Император оцон шувуу

Император оцон шувуу (Aptenodytes forsteri) нь бүх оцон шувууны зүйлээс хамгийн хүнд, томд тооцогдох ба зөвхөн Антарктид тивд амьдарна. Өдгөө тоологдоод байгаа нийт хэмжээ нь 400-450,000 байна. Император оцон шувуу дунджаaр 20 хүртэл насалдаг.

Император оцон шувуу

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Оцон шувуу хэлбэртэн
Овог: Оцон шувууныхан
Төрөл: Aptenodytes
Зүйл: A. forsteri
Латин нэр
Aptenodytes forsteri
Gray, 1844
Амьдрах бүс
Амьдрах бүс

Гадаад төрх

засварлах

Нас бие гүйцсэн император оцон шувуу 122 см өндөр, 22-45 кг жинтэй байх ба эр нь эмээс биеэр том юм. Энэхүү оцон шувуу нь бусад оцон шувуудын адил шувтан хэлбэрийн биетэй бөгөөд энэ нь сэлж, шумбах үед усны даралт, эсэргүүцлийг багасгадаг ба далавч нь хатуу, хавтгай сэлүүр болон хувьсч хөгжжээ. Эр, эм нь өнгө үзэмжээр онцын ялгаагүй. Насанд хүрсэн император оцон шувууны нурууны өд нь тод хар ба толгой, эрүү, сүүл далавчны ар хэсгийг бүрхсэн байна. Далавчны өвөр хэсэг, гэдэс нь цагаан өнгөтэй ба чихний орчимд хурц шар өнгийн толботой. Хүзүү, цээж нь цайвар шардуу байна. Дээд хошуу нь 8 см урт, хар өнгөтэй, доод эрүү, хошуу нь ягаан, улбар шардуу өнгөтэй. Император оцон шувууны дэгдээхэй нь мөнгөлөг саарал өд сөдөөр бүрхэгдсэн, хар хошуу, толгойтой, нүүр нь нүд, хацарын хавиар цагаан цайвар байна.

Император оцон шувууны бараан өд нь 11 сараас 2 сарын хооронд бор өнгөтэй болох ба 1-2 сард өд сөд нь гуужин солигддог. Бусад шувуудын гуужилттай харьцуулахад хурдан буюу ердөө 34 хоног зарцуулах аж.

Идэш тэжээл

засварлах

Император оцон шувуу нь голдуу загасаар хооллох ба мөн наймаалж, арваалж, сам хорхой гэх мэт барьж иднэ. Тэд ан хийхдээ 18 минутын турш, 535 м хүртэлх гүнд шумбаж чаддаг байна. Сэлэх дундаж хурд нь 6-9 км/ц. Тэдний гол дайсан нь алуурчин халим, далайн ирвэс зэрэг юм.

Оцон шувуу гэхээр Антарктид тивд л байдаг мэт төсөөлөл байдаг ч, үнэндээ 2 зүйлийн оцон шувуу л Антарктидад амьдардаг байна. Нэг нь Император, нөгөө нь Адэли оцон шувуу юм. Адэли оцон шувуу нь зуны улиралд, цас мөс хайлан газрын хөрс нь гарсан далайн эрэгт өндөглөн дэгдээхэйгээ бойжуулдаг бол император оцон шувуу нь тэсгим хүйтэн өвөл, цас мөсөөр хучигдсан талд үржлийн үе нь эхэлдэг аж. Антарктид тивд намрын улирал болох 3-4 сард хэдэн мянгаар сүрэглэн далайгаас холдож мөсөн талд очдог. Энэ газар нь далайн эргээс 50-100 км зайтай юм. Ингэж хол зам туулах шалтгаан нь махчин амьтдаас холдох, мөн дэгдээхэй нь өсөж бойжихоос өмнө мөсөн эрэг хайлах магадлалтай тул хэмээгддэг. 5-6 сард эм нь 12 см урт, 450 гр өндөг гаргана. Ядарч цуцсан эм нь хоол тэжээл хайн далайруу зүглэх ба эр нь өндгөө дарж үлддэг. Зогсоо байдалд, сарвуун дээрээ өндөгөө тавиад гэдэс хэсгээрээ дулаацуулан дарах ба үүр гэх юмгүй. Эр оцон шувууд -60 хэмийн хүйтэнд, цасан шуурганд бөөгнөрөн ойртож зогсоод өндгөө дарсаар байдаг. 65 хоноод өндөг хагаран 315 гр жинтэй дэгдээхэй гарна. Энэ хүртэл эр оцон шувуу цаснаас өөр идэх юмгүй тул биеийн жингийн 40% алдаж турдаг байна. Үржлийн мөсөн тал уруу явж эхлэхээс тооцвол 120 өдөр хоол тэжээлгүй байна гэсэн үг юм. 8 сард дэгдээхэй нь гарах ч эм нь буцаж ирж амжаагүй бол эр оцон шувуу ходоодноос сүү мэт шингэн гулгин гаргаж хооллоно. Эм нь буцаж ирээд дэгдээхэйгээ өсгөж, хооллох тул эр нь далай уруу явах ч эцэж туйлдсан зарим нь үхэж хорогдох нь бий.

Далайгаас барьсан хоол тэжээлээ ходоодондоо хадгалан ирсэн эх оцон шувуу бага багаар гулгин гаргаж дэгдээхэйгээ тэжээнэ. Хэдэн 7 хоногийн дараа эр нь буцаж ирэх ба ээлжлэн өсгөдөг. 1 нас хүртэл нийт дэгдээхэйн 19% нь л амьд үлддэг аж. Дэгдээхэй өсгөх явцад Антарктидын салхич шувуу дайрж довтлон дэгдээхэйг барьдаг бол, Өмнөд туйлын цахлай зэрэг махчин шувууд үхсэн дэгдээхэй зэргээр хооллодог.

Зургийн цомог

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Император оцон шувуу – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Император оцон шувуу – Энэ үгийг тайлбар толиос харна уу