Колин Фөрт
Колин Эндрю Фөрт (Англи: Colin Andrew Firth, 1960 оны есдүгээр сарын 10-нд төрсөн) Их Британийн кино, телевиз, театрийн жүжигчин. Жэйн Остины Pride and Prejudice зохиолоос сэдэвлэн 1995 онд бүтээсэн телевизийн киноны ноён Дарсигийн дүрээр алдаршжээ. 2011 онд Фөрт The King’s Speech кинонд бүтээсэн VI Жорж хааны дүрээрээ Америкийн кино академи, BAFTA, Алтан Бөмбөрцөг, Screen Actors Guild Award-ын Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртсэн. Өмнөх жил нь тэрээр A Single Man киноны дүрээрээ анх удаа Оскарт нэр дэвшиж, BAFTA-гийн Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртэж байжээ. Фөрт 2011 онд Холливудын Walk of Fame-д өөрийн одтой болсон билээ.
Колин Фөрт | |
---|---|
Төрсөн | Колин Эндрю Фөрт 1960 оны 9 сарын 10 Их Британи, Хэмпшир |
Ажил | Жүжигчин |
Он жил | 1983–одоо |
Бага нас
засварлахФөрт Англид төрсөн. Түүний ээж Ширлэй Фөрт нь King Alfred’s College Winchester (одоогийн Винчэстэрийн их сургууль)-д харьцуулсан шашин судлалын багш байсан бол аав Дэвид Норман Люис Фөрт нь мөн сургуульд түүхийн багш, Нигерийн засгийн газрын боловсролын мэргэжилтнээр ажилладаг байжээ. Фөртийн эгчийг Кэйт гэдэг, эрэгтэй дүүг нь Жонатан гэдэг бөгөөд мөн жүжигчин аж. Фөртийн эцэг эх Энэтхэгт өсцгөөсөн. Учир нь ээжийн талын эмээ өвөө нь сайд байсан бол аавын талын эмээ өвөө нь шашин номлогч нар байжээ. Аав нь Нигерт багшилж байсан тул Фөрт нэлээд хэдэн жил тэнд амьдарчээ.
Арван нэгэн настайдаа Миссури мужийн Сэйнт Луист амьдарч байв. Сүүлд Хэмпширийн Винчэстэр дэх Аламэйн Монтгормэрийн ахлах сургуульд дараагаар нь Бартон Пэвэрилийн коллежид суралцжээ. Ахлах сургуульд байхдаа гитар тоглохыг хүсдэг байсан ч сургуулиас нь саксофон, гитар зэрэг хөгжим тоглохыг хориглодог байв.
Ажил мэргэжил
засварлахКино урлагт
засварлах1983 онд Фөрт анхны жүжигтээ тогложээ. Мөн жилээ Fruit of the Loom хэмээх телевизийн цуврал сурталчилгаанд тоглов. Дараа жил нь анхны кинондоо тоглосон. 1986 онд Lost Empires телевизийн кинонд Сэр Лаврэнс Оливэрт, 1987 онд A Month in the Country кинонд тус тус тогложээ. 1989 онд Valmont киноны гол дүрийг бүтээв. Фөрт болон Тим Рот, Гэри Олдман, Брюс Пэйн, Пол МакГанн нарыг Холливудад “Британийн бүлэг” хэмээн нэрийддэг байлаа.
1995 онд тоглосон БиБиСи телевизийн Pride and Prejudice олон ангит киноны ноён Дарсигийн дүрээрээ тэр олны танил болсон юм. Энэ кино нь Англи төдийгүй олон оронд алдаршсан. Усанд сэлээд нойтон цамцтай явдаг киноны хэсгээс нь хойш Фөртийг бүсгүйчүүдийн хайрыг булаагч хэмээн хочлох болжээ.
Фөрт үүнээс хойш The English Patient (1996), Fever Pitch (1997), Shakespeare in Love (1998), Relative Values (2000), Bridget Jones’s Diary (2001), The Importance of Being Earnest (2002), Love Actually (2003), What a Girl Wants (2003), Hope Springs (2003), Girl with a Pearl Earring (2003), Bridget Jones: The Edge of Reason (2004), Nanny McPhee (2005), Where the Truth Lies (2005), Then She Found Me (2007), The Last Legion (2007), When Did You Last See Your Father? (2008), Mamma Mia (2008), Easy Virtue кинонуудад тус тус тогложээ. 2009 онд Чарльз Дикэнсийн зохиолоос сэдэвлэсэн A Christmas Carol кинонд Фрэдийн дүрийг бүтээв.
Мөн тэрээр телевизийн хэд хэдэн цувралд дүр бүтээснээс дурдвал: Donova Quick (Дон Кихотын шинэчилсэн хувилбар) (1999), Эммигийн шагналд нэр дэвшсэн Conspiracy (2001) зэрэг болно.
2009 оны Венецийн 66 дахь Олон Улсын Кино Наадмаас Фөртийг Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчнээр шагнасан. Энэхүү шагналыг дизайнер Том Фордын найруулсан анхны кино A Single Man-д бүтээсэн коллежийн профессорийн дүрд нь олгосон байна. Үүнээс гадна энэ дүрээрээ Фөрт Оскар, BAFTA, BFCA-д нэр дэвшиж 2010 оны 2-р сард BAFTA-гийн Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртсэн юм.
Фөрт 2010 онд Иоркийн гүн хунтайж Албэрт буюу VI Жорж хааны дүрийг The King’s Speech кинонд бүтээв. Дэлхийн II дайны өмнөхөн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хаан ширээг залгамжилж буй ээрүү хунтайжийн дүрийг тэрээр энэ кинонд бүтээсэн билээ. Торонтогийн Олон Улсын Кино Наадам дээр тус киног анх гаргахад үзэгчид алга ташин хүлээн авчээ. Мөн тус кино Фөртийн 50 насанд гарсан бөгөөд “50 насных нь төрсөн өдрийн бэлэг” хэмээн нэрлэж байв. 2011 оны 1-р сарын 16-нд энэ дүрээрээ тэрээр Алтан Бөмбөрцөг наадмаас Драмын бүрэн хэмжээний киноны шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин шагналыг хүртсэн бол 2011 оны 1-р сарын 30-нд SAG Awards-аас Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин шагналыг хүртсэн. 2011 оны 2-р сард BAFTA, 2011 оны 2-р сарын 27-нд Америкийн кино академийн шагнал гардуулах ёслолоос Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин шагналуудыг тус тус хүртсэн байна. 2011 онд тэрээр Жон лэ Каррын зохиолоос сэдэвлэсэн Tinker, Tailor, Soldier, Spy кинонд Гэри Олдман, Том Харди нартай хамтран тоглосон. Мөн онд Gambit кинонд Камэрон Диаз, Алан Рикман нартай хамтарч тоглосон бөгөөд энэхүү киноны зохиолыг ах дүү Жоэл болон Этан Коэн нар бичиж, Майкл Хофман найруулжээ.
Бусад ажлууд
засварлахФөрт эхнэр Ливиа Жиугиолигийнхаа найруулсан In Prison My Whole Life баримтат киноны гүйцэтгэх продюсерээр ажиллажээ. 1981 онд Филаделфигийн цагдаагийн офицер Даниэл Фолкнэрийг буудсанаас болж цаазаар авахуулах ял авсан Хар Пантера бүлгийн гишүүн асан Мумай Абу-Жамалыг шүүх ажиллагааг энэхүү баримтат кинонд үзүүлдэг.
Фөрт мөн Filmaka студийн шүүгчдийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд энэ байгууллага нь олонд танигдаагүй авъяаслаг кино найруулагчдын бүтээлийг мэргэжлийнхэнд хүргэх зорилготой.
Зохиолч
засварлахФөртийн анхны ном The Department of Nothing 2000 онд хэвлэгдсэн. Энэхүү номын богино өгүүллүүдийг Ник Хорнбай түүвэрлэсэн бөгөөд хүмүүстэй харьцахаас айх өвчтэй хүүхдүүдэд тусламж болгон гаргажээ. Фөрт, Хорнбай нар Fever Pitch киноны үеэр танилцсан юм. Мөн тэрээр 2009 онд хэвлэгдсэн We Are One: A Celebration of Tribal Peoples номонд өөрийн бичсэн өгүүллүүдээ оруулжээ. Энэ номонд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүсийн соёл иргэншлийг харуулсан. Лорэнс ван дэр Пост, Ноам Чомски, Клод Лэви-Страус, Дави Копэнава Яномами, Рой Сэсана нарын олон зохиолч нар энэ номонд өгүүллээ багтаасан. Номын зохиогчийн шагналын мөнгийг нутгийн уугуул иргэдийн эрхийг хамгаалах Survival International байгууллагад шилжүүлсэн байна.
Хувийн амьдрал
засварлахФөрт Лондон хотын Чисвикт амьдардаг. 1989 онд Valmont кинонд хамтран тоглосон Мэг Тиллитэй дотно харилцаатай болж, дараа жил нь тэдний хүү Виллиам “Вилл” Жозеф Фөрт мэндэлжээ. Хосууд 1994 онд салсны дараа тэрээр Pride and Prejudice кинонд хамтран тоглосон жүжигчин Жэннифэр Ээлтэй дотно харилцаатай болсон ч удалгүй хоёр тийш болсон. 1997 онд тэрээр Италийн кино найруулагч, продюсер Ливиа Жиугиолитой гэрлэсэн бөгөөд тэд Лондон болон Италид амьдардаг. Тэд Лука (2001 оны 3-р сард төрсөн), Маттео (2003 оны 8-р сард төрсөн) хэмээх хоёр хүүтэй. Фөрт эхнэртэйгээ болзож эхлэхдээ итали хэл сурч эхэлсэн бөгөөд өдгөө италиар чөлөөтэй ярьдаг. Тэрээр хөлбөмбөгийн Саутхэмптон багийн хөгжөөн дэмжигч.
2011 оны 1-р сарын 13-нд Фөрт Hollywood Walk of Fame-д нэрээ бичүүлсэн 2429 дэх одын эзэн болсон. Мөн оны 4-р сард Time сэтгүүл түүнийг дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэгээр тодруулсан юм.
Нийгмийн идэвхи
засварлахАфрикийн нутгийн уугуул иргэдийн эрхийг хамгаалах зорилготой Survival International төрийн бус байгууллагыг Фөрт олон жилийн турш дэмжиж ирсэн. 2001 онд энэ талаараа “Би олон жилийн турш уугуул иргэдийн амьдралыг сонирхож, тэдний эрхийг дэмжиж ирсэн” гэж ярьжээ. 2003 онд Love Actually киноны сурталчилгаанд оролцож байхдаа тухайн үед Ботсваны засгийн газраас Гана болон Гви Бушман зэрэг нутгийн уугуул овгийн иргэдийг нутгаас нь албадан нүүлгэх болсныг буруушааж байв. Бушмануудын талаар “Энэ хүмүүс өнгөрсөн үеийнхний үлдэгдэл огт биш ээ. Эд бол олон жилийн турш амьдарч ирсэн нутагтаа үргэлжлүүлэн амьдрах эрхтэй хүмүүс. Гэтэл тэдний газар нутгийг өнөө үед булаан авахаар санаархаж байна” гэж ярьж байв.
Фөрт мөн Конго руу буцвал алуулах магадлалтай улс төрийн орогнол хүсэгчдийг албадан гаргахыг зогсоохын эсрэг кампанит ажилд идэвхитэй оролцсон. Энэ үед “Энэ хүмүүст туслах нь миний үүрэг. Өнөөгийн нийгэмд бид ямар болчихоод буйгаа харахад сэтгэл минь өвдөж байна. Шар хэвлэлээр худлаа мэдээлэл цацаж байна. Энэ бүхэн миний уурыг үнэхээр их хүргэлээ. Засгийн газраас маш их итгэл хүлээж байна” хэмээн мэдэгджээ. Энэхүү кампанит ажлын үр дүнд Конгогийн нэгэн сувилагчийг албадан гаргахыг сүүлийн минутанд хойшлуулж чадсан байна.
Фөрт мөн Oxfam-ын Make Trade Fair буюу Шударга худалдааг бий болгоё хэмээх кампанит ажилд өөр олон оддын хамт оролцдог. Энэ кампанит ажил хөдөлмөрийн хөлсийг шударга тогтоох, импортыг татварыг бууруулах зэрэг аргаар гурав дахь хөршийн худалдааг дэмжих зорилготой юм. Тэр өдөр тутмын амьдралдаа ч гэсэн дээрх үзлээ баримталдаг талаараа ингэж ярьжээ: “Хэрвээ та эдгээр ажлын аль нэгийг үнэнчээр хэрэгжүүлэх гэж байгаа бол өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх ёстой”. Үүнийг дэмжиж тэрээр Баруун Лондонд байгаль орчинд ээлтэй Эко дэлгүүр нээсэн. Энэ дэлгүүр нь байгальд ээлтэй бүтээгдэхүүн борлуулахын зэрэгцээ зай талбайг зөв зохистой ашиглах талаар зөвлөгөө өгдөг байна.
2006 онд Францын Madame Figaro сэтгүүлд ярилцлага өгөхөд нь түүнээс “Quelles sont les femmes de votre vie?" (Таны биширдэг бүсгүйчүүд хэн бэ?) гэж асуухад нь "Ma mère, ma femme et Jane Austen" (Миний ээж, миний эхнэр бас Жэйн Остин) гэж хариулжээ. 2007 оны 10-р сарын 19-нд Винчэстэрийн их сургуулиас түүнийг хүндэт доктор цол олгосон. 2009 оны 10-р сард Лондоны Кино Наадам дээр тэрээр эхнэрийнхээ хамтаар бүтээсэн Brightwide хэмээх кино болон улс төрийн идэвхитэй үйл ажиллагааны вэб хуудсаа танилцуулсан юм.
2010 оны сонгуулиар Фөрт өмнө нь дэмжиж байсан Хөдөлмөрийн намыг бус Либерал Ардчилсан намыг дэмжиж буйгаа зарласан. Ийнхүү өөр намыг дэмжих болсон нь тэдний явуулж буй дүрвэгсдийн эрхийг хамгаалах бодлоготой холбоотой гэжээ. Мөн оны 12-р сард Либерал Ардчилсан намд итгэл алдарсан гол шалтгаан нь сургалтын төлбөрийн талаар тэдний авсан арга хэмжээ гэж мэдэгджээ. Одоогоор тэр аль нэг нам хүчнийг дэмжээгүй байгаа юм байна.
Фөрт байгаль орчныг хамгаалах ажилд идэвхитэй оролцдог бөгөөд 2009 онд нүүрсхүчлийн хийг багасгах 10:10 хөтөлбөрт оролцож байсан. 2011 онд түүнд Commander of the Order of the British Empire (CBE) цол олгосон. 2012 оны 3-р сарын 8-нд Фөртийг Freeman of the City of London болгосон.
Цахим холбоос
засварлах- Commons: Колин Фөрт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан