Дартс
Дартс (Англи: Darts) гэдэг нь хананд өлгөж байрлуулсан бай (Дартсын самбар)-г сум шидэн онож өрсөлддөг спортын төрөл юм. Эрт цагт төрөл бүрийн бай ашиглан тоглодог байсан бол одоо дартс гэвэл тодорхой дизайн бүхий бай, мөн тодорхой дүрэм бүхий стандартчилагдсан тоглоомыг хэлнэ. Мэргэжлийн дартсчид байхаас гадна Их Британи (Дартсыг спорт гэж хүлээн зөвшөөрсөн анхны улс), түүний хамтын нөхөрлөлийн орнууд, Нидерланд, Ирланд, Скандинавын орнууд, Америкийн Нэгдсэн Улс, Канад зэрэг улсуудад пабд хүмүүс чөлөөт цагаа өнгөрөөх тоглоом хэлбэрээр их дэлгэрсэн.
Дартсын самбар
засварлахЭрт цагт пластилинаар хийсэн, хурц үнэртэй дартсын самбар ашигладаг байсныг Нодор компани 1932 онд орчин үед ашиглаж буй илгэн самбарыг бүтээснээр халжээ (Нодор компаний нэр нь No-odor буюу үнэргүй гэсэн үгнээс гаралтай). Орчин үед дартсын самбарыг олсны ширхгээр хийдэг бөгөөд чанар муутай самбарууд заримдаа цаасны ороомгоор хийгдсэн байх нь бий.
Дүрэм ёсоор дартсын самбар нь 45.08см (17¾")[1] диаметр бүхий, 20 хэсэгт хуваагдсан дугуй хэлбэртэй байдаг. Тэдгээр хэсгийг металл утсаар зааглаж өгдөг. Зааглагч металл утас нь маш нарийн байх тусам сум түүнийг онох магадлал багасах учир сайн чанартай самбар гэж хэлж болно. Онооны хэсгүүдийг заах тоонуудыг ч мөн адил ихэнхдээ металл утсаар хийдэг боловч хааяа самбар дээрээ шууд хэвлэсэн байх нь бий.
Өндөр, зай
засварлахБухын нүд буюу дартсын самбарын гол цэг нь шалнаас 1.727м буюу 5 фут 8 инч зайд байрлах ёстой. Энэ нь 6 фут өндөртэй хүний нүдний харалдаа байхаар бодож гаргасан тоо аж. Тоглогчийн зогсох шугам нь дартсын самбарын нүүрнээс 2.369м буюу 7 фут 9¼ инч зайд байрлана. Үүнийг Дэлхий Дартсын Холбооны дүрэмд зааж өгсөн байдаг. Заримдаа самбарын нүүрнээс биш, хананаас эхэлж хэмжих гэх мэт хэмжилтийн алдаанаас болж энэ зай алдагдах тохиолдол бий.
Түүх
засварлахДартс нь 14-р зуунд Англид үүсч бий болжээ. Сарнайн дайны үед цэргүүд виноны торх руу сум шидэж зугаацдаг байснаас үүдэлтэй. Одоогийн онооны систем нь дөнгөж 1896 онд л бий болсон гэдэг. Анхандаа виноны торх ашигладаг байгаад, дараа нь модны хөндлөн огтлолыг ашиглах болж, тэгэхдээ сумаа амархан зоогддог болгохын тулд усанд норгодог байсан нь удаан хэрэглэх тусам үнэр орж мууддаг байв.
Онооны систем
засварлахДартсын самбар нь 1-20 оноогоор дугаарлагдсан 20 хэсэгт хуваагдсан байх бөгөөд тэднийг оноог 2, 3 дахин үржүүлж авах боломжтой нарийн зурвасууд хувааж байрлана.
- Хар буюу цагаан өнгө бүхий, том хэсэгт нь сумаа зоовол тухайн хэсгийн тоотой тэнцүү оноог авна.
- Улаан буюу ногоон өнгөтэй, гадуур нь тойрсон нарийн зурваст оновол тэр хэсгийн оноог 2 дахин үржүүлсэнтэй тэнцүү оноо авна.
- Мөн улаан буюу ногоон өнгөтэй, дотуур тойрсон нарийн зурваст оновол тэр хэсгийн оноог 3 дахин үржүүлсэнтэй тэнцүү оноо авна.
- Самбарын төвд байх ногоон өнгөтэй цагариган хэсэгт оновол 25 оноо авна. Уг хэсгийг бух гэж нэрлэдэг. Голын улаан өнгөтэй хэсэгт оновол 50 оноо авах бөгөөд тэр хэсгийг бухын нүд гэнэ.
- Бусад хэсэгт оновол оноо авахгүй.
- Самбараа онож чадаагүй бол мөн оноо авахгүй.
3 сумаар авах боломжит хамгийн өндөр оноо нь 180 юм (3 удаа гурвал 20 онооны хэсэгт онох).
Дүрэм
засварлахДартсын спортод 2 тоглогч ээлжлэн 3, 3 сум тавьж өрсөлдөх бөгөөд 501 юм уу 301-ээс эхэлж оноог тоолоод, авсан оноог нь хасч явсаар хэн түрүүлж 0 оноотой болсон нь хождог. Гэхдээ 0 оноонд хүрэх сүүлийн сумаа заавал бухын нүд, эсвэл 2,3 дахин үржүүлж авах нарийн хэсэгт онож, яг 0 оноотой болж дуусах ёстой. Хэрэв оноо нь 0-с бага болбол сүүлийн ээлжиндээ авсан оноог нь хүчингүй болгоно. 1 оноотой болбол хожих боломжгүй болох тул мөн адилаар тэр ээлжинд авсан оноог нь хүчингүй болгодог.
Хэн нь эхэлж шидсэнээс хамааралгүйгээр 0 болсон нь тухайн үед хождог тул теннист давуулж буй хүн нь давуу талтай байдгийн адилаар дартст эхэлж шидэж буй хүн давуу талтай.