Хан Хэнтий чуулга

Хан Хэнтий чуулга- Хэнтий аймгийн Ардын Дуу Бүжгийн чуулга.

1925 онд Монгол Улсад анхны 4 улаан булан байгуулах шийдвэр гарсны нэг нь Хэнтий аймагт байгуулагдсан. Тэр цаг үеэс эхлэн үе дамжсан олон уран бүтээлчид төрөн гарсан. 1950 онд Өндөрхаан аймгийн клуб, Үйлдвэрчний эвлэлийн харьяа ажилтны клуб нэгдэж одоогийн Хан Хэнтий чуулгын суурийг тавьж байжээ.

Улмаар Хэнтий аймгийн соёлын ордон 1983 онд Ардын дуу бүжгийн "Хан Хэнтий" чуулга болон өргөжиж 40 жилийн ойн босгон дээрээ шинэ барилгаа хүлээн авч байна. Тус чуулга нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш жил бүр 80 орчим тоглолтыг үзэгч олондоо толилуулж зүүн Монгол соёлын өвийг түгээн дэлгэрүүлж байна.

Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга нь “Соёлын тухай хуулийн 34-р зүйлд зааснаар соёлын арга хэмжээ, соёлын бараа, үйлчилгээг үйлдвэрлэх, түгээх, хуваарилах арга хэлбэрийг сайжруулж, хүртээмжтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэх” хуулийн заалтын хэрэгжилтийг хангаж, чанар болоод хүртээмжээ нэмэгдүүлж, тусгай хэрэгцээт иргэд үйлчлүүлэх боломжоор мөн хангасан, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах бүтээн байгуулалт юм.

Нийт 8,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус барилгын ажлыг 2012 онд эхлүүлж 2023 онд дууссан байна. Тус театр 600 хүний суудалтай, 9 танхимтай, 78 өрөө тасалгаатай бөгөөд тусгай хэрэгцээт иргэнд зориулсан цахилгаан шаттай бүс нутгийн жишиг театр болсон байна. Интерьер дизайныг цогцоор нь хийх буюу зураг төсөл боловсруулж улмаар нэмэлт ажлыг 2023 онд төсөвт суулгаж иж бүрэн дуусгах ажлыг зохион байгуулжээ.