Майдаржавын Ганзориг

Майдаржавын Ганзориг (1949 оны хоёрдугаар сарын 5-нд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн; 2021 оны долоодугаар сарын 4-нд[1] нас барсан) — Монгол Улсын сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат ажилтан. 1978-1981 оны хооронд Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн хамтаар "Интер Космос" хөтөлбөрийн хүрээнд Зөвлөлт-Монголын хамтарсан Союз-39 сансрын хөлгийн нислэгт эцсийг хүртэл бэлтгэгджээ. М.Ганзориг нь 2011 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан байна.

Майдаржавын Ганзориг
Майдаржавын Ганзориг
Улс:  БНМАУ
Сонгогдсон огноо: 1978 оны 3 сарын 1
Сансрын
нислэгийн тоо:
0
Ажлаа өгсөн: 1981 оны 3 сарын 30
Сансрын нислэгүүд

Майдаржав овогтой Ганзориг нь 1949 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Цэцэрлэг хотын 10 жилийн сургуулийг 1968 онд, Киев хотын Политехникийн дээд сургуулийг 1975 онд дулааны нарийн хэмжүүр, автоматикийн инженер мэргэжлээр төгссөн байна. М.Ганзориг 1975-1978 он хүртэл Улаанбаатар хотын нэгдүгээр цахилгаан станцад автоматикийн инженерээр ажиллахдаа үйлдвэрлэлийн ашигтай ажиллагааг хангах үүднээс тэргүүн туршлага, шинэ бүтээл оновчтой саналууд гаргасан нь үр дүнтэй болсон ба үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудын хөдөлмөр бүтээлийн аварга болж байв.

М.Ганзориг 1978 оноос Физик техникийн хүрээлэнгийн Сансар судлалын секторт эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар ажиллаж мөн тэр 1978 оны 3-р сарын 18-ны өдрөөс 1981 оны 3 сар хүртэл Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгт бэлтгэж Ю.А.Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийн бэлтгэл сургуулийг дүүргэж “Союз” хөлөг, тойрог замын “Салют” станцын сансрын нисгэгч, шинжлэн судлаач болсон. 1981 оны 5 сараас Физик-техникийн хүрээлэнгийн Сансар судлалын секторт эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар томилогдон ажиллаж байгаад XI сард ЗХУ-ын ШУА-ийн Сансрын шинжилгээний институтэд томилогдон хамтарсан нислэгийн үеэр хэрэгжүүлсэн сансрын байгаль судлалын туршилтын үр дүнг боловсруулах, туршилтын судалгааны ажилд биечлэн оролцох “Спектр-Мон-83” туршилтыг бэлтгэн зохион явуулах ажлыг амжилттай гүйцэтгэн хээрийн бэлчээрийн ургамалжилтын төлөвийг спектр тодролтын коэффициенттэй холбон шинжилж “Монголын нутаг дэвсгэрийн хээрийн бүс дэх ургамалжилтын төлөвийг бүхээгийн хэмжилт, мэдээллийн цогцолборын тусламжтайгаар агаар-сансраас тандах аргаар судлах боломжийг үнэлэх нь” сэдвээр техникийн ухааны дэд эрдэмтний зэргийг 1984 онд хамгаалжээ.

М.Ганзориг 1984-1990 онд Физик Техникийн Хүрээлэнгийн Агаар сансрын мэдээлэл боловсруулах эрдэм шинжилгээ, арга зүйн лабораторийн эрхлэгч, 1990 оноос 2014 оны 03 сар хүртэл Информатикийн хүрээлэнгийн захирлаар, 2014 оноос эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, сэдвийн удирдагчаар тус хүрээлэнд ажиллаж байна.

Эрдэм шинжилгээ, судалгаа

засварлах

Сансрын хамтарсан нислэгийн үеэр байгаль, цаг уур, ландшафтын өөр бүсэд сонгосон загвар талбайд төрөл бүрийн биетээс ойсон спектрийн хэмжилтийн материалд дүн шинжилгээ хийж үр дүнг нийтлүүлснээр эрдэм шинжилгээний бүтээлүүдийн эхлэл нь тавигджээ. Биет тус бүрийн спектрграммд тайлал хийсэн үр дүнгээс үзэхэд тэдгээрийг сансраас авсан олон бүсчлэлийн зургаар ангилах, танихад спектр тодролтын коэффицент (СТК) өгөгдлийн үндсэн суурь байх боломжтойг тодорхой жишээгээр баталсан. Энэ нь байгалийн биетийн бүтэц нь гадна, дотны хүчин зүйлүүдээс хамаардаг учир тэдгээрийн спектр нь цахилгаан соронзон долгионы муж бүрт харилцан адилгүй байгаагаар тайлбарлагдана.

Ургамалжилт зэрэг хөгжлийн явц нь тасралтгүй өөрчлөгддөг байгалийн бүтцийг ангилах, төлөвийг нь тодорхойлоход СТК ба тухайн биетийн хэв шинж төлөвийг илэрхийлэгч үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг тодорхойлох шаардлага гарсан. Ийм туршилт тавих аргазүйг боловсруулж “Спектрмон-82, 83” туршилтыг Төвшрүүлэхийн ойт хээрийн бүсд Орос, Болгарийн эрдэмтэдтэй хамтарч хэрэгжүүлсэн. Туршилтад түүний дэвшүүлсэн хөрс-ургамалжилтын тогтолцооны нэг болон олон факторт үзүүлэлтийг СТК-д яаж нөлөөлөхийг тооцох аргачлалын асуудал нь шинэ юм. Гурван зуу гаруй цэгт хийсэн туршилтаар хуримтлагдсан материалаас бодож гаргасан холбох функцуудын найдвар, тогтворыг шалгаж тооцоолсон үр дүнгүүдээр цуврал өгүүллэг хэвлүүлсэн байна. СТК-той өндөр корреляц бүхий үзүүлэлтийг сонгож түүнийг илэрхийлсэн холбох функцийг ашиглаж тодорхойлоход хүрч болох дээд нарийвчлалыг спектрийн төрөл бүрийн мужид тооцоолсон байна. Эдгээр тооцоололыг хийх математик загвар, алгоритм, багц программыг фортран хэлээр бичиж зүгшрүүлэн судалгаандаа ашиглажээ.

Олон улсын “Интеркосмос” хөтөлбөрийн зайнаас тандах судлалын ажлын бүлгийн Монголын талын ахлагчаар ажиллах үедээ геосистемийн динамикийг агаар, сансар, газрын түвшинд нэгэн болон ойролцоо эгшинд судлах зорилготой “ГеоМон-90” олон улсын төслийг боловсруулж хэрэгжүүлсэн. Төслийн зорилго нь агаар, сансрын олон түвшний мэдээлэл, хээрийн ажиглалт хэмжилтийн дүнг цогц хэрэглэж геосистемийн динамикийн төлөвт анализ хийх онол, аргазүйн асуудал байлаа. Төсөлд Орос, Герман, Польш Монгол, Болгарын эрдэмтэд оролцсон. Түмэнцогтод бэлчээрийн ургамалжилтын геосистемийн динамикийг, Цагаантолгойд агротехникийн геосистемийн төлөвийг үнэлэхээр тус тус “NOAA” , “Космос-1939”, “Landsat TM”, “SPOT” дагуулуудаас болон тойрог замын Мир станцаас олон бүсчлэлийн болон спектр мужлалын зураглал, олон сувагт спектрметрийг ашигласан бол агаараас олон бүсчлэлийн МКС-4 камер, олон сувгийн спектрометр, радарийн зураглал, газрын түвшинд спектрметрийн хэмжилт, геосистемийн гол компонентийн хэмжилт, ажиглалт хийжээ.

Дараагийн багц ажил нь агаар сансрын зургийн тайлалтын дүнг геологи, ашигт малтмалын судалгаатай харьцуулан тооцоололын текникээр боловсруулж ашигт малтмалын байрлалд тодорхой нөлөө үзүүлж байгаа хүдэр агуулах шинжтэй бүтцийг илрүүлж, ашигт малтмалын байрлалын зүй тогтолд үнэлгээ өгч, хэтийн төлөв бүхий нутгийг шинээр илрүүлэх боломжийн талаар хийсэн судалгаа юм. Судалгааны үр дүнд “бүтэц”, “эрэл” зэрэг багц программ, олон хэмжээст статистикийн арга, алгоритм боловсруулжээ.

ЮНЕСКО, Нэгдсэн Үндэсний Байгууллагын хөгжлийн программын шугамаар “MON 88/010” төслийн үндэсний зохицуулагчаар ажиллаж сансрын дүрст мэдээлэлд тоон боловсруулалт хийх иж бүрдэл лабораторийг Монголд анх байгуулсан нь судалгааг шинэ шатанд гаргахад нөлөөлсөн.

Монгол-Японы хамтарсан “Гурван-Гол” төслийн хүрээнд (1989-1993) агаар сансрын мэдээлэл боловсруулах, ашиглах, геофизикийн аргаар тандалт хийх Монголын талын хэсэгт ажиллаж геомэдээллийн системийг Археологийн судалгаанд ашиглах боломжийн асуудлаар эрдэм шинжилгээний тайлан, өгүүллэгүүд нийтлүүлсэн.

Германы сансрын агентлагийн зайнаас тандах судалгааны төвтэй хамтарч ЕRS-2 хиймэл дагуулын SAR мэдээлэл хүлээн авах станцыг суурилуулж Монголын нутгийг бүрэн бүрхсэн мэдээллийн сан бүрдүүлсэн.

Синтетик апертурт радарын болон оптикийн тандан судалгааны өгөдлүүдийг нэгтгэх, газарзүйн мэдээллийн системийн загвар зохиох, геоинформатикт мэдлэгт тулгуурласан арга хэрэглэх, оронзайн мэдээллийн систем болон зайнаас тандсан мэдээг газар ашиглалт, байгалийн нөөцийн үнэлгээ болон байгаль орчны менежментэд ашиглах, зайнаас тандсан сэдэвчилсэн үр дүнг газарзүйн мэдээллийн системтэй холбох улмаар “Олон Эх Сурвалжийн Мэдээг Боловсруулах Арга Зүй” сэдвийн хүрээнд нийлмэл судалгаа явуулж, геомэдээлллийн сэдэвчилсэн давхаргуудыг агаар-сансарын олон түвшингээс авсан оптикийн болон радарын тандан судалгааны мэдээг ашиглан шинэчлэн баяжуулах чиглэлээр нийтлүүлсэн бүтээлүүд нь сүүлийн жилүүдийн судалгааны үр дүн юм.

Ном, товхимол, бүтээлүүд

засварлах

М.Ганзориг нь “Агаар-сансрын мэдээллээр байгалийн биетүүдийн төлөвийг тодорхойлох арга” аналитик тойм, “Сансрын Союз-39” “Салют-6” “Союз -Т-4” цогцолбор дээр явуулсан эрдэм шинжилгээний туршилтууд” хамтын бүтээл, “Сансрын байгаль судлал”, “Нутаг амьтай заан”, “Дарбабандида гэгээнтний XVII дүр Агваанчойнжирдондов”, “Хүйн холбоотой нутаг минь”, “Сансар судлал Монголд”, “Марташгүй 7 хоног”, “Зайнаас тандах судлал, газарзүйн мэдээллийн зарчмууд”, “Газарзүйн мэдээллийн ситемийг байгалийн нөөцийн менежментэд ашиглах зарчмууд”, “Зайнаас тандах судлал, дүрс мэдээнд тоон боловсруулалт хийх зарчмууд”, “Газарзүйн мэдээллийн ситемийг байгалийн нөөцийн менежментэд ашиглах зарчмууд”, “Радарын тандан судлал”, “Зайнаас тандан судлах хиймэл дагуулууд болон төхөөрөмжүүд” зэрэг ном нийтлүүлсний дээр эрдэм шинжилгээний 170 гаруй өгүүлэл олон улсын болон гадаад болон дотоодод хэвлүүлж, Монголын нэвтэрхий толины сансар судлалын чиглэлээр зохиогчоор оролцож редакторын зөвлөлд ажиллажээ. М.Ганзориг нь нийтийн мэдээллийн хэрэгсэл, сонин, сэтгүүл, ном товхимолд шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүллэг, ярилцлага зэргийг зуугаадыг хэвлүүлжээ. Мөн Монголын ШУА-ийн бага чуулган, Үндэсний Инженерийн академийн гишүүн, Шинжлэх ухааны технологийн их сургуулийн эрдмийн зэрэг олгох зөвлөлийн орлогч даргаар тус тус сонгогдсон бөгөөд Улаанбаатарын их сургуулийн профессор юм. М.Ганзориг нь их дээд сургуульд тусгай сэдэв, курсэд 1984 оноос лекц уншиж, 3 дэд доктор, 3 магистрийн эрдэм шинжилгээний ажлыг удирдсан байна.

М.Ганзориг 1981 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар түүнд Сүхбаатарын одон,“БНМАУ-ын сансрын нисгэгч” цол, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд “Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, 2011 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнасан. 1996 онд ШУ-ны тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулсан юм. М.Ганзориг ЗХУ-аас Лениний одон, ОХУ-ын найрамдлын одон, БНАСАУ-ын Найрамдлын медаль, 2011 онд ОХУ-ын сансрын нисгэгчдийн холбооны “Сансрыг эзэмших гавьяаны төлөө” медалиар тус тус шагнуулжээ.

М.Ганзориг нь сансар судлал, сансрын нислэг зүйд оруулсан хувь нэмрийг үнэлж Гагарины алтан медаль, нислэг зүйг дэмжих олон улсын фондын гавьяа медаль, Ю.Гагарин, Г.Титов нарын нислэгийн ойн медалиудаар удаа дараа шагнажээ.

Америкийн газарзүйн нийгэмлэг түүний геоинформатикийн салбарт нийтэлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нь үнэлж О.Миллерийн медалиар шагнажээ. Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагнал 2013 онд.

“Олон Эх Сурвалжийн Мэдээг Боловсруулах Арга Зүй” сэдвийн хүрээнд хийсэн хамтын бүтээлүүдийг Монгол Улсын Шинжлэх ухааны 2005 оны шилдэг бүтээлийн хоёрдугаарт байрт шалгарчээ.

Эх сурвалж

засварлах
  1. news.mn: „Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг таалал төгсчээ“, хандсан 2021 оны долоодугаар сарын 5