Тайланд
Тайландын Хант Улс (тайгаар ราชอาณาจักรไทย - Ратча аначак Таи), товчоор Тайланд, Тай улс (тайгаар ประเทศไทย - Пратет Таи - «Тай улс/орон») — Зүүн Өмнөд Азийн төв хэсэгт дөрвөн улстай хиллэн, далайд гарцтай 513 мянган км² газрыг эзлэн оршдог, Бангкок нийслэлтэй, бүрэн эрхт, хэмжээт эрхт хант засаглалтай хант улс; албан ёсны хэл нь Тай хэл, 67 сая хүн амтай улс.
Тайландын Хаант Улс
| |
---|---|
Төрийн дуулал: เพลงชาติไทย "Тайландын төрийн дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Бангкок 13°45′N 100°29′E / 13.750°N 100.483°E |
Албан ёсны болон үндэсний хэл | Тай хэл[1] |
Ярианы хэл | Төв Тай хэл, Исан хэл, Ланна хэл, Дамбро хэл, Карен хэл, Паттани Малай хэл, Бангкок Малай хэл, Чаошань, Хоккиен хэл |
Угсаатны бүлгүүд |
|
Шашин (2018)[2] | |
Ард түмний нэршил | Тайландчууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын хагас-ардчилсан[3] үндсэн хуульт хаант засаг |
• Хаан | Важиралонгкорн (X Рама) |
Прают Чан-о-ча | |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Ассамблей |
Сенат | |
Төлөөлөгчдийн танхим | |
Түүх | |
1238–1448 | |
1351–1767 | |
1767–1782 | |
4 сарын 6, 1782 он | |
6 сарын 24, 1932 он | |
4 сарын 6, 2017 он | |
Газар нутаг | |
• Нийт | 513,120 км2 (50) |
• Усны эзлэх талбай (%) | 0.4 (2,230 km2) |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 69,648,117[4] (20) |
• 2010 тооллого | 64,785,909[5] (21) |
• Нягтаршил | 132.1/км2 (88) |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $1.591 их наяд[6] (23) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $22,675[6] (74) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $574.231 тэрбум[6] (27) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $8,181[6] (85) |
ОТББИ (2021) | 35.1[7] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.800[8] маш өндөр · 66 |
Мөнгөний нэгж | Бат (฿) (THB) |
Цагийн бүс | UTC+7 (ICT) |
Огнооны формат | өө/сс/жжжж (БЭ) |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +66 |
Домэйн нэр |
Нэр
засварлахЭнэ орныг 1939 он хүртэл олон улсад Сиам (тай хэл бичигт สยาม - Саяам) гэдгээр мэддэг байв. Герман хэлний Thailand («Тай газар нутаг») гэдгээс Орост 1930-аад онд Таиланд, дараа нь Орос хэлнээс Монголд Таиланд гэж оржээ. 1982 оны тольд Таиланд → Таи улс гэж орчуулсан нь бий.[9] Ардчилсан Монголд төдий л анзаарагдахгүйгээр Таиланд-аас Тайланд болж хувьсч байгаа.
Газар зүй
засварлахБайрлал
засварлахТайланд нь Зүүн өмнөд Ази бүс нутагт Энэтхэг-Хятадын хойг болон Малайн хойгт оршдог.
Баруун өмнөд талаараа Андаманы тэнгис, өмнөд талаараа Сиамын булан, Өмнөд Хятадын тэнгисээр хүрээлүүлсэн. Баруун хэсгээрээ Мьянмар (хилийн урт - 1800 км), зүүн талаараа Лаос (1754 км), зүүн өмнөд талаараа Камбож (803 км), өмнөд хэсгээрээ Малайз (506 км) зэрэг 4 улстай нийт 4,863 км урт зурвасаар хил залгадаг байна.
х.ө.5° – 20°, з.у. 97° – 105° хооронд 513,120 км2 газар нутгийн нийт хэмжээгээрээ дэлхийн 49-р том (Йеменээс жижиг, Испаниас том) орон юм.
Газрын байц
засварлахНутгийн умард хэсгээр уулархаг бөгөөд хамгийн өндөр цэг нь Дойнтанон уул (д.т.д. 2565 м) юм. Нутгийн дорнод хэсэгт байх Корат тэгш өндөрлөгийг Исан хэмээн нэрийддэг. Нутгийн төв хэсэг нь Чаупрая мөрний сав газар, нам доор газар байна.
Уур амьсгал
засварлахГазар нутаг нь умардаас өмнөд рүү 1860 км урт сунан тогтсон хэлбэртэй учир уур амьсгалын олон янз мужид хамаарна. Мөнх ногоон ширэнгэн ойтой, газар нутгийн 37%-ийг ой эзэлнэ. Тайланд уур амьсгал нутгийн умард биед тропикийн чийглэг, төв болон өмнөд хэсэгтээ субэкваторын уур амьсгалтай, Малайзтай хиллэх газар нутаг орчим экваторын уур амьсгалтай байдаг байна.
Тайланд цаг агаарын гурван улиралтай. 5-10-р сарын хооронд баруун өмнөдөөс ирсэн муссон салхины нөлөөгөөр борооны улирал, 8-9-р сард дийлэнхдээ хур тунадастай. 11-р сараас 2-р сар хүртэл хуурай хүйтэн, 2-5-р сар хүртэл халуун, чийглэг байж 5-р сард дахин борооны улирал эхэлдэг. Экваторт ойр байх нутгийн өмөнд хэсгээр температурын зөрүүгүй шахам бол нутгийн хойд уулархаг нутгаар 12-2-р сард шөнөдөө 0°C, өдөртөө +25°C дулаан байдаг. 4-5-р сард хамгийн дулаан буюу +35°C, +40°C хүртэл халдаг. Жилийн дундаж хур тунадас 1200-1600 мм, ихдээ 4500 мм байна.
Байгалийн үзэсгэлэн
засварлахЧаупрая, Меконг, Бангпаконг, Тапи зэрэг гол мөрөн нь газар тариалан, тээвэрт ашиглагддаг. Андаманы тэнгис нь байгалийн баялаг ихтэй бөгөөд тансаг амралтын газруудтай. Пукет, Краби, Ранонг, Пхангнга, Транг зэрэг үзэсгэлэнтэй, жуулчдыг татсан тэнгисийн эрэг, амралтын хотууд байна.
Амьтан ургамал
засварлахТайланд нь байгаль орчны үзүүлэлтээр дундад (180 орноос 91-т) байр эзэлдэг. Агаарын чанар муу (167) гэдэг асуудалтай бол усны менежментээр (66) дунджаас дээгүүр байр эзэлдэг.
Заан бол тус улсын бэлгэ тэмдэг болсон амьтан бөгөөд 1850 онд 100 мянга байсан тоо толгой одоо 2000 орчим болтол цөөрсөн. Хулгайн анчид зааныг соёо болон махны төлөө агнадаг. Бага залуу зааныг аялал жуулчлалын үзвэрт зориулж ашигладаг бөгөөд 1989 онд төрөөс хориг тавьснаар энэ төрлийн хэрэглээ багассан. Бангкокт ховордсон амьтдыг нууцаар наймаалдаг зах хүртэл байдаг байна. Азийн хар баавгай, Малайн наран баавгай, цагаан гарт гиббон, залаат гиббон, муур баавгай зэрэг ховор амьтад Тайландад байдаг юм.
Хүн ам зүй
засварлахТоо, иргэн
засварлахТайландад 2022 оны байдлаар 69 648 117 хүн амтай байна. Тайландын хүн ам ихэвчлэн хөдөө, нутгийн төв, дорно умард, умард хэсэг дэх газар тариалангийн бүсэд оршин суудаг. 2010 онд хүн амын 45.7% нь хот, суурин газар амьдардаг байсан.
1960 онд хүн амын жилийн өсөлт 3.1% байсан бол өдгөө 0.4% болтол буурсан нь төрийн бодлогоор зохицуулагджээ.
Оршин суугчдын 95.9% нь Тайландын иргэн, 4.1% нь бусад улсын иргэн буюу Мьянмар (2.0%), бусад улс (1.3%) болон тодорхойгүй (0.9%) хэмээн ангилагдсан. Мьянмар, Лаос, Камбож, Балба, Энэтхэг зэрэг хил залгаа орнуудаас цагаачид ирэх нь их байдаг. 2009 оны байдлаар цагаач хүний тоо 3.5 сая хүрсэн байна. Мөн Өрнөдийн орнуудынхаас дурдвал 41000 Их Британи, 20000 Австралийн иргэн байнга оршин суудаг ажээ.
Яс үндэс
засварлахТайландад олон янз ард түмэн амьдарч байна. 2010 оны байдлаар 62 үндэстэн ястанд хуваан авч үзжээ. Үүнд:
- Тай үндэстэн (Сиам) – 53–56.5 сая
- Төв тай – 25 сая
- Исан ястан (дорнод тай, Тай исан) – 18-20 сая
- Ланна ястан (умард тай; ланна) – 6-7 сая
- Өмнөд тай (тай пак тай) – 5.5 сая
- Хятад үндэстэн – 6-9 сая
- уусан ижилсэн – 4.5 сая
- уусан ижилсээгүй – 1.4 сая
- Малай үндэстэн – 2–4 сая
- Кхмер үндэстэн – 1.2 сая
- Карен ястан – 1 сая
- Пу тай – 470,000
- Куй – 400,000
- Хмонг – 250,070
- Лао үндэстэн – 222,000
- Пуан – 200,000
- Мон – 114,500 зэрэг үндэстэн ястан голлож байна.
Хэл бичиг
засварлахУлсын албан ёсны хэл нь тай хэл байна. Тай хэл нь тай-кадай хэлний бүлэгт хамаардаг бөгөөд лао (Лаос), шан (Мьянмар) болон Хятадын өмнөд хилд амьдардаг мяо мэт зарим ардын хэлтэй нэгэн төрлийн хэл юм. Тай хэл нь улс даяар ерөнхий боловсрол, төрийн хэрэгт хэрэглэгддэг. Баримжаа аялгуу нь төв Тай аялгуу байдаг. Тай цагаан толгойгоор бичдэг. Тай үсгийг 14-р зуунд кхмер үсгээс санаа авч үүсгэсэн бөгөөд нэгэн янзын үет үсэг юм.
Улсын хэмжээнд 62 янзын нутгийн хэл аялгуутан байна гэсэн бөгөөд энэ нь дээрх яс үндэсний ангилалтай ижил юм. Хамгийн олон хэлэлцэгчтэй нутгийн аялгуу нь төв аялгууг эс тооцвол дорно умард муж буюу тай-исан, лао-исан аялгуу юм. Үүнийг тай хэлний аялгуу, лао хэлний аялгуу гэж хэлэх бөгөөд түүхэндээ Ланшан хэмээх Лао вант улсын нутаг байсан болохоор нөгөө хоёроос ийм байдлаар ялгаа үүсчээ. Нутгийн өмнөд хэсгээр малай төрлийн хэлтэн байна. Тайландын хятад хэл нь теочео нутгийн аялгуутай байна. Монг, кхмер, вьет, млабри, оранг асли зэрэг австроазиат төрлийн хэл, чам, мокен зэрэг австронез төрлийн хэл, лава, акха, карен зэрэг хятад-төвөд төрлийн хэл, тай ёо, пү тай, сэк зэрэг бусад тай хэлний бүлгийн хэл, хмонг зэрэг хмонг-миен хэлний бүлгийн олон янз хэлээр хүмүүс ярьж байна.
Шашин шүтлэг
засварлахТайланд шашны хувьд бараг нэгэн төрөл буюу буддын шашны теравада урсгал хүн амын дунд 95% дэлгэрчээ. Улсын соёл уламжлалд гүн шингэсэн. Нэг шашинд итгэдэг хувиараа дэлхийд тэргүүлэх тоо юм. Харин үлдсэн хүн амын 4.3% нь лалын шүтлэгтэй нутгийн өмнөд хэсэгт орших малай хүмүүс юм. Хиндү, сикх шүтлэгтэй хот газар цөөн тоотой байгаа.
Тайландын Үндсэн хуулинд улсын албан ёсны шашин гэж заагаагүй, шашин шүтэх эрх чөлөөтэй.
Хот суурин
засварлахТайландад хот, балгас, суурин гэсэн байдлаар гурван зэрэг болгодог. 2015 оны байдлаар хотын зэрэг авсан 32 суурин газар байна.
1. Бангкок (5,666,264 хүнтэй) |
6. Сураттани (132,040) |
Түүх
засварлахЭртний үе
засварлахТайландад 20 мянган жилийн тэртээнээс хүн амьдарч байна гэж үздэг. НТӨ 2000 оны үед тутрага тариалж байв. НТӨ 1250 оны үед хүрэл зэвсгийн үе байсан ба Банчян нутаг хүрэл, зэсийн үеийн гол тулгуур газар байжээ. НТӨ 500 оны үеэс төмөр зэвсгийн үед дэвшжээ. Хойгийн өмнөд хэсэгт НТӨ 2-р зуунд Фүнан улс оршин байв. НТ 6-р зуунд моны Дварати, Харипунчай зэрэг улс байсан бол 9-р зуунд Кхмерийн эзэнт улс Ангкорт төвлөн оршиж байв. Эдгээр эртний улсуудад Энэтхэгээс эхтэй шашин, соёл түгэн дэлгэрчээ.
Хэл зүйн хувьд эрдэмтэд Тай угсаатны дотор тай үндэстэнг багтаан ангилсан. Хятад түүхийн сурвалжид тай ардыг НТӨ 6-р зуунд анх тэмдэглэжээ. Тай угсаатан нь Тайландаас гадна Лаос, Мьянмар, Энэтхэг, Хятадыг уугуул нутгаа болгон оршин сууж байна. Эрдэмтдийн үздэгээр өмнө нь мон, кхмер ард түмэн амьдарч байсан Тайланд оронд 11-р зуунд тай үндэстэн шилжин ирж, төр улс үүсгэн тогтжээ. Тай соёл нь ойр орчмын мон, кхмер, вьет, Хятад, Энэтхэгийн соёлтой хольцон бүрэлдсэн.
Сухотай улс
засварлах13-р зуунд кхмер болон Паган улс бууран доройтоход олон улс үүсэн тогтжээ. Түүнээс Энэтхэг, Лаос, Малайн хойг хүртэл тай үндэстний улсууд оршин байв. Си Индратья хэмээх тай ноён кхмерийн эсрэг цэрэг босгож, 1238 онд Сухотай улсыг үндэслэн байгуулав. Рамакхамхаенг (1279–1298) хааны үед газар нутаг тэлж, тай цагаан толгой зохиогджээ. Нэгдмэл улс гэхээс илүүтэй ноёдын сүлжээ, холбоотны маягтай байв. I Маха Тамарача (1347–1368) хааны үед теравада буддын шашинд оржээ.
Нутгийн умард хэсгийг эзэгнэсэн Ланна улс 1292 онд Чянмайд төвлөн байгуулагдаж ойр орчныг нэгтгэв. Меконг мөрний сав дагаад паяо, лопбури зэрэг олон улс байв.
Ают улс
засварлах1350 онд Утон хаан Ают улсыг байгуулж анхны хаан болов. Ают нь өргөл барих сүлжээнд холбогдсон гүнт улсуудын холбоо байв. Энэ нь улс төрийн холбоо, улс төрийн гэрлэлтээр холбогдож байв. 15-р зууны төгсгөлд Аютынхан Кхмерийн эзэнт улсыг гурвантаа халдан довтолж Ангкорыг буулган авч бүс нутагтаа ноёлох болов. Сухотай нь Аютад алба барьдаг болсон ба эцэстээ дотор нь багтжээ. Ают тэндээс Малайн хойгийг эзлэхээр оролдсон боловч Хятадын Мин улсын тусламжийг авсан Малаккын султант улсыг эзэлж чадсангүй.
16-р зууны эхнээс эхлэн Европынхон харилцаж эхэлсэн. 1511 онд Португалын Афонсо дө Албукюрк бэйсийн зарлигаар II Рама Тибодид тусламжийн цэрэг ирж байв. 17-р зуунд Франц, Нидерланд, Английнхантай энэ мэт харилцаж байв. Энэ үед Ают нь умардад Чянмай, өрнөдөд мон, Бирмтэй түлхэлцэн оршсон. Бирмийн Таунго улстай 1540 оноос хэд байлдсаны эцэст 1570 онд нийслэлээ эзлүүлж баларч, 1584 онд Наресуан хаан мандах хүртэл Бирмийн хараат байв.
Нарай хааны (1656–1688) үед Ают нь Европын аялагчид Хятад, Энэтхэгээр аялах замдаа дайрч өнгөрдөг томоохон нэр хүндтэй Азийн улс болж ирсэн. Францын нөлөө ихсэхэд үндсэрхэг үзэл гарч 1688 оны Сиамын хувьсгалаар Нарай хаан түлхэгдэн унажээ. Франц номлогч нарын христийг дэлгэрүүлэх оролдлого тасраагүй. Ордны цуст тэмцлийн дараагаар 18-р зуунд Аютын алтан үе болох урлаг, уран зохиол, эрдэм цэцэглэн хөгжсөн үе тохиосон. Төгсгөлийн 50 жилд дотоодын эрх мэдлийн тэмцэл газар авч, төр доройтжээ. 1765 онд Бирмийн 40000 цэрэг Ают руу довтолж, 14 сарын бүслэлтийн дараа Аютын нийслэл галдан шатаагдсан.
Тонбури улс
засварлахБирмд ялагдсан дайны дараа нийслэл хоосров. Хуучин нийслэл эзлэгдсэн ч орон нутгийн ноёд тэмцэж байв. Түүнээс Чаотак нь Чантабүригаас цэрэг босгож Тонбури цайзыг эзлээд Таксин хаан цол өргөмжлөгдөв. Тэр олон ноёдыг дагуулж Бирмийг үлдэн хөөв. 1775 онд Ланнаг чөлөөлж, 1778 онд Вьентьянг эзэлж, Камбожид нөлөөгөө тогтоожээ. Түүний харгис занг тэвчээгүй жанжин төрийн эргэлт хийж, 1782 онд өнөөг хүртэл төр барьж буй Чакрийн хаан угсааг үүсгэж I Рама хааныг өргөмжилжээ.
Раттанакосин улс
засварлахI Рама (1782–1809) хааны үед Раттанакосин улс нь Бирмийн довтолгоог няцаахын сацуу Лаос, Камбожийн үлэмж хэсгийг захирч байв. 1821 онд Британийн Жон Кроуфордтой байгуулсан гэрээ нь 19-р зууны Сиамын улс төрийн бодлогод тусгалаа олжээ. 1926 онд Британи нь Бирмийг ялж дагуулснаас хойш Сиам нь өрнөдөөс Энэтхэг-Бирмийг эзэлсэн Британи, дорнодоос Вьетнам-Камбож-Лаосыг залгих Франц гэсэн хоёр Европын колоничлогч орны завсрын улс болон тогтжээ. Чулалонгкорн хааны үед (1868–1910) улсын төвлөн захирах ёс бэхжиж, элчин сайд томилж, боолын ёсыг халж, 1788 онд 12 кром (яам) бүхий засгийн тогтолцоог тогтоожээ. 20-р зууныг хүртэл Сиам нь колоничлогч хөршүүдэд нэлээн газар нутаг алдсан байна. 1912 онд хэмжээгүй эрхт хаант засгийг халахын төлөө бослого гарсан боловч дарагджээ. 1917 онд Сиам нь Дэлхийн I дайнд шахалтаар холбоотны талд нэгдэн байлдав.
Хэмжээт эрхт хаант засаг
засварлах1932 оны Хана Ратсадоны удирдсан хувьсгалаар цус урсгалгүйгээр хэмжээгүй эрхт хаант засгийг хэмжээт эрхт хаант засаг болгож, анхны үндсэн хуулийг баталжээ. Язгууртнууд сөрөг хувьсгал хийхийг оролдсон боловч бүтэлгүйтсэн. Үүний дараа Швейцарт сурсан Ананда Махидол нь VIII Рама хаан болжээ. 1940 онд улсын нэрийг «Сиам» байсныг халж «Тайланд» ххэмээн өөрчлөн нэрийдэв. 1941 онд Японы холбоотон болж Виши Францын эсрэг байлдав.
1946 онд залуу Ананда хаан нас барсан тул түүний дүү Бхумибол Адулядеж хаан ширээ залгамжлав. Тайланд нь 1954 онд АНУ-тай холбоотон болсон ба 1957 онд төрийн эргэлтээр Хана Рацадон улс төрийн тавцнаас зайлуулагдав. Түүний үед улсын дэд бүтэц, боловсролын салбарт үлэмж дэвшил гарсан гэдэг. 1961 онд Вьетнамын дайн дэгдэхэд АНУ нь Тайландыг хамгаална гэж гэрээлжээ. Тай соёл орчин үеийн байдлаар хөгжиж, өрнөдийн хэв маягийг шингээсэн. Хотжилт эрчимтэй явагдаж, эдийн засаг хөгжиж, дунд ангийнхан дийлэнх олонхыг эзлэх болов. 1971 онд ерөнхий сайд Тханом Киттикачорнын дарангуйллын эсрэг тэмцэл өрнөснийг иргэдийн цусыг асгаруулан даржээ. Бхумибол түүний оронд Саня Дхармасактиг ерөнхий сайд болгосон нь 1932 оноос хойш хаан улс төрд шууд оролцсон тохиолдол болов. Ардчилал төдий удаан үргэлжлээгүй.
Орчин цагийн түүх
засварлах1950-60-аад онд жагсаал эсэргүүцэл их, Вьетнамын дайны дараа коммунизм орж ирэх вий гэсэн айдас үүсч хэт барууны чиглэлтэй төрийн эргэлт 1976 онд болжээ. 1980 онд хойг даяарх дүрвэгчдийн хөдөлгөөн, Вьетнамын хилийн дээрэм, эдийн засгийн хүндрэлээс хамаарч 1980 онд мөн цэргийн эргэлт гарав. 1980-аад онд хоёр удаа төрийн эргэлт гарах оролдлого гарсан ч бүтэлгүйтсэн. 1991 оны төрийн эргэлт араасаа маргаан дагуулж 1992 онд Бхумибол хаан оролцож ерөнхий сайдыг огцруулжээ. 1997 оны Азийн санхүүгийн хямрал нь 40 жилийн эдийн засгийн хурдацтай хөгжлийг нэгэнтээ тасалдуулсан. Популист Тайрак Тай намын Таксин Шинаватра 2001 оноос ерөнхий сайд болсон ба түүний бодлого хөдөөгийн ядуурлыг бууруулах, эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн. 2004 оноос эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн ба 2006 онд цэргийн эргэлтээр огцорчээ. 2007 онд Таксины талын эвсэл сонгуульд ялсан ба түүнээс түүнийг дэмжигч-эсэргүүцэгчдийн хооронд зөрчилдөөн явагддаг болсон. 2011 онд түүний дүү Инглук Шинаватра Тайландын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайд болжээ. Бас нэгэн тэмцэл хямралыг зогсоож 2014 онд цэргийн эргэлт гарч, генерал Прают Чан-о-ча ерөнхий сайд болсон. 2016 онд 70 жил төр барьсан Бхумибол хаан нас барж, хүү Важиралонгкорн нь хаан ширээнд заларсан. 2019 онд хунтын дэглэм сонгуулийн товыг зарласан ба 2020 онд КОВИД-19-ын үед ардчиллын төлөө тэмцэл хориглогджээ.
Төр засаг
засварлахУлс төр
засварлах1932 оноос эхлэн Тайландын хаан нь хэмжээт эрхтэй болсон. 1932 оноос эхлэн 20 удаа Үндсэн хууль, нэмэлт өөрчлөлт оруулж баталсан.
10-р Рама хаан Важиралонгкорн |
Прают Чан-о-ча ерөнхий сайд |
Тайландад төрийн эргэлт олон удаа болдогоороо алдартай. 1932-2020 он хүртэлх 88 жилийн 66 жилд нь цэргийн эрхтэн төрийн өндөр албан тушаалд байсан, байсаар байна. Хамгийн сүүлийн удаа 2014 онд цэргийн эргэлт гарч, одоогийн ерөнхий сайд томилогдсон. Тайландын намууд тийм ч урт түүхтэй биш. 1992-2006 онд хоёр намын тогтолцоотой байсан. 2000 оноос хойш сонгуульд Тайландын төлөө нам болон Ардчилсан нам хоёр голчлон иргэдийн санал авч байна. Сүүүлийн үеийн үндсэн хуулийн орчинд нэг нам олонх болж чадахгүй болж, олон намын тогтолцоотой байдаг болсон.
Хаан
засварлахӨнөөгийн хаан чакрийн угсааны 10-р Рама (Важиралонгкорн) нь 2016 онд хаан ширээнд заларсан. Үндсэн хуулиар хааны эрх мэдэл хязгаарлагдмал, үндсэндээ бэлгэдлийн төрийн тэргүүн байна. Хаан нь зэвсэгт хүчний ерөнхий командлагч бөгөөд буддын шашинтны хувьд сүсэг бишрэлийн хамгаалагч юм. Хаан нь өв залгамжлагчаа томилох, хаан угсааныхны хэрэг явдлыг шийдэх, хаанд зөвлөх зөвлөгч нарыг томилох эрх үүрэгтэй. Хэдий тийм боловч улс оронд үймээн үүссэн тохиолдолд хаан улс төрд оролцсон тохиолдол цөөнгүй юм. Хааны гэр бүлийг доромжилсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх хуультай.
Хууль тогтоох эрх мэдэл
засварлахУлсын хурал буюу Үндэсний Ассамблей нь сенат (150 суудалтай дээд танхим), төлөөлөгчдийн танхим (350 суудалтай доод танхим) хоёроос бүрддэг. Сүүлийн сонгууль 2019 онд болсон. Өнөөгийн ерөнхий сайд, генерал Прают Чан-Очагийн тэргүүлдэг Ардын төрийн эрх намын толгойлсон эвсэл олонхын суудал авсан.
Хэрэгжүүлэх эрх мэдэл
засварлахТайландын ерөнхий сайд болон бусад 35 хүртэлх тооны сайдыг Улсын хурлаас томилдог. Сайд нарыг ерөнхий сайд нэр дэвшүүлж, хаан зөвшөөрч баталдаг.
Шүүх эрх мэдэл
засварлахШүүх байгууллага улсын хурал болон засгийн газраас тусдаа хараат бус байна.
Засаг захиргаа
засварлахТайланд нь нэгдмэл улс. Нутаг дэвсгэр нь эхлээд 76 аймаг (จังหวัด, changwat), 2 тусгай нутаг (Бангкок, Паттая) болон хуваагддаг. Аймаг нь сум ((อำเภอ, amphoe), цаашлаад сум нь баг(ตำบล, tambons) болж хувагддаг. Аймаг болгоны засаг захиргааны төв болсон хот суурин нь аймгийнхаа нэртэй адил нэртэй байдаг. Аймаг, сумын засаг даргыг улсын төв засгийн газраас томилдог. Аймгуудыг багцлаад умард, төв, дорнод, өмнөд, дорно умард зэргээр муж болгож ангилдаг.
Гадаад харилцаа
засварлахТайланд нь НҮБ зэрэг олон улсын байгууллагуудын бүрэн эрхт гишүүн юм. Дорно өмнөд Азийн АСЕАН-ийн гишүүн бөгөөд бусад бүс нутгийн орнуудтай нягт холбоотой, Америктай НАТО-гийн биш цэргийн холбоотон гэдэг холбоотон байна. 2003 онд Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажилллагааны байгууллагын хурлыг зохион байгуулсан. Дорно Тимор Индонезээс тусгаар тогтносны дараа Тайланд нь олон улсын энхийг сахиулах цэргийн үүрэг гүйцэтгэсэн. Таксин Шинаватра эхлээд Хятад, Австрали, Бахрейн, Энэтхэг, Америктай чөлөөт худалдааны гэрээ байгуулах гэж оролдсон нь Тайландын аж үйлдвэр өрсөлдөх чадамж муу учир арчигдана хэмээн шүүмжлэгдсэнээр гэрээ байгуулагдаагүй. Таксин мөн Лаос зэрэг бүс нутгийн орнуудад идэвхтэй тусалж, бүс нутгийн манлай орон байхыг зорьж байсан. Ирактай АНУ-ын тэргүүлсэн дайнд 423 цэргээ илгээсэн бөгөөд 2004 онд цэргээ татан гаргасан. 2009 онд Камбожтой 900 жилийн настай булшнаас болж буудалцсан бөгөөд Камбожийн 2, Тайландын 3 цэрэг тус тус амь үрэгдсэн.
Эдийн засаг
засварлахТайланд нь шинээр аж үйлдвэржиж буй орон юм. 2017 онд худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ нь 1 тэрбум 390 сая ам.доллар буюу нэг хүнд 20 474 ам.доллар ноогдож байна. Нийт ДНБ-ийн хэмжээгээр Зүүн Өмнөд Азид Индонезийн дараа 2-рт, дэлхийд 20-рт орж байгаа нөлөө бүхий эдийн засаг юм. Нэг хүнд ноогдох хэмжээгээр бүс нутагтаа Сингапур, Бруней, Малайзын дараа 4-рт орж байгаа. 1986-1996 оны жилийн дундаж өсөлт 12.4% байжээ. Азийн санхүүгийн хямралын дараа буюу 2000 оноос хойших жилийн дундаж өсөлт 4-5% байна. Улс төрийн тогтворгүй байдал нь гадаадын хөрөнгө оруулалтыг буурахад нөлөөлсөн.
Орлогын хуваарилалт
засварлахОрлогын хувьд тэгш бус бөгөөд нийт хүн амын 10% нь нийт хөрөнгийн 80% эзэмшдэг. 2016 онд 5.9 сая хүн ядуу, 11.6 сая хүн ядууралд ойрхон гэж ангилагдсан. Дорно умард, өмнөд, умард мужуудад ядуурал илүүтэй байна.
Экспортын үйлдвэрлэл
засварлахТайландын ДНБ-ын 2/3 нь экспортын бараа байна. Үүнд автомашин, компьютер, цахилгаан бараа, цагаан будаа, нэхмэл эдлэл, гутал, загас агнуурын бүтээгдэхүүн, резин, үнэт эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүн гол хувийг эзэлж байна. Тайландын автомашин үйлдвэрлэл Өмнөд Азийн хамгийн том бөгөөд дэлхийд 9-р байрт орж байна. Тайландад Япон, Америкийн үндэстэн дамнасан автомашин үйлдвэрлэгчдийн лиценз бүхий үйлдвэрүүд байрладаг. Ачааны автомашины тухайд гэхэд Японы 5, Америкийн 2, Энэтхэгийн 1 компани Тайландад үйлдвэрээ байгуулжээ.
Аялал жуулчлал
засварлахАялал жуулчлал улсын эдийн засаг 6%-ийг бүрдүүлж байна. Шууд бус нөлөөг нь тооцвол улсын эдийн засгийн 20%-д нөлөөлж байна. Ихэвчлэн Азийн жуулчид ирдэг бөгөөд Тайландын түүхт газар, байгалийн үзэсгэлэн, соёлын өв зэргийг сонирхдог. Өмнөд нутгийн далайн эргийн амралтын газрууд нь дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татдаг. Умард нутагт адал явдал эрэн хайсан, шугуйт уулын аялал бас бий.
Тайланд нь эмнэлгийн аялал жуулчлалын хөгжүүлсэн бөгөөд жилд 2.5 сая эмчлүүлэгч-жуулчин хүлээн авдаг. Үүнд хүйс шилжүүлэн суулгах, гоо сайхны хагалгаа зэрэг орно. Өмнөд эргийн Паттая зэрэг хотод секс жуулчлал хөгжсөн бөгөөд нийт эдийн засгийн 3%-тай тэнцэх том бөгөөд улсын нийт жуулчдын мөнгө зарцуулалтын 10%-ыг үүнээс олж байна.
Хөдөө аж ахуй
засварлахТайланд улс дэлхийн хамгийн том цагаан будаа экспортлогч орон байсан бөгөөд саяханаас Энэтхэг, Вьетнамын дараа 3-т ордог болсон. Нийт ажиллах хүчний 49% нь газар тариаланд ажиллаж байна. Тариалан эрхлэх боломжтой газар нутгийн хэмжээгээр бүс нутагтаа тэргүүлдэг. Нутгийн тариалан эрхлэх боломжит газрын 55%-д тутарга тариалдаг. Уламжлалт арга барилаас техниктэй дэвшсэн салбар болж хөгжих шилжилтийн үе дээр явж байгаа.
Зам тээвэр
засварлахТайланд улсын төмөр замын компани нь дангаараа нь улсын бүх төмөр замыг ашигладаг. Бангкок хотын өртөө нь бүх замын зангилаа болдог. Нийт 4507 км урт төмөр замтай.
Тайланд улсын Бангкок хотод 3 янзын шуурхай тээврийн хэрэгсэл байна. Үүнд метро, хурдан автобус, нисэх буудлын галт тэрэг гурав орно. Метро нь 1999 оноос ашиглагдсан, нэмж 3 чиглэл баригдаж байгаа, одоогоор 70 км урт, 2 чиглэлийн 53 өртөөтэй, өдөрт 470000 хүн зорчдог. Түргэн автобус нь 2010 оноос ашиглалтад орсон, 1 чиглэлийн 12 буудалтай, 16 км урт, дундаж хурд 30 км/цаг, өдөрт 25000 хүнд үйлчлүүлдэг. Нисэх буудлын галт тэрэг нь 28 км төмөр замаар Суварнабуми олон улсын нисэх буудлаас хотын төв хүртэл 8 өртөөтэй, 120 км/цаг хурд авна.
Тайланд нь 390000 км авто замтай. 37 сая автомашин, 20 сая мотоцикл бүртгэгдсэн байна. Төрөл бүрийн тээврийн хэрэгсэл, үүнд жижиг автобус, түг түг, сонтэв зэрэг өвөрмөц унаа бий.
2012 оны байдлаар 103 нисэх буудалтай (63 нь цардмал замт). 6 нисдэг тэрэгний буудалтай. Суварнабуми зэрэг 8 олон улсын нисэх онгоцны буудалтай.
Далайн тээвэр, усан замын тээвэр хөгжсөн. Бангкок, Паттани зэрэг боомтуудтай. Нутгийн дундуур Чаупрая мөрөн тээврийн зам болно.
Эрчим хүч
засварлахТайландын эрчим хүчний хэрэглээ өндөр. Газрын тос, байгалийн хий, нүүрсийг импортолдог. 2013 онд 118.3 сая тонн байсан хэрэглээ 2018 онд 133 тонн болж өссөн. 2014 оны байдлаар нийт цахилгаан хэрэглээний 75%-ийг шатдаг хийнээс, 20%-ийг нүүрс түлдэг цахилгаан станцаас, бусдыг биомасс, усны, биогазын эх үүсвэрээс гаргаж үйлдвэрлэж байна. Тайланд нь хэрэглэж буй газрын тосныхоо гуравны нэгийг үйлдвэрлэдэг. Зүүн Өмнөд Азид нүүрс үйлдвэрлэлээрээ Индонезийн дараа 2-рт, газрын тосны импортоор 2-т ордог. Дотоодын нүүрсний хэрэгцээгээ бүрэн хангаагүй учир гаднаас импортолдог. Тайланд шатдаг хий үйлдвэрлэлээр улсынхаа хэрэгцээг 80% хангадаг.
Албан бус хөдөлмөр эрхлэлт
засварлахӨнөөдөр Тайландад албан бус хөдөлмөрийг ихэвчлэн үндсэн гурван бүлэгт хуваадаг. Туслан гүйцэтгэгч (хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэрээр ажилладаг ажилчид), үйлчилгээний ажилчид (зоогийн газарт ажилладаг, гудамжны худалдаачин, массажист, таксины жолооч) болон хөдөө аж ахуйн ажилчид. Эдгээр ангилалд зугаа цэнгэл, шөнийн амьдрал, сексийн салбарт ажилладаг хүмүүсийг оруулаагүй болно. Хөдөлмөрийн албан бус салбарын эдгээр чиглэлээр ажилладаг хүмүүс бэлгийн мөлжлөг, хүний наймааны хүрээлэлд элсүүлэх зэрэг нэмэлт эмзэг байдалтай.
Ерөнхийдөө албан бус салбарт боловсролын түвшин бага байна. 2012 оны судалгаагаар албан бус ажилчдын 64% нь бага ангиас дээш боловсрол эзэмшээгүй болохыг тогтоожээ.
Нийгэм соёл
засварлахИдээ унд
засварлахТай хоол олон төрөл байна. Чихэрлэг, исгэлэн, гашуун, давслаг, халуун ногоотой гэсэн үндсэн 5 амттай төрөлүүд байдаг.
Тэмдэглэл
засварлах- ↑ Хиндүизм болон зарим бүс нутгийн, уламжлалт угсаатны шашныг багтаасан
Эх сурвалж
засварлах- ↑ "Thailand" Архивлагдсан 10 Зургаадугаар сар 2021 at the Wayback Machine, The World Factbook.
- ↑ "Population by religion, region and area, 2018". NSO. Archived from the original on 24 April 2021. Татаж авсан: 9 March 2021.
- ↑ * "Is Thailand Experiencing Democratic Erosion?". democratic-erosion.com. Архивласан огноо 28 May 2022. Татаж авсан: 27 April 2022.
- "Myanmar coup: What's in store for democracy in Southeast Asia? | DW | 9 February 2021". Deutsche Welle. Татаж авсан: 27 April 2022.
- "The Military Writes the Rules in Thailand's Election". Fair Observer. 7 February 2019. Архивласан огноо 19 May 2022. Татаж авсан: 27 April 2022.
- Butler, Gavan. "Thailand at a critical juncture with pro-democracy protesters again set to clash with police". The Conversation. Татаж авсан: 27 April 2022.
- ↑ "Thailand". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 24 September 2022. (Archived 2022 edition)
- ↑ (Тай хэлээр) National Statistics Office, "100th anniversary of population censuses in Thailand: Population and housing census 2010: 11th census of Thailand" Архивлагдсан 12 Долоодугаар сар 2012 at the Wayback Machine. popcensus.nso.go.th.
- ↑ 6.0 6.1 6.2 6.3 "World Economic Outlook Database, April 2023". International Monetary Fund. April 2023. Татаж авсан: April 22, 2023.
- ↑ "Gini Index". World Bank. Архивласан огноо 27 July 2018. Татаж авсан: 12 August 2021.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
- ↑ Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь". II хэвлэл. 1982 он.
Цахим холбоос
засварлах- Thaigov.go.th Тайландын засгийн газар
- Тайландын аялал жуулчлалын захиргаа Аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
- Тайландын Үндсэний Ассемблей Тайландын парламент
- Mfa.go.th Тайландын гадаад хэргийн яам
- CIA - The World Factbook - Thailand
- Commons: Thailand – Викимедиа дуу дүрсний сан