Луис Камоэнс
Луис Ваз де Камоис (порт. Luís Vaz de Camões; заримдаа Англи: Camoens гэдэг, ~1524 – 1580 оны 6 сарын 10) бол Португалын их яруу найрагч бөгөөд сэргэн мандалтын утга зохиолын томоохон төлөөлөгч юм.
Намтар
засварлахЛуис Камоэнс нь Лиссабонд төрж, ерөнхий болон дээд боловсрол эзэмшээд хааны ордныхны хатгалгаар Марокко руу (1549-1551) цэрэгт дайчлагдан явж, хожим нь буцаж ирээд ордны матаач этгээдтэй дуэль хийсэн тул цаазлуулах ял заагдаж, удахгүй өршөөгдөн Энэтхэг рүү жагсаалын цэргээр илгээгджээ. Харин 1570 онд Португалд Лузиада хэмээх найраглалынхаа гар бичмэлтэй эргэж ирсэн байна. Түүнээс хойш Камоэнс эх орондоо уран бүтээлээ туурвин байсаар ядуу зүдүү нөхцөлд нас нөгчжээ.
Тэрбээр уран бүтээлээ уянгын яруу найрагчийн хувиар туурвиж, олон шүлэг зохиол бичсэний дотор 350 гаруй сонет буй. Ихэнх нь сэтгэлийн уянга зонхилсон, азгүй дурлалын тухай, уйтгар гунигийн аястай. Түүний зарим сонетуудад ордны амьдралыг эгдүүцсэн, нийгмээ шүүмжилсэн мөрд ч олон байдаг.
Мөн 1544-1549 оны хооронд бичигдсэн боловч түүний амьд сэрүүнд хэвлэгдээгүй гурван жүжиг бий. Амфитриончуудын тухай хошин жүжиг, Селевк хаан, Филодемо жүжгүүддээ Камоэнс хос залуусын хайр дурлалын нарийн харьцаанаас эхлээд эзэнт гүрнийг үндэслэгчийн амьдрал хүртэл олон эгзэгтэй асуудлуудыг тусгажээ.
Камоэнсыг үлэмж их алдаршуулсан бүтээл бол арван хэсгээс бүрдэх Лузиада найраглал юм. Португалчуудын үүсэл гарлын тухай эртний домгоос нэр нь улбаатай уг найраглал 9000 орчим шад шүлгээс бүрдэх бөгөөд түүндээ яруу найрагч португал аялагч Васко да Гамагийн Энэтхэг хүртэл аялсан түүх болон тэр орныг эрхшээлдээ оруулсан эх орон нэгтнүүдийнхээ тухай өгүүлсэн. Уг найраглалдаа Португалын ард түмний эр зориг, баатарлаг үйлсийг магтан дуулжээ.