Гончиглувсангийн Энхбаатар

Гончиглувсангийн Энхбаатар
Оюуны дархлаа ТББ-ын тэргүүн
Хувийн мэдээлэл
Төрсөн1966 он
 Монгол | Төв аймаг Зуунмод сум
Алма матерМонголын хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлзүйн дээд курс
МэргэжилСэтгүүлч

Сэтгүүлч Г.Энхбаатар 1966 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. 1984 онд Улаанбаатар хотын 3 дугаар дунд сургуулийн аравдугаар ангийг төгсөөд Анагаах ухааны дунд сургуульд суралцсан. 1997 онд Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курсийг төгссөн.

1985- 1988 онд хугацаат цэргийн алба хааж, 1988-1995 онд Монгол телевизэд туслах найруулагч, дадлагажигч редактор, редактороор ажилласан. 1995-1997 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хэвлэл мэдээллийн албанд найруулагч-редактор, 1997-2001 онд Монгол телевизэд редактор, студийн захирал, 2001-2003 онд 25 дугаар суваг телевизэд редактор, 2003-2004 онд ТВ-9 телевизэд программын албаны дарга, 2005-2008 онд  Ардын эрх сонин, www.news.mn мэдээллийн портайл сайтад сурвалжлагч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 2011-2012 онд BTV-д, 2012-2013 онд ЗА суваг телевизэд тус тус программын албаны даргаар ажилласан.

2008-2010 онд Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч, 2013-2016 онд Эрчим хүчний яамны хэвлэлийн төлөөлөгч, 2017-2020 онд Халдварт өвчин судлалын Үндэсний төвд хэвлэл мэдээллийн ажилтан, Эрсдэлийн харилцаа холбооны мэргэжилтэнээр тус тус ажиллаж байсан. 2021 оноос Хэвлэлийн Хүрээлэнд сэтгүүлзүйн багшаар ажиллаж байгаа. 2008 оноос эрүүл мэндийн сэтгүүл зүйн Оюуны дархлаа ТББ-ыг үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байгаа.

Пи Ар олон нийттэй харилцах чиглэлээр НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, МУЗН, Италийн АИФО олон улсын байгууллага, Норвегийн тусламжийн байгууллага зэрэг гадаад, дотоодын олон байгууллагатай хамтран ажиллаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан.

Сэтгүүлч Г.Энхбаатар 700 гаруй гаруй мэдээ, сурвалжлага, 200 гаруй нэвтрүүлэг бэлтгэснээс “Ариун гэгээн Бакула Ренбүүчий”, “Хамбо номун эрдэнэ”, “Эрдэнийн дээд морин эрдэнэ”, “Морьтой хүн”, “Есөн эрдэнийн орон” зэрэг олон нэвтрүүлэг Монгол телевизийн алтан фондод хадгалагдан орсон. Түүнчлэн “Уяач”, “Амьдын хар нүгэл” зэрэг арав гаруй баримтат кино хийснээс тайлбарыг нь бичсэн “Амьдын хар нүгэл” баримтат кино Япон, Солонгос, Орос, Германы кино фестивалиас Гран при болон Тусгай шагналууд хүртэж байсан. 

Сэтгүүлч Г.Энхбаатарын бичлэгийн гол сэдэв нь улс төр, нийгэм, соёлын салбарыг хамардаг бөгөөд ялангуяа эрэн сурвалжлах, иргэний сэтгүүл зүйн чиглэлээр олон бүтээл туурвисан. Тухайлбал, 2005 оны намар түүний бичсэн “Уйтай намрын эмгэнэл буюу амьдын хагацал”, “Газар дээр үлдсэн ганц мөр буюу шаналсан эцгийн эрэл” гэсэн цуврал сурвалжлага нь тухайн үед олон нийтийн анхаарал татаж байсан. Авлигын эсрэг бичсэн түүний цуврал бүтээл мөн л дуулиан тарьж байлаа. Түүнчлэн, авлигын талаарх бүтээл нь ЮНЕСКО-ийн Курьер сэтгүүлд 6 хэлээр нийтлэгдэж байв.

Баримтат кино

засварлах
  • “Уяач”
  • “Амьдын хар нүгэл”
  • “Бид нэг тэнгэртэй”
  • “Илч гэрэл түгээгч”
  • “Эрчим хүч 85 жил”

Ном товхимол

засварлах
  • "Зөрж өнгөрөөгүй" сэтгүүлзүйн бүтээлийн эмхтгэл
  • "Өртөөлж гүйцсэн амжилт" намтарчисан дурсамж
  • "Ерэн намрын дурдатгал" намтарчисан дурсамж
  • "Монголын нэг өдөр" гэрэл зургийн цомогт тайлбар
  • "Монгол төрийн түшээ"гэрэл зургийн цомогт тайлбар
  • "АИФО Монголд 15 жилд"
  • "Хамтдаа туулсан 85 жил-АПУ" гэрэл зургийн цомогт тайлбар