Доналд Рамсфелд
Доналд Хенри Рамсфелд (англи. Donald Henry Rumsfeld; 1932 оны 7-р сарын 9-нд АНУ-ын Иллиной мужийн Эванстон хотод төрсөн- 2021 оны 6-р сарын 29-нд Нью-Мексико мужийн Таос хотод нас барсан) - америкийн улс төрч, Бүгд найрамдах намын гишүүн, 1975-1977 онуудад Ерөнхийлөгч Жеральд Фордын болон 2001-2006 онд Жорж Бушийн засаг захиргааны үед тус тус Батлан хамгаалахын сайдын алба хашиж байсан.
1998 онд АНУ-ын олон нийтийн Аюулгүй байдлын бодлогын төв байгууллагын «Гал сахигч» шагнал хүртэж байсан.
Намтар
засварлахДоналд Хенри Рамсфельд хүү 1932 оны 7-р сарын 9-нд эцэг Жорж Доналд Рамсфелд, эх Жаннетт Рамсфельд (төрхөдөө Хастед) нарын гэр бүлд төржээ. Түүний эцэг 1870-аад онд АНУ руу цагаачилсан Германы гэр бүлээс гаралтай байжээ. Иллиной мужийн Виннетка хотод өссөн. Эцэг нь Дэлхийн 2-р дайны үед Номхон далайд нисэх онгоц тээгч хөлөг онгоцонд алба хааж байсан тул тэднийх 1943-1945 онуудад Калифорни мужийн далайн эрэг дахь Коронадо боомт хотод амьдарч байжээ.
Рамсфелд "Baker Demonstration School" хувийн дунд сургууль дараа нь "New Trier High School" дунд сургууль төгсөөд Принстоны Их сургуульд тэтэглэгтэй сурчээ. Принстонд оюутан байхдаа реслинг, хөлбөмбөгийн "Lightweight Football" багийн ахлагч байжээ.
Тэрээр 1954 онд дунд сургулийн найз бүсгүй Жойс Пирсонтай гэрлэж улмаар 3 хүүхэд гаргаж 6 ач, зээ нартай болжээ.
Рамсфелд АНУ-ын Далайн цэргийн флотод 1954-1957 онд алба хаасан байна. 1958 оны 7-р сарын 1-нд Анакостия хот дахь "Naval Air Station" цэргийн баазад шилжиж алба хаажээ. 1960 онд тэрээр Мичиган муж дахь цэргийн баазад онгоцны даргаар томилогдож Грумман S-2 «Трекер» онгоц жолоодож байжээ.
Тэрээр 1959 онд Мичиган мужаас сонгогдсон Конгрессын гишүүн Роберт Гриффины туслах болжээ. Расмфелд 30 настайдаа 1962 онд Иллиной мужаас АНУ-ын төлөөлөгчдийн танхимд сонгогдоод 1964, 1966 болон 1968 онд улиран сонгогдож байсан байна.
Рамсфельд 1969 онд Ерөнхийлөгч Ричард Никсоны засаг захиргаанд ажиллахдаа Конгрессоос гарчээ. Тэрээр Никсоны ерөнхийлөгчийн үед янз бүрийн удирдах албан тушаалд ажиллаж байсан. 1969 онд Никсон Кеннедигийн засаг захиргааны үед байгуулагдсан АНУ-ын Эдийн засгийн боломжийн яамыг шинэчилж, өөрчлөн байгуулахаар шийджээ. Ерөнхийлөгч Линдон Жонсоны "Агуу нийгэм" хөтөлбөрүүдийн нэг хэсэг болох энэхүү байгууллага нь ихээхэн өргөжсөн. Р.Никсон тус байгууллагын захирлаар Рамсфелдийг томилсон байна.
Никсон 1970 онд Рамсфелдийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилсон. 1973 оны 2-р сард Рамсфельд Брюссель дэх НАТО-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалыг хүлээж авав.
1974 онд Ж.Форд Ерөнхийлөгч болоод Рамсфелдыг Ерөнхийлөгчийн засаг захиргааны даргаар томилсон байна. 1975 оны 10-р сард Ерөнхийлөгч Ж.Форд түүнийг 13 дахь Батлан хамгаалахын сайдаар томилжээ.
1977 онд сайдын албан тушаалаа өгөөд Принстон болон бусад сургуулиудад лекц уншиж эхэлжээ. 1977-1985 онд Иллиной мужийн Скоки хотод байрладаг Searle & Company хэмээх дэлхийд алдартай эмийн компанийн Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч, дараа нь ТУЗ-ийн дарга болжээ. Рамсфелд мөн 1990-1993 онд "General Instrument Corporation" компаний ерөнхий захирлаар ажилласан байна.
Рамсфельд 2001 онд Батлан хамгаалахын сайдаар хоёр дахь удаагаа ажиллахдаа Роберт Макнамарагаас хойшхи хамгийн хүчирхэг Пентагоны тэргүүн, Бушийн засаг захиргаа дахь Засгийн газрын хамгийн хүчирхэг гишүүдийн нэг болсон юм. 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа Рамсфельд 2001 онд Афганистан дахь дайн, 2003 онд Иракт цэргийн довтолгоон хийхээр төлөвлөж, эхлүүлсэн хүн гэж үздэг.