Ковент Гарден театр

«Ковент-Гарден» ( Ковент-Гарден дахь Хааны театр, англи. Theatre Royal, Covent Garden) -Лондон хот дахь дуурь, балетын жүжгийн театр. Лондон хотын Ковент Гарден дүүрэгт байралдаг тул энэхүү нэрийг авчээ.

Лондонгийн Конвент Гарден театр

Орчин үеийн театрын барилгыг 1858 онд барьж 1990-ээд онд томоохон засвар хийсэн байна. Уг театр 2268 үзэгчдийн суудалтай ажээ.

Анх уг театрыг 1720-1730-аад оны төгсгөлд цэцэрлэгт хүрээлэн байсан газар захирал, импрессарио Жон Ричийн санаачилгаар барьсан байна. 1732 оны 12-р сарын 7-нд Уильям Конгревын "Дэлхийн зам" (англ. The Way of the World) жүжгээр нээлтээ хийсэн юм.

Бараг зуун жилийн турш Ковент Гарден театр нь Лондонгийн хоёр драмын театрын нэг байсан бөгөөд 1660 онд II Карл хаан зөвхөн хоёр театрт драмын жүжиг тавихыг зөвшөөрдөг байсан (нөгөө нь Друри Лэйн театр, англи. Theatre Royal, Drury Lane - байсан). 1734 онд анхны балет болох Пигмалионыг Ковент Гарденд францын балетчин Мари Салле гол дүрд нь бүжиглэж байжээ.

1808 онд Ковент Гарден театр гал түймэрт сүйджээ. Шинэ барилга нь 1809 оны эхний есөн сард баригдсан бөгөөд Роберт Сморкийн зураг төслийг гаргаж, 9-р сарын 18-нд "Макбет"-ээр нээлтээ хийсэн ажээ. Театрын удирдлагууд шинэ байрны зардлаа нөхөхийн тулд тасалбарын үнийг нэмсэн ч үзэгчид хоёр сарын турш тасралтгүй хашгирч, исгэрсээр тоглолтыг үймүүлсэний эцэст театрын удирдлагууд үнийг нь буцаан өмнөх түвшинд хүргэхээс өөр аргагүйд хүрч байсан гэдэг.

1856 оны 3-р сарын 5-нд театрт дахин гал түймэрт өртөж 2 дахь удаагаа шатсан байна.

Ковент-Гарден дахь гурав дахь театрыг 1857-1858 онд архитектор Эдвард Барри барьсан. Энэ нь 1858 оны 5-р сарын 15-нд Мейерберийн "Ле Хугенотс" бүтээлээр нээлтээ хийжээ.

Дайны дараа 1946 оны 2-р сарын 20-нд П.И.Чайковскийн "Нойрсож буй гоо бүсгүй"-г Оливер Месселийн найруулсанаар театр нээлтээ хийсэн. Үүний зэрэгцээ Ковент Гарден театр нь гэрийн тайз болох дуурийн компани байгуулагдаж эхэлсэн бөгөөд 1947 оны 1-р сарын 14-нд Лондон дахь ирээдүйн хааны дуурь болох Ковент Гарден дуурийн бүрэлдэхүүн Жорж Бизегийн "Кармен" дуурийг энд толилуулжээ.


Албан ёсны цахим хуудас: https://www.roh.org.uk/