Нисэх загвар
Хүн сууж нисдэггүй онгоц, нисдэг төхөөрөмжүүдийг зохион бүтээж, хийж, нисгэн уралддаг Агаарын спортын нэг төрөл. Нисэх загварын зарим нь түүний их биед бэхлэгдсэн зөөгч гадаргууд аэродинамикийн хүчнүүд үйлчлэхэд үүсдэг өргөх хүчний үйлчлэлээр, зарим нь зөөгч сэнсний үүсгэсэн өргөх хүчний үйлчлэлээр агаарт ниснэ. Дэлхийн агаарын спортын холбоо FAI (Fédération Aéronautique Internationale)-оос Нисэх загварын спортын төрөл, ангилал бүрт далавчны нийт талбай, жин, хөдөлгүүрийн үзүүлэлт болон холбогдох бусад бүх зүйлийг зохих дүрэм, стандартаар зохицуулсан байдаг. Нисэх загварууд нь техникийн дараах ерөнхий шаардлагыг хангасан байна.
Түлшээр цэнэглэсэн загварын жингийн дээд хязгаар - 25.0 кг Зөөгч гадаргуун талбайн хэмжээний дээд хязгаар - 500 дм2 Нэгж талбайд оногдох ачааллын дээд хязгаар - 250 г/дм2 Дотоод шаталтат хөдөлгүүрийн ажлын багтаамжийн дээд хязгаар - 250 см3 Цахилгаан хөдөлгүүрийн хүчдэлийн дээд хязгаар - 42 вольт
Нисэх загварын спортын төрлүүд
засварлах- F1 - Чөлөөт нислэг
- F2 - Жолоодлогот
- F3 - Радио удирдлагат
- F4 - Дуураймал
- F5 - Цахилгаан хөдөлгүүрт радио удирдлагат
- F6 - Агаарын спортыг сурталчлах
- F7 - Радио удирдлагат агаарын бөмбөлөг
- F9 - Уралдааны дрон
- S - Пуужин загвар
Чөлөөт нислэгийн төрлийн ангиллууд
засварлах- F1A – Элин халих загвар
- F1B – Резин хөдөлгүүрт загвар
- F1C – Хугацаат нислэгийн загвар
- F1D – Тасалгааны резин хөдөлгүүрт загвар
- F1E – Соронзон залуурт элин халих загвар
- F1F – Нисдэг тэрэгний загвар
- F1G – Резин хөдөлгүүрт загвар
- F1H – Элин халих загвар
- F1J – Хугацаат нислэгийн загвар (1 куб см)
- F1K – СО2 хөдөлгүүрт загвар,
- F1L, F1M, F1N, F1R – Тасалгааны загварууд
- F1P – Хугацаат нислэгийн загвар (өсвөр үеийн ангилал, 1 куб см)
- F1Q – Цахилгаан хөдөлгүүрт хугацаат нислэгийн загвар
- F1S – Цахилгаан хөдөлгүүрт хугацаат нислэгийн загвар
Чөлөөт нислэгийн F1 төрөл гэдэг нь Нисэх загвар (онгоц)-ыг чирэх утас, дотоод шаталтын хөдөлгүүр, цахилгаан хөдөлгүүр, резинэн хөдөлгүүр ашиглаж, эсвэл гараас шидэж тодорхой өндөрт хөөргөснөөс хойш нислэгийг нь ямар нэг зүйлээр удирдахгүй, цаашид онгоц үргэлжлүүлэн чөлөөт нислэг үйлддэг төрөл юм. Нислэг үргэлжлэх хугацаагаар нь 1 минутын, 2 минутын, 3 минутын гэсэн үндсэн гурван хэсэгт хуваана. Тэмцээн дээр 3 минутын ангиллууд 7 үе, 1 болон 2 минутын ангиллууд 5 үе нислэг үйлдэнэ. Нэг үеийн үргэлжлэх хугацаа нэг 30-50 минут байна. Загвар гараас салснаас хойш (F1A ангилал дээр чирэх утас салснаас хойш) агаарт байсан секунд болгонд нэг оноо өгнө. Тэмцээн дуусахад хамгийн өндөр оноо авсан тамирчин ялагч болох бөгөөд оноо тэнцсэн тамирчид шигшээ нислэг үйлдэнэ. Шигшээ нислэгийн нислэг үргэлжлэх хугацааг 5 минут, 10 минут, хязгааргүй гэх мэтээр уртасгаж ялагчийг тодруулна. Хоёр жилд нэг удаа Чөлөөт нислэгийн ДАШТ болох бөгөөд өнжсөн жил нь Ази, Номхон далайн АШТ болон Европын АШТ явагдана. Монгол Улс 2015 онд Чөлөөт нислэгийн ДАШТ, 2012 онд Ази тивийн АШТ, 2014 онд Ази, Номхон далайн АШТ тус тус нутагтаа зохион байгуулсан.
Жолоодлогот нислэгийн төрлийн ангиллууд
засварлах- F2A - Хурдны загвар
- F2B - Уран нислэгийн загвар
- F2C - Уралдааны загвар
- F2D - Агаарын тулалдааны загвар
- F2E - Дизель хөдөлгүүрт агаарын тулалдааны загвар
- F2F - Дизель хөдөлгүүрт уралдааны загвар
- F2G - Цахилгаан хөдөлгүүрт хурдны загвар
Жолоодлогот нислэгийн F2 төрөл гэдэг нь тамирчин тодорхой урттай (15,92-21,5 метр) аргамжаа буюу кордны (ган утас эсвэл нарийн трос) нэг үзүүрт холбосон бариулыг барьж, нөгөө үзүүрт нь онгоцны далавчны үзүүрт байх удирдлагатай холбож, онгоцыг тойруулж нисгэдэг төрөл юм. Тамирчин загварыг бариулын хөдөлгөөнөөр удирдах бөгөөд нэг бол хэвтээ чиглэлд, эсвэл кордын уртын радиустай тэнцүү хөмөрсөн тал бөмбөрцгийн хэлбэр дотор янз бүрийн чиглэлд нисгэдэг.
Энэ төрлийн загварууд нэг бол дотоод шаталтын, эсвэл цахилгаан хөдөлгүүртэй байдаг. 3 метрийн өндөр хашаатай, 50-60 метрийн диаметртай, бетон, асфальтын аль нэгээр хучсан, эсвэл зүлгэн талбай буюу кордодром дээр Жолоодлогот загварыг нисгэдэг.
Хоёр жилд нэг удаа Жолоодлогот нислэгийн ДАШТ болох бөгөөд өнжсөн жил нь Европ тивийн АШТ явагдана. Нисэх загварын түүхэнд Жолоодлогот нислэгийн Ази тивийн АШТ явагдаж байгаагүй. Монгол Улс Жолоодлогот загварын Дэлхийн цомын “Улаанбаатарын цом” тэмцээнийг 2016, 2017, 2018, 2019 онуудад нутагтаа зохион байгуулсан.
2023 онд Жолоодлогот загварын Дэлхийн цомын "Зуун билэг цом-2023" болон "Занабазарын дурсгалын цом" тэмцээнүүдийг Жолоодлогот Хурдны F2A болон Жолоодлогот Уран нислэгийн F2B ангиллуудаар амжилттай зохион байгуулсан.
Жолоодлогот Хурдны F2A ангиллын Монгол Улсын дээд амжилтыг Төгөлдөрийн Ариунтөгс 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 156,86 км/цагийн хурдаар, эмэгтэй дэд ангиллын Монгол Улсын дээд амжилтыг Отгонбаярын Бадмаараг 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 117,87 км/цагийн хурдаар тус тус тогтоосон юм.
Радио удирдлагат нислэгийн төрлийн ангиллууд
засварлах- F3A - Уран нислэгийн загвар
- F3B - Элин халих олон төрөлт загвар
- F3C - Уран нислэгийн нисдэг тэрэгний загвар
- F3D - Уралдааны загвар
- F3I - Онгоцоор чирж гаргах элин халих загвар
- F3J - Элин халих термик загвар
- F3K - Гараас хөөргөх элин халих загвар
- F3P - Танхимын уран нислэгийн загвар
- Радио удирдлагат F3 төрөл гэдэг нь газрын гадаргуу дээр байгаа тамирчны радио удирдлагаас ирэх дохионы тусламжтай хөдөлж буй онгоцны залуурнуудын аэродинамик үйлчлэлээр онгоцны орон зай, чиглэл, өндрийг өөрчилж нисгэдэг төрөл юм.
Дуураймал төрлийн ангиллууд
засварлах- F4A - Чөлөөт нислэгийн дуураймал загвар
- F4В – Жолоодлогот дуураймал загвар
- F4С – Радио удирдлагат дуураймал загвар
- F4D – Тасалгааны резин хөдөлгүүрт дуураймал загвар
- F4E – Тасалгааны СО2 буюу хийн хөдөлгүүрт чөлөөт нислэгийн дуураймал загвар
- F4F – Тасалгааны чөлөөт нислэгийн дуураймал загвар
- F4J – Тийрэлтэт хөдөлгүүртэй радио удирдлагат дуураймал загвар
- Дуураймал F4 төрөл гэдэг нь бүрэн хэмжээ бүхий онгоцыг тодорхой масштабаар багасгаж, гаднах байдлыг яг ижил дуурайлган хийж, мөн нислэгийн бодит байдлыг дуурайлган нисгэдэг төрөл юм. Чөлөөт нислэг, Жолоодлогот нислэг болон Радио удирдлагат ангиллууд энэ төрөл дотор бүгд байдаг онцлогтой. Нэг дор хийх боломжгүй ангиллууд байдаг учраас нэг бол өөр ангиллуудтай хавсарсан байдлаар, эсвэл нэг ангиллыг нь тусад нь салган авч ДАШТ зохион байгуулдаг.
Цахилгаан хөдөлгүүрт радио удирдлагат төрлийн ангиллууд
засварлах- F5A - Уран нислэгийн загвар
- F5B - Цахилгаан хөдөлгүүрт элин халих загвар
- F5C - Нисдэг тэрэгний загвар
- F5D - Уралдааны загвар
- F5E - Нарны зай хураагууртай загвар
- F5F - Цахилгаан хөдөлгүүрт элин халих загвар (10 элемент батарейтай)
- F5G - Цахилгаан хөдөлгүүрт элин халих загвар (томруулсан хэмжээтэй)
Монгол Улсын Нисэх загварын спортын хөгжил
засварлахНисэх загварын спорт Монгол Улсад 1965 оноос хөгжиж эхэлсэн түүхтэй. Тухайн үед Монголын пионер сурагчдын ордонд, мөн Хүүхэд, залуучуудын паркад байрлаж байсан Идэр техникчдийн станцад Нисэх загварын дугуйлан хичээллэдэг байжээ. Манай тамирчид 1970-аад оноос эхлэн олон улсын тэмцээнд оролцож, 1977 оноос Нисэх загварын зарим төрлөөр улс, хот, районы чанартай тэмцээн зохион байгуулж эхэлсэн байна. 1975 онд Залуу техникчдийн ордон ашиглалтанд орсон нь Нисэх загварын спортын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн юм. ЗТО-д Нисэх загварын спортын Чөлөөт нислэг, Жолоодлогот, Радио удирдлагат гэсэн үндсэн төрлүүдээр сурагчдыг хичээллүүлж, сургадаг байсан юм. 1980 онд Нисэх загварын спортын тэмцээний дүрэм, цол зэргийн нэгдсэн ангиллыг баталснаар Монголын спортын төрөлд албан ёсоор орсон. 1997 оны 9-р сарын 27-ны өдөр Нисэх загварчид Монголын нисэх загварын спортын нийгэмлэг MASA (Mongolian Aeromodelling Sport Association)-г байгуулсан юм. FAI - Дэлхийн агаарын спортын холбоо 1905 оны 10-р сарын 14-ны өдөр үүсгэн байгуулагдсан, аэронавтик хийгээд агаарын спортыг сурталчлан хөгжүүлэх зорилготой, ашгийн төлөө бус олон улсын байгууллага. Дэлхийн 100 гаруй улс энэ байгууллагын гишүүн. Монгол Улс 2010 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн энэ байгууллагын жинхэнэ (ACTIVE MEMBER) гишүүн болсон. MASA нийгэмлэг одоогоор албан ёсны 8 клубтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. MASA нийгэмлэг нь 2013 оны 7-р сарын 15-21 өдрүүдэд Дэлхийн түүхэнд анх удаа Нисэх загварын спортын Чөлөөт нислэгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулсан. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний цар хүрээг өргөжүүлэн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болгон өөрчилж 2014 оны 7 сарын 20-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо маш амжилттай зохион байгуулсан. Мөн Ази тивд анх удаа 2015 оны 7-р сарын 27-оос 8-р сарын 3-ны өдрүүдэд Нисэх загварын спортын Чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан. Тус тэмцээнд 36 орны 300-аад тамирчин ирж оролцжээ. Резинэн хөдөлгүүрт F1B ангиллын тэмцээнд ОУХМ М.Гонгор 1-р байранд орсон байна. Хугацаат нислэгийн F1C ангилалд ОУХМ Батзоригтын Эрдэнэбат, ОУХМ Тэрбишийн Хишигбат, СМ Эрдэнэбатын Намдүү нарын Монгол Улсын шигшээ баг багаараа хоёрдугаар байрт орж мөнгөн медаль хүртсэн юм.
2022 оны 8-р сарын 8-13 өдрүүдэд Польш улсын Влоцлавек хотод зохион байгуулагдсан Жолоодлогот загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийн Жолоодлогот Уран нислэгийн F2B эмэгтэй дэд ангиллын тэмцээнд оролцсон Монгол Улсын Шигшээ багийн тамирчин Нандинцэцэгийн Номин мөнгөн медаль хүртсэн нь Нисэх загварын спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс монголын тамирчдын авсан хувийн амжилтын хоёр дахь, Жолоодлогот төрлөөр авсан анхны медаль болжээ.
2024 оны 8-р сарын 11-17 өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Индиана мужийн Манси хотод зохион байгуулагдсан Жолоодлогот загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийн Жолоодлогот Уран нислэгийн F2B эмэгтэй дэд ангиллын тэмцээнд оролцсон Монгол Улсын Шигшээ багийн тамирчин Нандинцэцэгийн Номин мөнгөн медаль хүртэж Дэлхийн аваргын хошой мөнгөн медальтан болжээ. Мөн тус тэмцээний Жолоодлогот Уран нислэгийн F2B өсвөр үеийн дэд ангиллын тэмцээнд оролцсон Монгол Улсын Шигшээ багийн тамирчин Дашдоржийн Буяндорж хүрэл медаль хүртсэн нь Нисэх загварын спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс монголын тамирчдын авсан хувийн амжилтын гурав дахь, Жолоодлогот төрлөөр авсан хоёр дахь медаль болжээ.