Ганбаатарын Хонгорзул

Ганбаатарын Хонгорзул (1973 оны 4 сарын 7-нд Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн) нь МУГЖ цолтой уртын дуучин юм.

Дуу бүжгийн Хан Хэнтий чуулгад 1990 оноос хойш харьяалагдаж байв. 1998 онд Соёл Урлагийн Их Сургуульд элсэн орж суралцсан. Тэр жилээ зохиогдсон мэргэжлийн уртын дуу дуулаачдын улсын уралдаанаас тэргүүн байрын шагнал хүртэж, Ардын Дуу Бүжгийн Чуулгын гоцлол дуучин болов. Мөн Хятадын алдарт хөгжимчин Ёо Ёо Магийн Торгоны зам чуулгын бүрэлдэхүүнд багтаж, гадаадын улсуудаар тоглолт хийх болжээ. 2003 онд СУИС-ийг дүүргэжээ.

Тэрээр Монгол уртын дууны гайхамшигтай аялгууг Нидерландын хатан хааны төрсөн өдрийн баярын цэнгүүн (2001), 2005 оны Нобелийн шагнал гардуулах ёслол болон 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн үеэр эгшиглүүлж байв. Мөн Альберт Холл, Карнеги Холл, Москвагийн Их Театр зэрэг дэлхийн алдартай театруудын тайзнаа дуулж байсан.