Иозеф Гайдн
Франц Иозеф Гайдн (Герман: Franz Joseph Haydn, 1732 оны 3 дугаар сарын 31-нд Австрийн Рорау тосгонд төрж, Вена хотод 1809 оны 5 дугаар сарын 31-нд нас барсан) - Австрийн агуу хөгжмийн зохиолч, Венийн сонгодог дэгийн төлөөлөгч, симфони болон чавдаст дөрвөл зэрэг хөгжмийн жанрын суурийг тавилцсан хүн. Мөн сонат, клавира зэрэг жанрт том хувь нэмрээ оруулсан хүн юм.
Намтар
засварлахФранц Иозеф Гайдн 1732 оны 3 дугаар сарын 31-нд Унгартай хиллэдэг Доод Австрийн Рорау тосгоны Харрах гүнгийн эдлэнд төржээ. Гайдн бол сүйх тэрэгний мужаан Маттиас Гайдны (1699-1763) хүү юм. Дуу, хөгжимд маш их дуртай эцэг эх нь хүүгийн хөгжмийн авьяас чадварыг олж мэдээд 1737 онд Иозефыг авга ах Иоганн Маттиас Фрэнк дагуулан Дунай дахь Хайнбург хотод аваачиж, хүүгээ найрал дуу хөгжмөөр суралцуулсан байна.
1740 онд түүнийг Вена дахь Гэгээн Стефан сүмийн найрал дууны захирал Георг фон Ройтер анзаарч авьяаслаг хүүг сүмд аваачсанаар, есөн жилийн турш (1740-1749 он хүртэл) Вена дахь Гэгээн Стефаны сүмийн найрал дуунд (хэд хэдэн жил дүү нартайгаа хамт) дуулж, мөн хэд хэдэн хөгжмийн зэмсгийн чиглэлээр суралцжээ.
Иозеф Венийн хөгжмийн зохиолч, дууны багш Никола Порпорагийн үйлчлэгч зэрэг янз бүрийн ажил хийжээ. Гайдн Никола Порпорагийн шавь болохыг үнэхээр их хүсч байсан ч хичээл нь маш их өндөр үнэтэй байсан тул хичээлийн үеэр хөшигний ард суугаад хэнд ч саад учруулахгүйгээр сонсохоор тохиролцсон байна. Гайдн өөрийн хөгжмийн боловсролын цоорхойг нөхөхийг хичээж, Эммануэль Бахын бүтээлүүд болон найруулгын онолыг хичээнгүйлэн судалжээ.
И.Фукс, И.Матесон болон бусад хүмүүсийн хөгжмийн бүтээлүүд болон онолын бүтээлүүдийг судлах нь Иозеф Гайдны системтэй хөгжмийн боловсролтой болоход их хэрэг болсон байна. Тухайн үед түүний зохиосон клавесын сонатууд хэвлэгдэж олны анхаарлыг татсан юм.
1779 он бол Жозеф Гайдны өсөх замд эргэлтийн үе болсон - өмнө нь түүний бүх зохиол нь гэрээний дагуу унгар баян гүн Миклош Иозеф Эстерхазийн гэр бүлийн өмч байсан бол одоо тэрбээр бусдад зориулж бичиж, бүтээлээ хэвлэн нийтлэгчид зарах эрхтэй болжээ. Удалгүй энэ нөхцөл байдлыг харгалзан Гайдн хөгжмийн зохиолынхоо анхаарлыг өөрчилж дуурь бага бичиж, олон квартет, симфони олноор бүтээж эхэлжээ. Нэмж дурдахад тэрээр Австри болон гадаадын хэд хэдэн хэвлэн нийтлэгчидтэй хэлэлцээр хийж эхэлсэн байна.
Эстерхазийн ордонд бараг гучин жил ажиллахдаа хөгжмийн зохиолч Гайдн олон тооны бүтээл туурвиж, алдар нэр нь улам бүр нэмэгдсээр байлаа. 1781 онд Гайдн Венад байх хугацаандаа Вольфганг Амадей Моцарттай танилцаж нөхөрлөсөн байна.
1790 онд Миклош Эстерхазийг нас барсны дараа түүний хүү, залгамжлагч хунтайж Антал Эстерхази хөгжимд дуртай биш байсан тул найрал хөгжмийг татан буулгажээ. 1791 онд Гайдн Англид ажиллах гэрээ авч тэрээр Австри, Их Британид нэлээдгүй ажилласан байна. Лондонд Гайдн асар их үзэгчдийг цуглуулж түүний концертод маш олон сонсогч ирсэн нь хөгжмийн зохиолчийн алдар нэрийг нэмэгдүүлж, их хэмжээний ашиг олж, эцэст нь тэрбээр санхүүгийн хувьд айх зүйлгүй болжээ.
1791 онд Иозеф Гайдн Английн Оксфордын их сургуулийн хүндэт доктор цол хүртжээ. Энэ үеэр Оксфордын симфони гэж нэрлэгддэг Англи руу аялахаас өмнө бичсэн 92-р симфонийг тоглосон байна.
1792 онд Лондонд хийсэн анхны аяллаасаа буцаж ирээд Бонн хотоор дамжин өнгөрөхдөө Гайдн залуу Бетховентой уулзаж, түүнийг дагалдангаар авч байжээ.
Гайдн Лондонд хийсэн хоёр дахь аяллаасаа буцаж ирээд 1795 онд Венад суурьшжээ. Тэр үед хунтайж Антал Эстерхази нас барсан бөгөөд түүний залгамжлагч II Миклос Гайдны удирдлага дор Эстерхази хөгжмийн байгууллагуудыг дахин сэргээхийг санал болгов. Гайдн саналыг хүлээн авчээ.
Гайдн бүх төрлийн хөгжмийн зохиолд хүчээ сорьсон боловч түүний бүтээлийн бүх төрлүүд ижил мундаг хүч чадалтай байсангүй. Зэмсэгт хөгжмийн салбарт түүнийг 18-р зууны хоёрдугаар хагас, 19-р зууны эхэн үеийн хамгийн агуу хөгжмийн зохиолчдын нэг гэж зүй ёсоор тооцдог.
Иозеф Гайдны хөгжмийн зохиолчийн хувьд агуу гэдэг нь түүний сүүлчийн хоёр бүтээл болох "Ертөнцийг бүтээн байгуулсан нь" (1798), "Жилийн улирлууд" (1801) гэсэн агуу ораториод хамгийн их илэрсэн юм.
Наполеон тэргүүтэй Францын арми Вена руу дайрсны дараахан Гайдн 1809 оны тавдугаар сарын 31-нд Вена хотод нас баржээ.
Уран бүтээлүүд
засварлахХөгжмийн зохиолч 24 дуурь туурвиж, 104 симфони, 83 чавхдаст дөрвөл, 52 төгөлдөр хуурын сонат, баритон 126 трио, увертюра, марш, бүжиг, найрал хөгжим болон төрөл бүрийн хөгжмийн зэмсгүүдэд зориулсан дивертисс, клавьер болон бусад хөгжмийн зэмсгүүдэд зориулсан концерт зэрэг төрөл бүрийн хөгжмийн зохиол бичсэн. Шотланд, Ирланд, Уэльс дуунуудын найруулга, төгөлдөр хуур, хийл (хийл эсвэл хийл нэмэлт) тааруулж хийсэн байна.
Хобокены цуглуулга-каталог (герман. Hoboken-Verzeichnis, товч. Hob.) Гайдны зохиосон хөгжмийн бүтээлүүдийн цуглуулга.