Богтаг малгай бол XIII зууны үеийн монгол хатдын эдэлж хэрэглэж байсан малгай юм.

Түүх засварлах

Богтаг малгайны тухай Францын санваартан Виллиам де Рубрук тодорхой тэмдэглэн үлдээсэн байдаг. Виллиам де Рубрук нь Монгол хатад богтаг малгайтай байх нь буу зэвсэг агссан цэрэг эрс харагддаг тухай тэмдэглэсэн байдаг байна. Богтаг малгайн дүр дүрслэл Богд хан уулын Их Тэнгэрийн амны сүг зурагт бий. Бээжин дэх ордон музей, Тайванийн үндэстний ордон музей зэрэгт хадгалагдаж буй дурсгалуудад тод үлдсэн байдаг.

Хэрэглээ засварлах

Толгойд тавих хэсэг нь ардаа шилэвчтэй дугуйрсан тоорцог маягтай, түүний дээр голоос дээш тохой орчим өндөр хоолой бүхий хэсэгтэй, хоолойн дээд үзүүр хэсэгт өргөссөн дөрвөлжин маягийн оройг бэхэлж өмсдөг

Нөхөрт гарсан хатад үсээ нэг сүлжин дээш засаж тэрхүү хоолой маягийн хэсэгт оруулж малгайг бэхэлдэг байжээ. Өөрөөр хэлбэл ардаа үс унжуулдаггүй байв. Оройн хэсэгт нүх гарган тогос, гургуул, шар шувуу гэх мэт шувууны өдийг хатгадаг. Тэдгээр өд нь бас тохой өндөртэй бөгөөд малгайн хоолойн хамт нэг метр орчим болдог ажээ. Малгайн арын шилэвч нь дээлийн зах даран унждаг байна.

Чимэглэл засварлах

Богтаг малгайн хоолойны нүүрэн талд луу, суварга, галын дөл мэт дүрсийг сувдаар чимэглэдэг. Богтаг малгайны чимэглэл нь цэцэг эрдэнэ, бүрэнцэг, бүгнэвч, хос цог зэрэг нэртэй байв. Малгайны өндөр намаар хатдын зиндааг илэрхийлэх бөгөөд их өндөр байх тусам хэргэм зэрэг их гэж ойлгогдоно. Өндөр малгайтай үед тонгойж болохгүйн дээр харц ямагт дээшээ чиглэж байсан нь энгийн ардтай зэрэгцэх ёсгүй гэж үздэг байсантай холбоотой. Малгайн оройд байх дөрвөлжин хэсэг нь монгол гутлын улны хэлбэртэй байх нь бий. Энэ нь хатан хүн хэдий ихэмсэг их хүн боловч эр хүний нөмөр нөөлөг үргэлж хэрэгтэй гэсэн утгатай ажээ. Малгайг тогтоох зориулалттай хажуугийн боолтууд нь битүү сувд эрдэнийн чулуу бүхий хээ угалзтай байдаг. Малгайны урд талд духандаа алтан сам тааруулан зүүж дээд хэсгээр нь нимгэн алчуураар даруулдаг байжээ. Алтан самыг толгойдоо зүүх нь нэг талаар гоёл боловч, нөгөөтэйгүүр эрхэмсэг хатдын оюун ухаан шижир алт шиг хувирашгүй байхыг, дээгүүр даруулсан нимгэн алчуур монгол хатдын төлөв даруу байдлыг тус тус илэрхийлж байжээ.

Мөн үзэх засварлах

Гадаад холбоос засварлах

Ухаант хатдын үйлс зууныг нэвтлэн гэрэлтнэм