Гончигийн Базар

Олхонууд Гончигийн Базар (1932 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн) нь Монгол Улсын Ардын багш цолтой сурган хүмүүжүүлэгч, барилгын инженер юм.

Бага, дунд сургууль төгсөөд 16 настайгаасаа сурган хүмүүжүүлэх ажлынхаа гарааг эхэлсэн ба Дарви сумын бага сургуульд 1947-1951 онуудад багшилж байсан юм.

1951-1955 онд Цэргийн ерөнхий сургууль төгсөөд, ардын цэрэгт салаан даргаар ажиллаж байлаа.

Г.Базар 1956-1961 онд МУИС-д суралцсан юм. 1956 онд МУИС-ийн физикийн ангид оюутнаар элсэн суралцаж байгаад эх орны барилгын байгууллагуудад дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх зайлшгүй шаардлагаар тухайн үеийн Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор математик, физикийн ангийн оюутнуудаар бүрдүүлэн шинээр нээгдсэн барилгын инженерийн ангид орж суралцан Монгол улсын анхны барилгын инженерүүдийн нэг болсон юм. Сургуульдаа жил дараалан онц сайн сурсан учир Сүхбаатарын нэрэмжит цалинтай оюутан байсан ба 1959 онд Австри улсын нийслэл Вена хотод болсон Дэлхийн Оюутан Залуучуудын VII фестивальд оролцож байлаа.

1961 онд сургуулиа төгсөөд сургуульдаа багшаар үлдэн ажилласан. Техникийн их сургуулийн ууган салбар, барилгын инженерийн салбарыг үүсгэн байгуулагч анхны багш нарын нэг юм.

1961-1971 онд конструкцийн тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгч, деканаар ажилласан.

Г.Базар нь 1971-1974 онд Москва хотын Барилга инженерийн дээд сургуулийн аспирантурт суралцан “Орон зайн нимгэн ханатай оболочкийн тооцооны онолын судалгаа” сэдвээр техникийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан юм.

1975-1992 онд Барилгын конструкцийн тэнхимийн эрхлэгч 1992-2004 онд Барилгын конструкцийн тэнхимийн багш, дэд профессор 2004 оноос зөвлөх профессороор ажиллалаа.

1961 оноос эхлэн гавьяаныхаа амралтад гартал МУИС, ТИС-д багш, тэнхмийн эрхлэгч, факультетийн деканаар ажилласан. Ажиллах хугацаандаа олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл, ном сурах бичиг бичиж хэвлүүлсэн ба магистр, докторын ажил удирдан хамгаалуулсан. Хэвлүүлсэн ном сурах бичиг нь удаа дараа ТИС-ийн шилдэг сурах бичгээр шалгарч байв. Монгол улсын барилгын салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь төр засаг үнэлэн 1998 онд гавьяат багш, 2009 онд ардын багш цолоор шагнасан ба 2016 онд ТИС-ийн хүндэт доктор цол хүртсэн юм.