Должингийн Довдон
Должингийн Довдон (1934 оны 3-р сарын 11-нд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн- 2011 оны 7-р сарын 10-нд нас барсан)- Монгол Улсын баримтад киноны найруулагч, жүжигчин.
Намтар
засварлахД.Довдон 1934 онд Булган аймагт малчин ард Должингийн гэрт мэндэлсэн байна.
Тэрбээр 1944-1949 онд Булган аймгийн төвийн дунд сургууль, 1950 онд Улаанбаатар хотын мал эмнэлэгийн техникум, 1953-1957 онд Урлагийн сургуулийн найруулагчйин ангид тус тус суралцан төгсөөд ажлын гараагаа Завхан аймгийн Соёлын ордны найруулагчаас эхэлжээ.
1959 оноос Урлагийн хэрэг эрхлэх хороонд жүжигчний мэргэжилтэнээр дэвшин ажиллаж байгаад 1960-1965 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Кино урлагийн дээд суруульд И.П.Копалений урланд баримтат киноны найруулагчийн мэргэжлээр суралцан төгссөн. 1965 оноос "Монгол кино" үйлдвэрт шилжин ирж ажилласан байна.
Тэрээр амьдралынхаа 40 гаруй жилийг Монголын кино урлагт зориулсан тэрбээр 400 гаруй баримтат кино туурвиж, 30 шахам уран сайхны киноны гол болон туслах дүр бүтээжээ. ''Галт тэрэгний хурдаар", "Найрамдлын наран дор", "Андын тус алсдахгүй", "Баян хангайн жавхаа", "Бүхий олон багачууд", "Бид пионер", "Найрсаг айлчлал", "Их говийн зоригтон" зэрэг 400 гаруй баримтат кино, 200 орчим кино мэдээ, сэтгүүлийн найруулагчаар ажилласан байна.
Түүнчлэн "Хүргэн хүү"-гийн Хөдөлмөрийн баатар Дэмбэрэл, "Их говийн жонон"-гийн сэтгэцийн өвчтэй лам, "Босоо ороолон"-гийн өвгөн Жигжид, "Уяа" киноны уяач сохор өвгөн, "Хааны сүүлчийн хатан"-ы Эзэн Богдын итгэлт зөвлөх лам, "Цэргийн хүү"-гийн туслах дүрээр үзэгч олныхоо сэтгэлд хоногшиж үлдсэн байна. Энэ дотор "Хүргэн хүү" киноны Дэмбэрэлийн дүрээр манай үзэгч олны сэтгэлд үлдсэн юм.
Тэрээр "Хүргэн хүү" кинонд тоглосон тухайгаа:- "Миний анхны уран сайхны кино. Тэр үед "Монгол кино нэгтгэл" одоогийн байрандаа дөнгөж орж байсан. Би ч шинэхэн ажилчин байлаа. Нэг өдөр явж байсан чинь миний ард хоёр хүн "Нөгөөдөх чинь энэ явж байна" гээд л яриад байна. Эргээд харсан чинь Жигжид найруулагч, зураглаач Цэрэн хоёр "Довдон чамтай нэг уулзаадахъя" гэлээ. Тэгээд Жигжид найруулагчийн өрөөнд орлоо. Жигжид найруулагч "Би кино хийж байгаа. Одоо дүрээ сонгож байна. Гол дүрд чи яг тохирох юм байна" гээд л намайг сонгосон. Тэр үед уран сайхны кинонд дүр сонгоно гэдэг нарийн байлаа шүү дээ. Аймаг орон нутгаар хүн хайгаад л явчихна. "Хүргэн хүү" киноны хадам аав Найдан гуайг Ховдын театраас олж ирсэн байдаг юм" хэмээн дурсан ярьсан байдаг.
Түүний зээ хүү Хосбаяр гэж балетчин залуу Японд балетийн багшаар ажиллаж байсан.
Д.Довдон 2006-2010 онд “Сэлэнгэ пресс” компанид жижүүрийн ажил хийсэн байна. Тэрээр байгууллагынхаа өвлийн өвгөн болсон. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын болон Баянзүрхийн Ардчилсан намын шинэ жилд өвлийн өвгөн болж байжээ.