Герд Мюллер
Герхард "Герд" Мюллер (Герман: Gerhard "Gerd" Müller; 1945 оны 11 дүгээр сарын 3-нд Геманы Бавари мужийн Нёрдлингенд төрж, 2021 оны 8 дугаар сарын 15-нд нас барсан) Баруун Германы хөлбөмбөгчин, Дэлхийн болон Европын аварга, Европын аваргуудын цомыг 3 удаа хүртсэн. Мюнхений «Бавари» болон ХБНГУ-ын шигшээ багт довтлогч байсан. Хөлбөмбөгийн түүхэнд алдартай довтлогч байжээ.
Германы шигшээ багт тоглож олон улсын 62 тоглолтод 68 гоол хийсэн, "Бавари" багийн бүрэлдэхүүнд 15 жил тоглохдоо Бундеслигт 427 тоглолтод оролцож 365 гоол оруулжээ. Мюллер Европын 1970 оны шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэгдэж байжээ.
Намтар
засварлахГерд Мюллер 1945 оны 11 дүгээр сарын 3-нд Германы Нёрдлинген хотод төрсөн. Түүний аав Хайнрих Мюллер ачааны машины жолоочоор ажилладаг байсан, ээж Каролин (залуудаа Юнг) гэрийн эзэгтэй байжээ. Герд айлын зургаан хүүхдийн отгон нь байв. Мюллер зургаан настайгаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн. Аав нь түүнийг арван таван настай байхад нас барж, тэрбээр сургуулиа орхиж, үйлдвэрт ажиллах ёстой байсан ч чөлөөт цагаа хөлбөмбөгт зориулдаг байжээ.
Мюллер мэргэжлийн хөлбөмбөгийн карьераа 1960 онд TSV 1861 клубт анх эхлүүлжээ. Улмаар 1964 онд, тэр үед Бундеслигээс нэг түвшний доогуур буюу бүс нутгийн лигийн өмнөд бүсэд тоглож байсан "Бавари" руу нүүжээ. Гердийн багт Германы хөлбөмбөгийн ирээдүйн од Франц Беккенбауэр, Зепп Майер нар мөн байв. Улирлын дараа Бавари клуб Бундеслигт орж, дахиж орхиогүй юм.
Германы шигшээ багт Мюллер анх удаа 1966 оны 10 дугаар сарын 12-нд Туркийн шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолтод оржээ. Нийтдээ шигшээд 62 тоглолтод оролцож, 68 гоол оруулсан. Мюллер бол шигшээ багтаа 50-иас олон тоглолтод оролцсон хөлбөмбөгчдийг тооцоход, оролцсон тоглолтын тооноосоо илүү олон гоол оруулсан цөөхөн хөлбөмбөгчдийн нэг юм. Хөлбөмбөгчний эцсийн тоглолт бол 1974 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ байв. 7 дугаар сарын 7-нд Мюнхен хотод болсон тоглолтод Герман Нидерландын шигшээ багийг 2:1-ийн харьцаатай хожиж ялалт байгуулахад хожлын гоолыг Мюллер оруулсан юм. Үүний дараа Герд 28 настайдаа шигшээ багт карьераа дуусгах шийдвэрээ гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрөөх хүсэлтэй байгаа гэж тайлбарлаж байжээ.
Гэвч 1979 онд тэрээр АНУ явж 3 улирал "Форт-Лодердейл Страйкерс" багт тоглож 1982 онд тэтгэвэрт гарч буйгаа зарласан юм.
1982 онд тэтгэвэрт гарсныхаа дараа Мюллер сэтгэлээр унаж, архинд донтсон бөгөөд байнга архи хэтрүүлдэг байв. Гердийн клубийн хуучин хамтрагчид түүнийг сэргээн засах эмчилгээ хийлгэхийг ятгаж, Бавари Мюнхений сонирхогчдын багийн дасгалжуулагчаар ажилд оруулжээ. Адидас компани Герд Мюллер нэртэй хувцасны цуглуулга гаргажээ.
Мөн Мюллерийн дэмжлэгтэйгээр 2009 оны 10 дугаар сарын 1-нд нээлтээ хийсэн хөлбөмбөгийн менежерийн онлайн тоглоом PerfectGoal-ийг бүтээжээ.
2015 онд Герд Альцхаймерын өвчнөөр шаналж, асрамжийн газарт оржээ.
2021 оны 8 дугаар сарын 15-нд Герд Мюллер 75 насандаа таалал төгссөн байна.