монгол улсын гавьяат тамирчин цолоор шагнажээ. Ингэснээр Агаарын спорт, Техник загварын спортын түүхэн дэх анхны Гавьяат тамирчин гэж түүхэнд бичигдэх болсон юм.

Дэлхийн аварга М.Гонгор