Гэри Олдман
Гэри Леонард Олдман (Англи: Gary Leonard Oldman, 1958 оны гуравдугаар сарын 21-нд төрсөн) Их Британийн жүжигчин, кино найруулагч, хөгжимчин юм. Рояал Шекспир Компанийн гишүүн асан тэрээр 1979 онд тайзны анхны дүрээ бүтээж байсан бол 1980-аад оны дундаас эхлэн кинонд бүтээсэн дүрүүдээрээ алдаршиж, түүнээс хойш Британийн шилдэг жүжигчдийн тоонд зүй ёсоор багтах болсон билээ.
Гэри Олдман | |
---|---|
Төрсөн | Гэри Леонард Олдман 1958 оны 3 сарын 21 |
Ажил | Жүжигчин, найруулагч, хөгжимчин |
Он жил | 1979–одоо |
Түүний анхны дүрүүдээс нь дурдвал: Meantime (1983) киноны Кокси, Sid and Nancy (1986) киноны Сид Вишис, Prick Up Your Ears (1987) киноны Жой Ортон зэрэг болно. Үүний дараагаар The Firm (1987) киноны хулигаан, State of Grace (1990) киноны гангстер, JFK (1991) киноны ерөнхийлөгчийн алуурчин, Dracula (1992) киноны цус сорогч Дракула гүнгийн дүрээр нэр алдар нь улам түгсэн. Мөн эсрэг талын дүрийг чадварлаг бүтээдгээ True Romance (1993), Leon (1994), The Fifth Element (1997), The Contender (2000) киноны дүрүүдээрээ харуулжээ. Сүүлийн жилүүдэд түүний бүтээсэн дүрүүдээс дурдвал: Харри Поттер цувралын Сириус Блайк, найруулагч Кристофер Ноланы Бэтманы гурван цувралын Жэймс Гордон, Tinker, Tailor, Soldier, Spy (2011) киноны Жорж Смайлэйгийн дүр болно. Бүрэн хэмжээний киноноос гадна Олдман АНУ-ын телевизийн Knots Landing, Friends зэрэг хэд хэдэн цувралд оролцон тогложээ. Мөн жүжиглэхийн зэрэгцээ өөрийн хүүхэд насны амьдралаасаа сэдэвлэсэн Nil By Mouth (1997) киноны зохиолыг бичиж, найруулсан бөгөөд өөр хэд хэдэн киноны продюсерээр ажилласан байна.
Олдман BAFTA-гийн хоёр, Saturn Award-ын нэг удаагийн шагналт бөгөөд Оскар, Emmy, Screen Actors Guild, Independent Spirit Awards, Palme d’Or-ын шагналд нэр дэвшиж байсан авъяаслаг жүжигчин билээ. Түүний бүтээсэн Leon киноны Норман Стансфийлдийн дүрийг нь орчин үеийн кино урлагийн шилдэг эсрэг дүрийн нэгд тооцдог. 2011 онд Олдманыг Empire сэтгүүлийн уншигчид “Кино урлагийн шүтээн” хэмээн өргөмжилжээ.
Бага нас
засварлахГэри Олдман 1958 онд Лондон хотноо далайчин байгаад гагнуурчин болсон Леонард Бэртрам Олдман болон гэрийн эзэгтэй Кэтлин нарын хүү болон мэндэлжээ. Эцэг нь архичин байсан бөгөөд Олдманыг 7 настайд нь гэр бүлээ орхин явсан гэж тэр ярьдаг. Олдман Саут Ийст Лондоны Хөвгүүдийн сургуульд элсэн суралцаж байгаад 16 насандаа спортын дэлгүүрт ажиллахын тулд сургуулиа орхижээ. Хүүхэд ахуйдаа төгөлдөр хуур сайн тоглодог, чамгүй сайн дуулдаг байсан ч жүжиглэхийг илүүд үзсэн байна. 1970 онд дэлгэцнээ гарсан The Raging Moon киноны жүжигчин Малколм МакДовэлийн жүжиглэлт түүнийг кино урлагт уруу татжээ. “Малколмын жүжиглэлт намайг шууд л татсан. Би ч гэсэн жүжиглэмээр байна гэж тэр үед би өөртөө хэлж билээ” хэмээн 1995 онд Чарли Рөүзд өгсөн ярилцлагадаа тэр дурдсан байдаг.
Жүжигчний мэргэжил
засварлахТеатр, анхны кинонууд болон Америкийн кино урлагт хөл тавьсан үе (1979-1990)
засварлах1970-аад оны дундуур Олдман Грийнвич дэх Залуусын Театрт суралцах боллоо. Энэ үедээ барилга дээр угсралтын дамжлага дээр, театрийн харуулаар ажиллаж, гутал зарж, мал нядалгааны газар гахайн толгой цавчих зэрэг ажил хийж байв. 1979 онд сургуулиа төгсөөд Кэнт дэх Рөүз Бруфордын Драмын Коллежид суралцах тэтгэлэг авчээ. Рөүз Бруфордод элсэхээсээ өмнө Хааны нэрэмжит Драмын Урлагийн Академид шалгалт өгсөн ч тэнцээгүй аж. Шалгалтын комиссынхон түүнийг дараа жил дахин оролцоорой гэсэн ч үнэндээ түүнийг өөр ажил олж хийхийг зөвлөсөн байна. Театрийн тайзнаа анхны дүрээ 1979 онд Dick Whittington and His Cat жүжигт бүтээсэн нь Йоркийн Хааны Театрт тавигджээ. Энэ жүжиг дараагаар нь Колчэстэр, Глазговын театрт тус тус тавигдсан билээ. 1980-аад онд Глазговын үзэгчдэд Олдманы эрч хүчтэй тоглолт үнэхээр их таалагддаг байв. 1980-81 онд тэрээр The Massacre at Paris, Desperado Corner, Chinchilla, A Waste Of Time жүжгүүдэд тогложээ. 1982 онд бүтэн зургаан сарын турш Summit Conference жүжигт тоглосон байна. Тэр жилээ Олдман анхны кино дүрээ бүтээсэн нь найруулагч Колин Грэггийн Remembrance кинонд байлаа. Дараа жил нь Meantime киноны гол дүр мулзан толгойт Майк Лэйд тоглож, Entertaining Mr.Sloane киноны гол дүрд тоглохоор Чэстэрфийлд рүү нүүжээ. Эдгээр киноны дараа Saved киноны Эдвард Бондын дүрд тоглосон байна.
Энэ дүр Олдманы чадварыг баталсан гэхэд болно. Тэр Хааны нэрэмжит театрийн найруулагч Макс Стэффорд Кларкт жүжигт нь тоглох хүсэлтэй буйгаа дуулгажээ. Үүнд нь сэтгэл хөдөлсөн найруулагч түүнийг 1984 онд тавигдсан The Pope’s Wedding жүжгийн гол дүр Скөүпд сонгон авчээ. Энэ дүрээрээ Олдман Британийн театрийн урлагийн хоёр дээд шагналыг хүртсэн нь Тime Out Fringe Award-ын Шилдэг шинэ жүжигчин, Британийн Театрийн Нийгэмлэгийн Drama сэтгүүлээс олгодог Шилдэг жүжигчин шагнал байлаа.
Олдман үүнээс хойш тус театрт 1984-86 онуудад Rat In the Skull, The Desert Air, Cain and Abel, The Danton Affair, Women Beware Women, Real Dreams, The War Plays: Red Black and Ignorant, The Tin Can People, Great Peace жүжгүүдэд тоглосон. 1985-86 онд тэр Рояал Шекспир Компанийн гишүүн байлаа. Түүний The Pope’s Wedding жүжгийг үзээд найруулагч Алекс Кокс 1986 онд бүтээсэн Sid and Nancy киноны гол дүрд Олдманыг тоглуулжээ. Дараа жил нь Олдман киноны гурав дахь гол дүрээ Prick Up Your Ears кинонд Жой Ортоны дүрийг бүтээж, BAFTA-гийн Шилдэг жүжигчин төрөлд нэр дэвшлээ. Мөн тэр жилээ The Country Wife, Serious Money жүжгүүдэд тогложээ. Sid and Nancy, Prick Up Your Ears киноны дүрүүд нь Олдманд алдар хүндийг авчирч, тэрээр Холливудад хөл тавьжээ. Америкийн нэрт кино шүүмжлэгч Рожэр Эбэрт түүний дээрх кинонуудад бүтээсэн дүрийг нь үзээд “Британийн шилдэг залуу жүжигчин” хэмээн бичиж байв. Түүний бүтээсэн Сид Вишисийн дүрийг олон хүн магтаж байсны дотор Sex Pistols хамтлагийн дуучин асан Жон Лайдон хүртэл Олдманыг “гайхалтай жүжигчин” хэмээн нэрлэсэн байдаг. Энэ дүрээ бүтээхийн тулд нэлээд хэмжээний жин хассан Олдманы бие муудаж эмнэлэгт хүргэгдэж байв. Түүний энэ дүр Premiere сэтгүүлээс нэрлэсэн “Бүх үеийн шилдэг 100 дүр”-ийн 62 дугаарт, Uncut сэтгүүлийн “Рок-н-роллын шилдэг 10 дүр”-ийн 8 дугаарт бичигджээ. Ортон болон Вишис нарын дүрийг бүтээснийхээ дараагаар нь 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэн үед Criminal Law (анх удаа Америк аялгаар ярьж тоглосон), The Firm, Rosencrantz & Guildenstern Are Dead, State of Grace кинонуудад тогложээ. Америкийн өөр нэгэн алдартай кино шүүмжлэгч Жанэт Маслин түүний бүтээсэн дүрүүдийг “ер бусын” хэмээн тодотгож байв. 1988 онд тэр Алан Бэйтстэй хамт We Think the World of You, 1989 онд Дэннис Хоппэр болон Фрэнсис МакДормандтай хамт Chattahoochee кинонд тоглов. Мөн жилээ тоглосон The Firm киноны хулигаан Клайв Биссэлийн дүрийг Total Film-ээс Олдманы бүтээсэн шилдэг дүр хэмээн дүгнэсэн байдаг. Тэр 1990-ээд оны эхээр АНУ руу нүүж тэндээ амьдрах болсон. 1980-аад Холливудын жүжигчид болсон Олдман болон Британийн залуу жүжигчид болох Тим Рот, Брюс Пэйн, Колин Фөрт, Даниэл Дэй-Люис, Пол МаГанн нарыг “Британийн бүлэг” хэмээн хочлох болсон бөгөөд Олдманыг тэдний тэргүүн гэх болсон юм.
Эсрэг дүрүүд болон амжилт (1991-2001)
засварлах1991 онд Олдман найруулагч Оливэр Стөүний JFK кинонд шилдэг дүрүүдийнхээ нэг болох Лий Харвэй Освалдын дүрийг бүтээв. Дараа жил нь Фрэнсис Форд Копполагийн Dracula кинонд Дракула гүнд тоглов. Брэм Стокэрийн 1897 онд бичсэн зохиолоос сэдэвлэсэн эл кино тухайн үед дэлхий даяар ашиг орлогоороо тэргүүлж байсан юм. Түүний бүтээсэн энэ аймшгийн баатрын дүрд Шинжлэх ухаан, уран зөгнөл, аймшгийн киноны академиас Шилдэг жүжигчин шагналыг олгосон. Дараагаар нь тэрээр хэд хэдэн эсрэг дүрийг амжилттай бүтээснээс дурдвал: True Romance (1993) киноны Дрэксл Спайвэй, Murder in the First (1995) киноны шоронгийн садист дарга, The Fifth Element (1997) киноны харгис эзэн, Lost in Space (1998) киноны Др.Захари Смит болно. 1994 онд тоглосон Leon киноны авлигад автсан цагдаагийн офицер Норман Стансфийлдийн дүр нь орчин үеийн кино урлагийн шилдэг эсрэг дүрүүдийн нэгд тооцогддог. Тэр мөн олон янзын аялгаар ярьж кинонд тоглосон: Дракула гүнд унгар аялгаар, Immortal Beloved кинонд Австрийн хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховенд герман аялгаар, Air Force One кинонд оросын алан хядагч Иван Коршуновд орос аялгаар ярьж тогложээ. 1999 онд Jesus кинонд Понти Пилатад тоглож бас нэгэн түүхэн дүр бүтээсэн. Мөн Guns N’Roses хамтлагийн Since I Don’t Have You дууны клипэнд чөтгөрийн дүрийг бүтээж, 1993 онд Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. MTV хөгжмийн телевизийн Celebrity Deathmatch нэвтрүүлэгт түүнийг жүжигчин Кристофер Вокэнтэй харьцуулан оролцуулахад эсрэг дүрийн шилдэг жүжигчин болсон.
Бүгд найрамдах намын конгрессийн гишүүн Шэлдон Рунионы дүрийг Олдман The Contender (2000) кинонд бүтээсэн бөгөөд энэ кинонд Жэф Брижистэй хамт тоглож мөн киноныхоо продюсэрээр ажиллажээ. Энэ дүрээрээ Screen Actors Guild Award-д нэр дэвшиж байв. 2001 онд Энтони Хопкинстэй хамт Hannibal кинонд Ханнибал Лекторийн цорын ганц амьд үлдсэн хохирогч Мэйсон Вэргэрийн дүрд тоглов. Тэр бүтэн 6 цаг киноныхоо нүүр будалтыг хийлгэдэг байжээ. Өмнө нь Dracula кинонд хамтран тоглосон дотны анд Хопкинстой хоёр дахь удаагаа хамтарсан кино нь энэ байлаа. Friends цувралд хоёр удаа зочлон тоглосноороо Олдман 2001 оны 5 сард Эммигийн шагналд нэр дэвшсэн.
Уналт болон эргэн сэргэлт (2001 оноос өнөөг хүртэл)
засварлахFriends цувралаас хойш 2004 оныг хүртэл Олдман төдий л том дүрүүдэд тоглоогүй. Тэр Interstate 60 (2002), Tiptoes (2003), Sin (2003) кинонуудад тоглосон нь шүүмжлэгчдээс тааруу үнэлгээ авсан. Кино нь амжилттай болоогүй ч гэсэн Tiptoes-д бүтээсэн дүрийг нь шүүмжлэгчид “яахав дажгүй” хэмээн дүгнэжээ. БМВ-гийн сурталчилгааны богино хэмжээний кино Beat The Devil (2002)-д чөтгөрийн дүрд тоглож, цөөн хэдэн видео тоглоомд дуу оруулсан. The Guardian сэтгүүл энэ үеийг Олдманы “уналтын үе” хэмээн нэрийдэж байв. 2004 онд Олдманы карьер сэргэж томоохон дүр бүтээсэн нь Харри Поттер цувралын Сириус Блайкын дүр байлаа. Зураг авалтын үед Олдман гол дүрийн жүжигчин Даниэл Рэдклифтэй тун дотно нөхөрлөж байжээ. Дараа жил нь найруулагч Кристофер Ноланы гурамсан бүтээл Batman Begins, The Dark Knight (2008), The Dark Knight Rises (2012) киноны Жэймс Гордоны дүрд тоглох болов. Олдман 2009 онд шинэчлэн бүтээсэн A Christmas Carol кинонд Жим Кэрритэй хамтран тоглохдоо нэгэн зэрэг гурван дүр бүтээжээ. Мөн Дэвид Гоиэрийн The Unborn триллэр кинонд тоглов. 2010 онд Оскарын шагналт жүжигчин Дэнзэл Вашингтоны хамт The Book of Eli кинонд, мөн Катерин Хардвикийн Red Riding Hood кинонд тус тус тоглож, Kung Fu Panda 2 хүүхэлдэйн киноны Лорд Шэнд дуу оруулжээ. Олдман Tinker, Tailor, Soldier, Spy (2011) киноны Жорж Смайлэйгийн дүрээрээ BAFTA болон Америкийн кино академийн шагналын Шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд нэр дэвшсэн. Сиэрра Энтэртайнмэнтийн бүтээсэн The Legend of Spyro тоглоомонд Игнитусын дүрд, Call of Duty: World at War болон Call of Duty: Black Ops тоглоомуудад Британийн эрдэмтэн Даниэл Кларкт дуу оруулжээ.
Бусад ажлууд
засварлахКино бүтээл
засварлах1997 онд Олдман өөрийн хүүхэд наснаас сэдэвлэсэн Nil by Mouth киноны найруулагч, продюсер, зохиолчоор ажиллав. Энэ кино нь BAFTA-гийн Александр Кордагийн нэрэмжит шилдэг Британи кино, Шилдэг кино зохиол, 4-р Сувгийн Шилдэг найруулагч, Эмпайр шагналуудыг тус тус хүртсэн. Британийн телевиз болон кино урлагийн академиас 1999 онд энэхүү киног ХХ зууны Британийн шилдэг 100 киноны нэг хэмээн нэрлэжээ. Nil by Mouth кино Британийн кино урлагийн түүхэн дэх шилдэг 100 киноны 20 дугаарт бичигддэг. Nil by Mouth киногоо продюсерлэхийн тулд Олдман өөрийн хамтрагч Дуглас Урбанскитай хамтран SE8 GROUP компанийг байгуулжээ. Энэ компани нь мөн The Contender киног продюсерлэсэн билээ. Олдман үүнээс хойш жүжиглэхийн хажуугаар продюсэрээр ажиллах болсон юм. DreamWorks компани ардчилсан үзлийг хэт баримталдгаасаа болоод The Contender кинонд дэндүү их эвлүүлэг хийсэн хэмээн Олдман үздэг хэмээн тухайн үед хэвлэлүүд бичиж байсан. Хожим энэ яриа худал болох нь илэрсэн. Олдман Америкт амьдардаг ч энэ улсын иргэн биш тул “улс төрд оролцдоггүй, ямар нэгэн нам хүчнийг дэмжиж байгаагүй” гэж мэдэгдсэн байна. Олдманы сүүлд бичсэн кино зохиол Chang & Eng Дарин Страусстай хамтран бичиж түүний SE8 Group продюсерлэхээр болжээ. 2006 оны 9 сард Нокиа компанийн НСэриэс Студи түүний найруулсан Donut богино хэмжээний N93 утасны сурталчилгааны киног цацжээ. 2011 онд тэрээр Алекс Эдэний анхны сингл Kiss Me Like the Woman You Loved клипийг найруулжээ.
Хөгжим
засварлахОлдман багаасаа хөгжимд сонирхолтой нэгэн байлаа. Тэрээр чадварлаг төгөлдөр хуурч бөгөөд 1995 онд Чарли Рөүзд өгсөн ярилцлагадаа жүжигчин болоогүй бол хөгжимчин болох байсан хэмээн ярьжээ. Sid and Nancy киноны хэд хэдэн дууг Олдман өөрөө дуулсан бол Track 29 кинонд төгөлдөр хуур тоглон дуулж гардаг. Immortal Beloved кинонд Бетховений зохиолуудыг дууриан тоглосон байдаг. Тэр мөн Харри Поттерт тоглосон Даниэл Рэдклифт басс гитар тоглохыг зааж өгчээ. Рийвэс Габрэлсийн The Sacred Squall of Now цомгийн You’ve Been Around дууг Дэвид Бовитой хамтран дуулжээ.
Алдар хүнд, түүний нөлөө
засварлахОлдман кино сонирхогчдын дунд шүтээн болж чадсан хүн. Түүний бүтээсэн дүрүүдийн дотор эсрэг талын дүр чамгүй олон. Үүгээрээ ч тэр олонд танигдсан. 1990-ээд онд ид мандаж байх үед нь Олдманыг Empire сэтгүүл Холливудын “сэтгэхүйн мастер жүжигчин” хэмээн бичиж байв. Fox телевизийн In Living Color болон MTV-ийн Celebrity Deathmatch зэрэг шоу нэвтрүүлгүүдэд түүнийг урьж оролцуулан, Loaded сэтгүүлийн анхны дугаарын хавтсанд зургийг нь тавьж байлаа. 1993 онд Олдман Guns N’Roses хамтлагийн Since I Don’t Have You дууны клипэнд, 2002 онд БМВ машины сурталчилгааны богино хэмжээний кинонд Клайв Овэн, Жэймс Браун, Мэрилин Мэнсон нарын хамт тоглосон байдаг. Хэдий Олдман дэлгэцэнд эсрэг талын дүр голдуу бүтээсэн ч гэлээ амьдрал дээр харин ч эсрэгээрээ нэгэн. Түүнийг 2007 онд Empire сэтгүүлээс зарласан “Кино урлагийн тачаангуй 100 од” жагсаалтанд багтаажээ. Мөн тэрээр Жимми Киммэлийн Movie: The Movie видеог бүтээхэд зориулж хандив өгч байсан.
Allmovie-гээс Олдманыг “ямар ч төрлийн дүр бүтээх чадвартай” гээд “дүрээ үзэгчдэд хүргэх ховор чадвартай нэгэн” хэмээн нэрлэсэн байдаг. Холливудад гараагаа эхлэж байсан олон залуу жүжигчдэд түүний жүжиглэлт үлгэр дууриал болж байв. Брэд Питт л гэхэд түүний жүжиглэлтийг “бурхан” хэмээн нэрийдсэн бол Даниэл Рэдклиф түүнээс хамгийн их үлгэр дууриал авдаг гэж хэлжээ. Том Харди түүнийг өөрийнхөө “баатар” хэмээж, “хамгийн шилдэг жүжигчин” гэсэн бол Раиан Гослин өөрийнхөө дуртай жүжигчин хэмээн нэрлэсэн байдаг. Шиа ЛэБуф, Жозеф Гордон-Лювит, Жонни Дэпп, Крис Пайн, Жэйсон Исаакс, Майкл Фассбэндэр нарын олон жүжигчин Олдманыг биширч явдаг ажээ. Түүнтэй хамт Dracula болон Hannibal кинонуудад хамтран тоглосон Энтони Хопкинс “олон талын авъяастай” гээд “жүжиглэх авъяас агуу” хэмээн ярьсан. Харин Tinker, Tailor, Soldier, Spy кинонд хамтран тоглосон Колин Фөрт түүнийг “одоо үеийн шилдэг жүжигчдийн нэг яах аргагүй мөн” хэмээн нэрлэжээ. “Би Олдманы бүтээсэн дүрүүдэд дуртай. Түүнийг би агуу жүжигчин гэж боддог” хэмээн Харри Поттер цувралд хамтран тоглосон Ралф Файннэс хэлсэн байдаг. Жон Хөрт түүнийг “хамгийн шилдэг нь” хэмээн ярьдаг.
Олдманы бүтээсэн дүрүүд шүүмжлэгчдийн зүгээс тун сайн үнэлгээ авсан байдаг билээ. Холливудын бусад оддын адил хувийн амьдралаа төдий л дэлгээд байдаггүй түүнийг “жүжигчдийн дундах жүжигчин” хэмээн нэрийддэг. Кино шүүмжлэгч Рожэр Эбэрт нэгэнтээ түүнийг “гайхалтай жүжигчин, сайн муу, тэнэг ухаантай ямар ч хүний дүрийг бүтээх чадвартай” хэмээн дүгнэж байв. 1987 онд тэр Олдманыг “Британийн шилдэг залуу жүжигчин” хэмээн нэрлэхдээ “ямар ч дүрийг цоо шинээр бүтээж чаддаг цөөн хэдэн агуу жүжигчин шиг” гэж байлаа. At the Movies нэвтрүүлгийн Жийн Сискэл Олдманыг “агуу” жүжигчин гэж нэрлэсэн байдаг. 1999 онд Сискэлийг нас барсны дараа “Өмнөд Лондоноос гаралтай намайг кино урлагийн хоёр том шүүмжлэгч хоёулаа шилдэг жүжигчдийн нэгээр нэрлэхэд надад үнэхээр сайхан байлаа” хэмээн хэлж байв. The New York Times-ийн Жанэт Маслин Олдманыг “Sid and Nancy-гээс хойш бүтээсэн дүрүүд нь өөр хоорондоо ялгаатай гайхамшигтай” хэмээн бичжээ. Сид Вишисийн Sex Pistols хамтлагийн гишүүн Жонни Рөүттэн түүнийг “үнэхээр биширмээр жүжигчин” гэжээ. Олдманы бүтээсэн эсрэг талын этгээд дүрүүд шүүмжлэгчдийн анхаарлыг ихээхэн татдаг. Олдман өөрөө аль болох нухацтай дүр бүтээхийг зорьдог ажээ. The Dark Knight кинонд бүтээсэн ажилдаа үнэнч цагдаа Жэймс Гордоны дүрийг нь хараад Rolling Stones сэтгүүлийн Питэр Трэвэрс “эерэг дүрийг тун чадварлаг бүтээж чадсан” хэмээн дүгнэсэн бол Tinker, Tailor, Soldier, Spy киноны дүрийг нь “манай гарагийн шилдэг жүжигчдийн нэг” хэмээн нэрийджээ. Энэ дүрээрээ Америкийн кино академийн шагналд анх удаа нэр дэвшихэд нь The Guardian-ы Лэй Сингэр “Оскарт нэр дэвшиж байгаагүй ч гэлээ маргаангүй шилдэг жүжигчин” хэмээн нэрлэсэн байдаг. Харин шагнал гардуулах ёслолын дараа The Globe and Mail нэр дэвшсэн төрөлдөө ялаагүй түүний талаар “Шилдэг жүжигчнийг анзааралгүй өнгөрөөлөө” гэсэн гарчигтай нийтлэл бичжээ.
2011 оны 9 сарын 15-ны байдлаар Гэри Олдманы гол болон туслах дүрд тоглосон кинонууд АНУ-д 3,2 тэрбум ам.доллар, дэлхий даяар 8,4 тэрбум ам.долларын ашиг олжээ. 2011 онд 12-р сард Palm Springs International Film Festival-аас Олдманыг “бүтээсэн дүрүүдээрээ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин” хэмээн анхны Олон Улсын Одын шагналыг өгөх болсноо зарласан юм. Энэхүү наадмын тэргүүн түүнийг “хамгийн эрс тэс дүрүүдийг ч өөрийн авъяас чадвараараа гаргаж чаддаг жүжигчин” хэмээн нэрлэжээ.
Хувийн амьдрал
засварлахОлдман Английн Лондонд төрж өссөн бөгөөд 1990-ээд оны эхнээс хойш АНУ-д амьдрах болсон. Тэр Холливудын олон кинонд гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээсэн ч гэлээ хувийн амьдралаа ил гаргадаггүй нэгэн. “Алдартай байна гэдэг ажлаас минь тэс өөр зүйл. Би үүнийг дэлгэхийг хүсдэггүй” гэж өөрөө энэ талаараа хэлсэн байдаг. 1990-ээд онд түүнийг Робэрт Дэ Ниротой таагүй харьцаатай хэмээн шар хэвлэлийнхэн бичиж байсан ч Олдман тухайн үед Дэ Ниротой танилцаагүй байжээ.
Гэрлэлтүүд
засварлахОлдман дөрвөн удаа гэрлэж байсан. Анхны эхнэр Лэслэй Манвилтай 1987 онд гэрлэж хоёр жилийн дараа буюу тэдний хүү Алфи төрснөөс гуравхан сарын дараа хаяж явсан. State of Grace кинонд тоглож байхдаа Америкийн жүжигчин Ума Турмантай танилцаж 1990 онд гэрлэсэн ч бас л хоёр жилийн дараа салжээ. Үүний дараа тэр Италийн жүжигчин бөгөөд загвар өмсөгч Изабэлла Розэллинитэй дотно харилцаатай болж, 1994 онд 7 сард сүй тавьсан гэж байсан ч хоёр жил болоод салцгаасан. 1997-2001 онд тэр Дониа Фиорэнтинотой гэр бүл байхдаа Гулливэр Флин (1997 оны 8 сарын 20-нд төрсөн), Чарли Жон (1999 оны 2 сарын 11-нд төрсөн) хэмээх хоёр хүүтэй болсон.
2008 оны 12 сарын 31-нд Олдман Английн жааз дуучин Александра Эдэнбурутай Калифорни мужийн Санта Барбарад гэрлэсэн. Тэд Лос-Анжелест амьдардаг. Олдманы эгч Лайла Моорс мөн жүжигчин бөгөөд BBC телевизийн EastEnders цувралын Мо Харрисын дүрээр олны танил болж, дүүгийнхээ найруулсан Nil by Mouth кинонд мөн тогложээ. Олдман Зүүн Өмнөд Лондоны Милвол багийг дэмждэг.
Согтууруулах ундаа, хуулийн асуудлууд
засварлах1990-ээд оны эхэн үед Олдман согтууруулах ундаанд нэлээд донтох болжээ. Архи хэтрүүлэн хэрэглэж байснаасаа болоод 1993 онд Пенсилван мужийн Вэйвэри Тауншип дахь Марвортын эмчилгээнд эмчлүүлсэн байна. 2001 онд Чарли Рөүзтэй хийсэн ярилцлагадаа өөрийгөө архинаас бүрэн гарсан хэмээн ярьжээ. Мөн онд хуучин эхнэр Дониа Фиорэнтино нь Олдманыг хар тамхи хэрэглэдэг, өөртэй нь зүй бусаар харьцаж байсан хэмээн гэр бүл салалтынхаа үеэр шүүхэд мэдэгджээ. Харин Олдман хүүхдүүдээ өөр дээрээ авахаар болж ялсан байна. Өдгөө Олдман архи огт амсдаггүй бөгөөд архины хор хөнөөлийн эсрэг Alcoholics Anonymous байгууллагыг дэмждэг.