Долцонгийн Дондог

Долцонгийн Дондог (1956 оны 2 сарын 12-нд Төв аймгийн Баян суманд төрж, 2021 оны 4 сарын 20-нд нас барсан) нь Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 3 удаа (2000, 2004, 2008) сонгогдож ажилласан улс төрч юм.

Дондог 1972 онд Төв аймгийн Баян сумын найман жилийн дунд сургууль, 1974 онд Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд Улсын багшийн их сургуулийг физик-математикийн багшийн мэргэжлээр төгссөн. Улмаар 1989 онд Намын дээд сургууль төгсөж, улс төрийн дээд боловсрол эзэмшжээ.

Тэрбээр 1979-1984 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургуульд физик- математикийн багшаар ажиллаж байгаад намын ажилд шилжиж, 1984-1987 онд Төв аймгийн МАХН-ын хорооны зааварлагч, 1989-1990 онд аймгийн МАХН-ын хорооны улс төрийн хэлтсийн ахлах зохион байгуулагч, хэлтсийн дарга, 1990-1992 онд аймгийн МАХН-ын хорооны дэд даргаар ажиллажээ. Дараа нь 1992-1996 онд Төв аймгийн ЗДТГ-ын Зохион зааварлах хэлтсийн орлогч дарга, 1996-2000 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1997-2000 онд аймгийн МАХН-ын хорооны даргын албыг хашиж байв.

Шүүх хурал

засварлах

Д.Дондог 2008 оны УИХ-ын сонгуульд зарцуулах хөрөнгөө олж авахын тулд туслах Д. Сайнбаяр болон бусад хүнтэй үгсэн барилга барих газар олж өгнө гэж бусдыг залилсан гэх хэргээр 2014 оны 8 сарын 14-нд анхан шатны шүүхээс 10 жил 1 сар чанга дэглэмтэй хорих ангид хоригдох ял сонссон. Улмаар давж заалдан, хэргийг мөрдөн байцаалтад буцаалган, батлан даалтад гарч байв.[1][2]

  • Ардын хувьсгалын 70, 80 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Алтан гадас одон (2003)
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (2008)
  1. "Экс гишүүн Д.Дондогт ял оноов". Archived from the original on 2021-04-22. Татаж авсан: 2021-04-22.
  2. "УИХ-ын гишүүн асан Д.Дондог батлан даалтад гарлаа". Archived from the original on 2021-04-22. Татаж авсан: 2021-04-22.