Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улс
Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улс гэж 1949 он хүртэл оршин тогтосон, одоогийн Шинжаан уйгарын нутаг дэвсгэрт оршин байсан улс бөгөөд ХХ зууны эхээр Манж Чин гүрэн задрахад Уйгарт ч бослого дэгджээ. Кагарлык, Яркенд, Хотаны уйгарууд зэвсэглэн боссон байна. 1912-1913 онд Кумулд томоохон үймээн гарчээ. Гэвч энэ бүх бослого хөдөлгөөн амжилтад хүрсэнгүй. 1931 онд уйгарууд хятадын эсрэг дахин бослого гаргажээ. Энэ удаа тэдний бослогыг Алтайн казахууд, Харшаарын монголчууд, дунган, киргизүүд дэмжсэн байна. 1933 он гэхэд босогчид уйгарын газар нутгийн 90 хувийг хяналтандаа авчээ.
Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улс | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1944–1949 | |||||||||
Төлөв | ЗХУ-ын дагуул улс[1][2][3][4] | ||||||||
Нийслэл | Хулж[5] | ||||||||
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл | Уйгур хэл[6] Орос хэл Казах хэл | ||||||||
Шашин | Ислам | ||||||||
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс[2][7][8][9][10] | ||||||||
Ерөнхийлөгч | |||||||||
• 1944–1946 | Алихан Тура | ||||||||
• 1946–1949 | Ахметжан Касыми | ||||||||
Түүхэн эрин | Дэлхийн 2-р дайн · Хүйтэн дайн | ||||||||
1944 оны 11 сар | |||||||||
• Байгуулагдсан | 11 сарын 12, 1944 | ||||||||
• БНХУ дахь өөртөө засах эрх | 6 сарын 16, 1946 | ||||||||
• Дахин тусгаар тогтнов | 2 сарын 8, 1947 | ||||||||
12 сарын 22, 1949 | |||||||||
Хүн ам | |||||||||
• 1947 тооцоо | 7,000,000 | ||||||||
Мөнгөний нэгж | Зүүн Туркестан доллар Хятадын гаалийн алтны нэгж (1944–1948) Алтан юань (1948–1949) Мөнгөн юань (1949) | ||||||||
| |||||||||
Өнөөдөр | Хятад |
1933 онд Уйгарын эрх баригч Сабит Дамулла, Мухаммад Имин Бугра нар Дорнод Туркестан улс байгуулагдсаныг зарласан байна. Тэд анх Лалын Бүгд Найрамдах Уйгар улс гэж нэрийг сонгосон боловч энд амьдарч байгаа бусад үндэстний саналыг харгалзан үзэж Дорнод Туркестан гэж нэрлэсэн байна. Энэ үед ЗХУ тэдэнд хүчтэй нөлөөлж, дэмжиж байсан бөгөөд Оросын улс төрийнхөн уйгар, түрэгийг ялгадаггүй байлаа. Тиймээс “зүүн Түрэг улс” гэж нэрлэжээ. 1933 оны 11 сарын 12-нд Кашгар хотод улсынхаа үндсэн хуулийг баталжээ. Анхны Ерөнхийлөгч нь Хожа Нияз Хажи, харин Ерөнхий сайд нь Сабит Дамулла болов. Цайвар цэнхэр өнгийн дэвсгэр дээр цагаан өнгийн одтой хавирган сарны дүр бүхий төрийн далбаатай болжээ. 1934 оноос Дорнод Туркестаны удирдагчид Москвад очиж Зөвлөлтөөс дэмжлэг авах болжээ. Гэвч 1936 онд Дорнод Туркестан Улс Чан Кайшийн хяналтанд оржээ.
1937 онд уйгарууд дахин бослого гаргав. Хэдийгээр Дорнод Туркестан нь Хятадын мэдэлд дахин орсон ч өөрийн мөнгөн тэмдэгттэй, ЗХУ-ын төв банкнаас дэмжлэг авч байлаа. Учир нь Шиньжанд уран, вольфрам, сурьма, никель, тантал гээд ашигт малтмалын орд газар илэрсэн байв. Шиньжаны амбан захирагчаар томилогдон ирсэн Хятадын генерал Шэн Шицай эхэндээ оросуудад сайн хандаж байснаа хожим Хятадын гоминданы намд элэгтэй болсонд дургүйцсэн ЗХУ уйгарын үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжих болов. 1941 онд Хятадын эсрэг казахуудын бослого гарав. Бослогыг Оспан Ислам-улы удирджээ.
Генерал Шэн Шицай алдаагаа засаж Шиньжаныг ЗХУ-ын бүрэлдэхүүн хэсэг болгох хүсэлт гаргасан захиаг И.В.Сталинд явуулжээ. Гэвч Сталин татгалзав. Москва өөр хүнийг-Оспан баатарыг дэмжиж байлаа. Түүнийг зэр зэвсгээр хангах ажлыг монголчууд хариуцаж байсан юм. Маршал Х.Чойбалсан Оспан баатартай Ховд аймгийн Булган суманд биечлэн уулзаж нэг удаагийн уулзалтаар 395 винтов, 200 мянган сум, 30 хөнгөн пулемёт, 6 хүнд пулемёт, 45 автомат, 2000 гранат өгч байжээ. Мөн цэргийн зөвлөх, тагнуулчдаар туслаж байв. Х.Чойбалсан давхар Шиньжан дахь Монголчуудын дотор хяналтаа тогтоохыг хүсэж байв. Тэрээр панмонголист санаархалаа Зөвлөлтийн далбаан дор хэрэгжүүлж, бүх монголчуудыг нэгтгэхэд ЗХУ туслана гэж итгэж байсан юм. 1943 онд Зөвлөлтийн тагнуулын байгууллагын дэмжлэгтэйгээр Дорнод Туркестаныг чөлөөлөх «Азат Ташкилаты» гэдэг байгууллага бий болжээ.
1944 оны 11 сарын 8-нд “Цэргийн хувьсгалт хороо” Кульжа хотод хуралдаж Хятадын эсрэг зэвсэгт тэмцэл хийхээр тогтжээ. Бериягийн тушаалаар “Шиньжаны мусульманчуудад туслах хороо” байгуулсан байна. Урдаас сайтар зохион байгуулсан бослого өргөн хүрээг хамарч хятад биш бүх үндэстнүүд оролцжээ. Маш богино хугацаанд тэд Хятадын цэргийг бут цохиж чадсан байна. 1944 оны 11 сарын 12-нд Кульжа хотод Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улсыг тунхаглав. Улсын Ерөнхийлөгчөөр узбек үндэстэн Алихан Тура томилогджээ. Харин орлогчоор нь уйгарын тайж Хакимбек Хожа ажиллажээ.
1945 оны 4 сард Дорнод Туркестаны үндэсний арми байгуулж, командлагчаар нь Зөвлөлтийн генерал Иван Полинов томилогдов. Дивизийн даргаар нь Монголоос гаралтай казах Далелхан Сугарбаев ажиллаж байлаа. Уйгарууд зонхилсон олон үндэстнийг багтаасан Дорнод Туркестан нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улс болох бүрэн боломжтой болжээ. Гэвч энэ улсын ирээдүй 1945 оны наймдугаар сард ЗХУ, Хятадын хооронд байгуулсан хамтын ажиллагаа, найрамдлын гэрээгээр шийдэгдсэн байна. В.М.Молотов, Хятадын гадаад хэргийн сайд Ван Шизе нарын гарын үсэг зурсан гэрээнд Уйгарын асуудлыг тусгажээ. ЗХУ-ын удирдагчид Дорнод Туркестаны эрх баригчдыг Хятадын Гоминданы намынхантай хэлэлцээрийн ширээний ард хүчлэн суулгав. Дорнод Туркестаны төлөөлөгчдийг Ахметжан Касим гэдэг уйгар хүн тэргүүлэв. Дорнод Туркестаны ерөнхийлөгч Алихан Тураг ЗХУ-д авч ирээд байлаа. ХКН Гоминданы намыг ялсны дараа Дорнод Туркестаны төлөөлөгчид Алма-Ата, Иркутскээр дамжин Бээжин хүрэхээр явжээ. Гэвч Алихан Тура ирсэнгүй. Түүний онгоц Иркутскээс ниссэн ч Чита хотын орчимд сүйрчээ. Өөр нэг хувилбараар бол Чита орчимд Дорнод Туркестаны дарга нарыг хороогоод онгоцны ослоор үхсэн жүжиг тавьсан гэдэг таамаглал байдаг. Нас барсан Дорнод Туркестаны төлөөлөгчдийн цогцсыг Кульжа хотод оршуулсан байна.
Маршал Чойбалсан Өвөр Монголыг чөлөөлснийхөө дараа нэгдмэл Монголыг байгуулахад нь Оросууд туслахгүйг түрүүлж мэджээ. Тэгээд зальтай хөгшин чоно Шиньжанаас монголчуудаа татаж авахыг оролджээ. 1944 онд Пагмын удирдлагаар Ховог сайрт нутаглаж байсан торгуудууд хил даван ирж, Монголын нутаг, Булган голын савд ирэв. Казахууд ч Монгол руу нүүж эхэлжээ.
1949 оноос Өрөмч дэх Дорнод Туркестаны засгийн газрыг татарын большевик Бурхан Шахиди тэргүүлжээ. Тэр Хятадын коммунистуудад аядуу хандаж байлаа. Өөр арга байсангүй, ЗХУ тэднийг гаргуунд нь хаяжээ.
Эшлэл
засварлах- ↑ David D. Wang. Under the Soviet Shadow: The Yining Incident; Ethnic Conflicts and International Rivalry in Xinjiang, 1944–1949. p. 406.
- ↑ 2.0 2.1 "The Soviets in Xinjiang (1911–1949)". Архивласан огноо 2008-10-23. Татаж авсан: 2010-07-14.
- ↑ David Wang. The Xinjiang question of the 1940s: the story behind the Sino-Soviet treaty of August 1945
- ↑ Into Tibet: Thomas Laird. The CIA's First Atomic Spy and His Secret Expedition to Lhasa p. 25.
- ↑ Загвар:Harvp
- ↑ Ke, Wang (2018). The East Turkestan Independence Movement, 1930s – 1940s. Chinese University Press. p. 145. ISBN 9789629967697.
- ↑ Загвар:Harvp
- ↑ Benson, Linda (2020). The Ili Rebellion Muslim Challenge to Chinese Authority in Xingjiang, 1944–49. Taylor & Francis. p. 145. ISBN 9781000122718. Татаж авсан: 4 April 2022.
- ↑ Ke, Wang (2018). The East Turkestan Independence Movement, 1930s - 1940s. Chinese University Press. p. 144. ISBN 9789629967697. Татаж авсан: 4 April 2022.
- ↑ Hasanli, Jamil (2021). Soviet Policy in Xinjiang Stalin and the National Movement in Eastern Turkistan. Lexington Books. p. 126. ISBN 9781793641274. Татаж авсан: 4 April 2022.