Гаадаа мэйрэн (монгол бичиг: ᠭᠠᠳᠠ ᠮᠡᠢᠷᠡᠨ, ɣada meyiren, кирилл: Гаадаа мэйрэн, хялбар.ханз: 嘎达梅林; уламж.ханз: 嘎達梅林; пиньинь: Gādá Méilín) (1892 - 1931 оны 4 сарын 5) бол 1929-1931 оны хооронд Өвөр Монголын Хорчины Дархан вангийн хятадын засгийн газрын эсрэг өрнөсөн зэвсэгт тэмцэлийн удирдагч юм.

Түүхийн тойм

засварлах

Тэрбээр Жиримийн чуулганы Хорчин зүүн гарын дунд хошуу (өөрөөр Дархан вангийн хошуу)-нд 1892 онд төрсөн бөгөөд төрсөн нэр Надмид, гаадаа нь хоч нэр, мэйрэн гэдэг нь Чин улсын хошууны цэргийн албан тушаал юм.

19-р зууны сүүл, 20-р зууны эхээр Өвөр Монголын олонх ноёд тэр дотроос Жиримийн чуулганы Хорчины ноёд өөрийн нутгаа цагаач хятад иргэнд их хэмжээгээр түрээслэх эсвэл зарсаар малчдын малаа бэлчээх газар хумигдаснаар хятад иргэдтэй үе үе бэлчээр нутгийн төлөө тэмцэлдэх болсон. Түүнийг арван настай байхад тус хошууны Зоригт чин ван Жигдэнванхур өөрийн дураар эзэмшил нутгаа хятад иргэнд зарснаар түүний гэр бүл Мандарва тосгон руу нүүж, 1921 онд хошууны цэрэгт элсэж, Дархан хошууны баруун талаар нутаглах болсон. 1920-иод оны сүүлээр түүний хошууны засаг ноён Дархан чин ван Намжилцэрэн газар нутгаа хятадын цэргийн генерал Жан Золиньд зарж, атар хагалбарлуулж эхэлсэн. Ингээд хошууны ард иргэд эсэргүүцэж, 1929 оны 7 сарын 26 нд Гаадаа нар тэргүүтэй 4 хүн Мүгдэн хотод суурьшсан Дархан чин ван Намжилцэрэн, Жан Золинь нарт эсэргүүцлийн бичгийг өгч, газар хагалбарлах зэрэг явдлыг зогсоохыг шаарджээ. Гэвч тэдний шаардлагаас татгалзаж, Гаадаа мэйрэн нарыг шоронд хорив. 11 сард нь Гаадаагийн эхнэр Модонцэцэг тэднийг шоронгоос суллуулж гаргаад нутагтаа харьж ирээд 700 гаруй цэргийг цуглуулан зэвсэгт бослого гаргахаар болсон.

Тэд тэмцэлээ 2 жил үргэлжлүүлсээр 1931 оны хавар Жан Золиний хүү Жан Сюэляны илгээсэн цэргийн хүчний илгээсэн цэргийн ангид ялагдаж, амиа алджээ.

Соёл урлагт

засварлах

Орчин үед Гаадаа мэйрэн нь Өвөрмонголчуудын хувьд эрх чөлөөний баатарын дүрээр дуу, шүлэг, кино урлагт нь мөнхөрч үлдсэн. Гаадаа мэйрэнгийн бослого дарагдсаны дараа нутгийн монголчуудын дунд түүний тухай уртын дуу зохиогдсон нь ихээхэн түгэн дэлгэрч алдартай болсон. Мөн түүний тухай шүлэг, найраглал, кино драма зэрэг цөөнгүй бүтээл зохиогдсон.

БНХАУ-д 2002 онд Gada Meilin[1] уран сайхны кино, 2009 онд Gada Meeren олон ангит кино тус тус хийгдэж, олон нийтэд хүрсэн.

Гаадаа мэйрэн дууны үг

Урд зүгээс нисээд ирсэн улаан галууны зулзагаа хө

Урт их Шар мөрөндөө суухгүйгээр ниснүүдээ хө

Урваад гарсан Гаадаа мэйрэний учир явдлыг хэлбэлдээ хө

Өргөн олон Монголчуудын минь газар шорооны учраа хө

Хойд зүгээс нисээд ирэх хайрган галууны зулзагаа хө

Хойд их Шар мөрөндөө суухгүйгээр гарнуудаа хө

Оргоод гарсан Гаадаа мэйрэний учрыг хэлбэл хө

Хамаг олон Монголчуудын газар шорооны төлөө хө

  1. "Gada Meilin (film)", Wikipedia (in англи), 2024-05-06, retrieved 2024-06-07