Доржийн Батаа - БНМАУ-ын 3 удаагийн аварга комбайнч, Монгол Улсын Гавьяат Механикжуулагч.

Доржийн Батаа Дийлэгч тэнгэр ххк зөвлөх
 Монголын гавьяат механикжуулагч
Хувийн мэдээлэл
Төрсөн1930 он
Увс аймаг, Ховд сум
МэргэжилТракторч, комбайнч, агрономич, зөвлөх
ШагналХөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон OrdenPolStar

Монгол Улсын гавьяат механикжуулагч Доржийн Батаа 1930 оны намар 09 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Ховд суманд Шивэрийн завсрын Улааны арын намаржаа гэдэг газарт төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр мал маллаж өсөөд цэрэгт татагдаж, баруун хязгаарт Баян-Өлгийн Баяннуур суман дахь Тавдугаар тусгай суманд алба хааж, 1951 онд халагдан нутагтаа ирээд мал маллахын зэрэгцээ тоо бүртгэгчээр ажиллаж байгаад 1956 онд Ховд аймагт зоотехникчийн курст суралцаж төгсчээ.

 

1957 онд илгээлтээр Төв аймгийн Жаргалант суманд шилжин ирж, трактор комбайны жолоочийн курст сууж 1958 онд одоогийн Сүмбэр сумын нутаг Хар эргийн тасаг буюу Улаан чулууны дөрөвдүгээр бригадыг анх байгуулж, ажиллахаар анхны атарчин болон иржээ. Хар эргийн тасагт долоон хүн хуваарилагдаж ирсний нэг нь Д.Батаа тариаланч юм. Тэд шинэ газрыг анх хагалж, атрын анхны шанг энэ нутагт татжээ. Тэр тусмаа Д.Батаа гуай хамгийн анхны шан татаж, пооль дөрвөлжилж байсан. Хөдөлмөрийн баатар С.Цагааншүхэрт Н.Батдорж, Ц.Сандагдалай гээд л шилдгүүдтэй нэг бригад болон хамтран ажиллаж, анхны атрын шанг Сүмбэр нутагт татсан түүхтэй. Тэр ид ажиллаж байхдаа гурван ч удаа БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар гэх эрхэм цолны болзол хангаж байсан гэнэ. Гэхдээ Загдалын голын хойд эргийг хагалж, төлөвлөгөөт эдийн засгийг биелүүлнэ гэсэн дарга нарын шийдвэрийг эсэргүүцэж, “Чулуутай газар хагалаад хэрэггүй. Чулуутай газар техникт эвдрэл их халгаатай Ямар ч тариа ургахгүй” гэж эсэргүү зан гаргасан. Хөрс боловсруулалтыг чанартай хийж бага газраас өндөр ургац авах хэрэгтэй гээд Өөрийнхөө үзэл бодлыг сумын хурал болгон дээр шүүмжилж ярьсан гэдэг шалтгаанаар Хөдөлмөрийн баатар болж чадаагүй хоцорчээ. Түүнийг анх энэ нутагт ирж байхад сумын төв байгаа газарт гурван казак, нэг урианхай айл байсан гэнэ. Энэ ч үүднээс тэр Сүмбэр сумыг анх байгуулалцсан хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Тэрбээр 265 га газраас тогтмол 428-440 тонн тариа хурааж гарамгай амжилт үзүүлэн БНМАУ-ын өндөр ургацын аварга хэмээх цолыг 1967, 1969, 1973 онуудад гурван удаа хүртсэн гэнэ.

 

Мөн Төв аймгийн “Өндөр ургацын аварга” таван удаа, сумын долоон удаагийн аварга тариаланч болж 1967 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1972 онд Жаргалантын САА, Сүмбэр сумын хүндэт дэвтэрт бичигдсэн.Эгэл жирийн тракторын жолоочоос сангийн аж ахуй тоо бүртгэгч, орлогч дарга хүртлээ дэвшин ажилласан байна.

 
Д.Батаа "Хөдөлмөрийн хүндэт медаль", "Алтан гадас" одонгоор тус тус тариан талбайд шагнуулсан

Тэр ингэж л Монгол улсад атар газар эзэмших, анхны аянд гар бие оролцож үе үеийн хөдөлмөрийн баатар, гавьяат, хөдөлмөрийн аваргуудтай мөр зэрэгцэн гялалзаж атрын хоёрдугаар аянаар байгуулагдсан Октябрийн САА-г, Сүмбэр сумыг анх байгуулалцаж байсан түүхтэй ажээ. БНМАУ-ын Өндөр ургацын гурван удаагийн аваргаар шалгарч, Монгол улсад газар тариалан үүсч хөгжсөн, атар газар эзэмшсэн, анхны аянтай жар гаруй жил энэ салбартаа ажиллаж байгаа улсын хошой тэргүүний тариаланч хамт олон ӨГӨӨЖ СҮМБЭР ХХК, ДИЙЛЭГЧ ТЭНГЭР ХХК-ийн зөвлөх Доржийн Батааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Гавьяат механикжуулагч" цол тэмдгээр шагнасан.

БНМАУ-ын Өндөр ургацын 3 удаагийн аварга