Камбожийн түүх
Камбожийн түүх нь МЭӨ 4200 жилийн өмнө хүн суурьшин амьдарч байсан ул мөрөөс эхэлнэ.[1] Нарийвчлан авч үзвэл кхмерчүүдийн (дуудахдаа: кмер) эзэнт улс буюу камбожчууд өөрсдийгөө ба хэлээ нэрлэж эхэлсэн сүүлийн 1200 жилийн түүх юм.
Эртний түүх
засварлахАрхеологийн судалгаагаар өнөөгийн Камбожийн Вант Улсын газар нутагт дээд палеолитын эринд эртний хүн аж төрж байсан гэж эрдэмтэд тогтоожээ. Неолитын соёл МЭӨ VII зуунд дэлгэрсэн бөгөөд газар тариалан эрхэлж эхэлсэн байна. Энэ үед Камбожийн газар нутаг дээр өнөөгийн уулын кхмерчүүдтэй ойролцоо гаралтай австроази хүмүүс уулархаг болон голын хөндийгөөр аж төрж байсан гэдэг таамаг байдаг байна. МЭӨ IV зуун гэхэд зэс хайлуулж, МЭӨ III зуунд хүрэл олборлож байсныг археологийн олдворууд гэрчилдэг байна.
Фунаны эзэн гүрэн (1-7-р зуун)
засварлахМанай эриний эхэн үед Энэтхэг улстай харилцаа тогтоож худалдаа арилжаа хийж эхэлсэн бөгөөд энэ нь улмаар Камбожид Энэтхэгээс шашин, соёл нэвтэрч өөрийн гэсэн үзэл санаа бүрдэхэд хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Тэр үед Хинди шашин ихэд дэлгэрч эхэлсэн бөгөөд кхмер хэлэнд эртний Энэтхэгийн Санскрит хэл нөлөөлж ижил төстэй үг ихээр бий болсон (улс орны нэр нь хүртэл санскрит хэлээр байсан). Энэ нутагт бий болсон анхны улсууд нь Кхмер хэмээх ерөнхий нэрээр нэрлэгдэх болсон байна. Сүүлд 68-550 онд Фунан /Бапно/, дараа нь 550-802 онд – Ченла хэмээх улс оршин тогтнож байжээ.
Ченлагийн эзэн гүрэн (7-8-р зуун)
засварлахЖижиг ханлиг улсууд 9 дүгээр зууны эхэн үед түүхийн хувь заяа тавлингаар нэгдэж, удалгүй Ангкор хэмээх нийслэлтэй томоохон хүчирхэг Гүрэн бүрэлдэн бий болсон байна. Өнөөгийн Камбожийг нэрийг өмнөх түүхэнд Камбужадеша, Кмерын эзэнт гүрэн, Анкорын хаант улс гэх зэргээр олон янзаар нэрлэж ирсэн байдаг. Дараагийн 400 жилийн туршид тэд Зүүн Өмнөд Азид хамгийн хүчирхэг улс болж хувиран, өдгөөгийн Камбож, Тайланд, Лаос, Вьетнам, Мьянмар, Малайзыг багтаан тэлсэн том Гүрэн болсон байна. Нийслэл хот Ангкор нэг сая гаруй хүн амтай байсныг эрдэмтэд судлан тогтоогоод байгаа нь тухайн үеийн Европын томоохон хотууд 50 мянга орчим оршин суугчидтай байсантай харьцуулаад үзэхээр үнэхээр маш том соёл иргэншлийн төв байсан нь тодорхой юм.
Кхмерын эзэнт гүрэн (9-15-р зуун)
засварлах802-1431 онд Кхмерын Их эзэнт гүрэн хүчирхэг том гүрэн болж хөгжин цэцэглэж байсан үе. Гэхдээ энэ хорвоод юу ч мөнх бус байдаг гэдгийн адилаар 15 дугаар зууны дундуур Эзэнт гүрний хөгжил маш хурдан саарч хүчин мөхөж ирсэн юм. Үүнийг эрдэмтэд Кхмерын эзэн хаад хэт их аз жаргалд умбасанаас үүдэн ташууран мансуурч, эрх баригчид улс орноо удирдах чадамжаа алдсантай холбоотой гэж үздэг. 14-р зууны үед Аюттаяа хэмээх “Тай” улс хүчээ авч эхэлсэн нь кхмерчүүдэд сүйрлийн анхны дохио байсан. Тэд бага багаар дайтан хүчийг тандаж байгаад эцэст нь нэг мөр их хүчээр давшилж Кхмерийн газар нутгийг эзэлж явсаар 1353 онд нийслэл Анкорыг эзлэн авч, хотын талыг устгасан байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл байсан бөгөөд цаашид бүтэн зууны турш Камбожийн нийслэл дайны хөлд нэрвэгдсээр эцэс сүүлд нь Сиам ялалт байгуулахад Кхмерчүүд нийслэлээ Пномпень руу нүүлгэн шилжүүлэхээс өөр гарцгүй болсон юм байна. Аюттаяа баруун талаас дайрч довтологохоос гадна Вьетнамчууд /Дайвьет/ зүүн талаас мөн байнга довтолж байсны улмаас Кхмерүүд нийслэлээ Лонгвек, Шрисофур, Үдон хот руу ээлж дараалан нүүлгэж хүндхэн байдалд орж байсан түүхтэй.
Камбожийн түүхэн дэх колоничлолын үе
засварлахҮндсэндээ 19-р зууны дунд үе хүртэл гадны болон дотоодын жижиг том дайнууд үргэлжилсээр байжээ. Анкорын хаант улс өмнөх эрч хүч нь суларч, Сиам болон Вьетнамд /Дайвьет/ нутаг дэвсгэрийнхээ ихэнх хэсгийг алдсаар байв. Энэ дайны байдал зуун дамжин үргэлжилсээр дээр нь Европын колончилогчид ашиг сонирхолоо тогтоох зорилгоор ээлж дараалан дайрч улс орон сүйрэл, ядуурлын ирмэгт тулж ирсэн тул 1863 онд Камбожийн хаан Нородом Францаас дэмжлэг хүсэхээс өөр сонголтгүй болж Францтай нууц Хэлэлцээр байгуулсан байдаг. Францын арми илүү орчин үеийн зэвсэгтэй байсан тул Сиамын цэргийг түвэг багатай ялж 1864 оны 3 дугаар сарын 3-нд нийслэлийг эзлэн авчээ. 1866 онд нийслэл хотыг Пномпень рүү шилжүүлж улмаар 1867 онд Сиам Францад бууж өгсөн Гэрээнд гарын үсэг зурж Баттамбанг, Анкор хоёр мужийг тухайн үед Сиамд шилжүүлэн өгсөн түүхтэй. 50 жилийн дараа Франц-Сиамын дайны үр дүнд дээрх мужууд буцаж Камбожийн бүрэлдэхүүнд багтаж Францын мэдэлд ирсэн түүхтэй байдаг.
Энэхүү ялалтын төлбөр төлөөсөнд Кхмер улс 1864 онд Францын колони болж эрх чөлөөгөө алдсан юм. Эзэн суусан Францууд Кхмерын хааны эрх мэдлийг хязгаарлан Камбожийн хааныг өөрийн утсан хүүхэлдэй мэт болгосон бөгөөд Францын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр ямарч алхам хийж чадахгүй болсон байдаг. Колоничлогчид яваандаа маш их эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн нь орон нутгийн ард иргэдийн сэтгэлд нийцэхгүй дургүйцлийг төрүүлж улс орон даяар олон арван бослого гарч байжээ. Камбожийг 1887 оны 10 дугаар сарын 17-нд албан ёсоор Францын “Энэтхэг-Хятадын Холбоонд” оруулсан юм. 1904 онд Нородом хаан нас барж Камбожийн хаан ширээнд Сисоват 1927 он хүртэл суусан юм.
Францын колоничлолд орж тусгаар тогтнолоо алдсан хэдий ч дан ганц сөрөг үр дагавартай байгаагүй. Камбож нь Тайландаас нутаг дэвсгэрээ буцааж авсан, бүх насны боолчлолыг халсан, хот байгуулалт, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийг хөгжүүлж орчин үеийн шинжлэх ухааны суурийг тавьсан. 1913 оноос камбож, европ иргэд хуулийн өмнө тэгш эрхтэй болж, Зөвлөлдөх парламент гэгчийг байгуулж байгуулж түүний зарим гишүүдийг сонгож эхэлсэн. Гэсэн хэдий ч 1930-аад оны үед Камбожийн тусгаар тогтнолын төлөө ард түмэн тэмцэн босч, улмаар зохион байгуулалтанд орсноор улс төрийн намууд байгуулагдсан аж. Эдгээр хөдөлгөөн эрч хүчтэй байсан тул Францын эрх баригчид зарим нэгэн буулт хийсэн байдаг. Жишээ нь 1940 онд Ардын Хурлын гишүүд Францын Засаг захиргаанаас томилогдохгүй харин сонгогдог болсон юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед Камбож нь бүс нутгийн бусад орны нэгэн адил 1941 онд Японд эзлэгдэж дайны дараа 1945 онд эргэн Францын колончлогчдын Засаг захиргаа эрх мэдлээ эргэн тогтоосон юм.
Тусгаар тогтнолоо олж авсан үе
засварлах1946 онд Францын Засаг захиргаа Камбожийн хаан Нородом Сиануктай “Энэтхэг-хятадын холбооны”-ны хүрээнд автономи эдлэх тухай түр хугацааны гэрээ байгуулжээ. Мөн оны есдүгээр сард Ардын Танхимд сонгууль явуулж Камбожийн Ардчилсан нам ялалт байгуулж хунтайж Ютенвонг Ерөнхий сайдаар томилогдсон юм.
1947 онд Францын Холбооны хүрээнд автономит бие даасан байдлаар Камбожийн Үндсэн хуулийг тунхаглан баталжээ. Энэ үеэр Кхмерийн “Иссарак” хэмээх коммунист үзэл баримтлагч Хувьсгалт хөдөлгөөн бүрэлдэж хүчээ авч эхэлсэн. Тэдний идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд 1949 онд тус улс Францын Холбооны нэгэн хэсэг байсан хэдий ч хэсэгчилэн тусгаар тогтнолоо олж авч чадсан байна. Түүний дараа 1953 оны 11 дүгээр сарын 9-нд Францын Засаг захиргаа Камбожид үйл ажилгагаа зогсоосноо зарлан 1955 оны 9-р сарын 25-нд Францын холбооноос албан ёсоор гарч, Камбож бүрэн тусгаар тогтнолоо тунхагласан юм.
Тусгаар тогтносон Камбожийн Вант Улс(1954-1970 он)
засварлахЭрх чөлөө, тусгаар тогтолоо олж авч, ард түмний нуруу тэнийх нь гэтэл байдал улам дордов. Учир нь Эрх баригчид болон “Кхмерын Иссарак” -Тусгаар кхмерүүд /зүүний чиглэлийн/, “Кхмерын Серей”-Эрх чөлөөт кхмерүүд/барууны чиглэлийн /зэрэг бүлгүүдийн хооронд иргэний дайн үүсжээ. Гэсэн хэдий ч Засгийн газар эдийн засгийн хөгжилд чиглэсэн хэд хэдэн шинэчлэлийг хийж, Камбожийн Үндэсний банк байгуулагдан үндэсний мөнгөн тэмдэгтийг эргэлтэд оруулсан юм. Харамсалтай нь энэ үе бол үүлэн борооны чөлөө шиг түр зуурын тайван байдал байсан ажээ.
Умард, Өмнөд Вьетнам, АНУ-ын шууд, хуучин ЗХУ шууд бус оролцоогоор 1960-аад оны сүүлчээс 1975 он хүртэл Иргэний дайн ид өрнөсөн юм.
1966 онд Генерал Лон Нол тэргүүтэй барууны үзэл санаа баримтлагч жигүүрийн байгууллагууд Төрийн эрх мэдлийг гартаа авсан. Энэ үед өөрсдийгөө "Улаан Кхмерууд" гэж нэрлэсэн хэт туйлширагч Коммунист сөрөг хүчнийхэн зэвсэгт бүлэглэл байгуулж эхэлжээ.
1970 оны 3 дугаар сард генерал Лон Нол хунтайж АНУ-ын тусламжтайгаар Нородом Сианукыг хүчээр зайлуулан төрийн эргэлт хийж эрх мэдлийг гартаа авч "Кхмерын Бүгд Найрамдах Улс" гэж зарлан тунхагалсан юм. Генералын хэрэгжүүлж байсан бодлого “Улаан Кхмерууд”-ад таалагдаагүй учраас Засгийн эрхийг авч, ард түмний хүслийг овжин ашиглан хунтайж Сианукыг хаан ширээнд буцааж суулгасан юм. Шударга ёсыг тунхаглаж, гадаадыхныг хөөн зайлуулж, Камбожийг Кхмерчуудад гэж уриалж байсан тул ард түмэн тэднийг ихээр дэмжиж байв. Энэ нь зөвхөн лоозон байсан гэдгийг ард түмэн харамсалтай нь хожим болсон аймшигт үйл явдлаас ойлгосон билээ.
Зэвсэгт сөрөг хүчинтэй тулалдахын тулд тухайн үеийн Камбожийн Засгийн газар Вьетнамтай дайтаж байсан АНУ-ын дэмжлэгийг авсан. Ингээд америкийн цэрэг Камбожид нэвтрэн орж газар нутаг, агаарт тулалдаж эхэлсэн. Дайны явцад Камбожийн нутагт Америкийн агаарын хүч нэг сая гаруй тонн бөмбөг агаараас хаясан гэдэг тоо байдаг юм.
Кхмерын Бүгд Найрамдах Улс ба эхний иргэний дайн (1954-1970 он)
засварлахЭнэ дайнд Камбожийн Засгийн газар АНУ-ын болон барууны орнуудын дэмжлэгийг авсан хэдий ч Улаан Кхмеруудэд ялагдаж, 1975 оны дөрөвдүгээр сарын 17-нд Пномпень хотыг орхиход хүрсэн. Нийслэлийн оршин суугчид тэднийг баяр хөөртэй халуун дотноор цэцэг барин угтаж авсан боловч чанга яригчаар бүх хүмүүс гэр орноо орхиж хотоос гарч явахыг зарлав. Пол Потоор удирдуулсан Улаан Кхмерын "хөдөө аж ахуйд суурилсан социализм", "зуун хувийн коммунист нийгэм" байгуулах бодлогын эхлэл байлаа. Социалист нийгэмд хот гэдэг үзэгдэл байх ёсгүй гэж номлоод бүх иргэдийг хөдөө орон нутаг руу хүчээр нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Түүнээс гадна, бараа мөнгөний харилцаа, бүх төрлийн шашин шүтэх нь “хөрөнгөтний үзэгдэл” гээд хориглосон байдаг. Сэхээтнүүд эмч нар, мэргэжлийн ажилчдыг өчиггүй хороож эхэлсэн. 1979 онд Пол Потыг түлхэн зайлуулсаны дараа хэдэн зуухан эмч нар л амьд үлдсэн байдаг.
Пол Потын эрх баригчид улсын албан ёсны нэрийг Ардчилсан Кампучи Ард Улс хэмээн өөрчилжээ. Хотын бүх оршин суугчдыг хөдөө аж ахуйн коммунд нэгтгэж 18-20 ажлын цагаар гол төлөв цагаан будаа тариалан эрхлүүлдэг байв. Улмаар иргэд ядуурал, төрөл бүрийн өвчинд нэрвэгдэж эхэлсэн юм. Бүх эм, антибиотикыг “хөрөнгөтний” гэж зарлан хориглож зөвхөн ардын эмчилгээ буюу зөвхөн байгалийн ургамал болон ургамлын үндсийг хэрэглэх болсноор олон зуун мянган хүн өвчнөөр мөн амиа алдсан байдаг юм. Сургууль, хүрээлэнгүүд хаагдаж, ном уншиж, бичсэн хүн буудуулан алуулах ялтай байжээ. Хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарлаж хуаранд Пол Потын үзэл санааг зааж ухуулдаг байв. Тиймээс ч 1979 он гэхэд Улаан Кхмерийн армийн олонхи нь 12-15 настай хүүхдүүд байсан. Үе үе эсэргүүцэн бослого гардаг байсан ч түүнийг хэрцгийгээр нухчин дардаг байжээ. Үүний дүнд 1978 он гэхэд Камбожийн эдийн засаг бүрэн дампуурч, улс орон буцаад “Дундад зууны орон” болж хувирсан байна. Мөн энэ үеэр “Улаан Кхмер”-үүд Вьетнамыг эзлэн авч, баялгийг нь булаан авахыг санаархсан боловч энэ нь тэдний төгсгөлийн эхлэл байсан гэдэг. 1978 оны 12-р сард Камбожийн Үндэсний Аврах Нэгдсэн Фронт байгуулагдаж Вьетнамын армийн талд цуст дэглэмийг дэмжээгүй байсан Камбож иргэд олон зуугаараа элсэж эхэлсэн юм. Улмаар 1979 оны 1 дүгээр сэрын 7-нд Вьетнамчуудын тусламжтайгаар тэд Камбожийн нийслэл Пномпенийг чөлөөлсөн түүхтэй. Дайнд ялагдсан Пол Потын үлдэгдэл цэргүүд Камбожийн баруун нутгийн ширэнгэн ой руу зугатаж тэндээ орогнон хяналтаа тогтоосон хэвээр үлдсэн юм.
Пол Потын дэглэмийн үед Камбожийн 6 сая хүн амын хамгийн эрүүл, залуу, хүчтэй, үзэсгэлэнтэй гэсэн нэг сая хүнийг үлдээж бусдыг устгах шийдвэр гаргаж байсан баримт байдаг. Энэ үеэр төрөл бүрийн эх сурвалжаар 2-3 сая хүн амиа алдсан гэсэн тоо баримт байдаг.
Орчин үеийн түүх
засварлахЯлагдсан Улаан Кхмерчууд ширэнгэн ой руу зугтан нуугдаж тэндээсээ байнга өдөөн хатгалгаа явуулж улс оронд энх тайвныг сэргээн тогтооход саад учруулсаар байв. Вьетнамын армийн хяналтан дор байсан шинэ эрх баригчид Камбож улсыг албан ёсоор Бүгд Найрамдах Кампуч Ард Улс хэмээн шинэчлэн тунхагласан. Өлсөглөнд нэрвэгдэж туйлдсан ард иргэдтэй Хенг Самрин тэргүүтэй Камбожийн Ардын Хувьсгалт намынхан хүнд нөхцөлд хэд хэдэн шинэчлэл хийж эхлүүлжээ. Юуны өмнө аж ахуйн нэгжүүд дахин бий болгож, бараа товар, мөнгөний харилцааг сэргээж, хот суурин эргэн сүндэрлэж бурханы шашиныг төрийн шашин хэмээн зарласан байдаг. 1982 онд Н.Сианук улсын Ерөнхийлөгч болсон.
1989 он хүртэл социалист Вьетнамын цэргүүд Камбожид байрлаж байсан тул НҮБ Кампучийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байжээ. Барууны орнуудын шахалтаар 1989 оны 9-р сард Вьетнамын цэргийнхэн Кампучийг орхин гарснаар байдал өөрчлөгдсөн. Улмаар Кампучийн нэрийг өөрчилж Камбож хэмээн хуучин нэрийг шинээр сэргээн авсан юм. Яг энэ үед “Улаан Кхмерүүд”-ийн эгнээнд хагарал үүсч, ихэнх нь өмнөх үйлдэлдээ гэмшиж Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн юм. Улмаар Пол Потыг тус байгууллагын удирдлагаас зайлуулж чаджээ. Тэрбээр 1998 оны 4-р сарын 15-нд ердийн үхлээр нас бартлаа Тайландад орогнож байжээ. (Сүүлийн нэг жил хорионд байсан).
1991 онд Парис хотод болсон Камбожийн асуудлаарх энхийн Хэлэлцээрээр Камбожийн Вант улс байгуулагдаж, Нородом Сианукийг Камбожийн Вант Улсын хаанаар өргөмжилж, чөлөөт сонгууль явуулахаар болжээ. 1993 оны 5 дугаар сард НҮБ-ын хяналтан дор “Улаан Кхмерүүд”-ээс бусад улс төрийн хүчнүүд оролцсон олон намын оролцоотой Парламентын сонгууль явуулахад Н.Сианукийн толгойлсон Тусгаар тогтносон, Үл нэгдэх, Энх тайванч, Хамтран ажиллагч Камбожийн төлөөх Үндэсний Нэгдсэн фронт нам /ФУНСИНПЕК/ -франц товчлол -Front uni national pour un Cambodge indépendant, neutre, pacifique, et coopératif, FUNCINPEC) олонх суудлыг авч, Хун Сений тэргүүлдэг Камбожийн Ардын Нам хоёрт орсон юм.
1992 онд АНУ худалдааны хоригоо цуцалсан нь Н.Сианукийг дэмжиж байсны илрэл гэж үзэх үндэстэй юм. 1993 оны 9-р сарын 21-нд баталсан Үндсэн хуулийн дагуу Камбожийн Вант Улс олон намын тогтолцоотой хаант засаглалтай болж Нородом Сианук эргэн Хаан ширээгээ эзлэв. Үүний дараа НҮБ-ын хяналтан дор болсон парламентын сонгуулиар олон суудал авсан хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулж 1 дүгээр Ерөнхий сайдаар Н.Сианукийн хүү Нородом Ранарит, 2 дугаар Ерөнхий сайдаар Хун Сен томилогдсон байна.
1997 оны 7 дугаар сард 4 жил Засгийн эрхийг зөрчил тэмцэлтэйгээр хамтарч барьсаны дараа Хун Сен үндсэндээ төрийн эргэлт хийж, “Улаан Кхмер”-чуудтай хувилдсан хэмээн Нородом Ранаритыг буруутган цэргийн хүчээр огцруулсан юм. Үүнээс хойш Камбожид Хун Сений хязгааргүй эрх тогтсон. 1998 оны 12 дугаар сард Пол Потчуудын сүүлийн бүлэглэлүүд ширэнгээс гарч зэвсгээ хураалгаж Засгийн газрын цэргүүдийн эсрэг дайтахаа зогсоон иргэний дайн үндсэндээ дуусгавар болж энх тайван тогтоод байна.
2004 оны 10 дугаар сарын 7-нд Камбожийн хаан Нородом Сианук өндөр настай болсон бөгөөд өвчний улмаас албан ёсоор хаан ширээнээсээ татгалзаж, 2004 оны 10 дугаар сарын 14-нд түүний бага хүү Нородом Сиамони Камбожийн Вант Улсын хаанаар албан ёсоор өргөмжилсөн байна. Н.Сианук Хаан ширээнээс татгалзсаны дараагаар нэг хэсэг Пхеньянд болон сүүлийн нэг жил Бээжинд эмнэлэгт эмчлүүлж байгаад 2012 онын 10 сарын 15-нд нас барсан.
2007 онд “Улаан Кхмер”-уудээс үлдсэн сүүлчийн удирдагчдыг баривчилсан.
2013 оны 7 дугаар сарын 28-нд ээлжит Парламентын сонгууль болж эрх баригч Камбожийн Ардын нам /КАН/ ялалт байгуулж, сөрөг хүчин парламентын суудлын 45% -ийг авч өндөр амжилт үзүүлсэн.
2018 оны 2 дугаар сард Парламентын дээд танхим болох Сенатын сонгууль болж эрх баригч Ерөнхий сайд Хун Сений удирддаг Камбожийн Ардын нам /КАН/ ялалт байгуулав.
2018 оны 7 дугаар сарын 29-нд Камбожийн Вант Улсын Үндэсний Ассамблейн ээлжит сонгууль болж мөн КАН 100 хувийн бүрэн ялалт байгуулаад байна.
Камбожийн Вант улс 1955 оны 12 дугаар сарын 14-нд НҮБ-д, 1999 оны 4 дүгээр сард АСЕАН-нд тус тус гишүүнээр элссэн. Монгол Улс Камбожийн Вант Улстай 1960 оны 11 дүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоожээ.
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ David Chandler: A History of Cambodia. Westview Press, Boulder Colorado 2008, ISBN 978-1-57856-696-9, S. 13.