Кэбинэн (?-235) (хятадаар:軻比能, пиньинь:Kē bǐ néng) бол Сяньби улсын сүүлчийн хаан юм. Таньшихуайгийн ургийн бус хүн. Сяньбигийн аль аймгаас гаралтай нь тодорхойгүй. Эд баялагт шуналгүй, хэрэг явдлыг шударгаар шийддэг тул ард олон түүнийг толгойлогч болгожээ. Тухайн үед Сяньби улсын хаан орд өргөө нь Таньшихуайн үеэс хойш говийн өмнөд нутагт шилжсэн байжээ. Хятадын судар шастирт бичснээр хилийн ойролцоо нутаглаж, цэргийн зэвсэг эдлэл хийж чаддаг нь бусад улсаас эдийн засгийн хараат бус болгож, бусад овгуудаас илүү хүчирхэг болгоход нөлөөлсөн. Хэдийгээр Бүдүгэнь Сяньбигийн хаан гэж байсан ч, Кэбинэн нь Сяньбигийн ихэнх аймгийн 1 буман морьт цэргийн хүчийг захирч, тус тусдаа улсаа хуваан захирч байв. 233 онд Бүдүгэнийг устгаж, бүх Сяньбиг нэгтгэв. Гэтэл Цао Вэй улсын хаан, хойд талд нь нүүдэлчид нэгдмэл болж байгаад нь айхдаа алуурчид явуулж, Кэбинэн хааныг унтаж байхад нь алав. Үүнээс болж Сяньби улс задарч, харьяат асан аймаг бүр нь бие даасан улс байгуулав.

Өмнөх
Бүдүгэнь
Сяньби улсын хаан
?-235
Дараах
Сяньби улс мөхөв