Жулиан Пол Ассанж (англи. Julian Paul Assange [əˈsɑːnʒ]; 1971 оны 7-р сарын 3-нд Австрали улсын Таунсвилл хотод төрсөн) - австралийн интернет-сэтгүүлч, телевизийн хөтлөгч, WikiLeaks -ийг үндэслэгч. Хөгжилтэй орнуудын дээд хэмжээний дипломат болон, цэргийн, тагнуулын, авилгын болон маш нууц их хэмжээний мэдээнүүдийг олон нийтэд ил болгосон хүн.

Жулиан Пол Ассанж

Ассанжийн эх нь 19-р зууны дундуур Австралид ирсэн Шотланд, Ирландын цагаачдаас гаралтай. Түүний эцэг Жон Шиптон гэдэг хүн байсан бөгөөд Вьетнамын дайны эсрэг жагсаалын үеэр Жулианы эх Кристин Хокинстэй уулзаж танилцсан ажээ.

Эх нь жирэмсэн болсны дараа эцэг эх хоёрынхон харилцаа дууссан ажээ. Жулиан сүүлд эцэгтэйгээ анх 25 настайдаа уулзаж танилцжсан байна. 1972 онд түүний эх аялагч театрын найруулагч Бретт Ассанжтай гэрлэж, Жулиан бага насаа нүүдэл суудалд өнгөрүүлсэн байна.

1991 онд Ассанж 20 настай байхдаа хамсаатнуудтайгаа Канадын харилцаа холбооны Nortel Networks компанийн төв серверт хууль бусаар нэвтрэн орсон хэргээр баривчлагджээ. Хэд хэдэн байцаалт авсны дараа тэрээр бүх 25 зүйл ангиар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тус компанид бага зэргийн хохирол учирсан тул Ассанж торгууль төлж хэргээс мултарсан байна. Жулиан Ассанж Төв Квинсландын Их Сургуульд (1994), Мельбурны Их Сургуульд (2003-2006) програмчлал, физик, математикийн чиглэлээр суралцсан байна.

Ассанж 2006 онд WikiLeaks сайтыг үүсгэн байгуулжээ. Маш эмзэг материалтай тулгарна гэдгээ ойлгосон тэрээр сэтгүүлчдэд нааштай ханддаг гэдгээрээ алдартай Швед улсыг үндсэн серверийн “гэр” байхаар шийдсэн байна. Мөн оны арванхоёрдугаар сард WikiLeaks сайтад "Засгийн газрын албан тушаалтныг цаазлах тухай Сомалийн Исламын шүүхийн шийдвэр" гэсэн анхны материал гарч ирэв. Энэ баримт нь бодит бус байж магадгүй ч "АНУ-ын тагнуулын ноцтой эх сурвалжаас олж авсан" гэж портал онцолж байжээ.

Мэдээж Ассанж өөрийн мэдээлэгч эх сурвалжаа хэзээ ч илчилж байгаагүй. Энэ нь эргээд тэдэнд бүрэн аюулгүй байдлыг өгдөг байна. WikiLeaks хуудас руу орохын өмнө мэдээлэл нь бүх портал сервер дээр нэгэн зэрэг хуулбарлагдан байралдаг тул түүнийг мөрдөж олох боломжгүй юм. Ассанж “Аль-Жазира”, “The Guardian”, “Der Spiegel”, “The New York Times” сонинд Афганистан дахь дайны явцын талаарх 100 мянга орчим нууц бичиг баримт, мөн Ирак дахь дайны талаарх хэдэн арван мянган баримт бичгүүдийг илгээжээ. Зарим баримт бичиг нь энгийн иргэдийг цаазлахтай холбоотой байсан. Зарим нотлох баримт, ялангуяа видео мэдээлэл нийтлэгдсэний дараа олон улсад маш их дуулиан дэгдээсэн байна.

2012 оны долдугаар сард Ассанж Wikileaks-д Сири дэх мөргөлдөөнтэй холбоотой 2.4 сая орчим баримт бичгийг нийтлэнэ гэж мэдэгдсэн. Ассанжийн хэлснээр, баримт бичгүүдийг олон нийтэд ил болгосноор энэ улсад юу болж байгааг илүү сайн ойлгоход тусална гэжээ.

2013 оны 8-р сард WikiLeaks 400 гигабайтаас дээш хэмжээтэй баримт бичгийг татаж авах линкүүдийг нийтэлсэн боловч файлууд нь тухайн байгууллагын аль нэгэн гол албан тушаалтанд хохирол учруулсан тохиолдолд мэдэгдэнэ гэж амласан түлхүүрээр хамгаалагдсан байдаг. Энэ нь Эдвард Сноуден, Жулиан Ассанж нарын аюулгүй байдлын баталгаа болдог юм.

2010 онд түүнийг Шведийн цагдаа хүчингийн хэрэгт буруутгасан байна.

2012 оны тавдугаар сарын 30-нд Английн Дээд шүүх Шведэд шилжүүлэн өгөх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Зургаадугаар сарын 19-нд гэрийн хорионд байсан Ассанж Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож тус улсын удирдлагаас улс төрийн орогнол хүссэн байна. Цагдаагийнхан үүнийг гэрийн хорионд байх нөхцөлийг зөрчсөн үйлдэл гэж үзээд түүнийг Элчин сайдын яамнаас гарах мөчид нь баривчлах болно гэж мэдэгджээ. Гэвч халдашгүй эрхтэй дипломат төлөөлөгчийн газрын байранд цагдаа орж чадахгүй байсан юм.

Ассанж дараагийн долоон жил буюу 2019 оны дөрөвдүгээр сар хүртэл Элчин сайдын яамны байранд амьдарсан. Орон сууцны хувьд Эквадорын дипломатууд түүнд оффисын нэг өрөө гарган өгсөн байна; Элчин сайдын яамны байнгын ажил зэргэлдээх байранд үргэлжилсэн. Энэ өрөөнд ор, флюресцент чийдэн, утас, компьютер, гал тогооны өрөө, шүршүүр, гүйлтийн зам, номын тавиурууд байсан байна.