Малгай гэдэг нь толгойд өмсөх өмсгөл бөгөөд хэлбэр дүрс олон янз байна. Анх хүн толгойгоо нар, бороо, салхи шороо, хүйтнээс хамгаалах зорилготой үүссэн юм.

Эрт цагт малгай нь нийгмийн байдал, угсаа гарал, язгуурыг илэрхийлдэг байв. Цэргийн хүний хувьд малгай нь харьяалал, үйлчилгээний салбар, цол, дэглэмийг илэрхийлж болно. Өдгөө цагт ч малгай нь мэргэжил, цол, зэрэг дэв зэргийг илэрхийлэх нь олонтоо.

НТӨ 3000 жилийн өмнө малгай үүссэн гэх албан бус мэдээ бий. НТӨ 1350 оны орчим үеийн эртний Египетийн Нефертити хатны барималд хавтгай оройтой, урдаа хаадын бэлгэ тэмдэгтэй титэм өмссөн байгаагаар хийсэн байдаг. НТӨ 3000-1500 Миносын соёл иргэншлийн үе буюу НТӨ 1550 оны үеийн ханын зурагт ханхүүг сараана цэцгийн хээтэй титэмтэй дүрсэлсэн байна.

Малгайчин

засварлах

Малгайчин гэдэг нь малгай урлахад мэргэжсэн уран хүнийг хэлнэ.

Монгол малгай

засварлах

Монгол малгайн хамгийн эртний түүхэн сурвалж нь Төв Азийн нүүдэлчдийн хамгийн анхны төрт улс, эзэнт гүрнийг байгуулсан Хүннү нартай холбогддог.

Малгайн билэгдэл

засварлах

Мандах төрийн малгай, Эдийн тэргүүн залаат малгай гэдэг. Титэм бол малгайн өндөр дээд эрхэм нэг хэлбэр юм.

Малгайн бүтэц

засварлах
Бүч Малгайн чихэвчийг буулган уях богиновтор уяа
Сагалдарга Малгайг эрүүвчлэн уяж тогтоох оосор
Орой Малгайн хамгийн дээд хэсэг
Саравч Малгайн магнайны дээд этгээдээс урагш түрэн гарсан хэсэг
Залаа Малгайн оройд хадах ёнхор, үс, хялгасаар хийсэн улаан цацаг

Монгол малгайн төрөл ангилал

засварлах

Монголчууд нүүдэллэн аж төрж байхдаа цаг улирал, зэрэг дэв, нас, хүйс зэргээс шалтгаалж малгайг олон янзаар хийж байжээ.

Нас, хүйсээр нь

засварлах
  • Хүүхдийн малгай
  • Эрэгтэй малгай
  • Эмэгтэй малгай
  • Эрэгтэй, эмэгтэй малгай

Улирлаар нь

засварлах
  • Зуны малгай
  • Хавар, намрын малгай
  • Өвлийн малгай

Хүүхдийн малгай

засварлах

Гургуул – хүүхэд өмсөх малгай

Эрэгтэй малгай

засварлах

Албаны – албаны хүний өмсөхөд зориулсан.

Алтан - цан хэлбэртэй, дээрээ дог жинстэй, бөс цаас зэргийг олон давхарлан нааж маажиндсан алтан өнгө бүхий малгай: бараа бологч сойвонгийн өмсдөг чулуун жинстэй зуны алтан малгай: хувилгаан ламын алтан малгай: чун жинстэй алтан малгай гэх мэт.

Арьсан -анчдын өмсөх ан амьтан, малын арьсаар хийсэн малгай

Багвагар – намхан пагдгар малгай

Барга - улаан зангилаатай, улаанаар хүрээлсэн цайвар ногоон өнгийн тавтай, цэнхэрээр эмжсэн алтан хоргой чимэгтэй, босоо ширээстэй намхан тавиун оройтой, шар торгон оройтой, цэнхэрээр доторлож хилэнгээр гадар-ласан халбагар саравчтай, улбар шар сагалдрагатай, хэлбэр маш төв намба сайтай, дугуй хэлбэртэй, үс хадсан дээд тушаалын лам нарын өмсдөг малгай, донхю ч гэнэ.

Бичлүүр – бүчилж өмсөхөд зориулсан малгай, шивэгчтэй малгай ч гэнэ

Богд – шижир алтан догтой таван тал малгай

Анчны – тарваганы арьсаар бүрсэн адууны арьсаар хийсэн чихтэй малгай

Багван – лам нарын өмсдөг шовгор малгай

Баншаа – шовгор оройтой, улаан өнгийн дотортой, шар өнгийн гадартай, урт бүчтэй малгай, богдын шавь даншигт өмсдөг баншаа, эрдэмтэн ламын өмсөх баншаа

Дуулга – 1.баатрын дайтахад өмсөх төмөр малгай, 2.Чойжингийн өмсөх малгай, 3. Дуулга хэлбэртэй энгийн ард хүний өмсөх малгай, 4. Дуулгай хэлбэртэй арьсаар хийсэн хоёр талдаа гарьдын жигүүрийг алтаар үйлдсэн малгай

Арьсан дуулга – арьс илгээр хийсэн малгай

Арьсан алтан дуулга – арьсыг алтаар өнгөлсөн дуулга

Эмэгтэй малгай

засварлах

БогтагXIII зууны үеийн ордны эмэгтэйчүүдийн өмсөж байсан хүрэн буюу хөх өнгөтэй тохой хэр өндөр малгай

Гивлүүр – нимгэн торгомсог эдээр хуниас гарган хийж хоёр хажууд нь бүч хадсан эмэгтэй хүний нүүр халхлах зүйл

Тоорцог - Чих, саравчгүй, бөмбөгөр оройтой, дээрээ товчруутай малгай, нөхөрт гараагүй охид эмэгтэйчүүд өмсөж байсан

Эрэгтэй, эмэгтэй малгай

засварлах

Алчуур – толгой бооход зориулсан эдлэл

Боолт - улаан зангилаатай, цэнхэр хөвөөтэй, улбар шар тавтай, босоо ширээстэй, бөмбөгөр оройтой, улбар шар туургатай, унжуу шилтэй, ногоон цэнхэр өнгийн бүчтэй, үнэгний үс хадсан үзэмчин нарын өмсдөг малгай. Хар үнэгэн боолт малгай, шар үнэгэн боолт малгай

Бортого – өндөр туургатай, хавтгай оройтой малгай Босоо чихт – чих буулгадаггүй үргэлж босоо байдаг малгай

Бөөгийн – бөө нарын өмсдөг хүний дүрс, нар, сар зэргийг дүрсэлсэн малгай

Буриад - шүрэвтэй, ширээстэй, тэвэгтэй малгай

Бүрх – тэнз, дэрсээр бөмбөгөр оройтой малгай

Бүрхүүл – чихтэй, бүчтэй, үнэгний бушгагаар хийсэн урианхай эрэгтэй хүний өвлийн малгай

Гоёлын – гоёлд өмсдөг, эхнэрийн гоёлын малгай, охидын гоёлын малгай, хаадын гоёлын малгай, гэлэн лам нарын гоёлын малгай г.м

Годон – арьсны год зүйж хийсэн малгай улаан залаатай, хөндлөн хийсэн дэрэвгэр хүрээтэй

Гомша – пагдгар оройтой, улаан дотортой, шар гадартай, дээш сөхсөн туургатай, хоёр дэлдийсэн үзүүртэй гэлэн хүний өмсдөг малгай

Гүзэг -хамба, цорж нар өмсдөг есөн үзүүртэй хүндэтгэлийн малгай

Даль – буриад нарын өмсдөг малгай

Донхю – барга малгайн бас нэг хэлбэр: албан донхю, өвлийн донхю, улаан торгон бүчтэй, буурал үнэгэн үстэй донхю г.м

Дугуй – дугуйвтар хэлбэртэй, хойд тал сэтэрхий малгай, төгрөг малгай ч гэнэ: дариганга эхнэрийн өвлийн дугуй малгай, үзэмчин ламын дугуй малгай, хар хүний хүрэн оротой, цэнхэр саравчтай дугуй малгай, лам нарын шар оройтой, шар саравчтай дугуй малгай г.м дөрвөн малгай

Зуны малгай

засварлах
Бүрх малгай Нар, хур халхлах зориулалттай дэлбэгэр хүрээтэй малгай
Нарны малгай Халуун наранд наршихаас хамгаалж өмсөх толгойн өмсгөл

Хавар, намрын малгай

засварлах
Саравчтай малгай Нар, салхинаас нүүр нүдийг хамгаалах зориулалт бүхий малгай

Өвлийн малгай

засварлах
Булган малгай Булганы арьсаар хийсэн малгай
Хурган малгай Элдсэн хурганы арьсаар хийсэн толгойд өмсөх өмсгөл
Үнэгэн малгай Үнэгний арьсаар хийсэн толгойн өмсгөл

Булган малгай бол булгаар хийсэн малгай, мянгад эрэгтэйчүүдиин өвлийн булган малгай, торгон цэргийн таван талтай өвлийн булган малгай, лам нарын дөрвөн тал булган малгай, настай хүний өмсдөг булган хөнгөн малгай, халх өвлийн булган малгай, эртний хаадын булган энгийн малгай гэх мэт.

Мөн үзэх

засварлах