Дегага "Мамо" Волде (Degaga ("Mamo") Wolde, 1932 оны 6 сарын 12 – 2002 оны 5 сарын 26) нь Этиопын холын зайн гүйгч, 1968 оны зуны олимпын марафон гүйлтийн аварга хөнгөн атлетикч юм.

Мамо Волде
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Этиоп
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Дегага "Мамо" Волде
Төрсөн огноо 1932 оны 6 сарын 12
Төрсөн газар Дири Жилле
Нас барсан огноо 2002 оны 5 сарын 26
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Мехико 1968 Марафон
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Мехико 1968 10,000 м
Хүрэл медаль – гуравдугаар байр Мюнхен 1972 Марафон
Бүх Африкийн наадам
Алтан медаль – нэгдүгээр байр Лагос 1973 Марафон

Волде Дири Жиллед Оромо айлд мэндэлжээ[1]. 1951 онд Аддис-Абеба руу нүүж, эзэн хааны бие хамгаалагч болжээ. Удалгүй 1953-аас 1955 онд Солонгост энхийг сахиулах хүчинд алба хааж байв[2].

Тэрээр олимпод анх 1956 онд оролцохдоо 800 м, 1,500 м, 4x400 м-ийн буухиа төрөлд өрсөлдсөн. Абебе Бикила Этиопын анхны олимпын аварга болсон 1960 оны зуны олимпод оролцож чадаагүй аж. Учир нь Конгогийн хямралын үеэр Конгод энхийг сахиулах үүргийг түүнд засгийн газраас өгч, хэдийгээр Этиопын Олимпын Хороо түүнийг олимпод оролцуулахыг хүсч байсан ч засгийн газар дийлж, тэрээр Ромыг зорьж чадаагүй гэж Волде дурссан байдаг. Гэхдээ тус олимпод Этиопыг төлөөлж 800 м-ийн зайд уралдсан Саид Мусса Османы өгүүлснээр, Волде олимпын сонгон шалгаруулалтад ялагдсан аж[2].

1960-аад оны эхээр Волде дундын зайд гүйхээ больж, холын зайд уралдах болов. Тэрээр 1964 оны зуны олимпод 10,000 м-ийн зайд 4-р байр эзэлжээ. Абебе Бикила тус олимпын марафон гүйлтийн төрөлд түрүүлснээс дөрвөн жилийн дараа 1968 оны зуны олимпын марафон гүйлтэд Волде түрүүлсэн. Марафон гүйлтээс өмнө 10,000 метрийн төрөлд мөнгөн медаль зүүсэн байна. 1972 онд 40 настай Волде марафон гүйлтийн төрөлд гуравдугаар байр эзэлж, олимпын 3 дахь медалиа зүүжээ. Тэр 3-рт орсон шалтгааныхаа тухай Этиопын албаны хүмүүсийн шаардлагаар өмссөн гутал хөлд нь таарахгүй байснаас болсон гэж ярьсан байдаг[2]. Гэхдээ тэрээр Бикилагийн дараа 2 олимпоос дараалан марафон гүйлтийн төрлөөр медаль хүртсэн 2 дахь хүн болж чадсан билээ. Волде 1973 онд Бүх Африкийн наадмын марафон гүйлтийн аварга болсон.

1993 онд Волде дарангуйлагч Менгисту Хайле Мариамын засаглалын үед Улаан террорт оролцсон хэрэгт холбогдон хоригджээ. Тэрээр өөрийгөө тус аллагад шууд холбогдолгүй гэж мэдүүлж байсан хэдий ч 2002 оны эхээр шүүхээс 6 жилийн хорих ял сонсчээ. Гэхдээ шүүх хурал хүртэл 9 жил хуулийнхны хяналт дор байсан тул ялаа эдэлсэн хэмээгдэж суллагдсан байна.

Харамсалтай нь суллагдсанаасаа хойш хэдхэн сарын дараа үл мэдэгдэх өвчний улмаас нас нөгчжээ. Тэрээр 2 удаа гэрлэсэн, 3 хүүхэдтэй[3].

  1. The Ordeal of Mamo Wolde (accessed 12 September 2006)
  2. 2.0 2.1 2.2 Vettenniemi, Erkki (2002). The Life and Trials of Malmo Wolde (Memento 6. Аравдугаар сар 2007 цахим архивт) (accessed 15 September 2006)
  3. Amnesty International article on Mamo Wolde (Memento 2. Арванхоёрдугаар сар 2006 цахим архивт) (accessed 15 September 2006)