Манга (Канжи: 漫画; Хирагана: まんが; Катакана: マンガ; Сонсох) гэдэг нь Японы зурагт ном юм. Мангаг комик ном гэж хэлж болох ч комик номноос бага зэрэг ялгаатай юм. Манга нь одоогийн хэв маягаа 19-р зуунаас олж авсан ба Дэлхийн 2-р дайны (1940-өөд оноос) дараа бүрэн утгаараа хөгжиж эхэлсэн.

Канжи буюу ханзаар "Манга" гэж бичсэн бичиглэл
Орчин үеийн хамгийн түгээмэл манга дүрслэл

Хэдийгээр Японд "манга" гэдгээр олон төрлийн зурагт ном, хүүхэлдэйн кино, анимейшн зэрэг зүйлүүдийг хамруулан ойлгодог боловч Дэлхийн олон улс оронд "манга" гэдгээр зөвхөн "Японы зурагт ном" гэж ойлгож хэвшжээ.

Манга (漫画) гэх үг нь хоёр ханзаас (канжи) гаралтай. "Ман" (漫) гэх үг нь "Хөгжилтэй, жүжиглэлт" гэсэн утгатай бөгөөд харин "га" (画) нь "зураг" гэсэн утгыг илэрхийлдэг байна. Урлаг судлаачид мангаг Шинто шашны ханын зургаас үүсэлтэй, Японы уран зургийн түүхтэй салшгүй холбоотой "урлаг" гэж үздэг.

Манганы төрөл

засварлах

Японд мангаг бүх насны хүмүүс шимтэн уншдаг. Манга уншигчдын насны онцлогч, сонирхлын хүрээнээс хамаараад төрөл сэдвийн хамрах хүрээ өргөн. Адал явдалт, триллер, хайр дурлал, детектив, бизнес худалдаа, комеди, түүхэн, драма, зөгнөлт, фантази, секс, спорт, тоглоом гэх мэт олон төрөлд хуваагддаг. Гэхдээ эдгээрийг ерөнхийд нь ангилж нэрлэж заншсан нэршил байдаг.

  • Ёожи (Yōji, 幼児向け漫画) буюу 1-4 насны хүүхдийн манга
  • Кодомо буюу Жидо (Kodomo эсвэл Jidō) манга (児童漫画、子ども漫画) - Бага насны хүүхдэд зориулагдсан манга. Сэдвийн хувьд мэдлэг, хүмүүжил олгоход чиглэсэн байдаг.
  • Шоонэн (Shōnen, 少年漫画) - Бүх насныханд зориулагдсан, адал явдал, тэмцэл тулаан голлосон сэдэвтэй манга. Цуврал олон бүлэгтэй байх нь олонтаа.
  • Шоожо (Shōjo, 少女漫画) - Сэтгэл зүрхний ээдрээ, хайр дурлалын хэв маягтай манга. Гол төлөв 13-17 насны охидод зориулагдсан байдаг.
  • Сэйнэн (Seinen, 青年漫画) - Насанд хүрсэн хүмүүст чиглэсэн манга. Буурьтай буюу амьдрал, философи зэрэг сэдвийг гол төлөв хөндсөн байдаг.
  • Сэйжин (Seijin, 成人漫画) - Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан манга. Ихэвчлэн бэлгийн дур хүсэл дээр тулгуурласан сэдэвтэй байдаг.

Манга хэвлэлийн төрлүүд

засварлах

Ёонкома (Yonkoma) буюу 4 нүдэт манга

засварлах
 
Манга дүрслэлийн үүслийн шат

Ёонкома буюу 4 нүдэт манганууд нь ихэвчлэн сонин, нийтлэлийн хамтаар хэвлэгдэн уншигчдад хүрдэг. Ёонкома манганууд нь зөвхөн 4 хүснэгтэнд багтсан зохиол болоод өрнөлтэй. Ихэвчлэн хошин шог болоод мэдээлэл олгох зорилготой боловч ёонкома манганууд нь олон олон сэдвийг хөндөж чаддаг “уян хатан” манганы төрөл юм.

Сэтгүүл

засварлах

Манга сэтгүүлүүд нь 200-гаас 850 хуудастай шар цаасан дээр хэвлэгддэг бөгөөд энэхүү сэтгүүлүүдэд олон манга зэрэг хэвлэгддэг. Shueisha, Kodansha, Shogakukan, Square Enix гэх мэт хэвлэгч компаниуд нь эрхлэн гаргаж буй сэтгүүл дээр мангаг цуврал болгон хэвлэн гаргадаг ажээ.

Weekly Shōnen Jump (週刊少年ジャンプ Shūkan Shōnen Janpu) сэтгүүл нь Шонэн төрөлд хамрагддаг. 1968 оны 7-р сарын 2-ноос өдгөө хүртэл хэвлэгдэн эрхлэн гарч байгаа алдартай сэтгүүл юм.

Shueisha компани нь Weekly Shōnen Jump сэтгүүлийг эзэмшдэг. Тус сэтгүүл дээр хэвлэгдэн гарч буй Манганууд нь дэлхийг байлдан дагуулсан бүтээлүүд байдаг. One Piece, Slam Dunk, Yu-gi-oh!, Dragon Ball, Kochikame, Naruto, Bleach, Gintama, Death Note, Rurouni Kenshin, Hunter X Hunter манга цувралууд нь хит болсон бүтээлүүд юм.

Боть (Tankōbon, 単行本)

засварлах

Сэтгүүл дээр хэвлэгдэн гарсан манга уншигчдийн дунд нэр хүндтэй, алдартай байх юм бол тухайн манга цуврал боть болж цуглуулагдан хэвлэгддэг. Боть (Tankōbon , 単行本) болон цуглуулагдсан манга цуврал нь сэтгүүл дээр эрхлэн гаргадаг хувилбарыг бодвол нэмэлт материалуудаар баялаг байдаг байна. Уншигчдад зориулсан гэдэг утгаараа тэдний мэдэхийг хүссэн нэмэлт материал болон зургууд боть дээр агууллагддаг.

Бидний мэдэх Нарүто манга цуврал нь нийт 700 бүлэгтэй бөгөөд нийт 72 боть болон цуглуулагдсан байна.

Weekly Shonen Jump сэтгүүлээс 1976 оны 9-р сараас одоог хүртэл эрхлэн гаргаж байгаа Kochikame буюу Kochira Katsushika-ku Kameari Kōen Mae Hashutsujo манга цуврал нь 1911 бүлэгтэйгээс 197 боть цуглуулагдан гаржээ.

Доужинши (Dojinshi)

засварлах

Зураач болон зохиолч нар өөрийн хувийн зүгээс бие дааж хэвлэн уншигчдад хүргэж байгаа нь доужинши манга юм. Дийлэнх доужинши манганууд нь “Сэйжин” төрөлд багтдаг.

Манганы уншигдах байдал

засварлах

Японы мангаг баруунаас зүүн чиглэлд уншдаг. Энэ нь тэдний зуун дамжин ирсэн бичгийн өв соёлтой нягт холбоотой. Ихэнх манганууд Ханз (Канжи), Фүригана үсэгнүүдийг хэрэглэж бичигдсэн байдаг. Манганд гарч буй дүрүүдийн хооронд өрнөх харилцан яриа давхар утга илэрхийлдэг учир канжиг голчлон хэрэглэдэг. Гэхдээ тухайн манганы төрлөөс хамаарч харилцан адилгүй байж болно.

Хүүхдэд зориулсан мангануудад канжи биш фүригана хэрэглэдэг учир нь уншигдахад хялбар хэмээн үздэг байна. Харин өсвөр насныхан болон насанд хүрэгчидэд зориулсан манга Канжи, Фүриганагийн хамтаар хэрэглэгдэн бичигддэг.

Ихэнх манга баруунаас зүүн рүү уншихаар бүтээгдсэн байдаг боловч Японоос өөр улсад бүтээгдсэн манганууд стандарт буюу зүүнээс баруун чиглэлд уншихаар байж болдог. Хятад, Солонгос улсын манхуа, манхванууд зүүнээс баруун унших урсгалыг дагадаг.

Манга хэвлэл

засварлах

Манга урлаг нь Японы хэвлэл мэдээлэлийн салбарт 2007 онд 40.6 тэрбум иен буюу ойролцоогоор 395$ сая долларийн мөнгөний эргэлт бий болгосон байлаа.[1] 2006 онд Японд нийт зарагдаж буй ном болон сэтгүүлийн 27%-ийг "манга" эзэлж байснаас түүний дотроос 20%-ийг долоо хоног, сар тутмын манга сэтгүүлүүд зонхилж байжээ.[2] Хурдацтай хөгжиж буй Японы манга салбар улмаар олон улс орон руу хүрээгээ тэлэх болсон бөгөөд гадаад улс оронд үйл ажиллагаагаа явуулах хэвлэлийн байгууллагууд өөрсдийн хэл дээр орчуулан хэвлэж уншигчдад хүргэж байна.

Хамрах хүрээ ба нөлөөлөл

засварлах

Олон жил хөгжиж байгаа Японы манга урлаг нь дэлхийн олон улс оронд өөрийн байр суурь, нөлөөллөө тогтоож байна. Манганд тогтсон тусгай хэв маяг нь дэлхийн олон хүүхэд багачууд, өсвөр насныханд болон уран бүтээлчдэд нөлөөлөөд зогсохгүй өгүүлэгдэх санаа, сэдвүүд нь уншигчдын сэтгэлд хүрэхүйц хэмжээний чанартай бүтээгддэг.

Хятад болон Өмнөд Солонгос зэрэг улс орнуудад Японы манга урлаг хүчтэй нөлөөлсөн төдийгүй тэд өөрсдийн гэсэн нэршилтэй болсон.

  • Манхуа (Manhua) - Хятад улсын манганы нэршил
  • Манхва (Manhwa) - Өмнөд Солонгосын манга нэршил

Мөн Франц улс өөрсдийн гэсэн тогтсон нэршилтэй. Хэдийгээр тэд өөрсдийн гэсэн зурагт номыг нэрлэдэг тогтсон нэршилтэй боловч Франц улсад Японы манганаас сэдэвлэсэн нөлөөлөл хүчтэй байдаг.

  • Манфра (Manfra) - Франц улсын манганы нэршил

Дэлхийн олон улс оронд Японы мангаг өөрсдийн хэл болон Англи хэл дээр орчуулан уншигчдад хүргэдэг. Америкийн Нэгдсэн Улсад үйл ажиллагаагаа явуулдаг VIZ Media, Yen Press, Vertical Inc хэмээх компаниуд нь Японы мангаг Англи хэл дээр хөрвүүлэн, зарж борлуулдаг компаниуд юм.

Мангатай холбоотой тэмцээн уралдаан

засварлах

Японы манга үйлдвэрлэлийн салбараас уран бүтээлчдэд зориулж олон төрлийн нэрэмжит уралдаан, тэмцээнийг зохион байгуулдаг. Ихэвчлэн манга эрхлэн гаргагч компаниуд спонсорлож зохиодог байна.

  • The Akatsuka Award - Хошин, инээдмийн төрлийн манга бүтээлийн уралдаан.
  • The Dengeki Comic Grand Prix - Онешот манга бүтээлийн уралдаан.
  • The Japan Cartoonists Association Award - Олон төрөлт манга бүтээлийн уралдаан.
  • The Kodansha Manga Award - Олон төрөлт манга бүтээлийн уралдаан.
  • The Seiun Award - Шинжлэх ухаан, зөгнөлт төрлийн манга бүтээлийн уралдаан.
  • The Shogakukan Manga Award - Олон төрөлт манга бүтээлийн уралдаан.
  • The Tezuka Award - Тезука Осамугийн нэрэмжит манга бүтээлийн уралдаан.
  • International Manga Award - Японы гадаад хэргийн яамнаас олон улсын хэмжээнд зохиодог манга бүтээлийн уралдаан.