Гэлэгийн Даваасамбуу

Гэлэгийн Даваасамбуу (1950-2008) нь Монгол Улсын начин, самбо бөхийн ОУХМ цолтой бөх, боловсролын доктор (Ph.D) хүн юм.

Тэрээр 1950 онд Увс аймгийн Ховд сумын нутагт Ачит нуурын хөвөөнд төрсөн. Ховд, Өмнөговь сумын сургуулиуд, Улаангом хотын 1-р 10 жилийн сургууль төгссөн. 1973 онд Монгол Улсын Их Сургуулийг радиофизикч мэргэжлээр төгссөн. "Байгалийн фенилпропниодын цөмийн соронзон резонансын снекроскопийн судалгаа" сэдвээр 1997 онд дэд докторын зэрэг хамгаалж эрдмийн зэрэгтэй улсын цолтой 4 дэх бөх болжээ. ШУ-ны болон Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй.

Увс аймгийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд 8-р ангид байхдаа үзүүрлэсэн бол дараа жил нь буюу 1967 онд улсын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд аймгаа төлөөлөн оролцон 4-р байр эзэлж “Тулга” цол хүртсэн.

1982 оны улсын их баяр наадамд улсын арслан Ж. Хайдаваар тав давж улсын начин цол хүртжээ. 1968 онд чөлөөт бөхийн залуучуудын улсын аваргын анхны тэмцээний 81 кг-ын жингийн аварга болж, самбо бөхийн олон улсын тэмцээнээс 4 медаль хүртсэн, Олон Улсын Хэмжээний мастер цолтой тамирчин.

Тэрээр дөрвөд аялгандаа үнэнч үлдэж, дөрвөд аялгууны өвөрмөц хэллэгийг байнга хэрэглэдэг хүн байв. Эрдмийн ажилдаа илүү анхаарч бөхийн барилдаандаа нэг их цаг зав гаргаж чадаагүй.

Бөхийн удамтай бөгөөд аав нь улсын начин Ж. Гэлэг, дүү нь улсын харцага Г. Намсрайжав, аймгийн заан Г. Дансран, зээ дүү нь чөлөөт бөхийн Ази тивийн аварга, аймгийн арслан Н. Баярмагнай, ач дүү нь Улсын Аварга Н. Батсуурь юм.