Дэчингунгаагийн Доржготов

Дэчингунгаагийн Доржготов (1940 онд Төв аймгийн Баян сумын нутагт төрсөн- 2024 оны 10-р сарын 12-нд нас барсан) -Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, Академич. 2022 онд "Чингис хаан" одон хүртсэн.

Д.Доржготов нь 1955 онд Улаанбаатар хотын 1-р арван жилийн дунд сургууль, 1957-1962 онд ЗХУ-ын М.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд суралцаж, хөрс судлаач-агрохимич мэргэжил эзэмшжээ. Тэр цагаас хойш өдгөө хүртэл Монгол улсын ШУА, Газарзүй геоэкологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, салбар, лабораторийн эрхлэгч, 1994-2013 онд захирлаар тасралтгүй 60 шахам жил ажилласан манай улсын нэртэй эрдэмтэн юм.  1973 онд Оросын ШУА-ийн Газарзүйн хүрээлэнд газарзүйн ухааны дэд эрдэмтэн, 1992 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Хөрс судлалын факультетад “Монгол орны хөрс” сэдвээр биологийн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалан, 1998 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, Академичаар сонгогдсон юм.

Д.Доржготов 1974 онд ГЗЦСХ-д хөрс судлалын тасгийг анх үүсгэн байгуулж энэ хугацаанд эрдэм шинжилгээний 20 гаруй сэдэв, төслийг удирдан гүйцэтгэж, хөдөө орон нутагт 50 гаруй удаа хээрийн хайгуул судалгаа зохион байгуулж, манай орны хөрсний гарал үүсэл, ангилал, оношлогоо, хувьсал өөрчлөлт, нөөц хэмжээ, зураглал, тархалтын зүй тогтол, үржил шим, чанарын үнэлгээ, ус-физикийн болон геохимийн шинж, бохирдол, доройтол, нөхөн сэргээлт зэрэг олон талт асуудлыг шинжлэх ухааны үүднээс тайлж шийдвэрлэхэд чиглэгдсэн олон арван бүтээл туурвисны дотор Монголд анхных гэж тооцогдох олон судалгааны ажлын эх суурийг тавьжээ. Тухайлбал, Монгол орны хөрсний ангилал, оношлогоо; Монгол орны хөрсний (М1:2500000, М1:1500000, М1:1000000) зургууд; Монгол орны хөрс-газарзүйн мужлалт; Монгол орны хөрсний нөөц хэмжээ, чанарын үнэлгээ; Монгол орны хөрсний орон зайн (өргөргийн, өндрийн, хотгорын бүсшлийн) тархалтын зүй тогтол; Усны сав газруудын хөрсний ус-физик шинжийн тодорхойлолт, зураглал; Улаанбаатар хот болон зарим дүүргийн хөрсний экогеохими, бохирдлын судалгаа; Хөрсний үржил шим, эвдрэл, доройтол, нөхөн сэргээх чиглэлийн ажлуудыг дурьдаж болно.

Тэрээр мөн дээрх хөрсний болон экосистемийн цуврал зураг, атласаас гадна “Монголын нэвтэрхий толь” (2000), “Монголын газарзүйн атлас” (2004), “Монголчуудын түүх соѐлын атлас (2004) зэрэг томоохон бүтээлүүдийг туурвихад хамтран оролцсон нь энэ эрдэмтний эрдэм судлалын ажлын өргөн цар хүрээг илэрхийлж байна. Академич Д.Доржготов эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлсэн энэ хугацаанд эрдэм шинжилгээний 180 гаруй бүтээл бичиж нийтлүүлсэний дотор “Монгол орны хөрсгазарзүйн мужлалт, “Хөрсний ангилалзүй”, “Монгол орны хөрс” зэрэг 15 гаруй ном дангаараа болон бусад эрдэмтэдтэй хамтран туурвиж газарзүйн зураг, атлас 25-ыг хэвлүүлсэн байна. Тэрээр 2009 онд “Монгол улсын Үндэсний атлас”-ыг шинэчлэн хэвлүүлж ерөнхий редактораар нь ажилласан байна.

Тэрбээр 1973 онд “Монголын хойт хэсгийн хөрсний газарзүйн үндсэн шинж, хээрийн хөрсний тодорхойлолт” сэдвээр дэд доктор, 1992 онд “Монгол орны хөрс” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Д.Доржготов нь судалгааны ажлын үр дүнгээрээ 1974 онд “Монгол орны хөрсний 1:2500 000 масштабтай зураг”-ийг анх удаа зохиож хэвлүүлснээс хойш олон зуун бүтээлээ нийтийн хүртээл болгосон бөгөөд эдгээр бүтээлүүдээрээ дэлхийн олон оронд үнэлэгдсэн газарзүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн юм. 1998 онд ШУА-ийн академич цол хүртсэн байна.

Эрдэмтэн Д.Доржготов нь газарзүй, хөрс судлал, байгалийн шинжлэх ухааны салбарт гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллаж Орос, Герман, Хятад, Польш, Япон, Солонгос, Унгар, Казахстан, Итали, Америк зэрэг улсуудын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай хамтран ажиллах үндсийг тавьж, гадаад, дотоодын 50 гаруй хээрийн судалгааг амжилттай зохион байгуулсан. Мөн “Зүүн хойд Азийн байгаль орчны өөрчлөлт”, “Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгаль орчин, тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний цуврал хурлуудыг зохион байгуулсан нь газарзүй, геоэкологийн шинжлэх ухааны салбарт олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинжлэх ухаан технологийг түгээн дэлгэрүүлэх, гадаад харилцааг шинэ түвшинд гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Академич Д.Доржготов 1978 оноос хойш МУИС, УБИС-ийн газарзүйн мэргэжлийн оюутан, магистрант, докторантуудад хичээл зааж эрдмийн ажлынх нь удирдагч байсан.