Люблины гурвалжин

Люблины гурвалжин (литв. Liublino trikampis, польш. Trójkąt Lubelski, укр. Люблінський трикутник) нь 2020 оны 7-р сарын 28-нд польшийн Люблин хотод Украин, Польш, Литва 3 улсуудын хооронд байгуулсан гурван талт бүс нутгийн давцан буюу платформ юм. Энэхүү 3 улсын холбоо нь цэрэг, улс төр, эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, түүнчлэн Украин улсыг Европын холбоо ба НАТО-д элсэн ороход дэмжлэг үзүүлэх зорилготой гэж мэдэгдсэн юм.

Люблины гурважины таних тэмдэг

Литва, Польш, Украин улсын Гадаад хэргийн сайд нар 2020 оны 7-р сарын 28-нд Люблин (Польш) хотод платформ байгуулах тухай хамтарсан тунхагт гарын үсэг зурсан юм. Сайд нар Орос улс Крымын хойг, Севастополь хотыг өөртөө нэгтгэснийг буруушааж, Донецк, Луганск мужуудын зарим эзэлсэн нутгаас цэргээ татахыг ОХУ-д уриалж, НАТО 2020 оны 6-р сарын 12-нд Украинд өргөн хүрээний түншийн статус олгосныг сайшааж, Украиныг НАТО-гийн гишүүнчлэл авах хөтөлбөр энэ чиглэлийн дараагийн алхам болгож байгааг тэмдэглэсэн байна.

Гурван улсын хамтын ажиллагаа нь зөвхөн аюулгүй байдлын асуудлаар хязгаарлагдахгүй, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарыг ч мөн хамрах ажээ.

2020 оны 9-р сарын 17-нд Люблины гурвалжингийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын анхны уулзалт видео хурлын хэлбэрээр болов.

Литв-Польш-Украины цэргийн бригад

засварлах
 
Литв-Польш-Украниы бригадын таних тэмдэг

Литв-Польш-Украины цэргийн бригадыг 2009 оны 11-р сарын 17-нд олон улсын хууль тогтоомжийн дагуу бие даасан цэргийн ажиллагаа явуулах эсвэл ийм ажиллагаанд оролцох зорилготой хамтарсан цэргийн анги байгуулах тухай анх тохирсон байна. Улмаар бүх талын асуудлыг ярилцаж зохицуулсаар 2015 оны 7-р сарын 24-нд Львов дахь Хуурай замын цэргийн академийн байранд Польш, Литва, Украины Батлан ​​хамгаалахын сайд нар бригадын удирдлага, бригадын үйл ажиллагааны техникийн гэрээнд гарын үсэг зурсан байна. 2016 оны 1-р сарын 25-нд тус Цэргийн бригадын Штаб Люблин хотод ажиллаж эхэлжээ.

Энэ бригад нь нь 21-р Подхале буудлагын бригад (Польш), Агаарын довтолгооны 80-р бригад (Украин), Их гүн Бируте Улан батальон (Литва) зэрэг гурван улсын цэргийн тусгай ангиудаас бүрддэг ажээ. 2018 оны 9-р сарын 20-нд Украины цэргийн хурандаа Дмитрий Братишко бригадын даргын тушаалыг хүлээн авсан байна.

Тус Бригадын үндсэн үйл ажиллагаанд Украины офицерууд болон цэргийн ангиудыг НАТО-гийн цэргийн стандартад сургах, үйл ажиллагааны даалгаврыг төлөвлөн явуулах, ажиллагааны бэлэн байдлыг хангах зэрэг ордог байна.