Гаврило Принцип

Гаврило Принцип (серб. ‎Гаврило Принцип, 1894 оны 7-р сарын 25-нд төрсөн— 1918 оны 4-р сарын 28-нд нас барсан) — Сербын үндсэрхэг үзэлтэн. 1914 онд Австри-Унгарын эзэнт улсын эрхшээлээс Босни ба Херцеговинаг чөлөөлөх зорилготой "Залуу Босни" (босн. Mlada Bosna) хэмээх үндсэрхэг үзэлтэй байгууллагад элссэн байна. Тэрээр 1914 оны 6-р сарын 28-нд Сараево хотод Австри-Унгарын хаан ширээг залгамжлагч Франц Фердинандыг хөнөөсөн нь дэлхийн нэгдүгээр дайн эхлэх албан ёсны шалтгаан болсон юм. Түүнд 20 жилийн хорих ял оноосон боловч шоронд сүрьеэ өвчнөөр 1918 оны 4-р сард нас баржээ.

Гаврило Принцип, 1914 онд баричлагдсаны дараа.

1878 оноос хойш Босни ба Херцеговин улсын нутаг дэвсгэрийг Австри-Унгар улс эзлэгдэж 1908 онд албан ёсоор нэгдсэн юм. Гаврило Принцип 1894 оны 7-р сарын 13-нд төрсний гэрчилгээнд тэмдэглэснээр Обляе тосгонд төрсөн. Тэрээр есөн хүүхдийн хоёр дахь нь байсан бөгөөд тэдний зургаа нь нялх байхдаа нас баржээ. Тэрээр Жово, Нико гэсэн хоёр ахтай байв. Принципийн эх Мария түүнд талийгаач дүү Шпирогийнхоо нэрийг өгөх гэсэн боловч өвчин ороож байсан хүүд нутгийн үнэн алдартны шашны лам Гаврило хэмээх нэрийг өвчнөөс хамгаална гэжээ. Тэрээр хүүхэд байхдаа нутгийнхандаа ардын баатарлаг дууг дуулж өгдөг байжээ.

Грахово хотод сургуулиа төгсөөд 13 настайдаа Гаврило Сараево хотод суралцахаар явсан бөгөөд тэр үед түүний ах Жово тэнд ажиллаж байсан. 1912 онд Гаврило Австри-Унгарын эрх баригчдын эсрэг үйл ажиллагаанд оролцсон хэргээр сургуулиасаа хөөгдсөн байна. Белград хотод тэрээр эзлэгдсэн дэглэмийн эсрэг тэмцэж байсан "Млада Босна "(орч. Залуу Босни) үндсэрхэг хувьсгалт байгууллагад элссэн байна. Гаврило Принцип Сербид сургалтын төвд буудаж, бөмбөг дэлбэлэх, хүйтэн зэвсэг хэрэглэж сурсан байна.

Сараево дахь аллага

засварлах
 
Г.Принцип хуягуудын хамт, 1914 он

1914 оны 6-р сарын 28-нд генерал Оскар Потиорекийн урилгаар Франц Фердинанд эхнэр Софиягийн хамт Сараево хотод цэргийн маневр үзэхээр ирэхэд "Залуу Босни"-гийн байгууллагынхан Фердинандыг алахаар шийдвэрлэжээ. Аллага үйлдэхээр 6 хүнийг томилогсон байна.

1914 оны 6-р сарын 28-ны ням гарагийн өглөөний 10 цагийн өмнөхөн Фердинанд гэргийн хамт галт тэргээр Сараево хотод иржээ. 10:10 цагт олон хүн угтан авч зургаан машины (Франц Фердинанд эхнэр хоёрт Потиорекийн хамт байсан) цуваа цагдаагийн төв хэсгээр өнгөрөв. Хуйвалдагчид тэнд отож байсан юм.

Неделько Чабринович өнгөрч буй машин руу гранат шидсэн боловч оноогүйн улмаас гурав дахь машины жолооч гранатын хэлтэрхийд өртөж ойр орчмын зорчигчид, цагдаа болон цугласан хүмүүс шархаджээ. Чабринович биедээ авч явсан хорыг (цианид калий) залгисан боловч бөөлжиж гаргасан байна. Тэр гол руу үсэрсэн боловч баригдаж, зодуулжээ. Түүнийг хүмүүс Австричуудад хүлээлгэн өгсөн байна. Бусад хуйвалдагчид машиныг олон хүн бүчсэнээс болж яаж ч чадалгүй энэхүү алах оролдлого бүтээгүй байна.

Франц Фердинандын сууж явсан машин Принципийн хажуугаар гүйцээд ирэх үеэр тэр нэг метр хагасын зайнаас Бельгид үйлдвэрлэсэн 1910 оны өөрөө цэнэглэдэг гар буугаар хоёр удаа буудсан байна. Эхний сум Фердинандын артерийн судсыг онож, хоёр дахь нь Софиягийн гэдсэнд туссан байна.

Франц Фердинандыг эхнэрийнх нь хамт амбан захирагчийн ордон руу аваачсан бөгөөд нэг цагийн дараа хоёулаа шархаа даалгүй нас баржээ.

Үүний дараа хуйвалдааны зургаан хүнийг бүгдийг нь баривчилсан. Тэд мөрдөн байцаагчдын асуултад хариулахаас татгалзсан бөгөөд тэдний зөвхөн нэг нь (магадгүй Данило Илич) зэвсгийг Сербийн засгийн газраас өгсөн гэх зэрэг бүх нарийн ширийн зүйлийг илчилсэн байна.

Гаврило Принцип 19 настай байсан бөгөөд Австри-Унгарын хуулиар насанд хүрээгүйд тооцогдож байсан тул цаазаар авах ял оноох боломжгүй байв. Түүнд хамгийн дээд хэмжээ буюу 20 жилийн хорих ял оноожээ.

Тэрээр шоронд хүнд нөхцөлд хоригдож байсан бөгөөд 1918 оны 4-р сарын 28-нд Терезинштадт (одоогийн Чех улсын Терезин) хотод сүрьеэ өвчний улмаас нас баржээ.