Грекийн домог ёсоор Икарус (Эртний Грек: Ἴκαρος, Этруск: Vikare[1]) нь уран дархан Даедалусын хүү юм.

Икарусын уналт (1558 оны орчим) Ахмад Петер Брюгелийн бүтээл

Энэ бол лааны тосоор жигүүр хийж тэнгэрт нисэж, тэндээсээ доош хальж үхсэн нэгэн залуугийн тухай домог яриа билээ. Эртний Грек нутагт юм гэнээ. Афин хотноо Икарус нэрт нэгэн хүү эцэг Даедалусын хамтаар аж төрдөг байлаа. Эцэг Даедалус нь ур чадвараараа гайхагдсан алдартай дархан байсан агаад Хаан Миносын тушаалаар улс оронд нь заналхийлэх болсон аймшигт мангас Минотавр (домогт гардаг Үхэр толгойт, хүн биет мангас)-г төөрүүлэх төөрдөг байшиныг урлажээ. Гэвч удалгүй хаан Минос түүнд хилэгнэж Крит арал руу хүүгийнх нь хамтаар цөлсөн байна. Учир юун гэвэл Даедалус зоригт эр Тэсеуст төөрдөг байшингаас гарч Минотаврыг устгахад тусласан агаад сэтгэлт бүсгүй нь болох Миносын охин Ариаднег түүнд хүргэж өгсөн байна.

Ингээд Даедалус Критээс оргохоор шийдэж өөртөө болон хүү Икарустаа зориулан шувууны өдийг цуглуулж, түүнээ лааны тосоор нааж хос жигүүр бэлтгэжээ. Нисэхийнхээ өмнө эцэг нь хүүдээ анхааруулж гэнэ, наранд хэт ойрхон нисч болохгүй гэж, далайн уснаас холуур нис гэж. Ингээд нисэх цаг ч болж эцэг хүү хоёр арлаас дээш хөндийрөн нисч эхэллээ. Гэвч хөөрч догдлон, сониуч зандаа хөтлөгдсөн Икарус эцгийн үгийг умартан дээш улам бүр дээшээ хөөрч гэнээ. Ийнхүү нисч байх үедээ лааны тосоор хийсэн далавч нь хайлж буйг анзаарсангүй. Удалгүй бүх лааны тос хайлж, хамгийн сүүлийн өд нь салхинд хийсэх тэр үед Икарус хэрэг бишидсэнийг мэдлээ... Тийнхүү Икарус доош далайн усанд унаж живж үхсэн гэдэг. Түүний живсэн тэр газар нь Эгейн тэнгис байсан юм.

  1. Larissa Bonfante, Judith Swaddling, Etruscan Myths, p. 43

Гадны холбоос

засварлах
  Commons: Икарус – Викимедиа зураг, бичлэг, дууны сан