Пилава овгийн Гүн Роман Игнацы Франташек Потоцки, (польш. Roman Ignacy Franciszek Potocki; 1750 оны 2-р сарын 28-нд Люблин мужийн Разин-Подласки хотод төрж, 1809 оны 8-р сарын 30-нд Вена хотод нас барсан) — Польшийн гүн, улс төрийн зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч, орчуулагч болон түүхч.

Роман Игнацы Потоцки

Игнацы Потоцки 1791 онд Цагдаагийн газрын сайд, 1791-1794 онд Литвын Их маршал (парламентын дарга), Эрхийн харуулын цагдаагийн сайд, Байнгын зөвлөлийн маршал, 1773-1791 онд Үндэсний боловсролын комиссын гишүүн, 1781-1784 онд Польшийн Үндэсний Дорно дахины их маршал байв.

Тэрээр хааны армийн хурандаа (дараа нь Литвын их бууны ангийн генерал болсон) Эустахи Потоцки (польш. Eustachy Potocki) болон хааны цэргүүдийн хурандаа Марианна Концка нарын хүү болж 1750 онд төрсөн байна. Польшийн улс төрч Станислав Костка Потоцки (польш. Stanisław Kostka Potocki) түүний дүү юм.

И.Потоцки Варшав хотод католик шашны пиарист урсгалын Нобилиум Коллежид дээд боловсрол эзэмшээд, дараа нь Ром хотод (Назаренум, 1765–1768) хууль зүйн чиглэлээр суралцаж, санваартан болохоор зэхэж байжээ. Тэрээр Итали, Франц, Германд хэсэг хугацаанд ажилласан. 1771 оны 4-р сард Польшид буцаж ирээд жилийн дараа Литвын шүүхэд (1772-1782) томилогдов. 1772 оны 12-р сарын 27-нд их маршалын титмийн цолтой Эльжбиета Любомирскатай гэрлэжээ.

Тэрээр Станислав Август Пониатовскийн (эхэндээ түүний өрсөлдөгч байсан, 1776 онд Оросын хааны эсрэг хуйвалдаан хийсэн, хожим эх оронч намын удирдагч байсан) эрх барих үед Польшийн олон нийтийн амьдралд тэргүүлэх зүтгэлтэн байсан юм. Польшийн 1971 оны тавдугаар сарын 3-ны Үндсэн хууль боловсруулсан хүмүүсийн нэг бөгөөд сүүлд 1778 онд "Цагаан бүргэдийн одон"-гоор шагнагджээ.

1792 оны Орос-Польшийн дайны үеэр Игнацы Потоцки эзгүй байсан Дайны сайдын үүргийг гүйцэтгэсэн. Оросын эзэнт гүрэн ялсны дараа Игнацы Потоцки Дресден рүү цагаачилжээ. 1794 онд Тадэуш Костюшкогийн удирдлага дор болсон Польшийн хувьсгалын (бослого) үед Варшав руу буцаж ирээд, "Ардын" засгийн газрын гадаад хэргийн сайд болсон байна. 1794 онд Прага руу дайрсны дараа Оросын армийн төлөөлөгчидтэй хэлэлцээр хийж, Александр Суворовт Польшийн титмийг I Павел хааны хоёр дахь хүү Их гүн Константин Павловичид шилжүүлэхээр хүлээлгэн өгчээ. Түүнийг баривчиж Шлиссельбургт хорьжээ.

1796 онд суллагдаад Игнацы Потоцки Австрийн эзэнт гүрний нэг хэсэг байсан Галицид амьдарч байв. Тэрээр Клементовице хотод суурьшсан бөгөөд тэндээ түүх, утга зохиолын ажил эрхэлдэг байв. Мөн Варшавын шинжлэх ухааны анд нөхдийн нийгэмлэгийн гишүүн болсон. 1809 онд Юзеф Пониатовскигийн удирдлага дор Польшийн арми Галицийг чөлөөлсний дараа И.Потоцки улс төрд эргэн ирж, Варшавын шинээр байгуулагдсан Их Гүнт улсын тусын тулд ажиллаж эхэлжээ. Тэрээр Наполеон руу Австрийн Галицийг Варшавын Гүнт улсын бүрэлдэхүүнд оруулахыг зөвшөөрч өгөхийг хүсэх дипломат төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж явахдаа Вена хотод нас баржээ.

Түүнийг Варшав орчмын Виланувд оршуулжээ.