Марк Рютте (нидерл. Mark Rutte;1967 оны 2-р сарын 14-нд Нидерландын Хааг хотод төрсөн) — Нидерландын улс төрийн болон төрийн зүтгэлтэн. 2024 оны 10-р сарын 1-нээс НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. 2006-2023 онд баруун либерал үзэлтэй "Эрх чөлөө, ардчилалын төлөөх Ардын нам"-ын удирдагч байсан бөгөөд 2010-2024 онд Нидерланд улсын Ерөнхий сайдаар ажилласан хүн.

Марк Рютте

Марк Рютте 1967 оны 2-р сарын 14-нд Хааг хотод төрсөн. Тэрээр Нидерландын шинэчлэл шашинтны гэр бүлд 7 дахь хүүхэд болж төржээ. Тэр багадаа төгөлдөр хуурч болохыг мөрөөддөг байсан ажээ.

Марк Лейдений их сургуульд түүхийн чиглэлээр суралцан төгссөн байна. Үүний зэрэгцээ "Эрх чөлөө, ардчиллын төлөөх Ардын нам"-ын залуучуудын байгууллагад оролцож байсан.

1992-1997 онд сургуулиа төгсөөд Unilever-д хүний ​​нөөцийн удирдлагын чиглэлээр, дараа нь түүний охин компаниудад: 1997-2002 онд Ван ден Берг Недерланд (Калве), 2002 онд Игло Мора группт ажиллаж байсан.

2002 оны 7-р сараас 2004 оны 6-р сар хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга, 2004 оны 6-р сараас 2006 оны 6-р сар хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны Төрийн нарийн бичгийн даргын ажиллыг эрхэлж байжээ.

2003 оны 1-р сарын 22-нд болсон парламентын сонгуулийн дүнгээр Нидерландын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогджээ.

2006 оны 3-р сард Жосиас ван Аэрцэн огцорсны дараа тэрээр намын шинэ даргын сонгуульд оролцсон. 2006 оны 5-р сарын 31-нд намын шинэ даргаар сонгогдсон. 6-р сард тэрээр парламентад эргэн орж, Төлөөлөгчдийн танхим дахь намын бүлгийг толгойлсон байна.

2006 оны 11-р сарын 22-нд болсон парламентын сонгуулиар Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон.

Ерөнхий сайд

засварлах

2010 оны 10-р сарын 14-нд түүнийг Нидерландын хатан хаан Беатрикс шинэ Ерөнхий сайдаар томилов. Эрх чөлөө, ардчиллын төлөөх Ардын нам (150-аас 31 суудал) болон Христийн ардчилсан уриалга нам (21 суудал) цөөнхийн Засгийн газар байгуулах талаар тохиролцоонд хүрчээ. Рютте тэргүүтэй засгийн газар төсвийн алдагдлыг бууруулж, тэтгэврийн насыг нэг жилээр нэмэгдүүлж, тус улсад цагаачлалын дүрэм журмыг чангатгах бодолтой байна.

2012 оны 4-р сарын 23-нд Рюттегийн засгийн газар төсвийн асуудлаар ширүүн санал зөрөлдөөний улмаас огцорсон байна.

2017 оны 3-р сард болсон парламентын сонгуулийн дараа Эрх чөлөө, ардчиллын төлөөх Ардын нам, Христийн ардчилсан уриалга, Ардчилсан нам 66, Христийн холбоо нийлж эвслийн Засгийн газар Марк Рюттегийн удирдлага дор байгуулагдсан байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн тогтолцоог буруугаар ашигласан гэх дуулианы улмаас Рютте болон түүний танхим бүхэлдээ 2021 оны 1-р сарын 15-нд огцорсон. Гэсэн хэдий ч тэрээр болон ихэнх сайд нар 2021 оны 3-р сард болох сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл засгийн эрхэнд үлдсэн юм.

2021 оны 1-р сарын 23-нд Нидерландад Ковид-19 цар тахлын эсрэг хөлийн хорио тогтоохыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан эхэлсэн. Цагдаа нар үймээн самууныг сүүлийн 40 жилд болоогүй хамгийн том үймээн гэж нэрлэсэн (эхний гурван өдрийн дотор 10 хотод 180 хүнийг баривчилсан).

2021 оны 12-р сарын 15-нд Нидерландад 2021 оны 3-р сард болсон парламентын сонгуулийн үр дүнгийн дагуу Ардын эрх чөлөө, ардчиллын төлөөх нам, Христийн ардчилсан уриалга, Ардчилсан намын 66, Христийн холбоо намууд дахин засгийн газраа байгуулж, Рютте Засгийн газрыг дөрөв дэх удаагаа тэргүүлжээ.

2022 оны 2-р сарын 24-нд тэрээр ОХУ-ын Украин руу довтолж эхэлсэнтэй холбогдуулан В.В.Путин болон Оросын засгийн газрын гишүүдийн эсрэг хувь хүний эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалсан.

2023 оны 7-р сарын 7-нд түүний эвсэл өдөр ирэх тусам нэмэгдэж буй цагаачлалын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тохиролцож чадаагүйн улмаас Рюттегийн Засгийн газар огцрох болсноо зарлав. Түүний Засгийн газар дараагийн сонгууль хүртэл түр орлон гүйцэтгэгчээр ажиллав.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга

засварлах
 
Марк Рютте

Ерөнхий сайдын ажлаа өгөөд дунд сургуульд багшлах ажилд анхаарлаа хандуулах хүсэлтэй байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан ч Рютте 2023 оны 10-р сард НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшиж буйгаа зарласан. Түүнийг нэрийг 2024 оны 2-р сард АНУ, Их Британи, Герман, Францын Засгийн газрууд дэмжсэн байна.

2024 оны 4-р сар гэхэд НАТО-гийн гишүүн 32 орны 28 улсын төлөөлөгчид Марк Рюттег НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшихийг зөвшөөрөв. Харин түнийг зөвшөөрөгүй Турк, Унгар, Словак, Румыны эсэргүүцлийг даван туулж чаджээ. Түүний цорын ганц өрсөлдөгч болох Румыны Ерөнхийлөгч Клаус Иоханнис өөрөө 2024 оны 6-р сарын 20-нд нэрээ татсан байна.

2024 оны 10-р сарын 1-нд тэрээр Брюссель дэх НАТО-гийн төв байранд Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергээс албан тушаалаа албан ёсоор хүлээн авсан.

Марк Рютте:- "НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллага нь Орос улсыг цаашид үргэлжлүүлэн хязгаарлах ёстой гэдэгт итгэлтэй байна, үүнд зүүн жигүүрийн хамгаалалтыг бэхжүүлэх, НАТО-гийн гишүүн улс бүрээс жил бүр ДНБ-ий 2%-иас багагүй хэмжээний батлан ​​хамгаалах зардал гаргах шаардлагатай байна" гэжээ.

Тэрээр гэр бүл, хүүхэдгүй ажээ.