Герман-Японы харилцаа

Герман-Японы харилцаа- 1861 онд Прусс (1866/1870 онд байгуулагдсан Германы эзэнт гүрний өмнө байсан улс) Элчин сайд Фридрих Ойленбург Японд анх айлчилж албан ёсоор харилцаа тогтоосон юм. 1861 онд Герман нь нэг бүхэл салшгүй улс байсангүй. Пруссийн Хант Улс нь Германы Гаалийн Нийгэмлэгийн хамгийн нөлөө бүхий гишүүн байсан бөгөөд Саксон, Ханновер, Бавари, түүнчлэн Хамбург, Бремен болон Ханзагийн бусад хотууд болон холбооны бусад гишүүдийн нэрийн өмнөөс хэлэлцээр хийх эрхтэй байв. Гэсэн хэдий ч Эдогийн засгийн газар Холбоотой харилцаа тогтоохоос татгалзаж, зөвхөн Прусстэй "Найрамдал, худалдааны" гэрээ байгуулж байжээ. Ийнхүү 1871 онд Германы эзэнт гүрэн байгуулагдаж 150 жилийн тэртээ Япон, Герман хоёр улс дипломат харилцаа тогтжээ.

Герман-Японы харилцаа
Map indicating locations of Герман and Япон

Герман

Япон

Япон улс 1867 онд Мэйжийн сэргээн босголтын дараа Германтай оюуны болон соёл, хүмүүнлэг технодогийн эрчимтэй солилцоо хийсний хүчинд Япон эрчимтэй хөгжил дэвшилд хүрэхэд ихээхэн нөлөөлсөн байна. Японд 1860 оноос герман хэл сурч эхэлсэн гэдэг мэдээ байна. Японы сэхээтнүүд Германы боловсрол, батлан ​​хамгаалах, анагаах ухааныг сонирхож, хүмүүнлэгийн харилцаа хөгжүүлж байв. 1862 онд Японы Эдогийн Засгийн газар европын зургаан оронд айлчлах анхны томилолт зохион байгуулсны дотор Герман улс байсан.

Мэйжийн Засгийн газар дээрээс доош чиглэсэн схемийн дагуу шинэчлэлийг хэрэгжүүлсэн бөгөөд Герман улс техникийн болон цэргийн түвшний хувьд Японд Их Британи, Францын түвшнээс илүү ойр дөт хүрэх боломжтой гэж үзсэн байна. Засгийн газрын урилгаар Германы олон мэргэжилтэн Японд ирж, авьяаслаг япон залуусыг Германд сургаж эхэлсэн. Шинагава Яжиро (1843-1900), Аоки Шузо (1844-1914) нар Германд сургах хүмүүсийг сонгон шалгаруулах ажилд оролцож байжээ. Дараа нь Аоки Герман эмэгтэйтэй гэрлэж, Германд харилцааны өргөн сүлжээг бий болгосон. 1882 онд Японы Ерөнхий сайд Итоo Хиробуми ( Itō Hirobumi : 1841–1909) Төрийн байгуулалтын судалгаа хийхээр Берлин, Вена хотудад айлчилж байжээ.

Тэр үед Японд ажиллаж байсан Германы нэрт мэргэжилтнүүдийн дунд геологич Эдмунд Науманн Япон даяар хэд хэдэн геологийн экспедицийн дараа Хонсю арлын төвд Фосса Магнагийн төв хагарал байгааг анх олж зарласан, Эрвин Белц (Erwin Bälz, 1849–1913) Токиогийн Анагаах Ухааны Сургуулийн багш, эзэн хааны гэр бүлийн эмч, оюутнуудад хичээл заахаас гадна нүүрний тос гаргаж, Кусацу дахь рашааны усны шинжилгээг хийсэн эмч, мөн хуульч Рудольф Гнейст, Карл Херман Розлер, Лоренц фон Штейн (K. F. Hermann Roesler, 1834–1894) нар Мэйжи үеийн 1889 оны анхны Үндсэн хуулийн төслийг боловсруулахад оролцож, 1885 онд Японы явган цэргийн сургуульд ажиллахаар ирсэн генерал Якоб Меккел (K. W. Jacob Meckel, 1842–1906) Франц маягийн Японы армийг Германы загвар болгон шинэчлэхэд туслаж байсан байна. Хууль зүй, улс төрийн чиглэлээр сайн мэдлэгтэй, Японы их дээд сургуулиудад семинарын системийг анх нэвтрүүлсэн эдийн засагч Карл Ратгений тухай дурдах хэрэгтэй. Түүхч Людвиг Рисс Японы их дээд сургуулиудад орчин үеийн түүх судлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан. Сурган хүмүүжүүлэгч Эмиль Хаускнехт 1887 онд Токиогийн их сургуульд Германы уран зохиолын хичээл зааж байсан бөгөөд түүний залгамжлагч Японы уран зохиолын мэргэжилтэн Карл Флоренц Германы уран зохиолын олон мэргэжилтэн бэлтгээд зогсохгүй Японы уран зохиолыг судалж байжээ.Курт Нетто Акита мужид уул уурхайн арга техник зааж, Эрвин Книппинг Япон даяар цаг уурын тоног төхөөрөмж суурилуулж, 1883 онд Японы анхны цаг агаарын урьдчилсан мэдээний үндэс суурийг тавьсан. Дэд бүтэц, тээврийн салбарт Херманн Рамшоттел Кюүшюгийн төмөр замын сүлжээг барихад тусалсан бол Франц Балтцер Токиогийн Шимбаши болон Уэно өртөө хоорондын төмөр замын гүүрэн гарцын зураг төслийг хийжээ.

1900 оноос хойш Япон улс Британийн эзэнт гүрний холбоотон гүрэн болсон. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр (1914-1918) Япон 1914 онд Германы эзэнт гүрэн рүү дайрч, Хятад болон Номхон далай дахь Германы гол эзэмшил газруудыг булаан авчээ.

1930-аад онд Япон, Герман улсууд өөр өөрийн бүс нутагтаа түрэмгий милитарист бодлого баримталж байв. Улмаар энэ бодлого нь хоёр улсыг ойртуулж, эцэст нь Итали улсыг багтаасан улс төр, цэргийн эвсэлд хүргэсэн юм.

1932 онд Берлинд европ дахь нийт япончуудын 20 орчим хувь нь оршин суудаг байсан бөгөөд Герман нь Японы боловсролын яамнаас Европт суралцахаар илгээсэн япончуудын төв болжээ. 1936 онд нацистууд Японы ард түмнийг Хүндэт Арьянчууд хэмээн зарлав. 1941 оны Сувдан арал (Pearl Harbor) руу дайрах үеэр Берлинд 300 орчим япон хүн амьдарч байжээ. Тухайн үед өмнө нь Германд байсан 200 хүрэхгүй япон эмэгтэйчүүд, хүүхдүүд усан онгоцоор Япон руу буцаж иржээ.

Дайны үед Берлинд Японы Элчин сайдаар дэслэгч генерал Оошима Хироши ажиллаж байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа хоёр орны эдийн засаг хурдацтай сэргэж, хоёр орны харилцаа эдийн засгийн асуудалд төвлөрсөн байна. Өнөөдөр Япон, Герман нь дэлхийн гурав, дөрөв дэх том эдийн засагтай улс бөгөөд улс төр, соёл, шинжлэх ухаан, эдийн засгийн олон төрлийн хамтын ажиллагаанаас ихээхэн ашиг хүртдэг байна.

2012 оны сүүлээр "Бертелсманн сан"-гийн явуулсан санал асуулгаар Германчууд ерөнхийдөө Япон улсыг эерэгээр харж, тус улсыг өрсөлдөгч биш харин түнш гэж үзсэн байна. Япончуудын Германы талаарх үзэл бодол ч мөн эерэг: 97% нь Германы бодлогыг эерэгээр үнэлж, ердөө 3% нь сөрөг хандлагатай байсан байна.

2017 оны байдлаар Японоос Германы импорт 18 тэрбум доллар, Японд хийсэн Германы экспорт 23 тэрбум ам.доллар хүрсэн байна.

Герман-Японы худалдааны харилцаа хөгжиж европын хамгийн том Япон хот байрладаг Дюссельдорф дахь Японы нийгэмлэг 1980, 1990-ээд онд буурсны дараа дахин өсч байна. 2008 онд Япон сургууль, хоёр цэцэрлэг, гурван номын сан, олон тооны япон клубтэй Дюссельдорф дүүрэгт 8000 гаруй япон хүн амьдарч байжээ. Түүнчлэн тус бүс нутагт Японы 200 гаруй компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 20 мянга гаруй ажлын байр бий болгож байна. Японы нийгэмлэгийг Дюссельдорф хотын хувьд маш том хөрөнгө гэж үздэг.

1963 онд Хамбургт 800 япон хүн байсны 50 нь хүүхэд байжээ.