Дондогдулам хатан

(Дондогдулам-с чиглүүлэгдэв)

Дондогдулам хатан (1874 оны Хөх нохой жил Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон бэйсийн хошуунд төрсөн -1923 оны 1-р сарын 13-нд нас барсан)- VIII Богд хааны хатан, Монгол улсын Эх дагина байсан юм.

Жонон Бэйс Сангилагдоржийн хатны шадар албат, аягач явсан бөгөөд 1896 онд VIII Богдыг Амарбаясгалант хийдэд заларч, Өндөр гэгээний тугдам шарилд мөргөл үйлдэхээр явахад анх учирсан хэмээдэг. Энэ бүсгүй зургаан мэдэрхүй төгс, эрдэм чадал өндөр, ёслол журамтай хийгээд далдын мэдэл гүнзгийн учир “увшинз” сахил хүртээж VIII Богд түүнийг өөрийн шадар болгожээ. Ингэснээр сая Богдын ордонд амьдрах эрхтэй болов. Тухайн үед Богд шашны тэргүүн тул тэд шууд олны өмнө илээр ханилж болохгүй байлаа. 1902 он гэхэд Дондогдулам хатан Богдын ордонд ирсэн байдаг. Мөн 1903 он буюу XV жарны харагчин туулай жил Их хүрээний хамгийн отгон буюу 30 дахь аймаг болох Эх дагины аймгийг Дондогдуламд зориулан үүсгэн байгуулсан. Эдгээр үйл явлуудын дүнд (Цагаан дарь эх) Дондогдуламын нэр хүнд ихэд өсч, бэхжих болсон байна.

Дээр дурдсан Эх дагины аймгийн хурал номын үйл ажиллагаа 1938 онд хаагдсан. Гол ядам нь Жэдор, Жүдэн-ээ, гол сахиус нь Жамсран. Эх дагины аймагт Жавзандамба хутагт, Эх дагина, Ялгуусан номун хан, Жиулай хамба, Чин ван да лам Цэрэнчимэд, Дашдэндэв нар аймаглаж байсан тул Өндөр гэгээний сүм, баруун лавиран, хөх торгон тугдам зэрэг ёслол хүндэтгэлийн зориулалт бүхий газрууд байрлаж байжээ. Эх дагины аймагт их жас, өндөр гэгээний жас, Шамбалын жасууд ажиллаж байжээ. Аймгийн Товхан ба Эвийн газрууд нь Жавзандамба хутагтын шавиас Эх дагины буюу Ачлалт ноён хутагтын 2 отог бүхлээрээ, Сэцэн хан аймгаас Жонон вангийн хошууд орж байв. Эх дагины аймаг хамгийн сүүлд байгуулагдсан хэдий ч 1920-иод оны орчим хүрээний хамгийн их ламтай, 4 том аймгийн нэг болтлоо өргөжсөн байдаг. Их хүрээнд 1000 ламтай аймаг 4 байжээ. Энэ нь: 1. Шүтээний аймаг, 2. Сангай аймаг, 3. Зоогой аймаг, 4. Эх дагины аймаг эдгээр болно. Мөн Эрх цагаан дара өргөмжлөгдснөөс хойш Хүрээний аймгууд, сүм, хийдийн газруудын хойморт Богдод зориулан тусгайлан зассан суудлын дэргэд Дондогдулам хатанд зориулсан суудлыг нэмж байрлуулах болсон. Тэрбээр насан багаас гэрийн сургуулиар жод лүйжингийн сургуульд сайтар суралцсан төдийгүй, Говийн догшин ноён хутагтын их, бага жүд, Хүүхэн хутагтын жүдийг уянгалаг сайхан хоолойгоор уншдаг байв. Энэ үед Сэцэн ханы нутаг болон Халх нийт даяар жодын ёс хүчтэй дэлгэрч, эмэгтэйчүүд бурхны ном сургууль идэвхитэй хийх болсон байна. Жавзандамбын шашин буюу Монголын бурхны шашин Төвдийн бурхны шашнаас ч өндөр хэмжээнд хүрч, Их хүрээний сургуулиудын нэр цуу тод сонсогдох болсон үе.

Улсын эх дагина Дондогдулам нь “Шашин төрийг хослон өрнүүлэгч улсын эх дагины тамга” гэсэн тамга барьж хэрэг шийтгэж байжээ. “Шашин төрийг хослон өрнүүлэгч улсын эх дагины” тамгыг Сэцэн хан аймгийн уран дархан Барайшир ван урласан гэдэг. Дархан Барайшир нь Гэрсэнз жалайр хун тайжийн залгамжир, тэрбээр, Богдын алтан тамга, яамдын тамга зэрэг, олон тамгыг урласан учир зарлигаар түшээ гүн, үе улиран бэйлийн зэргээр шагнагдаж байжээ. Эх дагинын тамга нь 11,3 х 11,3 см харьцаатай, дөрвөн кг жинтэй мөнгөн тамга болно.

Сүүлд Сандоо амбан Их хүрээнд ирсний хойно Богдод бараалхжээ. Богд их дагины хамт хүлээн авав. Манжийн эзэн хааны бие төлөөлөгч, амбан сайдад Богд мэхийн ёсолсонд, Эх дагина хүндэтгэл үзүүлээгүй байна. Үүнийг VIII Богд Сандоод “Энэ хүн миний хатан тул танд ёслохгүй байж болно” хэмээн тайлбарласанд, Сандоо амбан “Хутагт хүн эхнэр авах ёсгүй" хэмээн сүрхий донгодсон байдаг. Улмаар 1911 оны 12 сарын 29-ний өдөр VIII Богдыг хаан ширээнд Цагаан дара эхийг Улсын эх дагинад өргөмжилсөн нь албан ёсоор хатан хаан өргөмжилсөн явдал байлаа.

Туул гол дахь Богд хааны “Хайлаастын сүм ордон" гэдэг том жижиг өргөө, тугдамууд, асар, майхан, гэрүүд болон давхар өндөр дүнз модон орос маягийн байшин, лаврин хайлаас мод, бургас, цэцэрлэгийг аятайхан тарьж засаж байрлуулсан зэрэг тусгай томхон хашаатай зуны ордон байсан. Энд ясли, цэцэрлэгийн насны хүүхэд саатуулдаг газар байсан юм. Энэ хүүхдүүдийг Богд хааных бусдаас үрчилж авдаг, зарим нь хүүхдээ Богдод аваачиж өргөдөг байсан гэдэг бөгөөд тэр үед зарим хүмүүс үр хүүхдээ өсгөж тэжээж чадахгүй буюу элдэв бусад шалтгаанаар ялангуяа олон хүмүүс цуглардаг мөргөл, эргэлийн газар хүрд, чулуун бурхан дээр хүүхдээ тавьчихдаг явдал байсан юм. Богд хааныд олон хүүхэд байсан, зарим мэдээллээр 200-300 хүүхэд ч байсан гэдэг. Хүүхэд үрчилж, тэжээж байсан энэ үйл явдал Дондогдулам хатны санаачилга болон дэмжлэгтэйгээр явагдсан гэдгийг үгүйсгэх аргагүй бөгөөд Эх дагиныг өргөмөл хүүхдүүд нь алиа хэмээн нэрийддэг байжээ. Эх дагины асарч байсан хүүхдүүдээс Ламьяа, Чин бишрэлт лам, Ялгуусан лам, Эрэнням, Мөрдорж (Л.Мөрдорж) зэрэг хүүхдийн нэр тодорхой, тэдний татуулсан гэрэл зургууд ч гадуур хувь хүмүүсийн цулуулга болоод тус музейд хадгалагдаж байна. Хүүхэд саатуулдаг тэр газар нь өдгөө Хайстай лаврин ордноос үлдэж хоцорсон хуучны 4 барилгын нэг бөгөөд уг байранд Цагдаагийн газрын хүүхдийн хаяг тогтоох төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүүхдэд ээлтэй газар хэмээдэг. Мөн Богд хааны ордон музейд хадгалагдаж буй Марзан Шаравын “Хайстай лаврин” хэмээх зурагт Ламьяагийн тоглодог байсан гэх эмээл тохож тэргэнд хөллөсөн ямаануудыг дүрсэлсэн байдаг.

Хайстай лаврин ордноос үлдсэн дээрх 4 барилгын нэг нь Эх дагины номын сан байсан гэх барилга бөгөөд одоо Удирдлагын академийн харьяанд байдаг. Одоогоор эдгээр 4 барилгын байршил болон өмчлөлийг тогтоож, хамгаалалтанд авах талаар Богд хааны ордон музейн захиргаа идэвхитэй хөөцөлдөн шийдвэрлэх шатандаа явж байна.

Бүгд ерөнхийлөн захирах сайд Т.Намнансүрэнгийн тушаалаар хотлыг баясгагч дагина Дондогдуламд 100 лан мөнгөний шагнал олгох болж Богдын ордны дэргэдэх Сангай аймаг гэж нэрлэгддэг уран хатгамалчин, барималчин, дархан, гуталчин, зэрэг 120 гаруй урчуудын хэргийг эрхлэн ажиллуулах болов гэсэн мэдээ байдаг. Чингэснээр олон зуун жил шашны статустай явж ирсэн ордны урлагт “иргэний” чиг хандлага нэмэн оруулсан шинэчлэгч нэгэн юм. Эл ордны урлаачдын бүтээж туурвисан эд өлгө, шашин, урлагийн дурсгалаас одоо ч Богд хааны ордон музейд хадгалагдан үлдсэн нь олны нүдийг баясгасаар байна. Энэ “хатан эрдэнэ” болсон их хүмүүний зам мөр болоод үйл хэрэг нь арван зүгтээ дэлгэрч тухайн үеийн нийгмийн нэгэн томоохон төлөөлөл болж байлаа. “Эзний нүүрээр ирж, эзэгтэйн нүүрээр буцдаг” гэгчээр Монголд ирсэн жуулчид ч энэ хүнийг ам булаалдан магтсан байдаг нь ийм учиртай.

Монгол дахь Оросын бүрэн эрхт төлөөлөгч 1913 оны 4-р сарын 4-ний өдрийн тэмдэглэлдээ “Монголчууд Богдыг ямар их дээдлэн шүтдэг нь иймэрхүү ёслолын үед онцгой тод харагдана. Тэд Хутагтыг биелсэн бурхан, амьд хувилгаан хэмээн мухар сохроор итгэн итгэн биширдэг байна. Хатан, өөрөөр хэлбэл эхнэртэй байгаад нь хэн ч үл унтууцна. Хутагт амилсан бурхан мөн юм бол яагаад эхнэр авсан юм бэ? гэж нэг ноёноос намайг асуухад Эх дагина зүгээр л байгаа юм шиг харагддаг, эгэл жирийн усан нүд, цусан зүрхтэй хүнд л тэрээр үзэгддэг болохоос үнэн хэрэгтээ байхгүй гэж тэрээр тайлбарлалаа” [Иван Яковлевич Коростовец] гэсэн нь бий. Эл хариулт бол өөр соёлтой, өөр шашинтай харийн хүнд Богд, хатантай байгаа явдлыг үл буруутгаж буйгаа илэрхийлсэн байдаг.

Эх дагина “торгонд хөлбөрч, тосонд умбасан” хатан дээдсийн хуурмаг ямбанд автсан хүн биш байлаа. Моринд эрэмгий, мэргэн буудагч, оёдол үйлэнд уран, шашин номд ачлалтай жирийн монгол эмэгтэй хүн шиг, сайн эхнэр шиг амьдарч байлаа. Дондогдулам хатан 1902 онд Богдын хааны ордонд ирсэн хэмээн үзвэл Богд хаантай хорин нэгэн жил ханилан суужээ. 1923 оны 1-р сарын 2-нд Дондогдуламын бие чилээрхэхэд оточ маарамба, лам цорж нар сайн бүхнийг хүртээж аврал гүрэм айлдсан боловч илаарь болгож чадсангүй. Мөн сарын 13-наас 14-ний тахиа цагт ертөнцөөс халин, ихээхэн уй гашуу, ёс төртэйгөөр шарилыг нь хайлуулж, одоогийн Улаанбаатар хотын хойно орших Шарга Морьтын амны хойд энгэрт оршуулжээ. Хатны шарилыг тээж хүргэсэн 9 шарга морийг тэнд нь сэтэрлэн тавьснаар тэр амыг "Шарга морьт" хэмээн нэрийдэх болсон ажгуу.

Зөвлөлтийн Сибирьт суугаа Германы консулаас Гадаад явдлын яамандаа явуулсан бичигт: “ухаантай, арга зальтай энэ хатагтай ертөнцийн мөнх бусыг үзсэнээр Богдын ар талын нөлөө эрс багассан” хэмээн тэмдэглэжээ. Доктор профессор С.Дулам бичихдээ "Энэ бол Эх дагинын талаар ойрынхон төдийгүй холынхон зэгсэн эерэг сайн үнэлгээтэй байсныг илтгэж байна" [C.Дулам 2013] хэмээсэн бол академич Ж.Болдбаатар “намар бугын амийг согоо нь авч явдаг” хэмээх ардын цэцэн үгнээс ч, Монгол хатад төрийн жолооноос нь эс ч, цулбуураас нь барилцаж ирсэн түүхэн уламжлалтай гэсэн байна [Ж.Болдбаатар 2010]. Ийнхүү эх дагина таалал төгсснөөс төд удалгүй Богд хааны бие чилээрхэх болсон юм.

Дамбын Төрбат "Эх Дагины далд түүх" намтар роман 2019 онд 3 дахиа хэвлүүлсэн.