Виктор Астафьев

Ви́ктор Петро́вич Аста́фьев (1924 оны тавдугаар сарын 1, Овсянка суурин, Енисей аймаг, ЗХУ2001 оны 11 дүгээр сарын 29, Красноярск, ОХУ) Зөвлөлт-Оросын зохиолч. Социалист хөдөлмөрийн баатар (1989 он). ЗСБНХУ-ын хоёр удаагийн Төрийн шагналт (1978, 1991), ОХУ-ын хоёр удаагийн Төрийн шагналт (1995, 2003).

Виктор Петрович Астафьев

Төрсөн: 1924.05.01
Овсянка суурин, Красноярскийн хошуу, Енисей аймаг, ЗСБНХОУ, ЗХУ, одоогийн Красноярскийн хязгаар
Өнгөрсөн: 1991.11.29
Красноярск, ОХУ
Ажил үйл зохиолч
Яс үндэс орос
Улс орон ЗХУ
ОХУ
Төрөл өгүүллэг, тууж, роман, жүжиг
Шагнал ЗСБНХУ-ын Төрийн шагнал хоёр удаа (1978, 1991)
ОХУ-ын Төрийн шагнал хоёр удаа

Виктор Петрович Астафьев 1924 оны тавдугаар сарын 1-нд тухайн үеийн засаг захиргааны хуваариар ЗХУ-ын Енисей аймгийн Красноярскийн хошуу, одоогийн Красноярск мужийн Овсянка сууринд төржээ[1]. Эцэг Петр Павлович Астафьев нь чинээлэг тээрэмчний хүү, эх Лидия Ильинична Потылицина нь жирийн тариачин айлд төрж өсчээ. Зохиолч хожим 2000 онд бичиж хэвлүүлсэн намтартаа, эцэг болон өвөө нь наргиж цэнгэхээс өөр ажилгүй, тэр айлын хамаг хүнд хүчрийг түүний ээж, эмээ хоёр нуруун дээрээ үүрдэг байсан тухай өгүүлсэн бий [2]. Виктор айлын отгон хүүхэд, хоёр эгчтэй байсан нь багадаа нас барсан байна. Хүүг долоон настай байхад, эцэг нь улсын өмч санаатай сүйтгэсэн хэргээр баривчлагджээ. Хүүгийн эх Красноярск орж нөхрөө эргэхээр явж байхдаа голын усанд унаж нас барсан[3]. Эцэг Петр Астафьев 1934 онд шоронгоос гараад дахин эхнэр авснаар тэднийх Красноярскийн хязгаарын Игарка хотод нүүж очжээ[4].

Эцэг нь эмнэлгээс салахаас байж, хойт эх нь олон нялх хүүхэд тэжээдэг, өлөн зэлмүүн амьдралтайн улмаас Виктор хүү нэг ёсондоо гудамжинд гарав. Гадуур тэнэх болсноос хэдэн сарын дараа сургууль дээрээ ноцтой зөрчил гаргасны учир хүүг өнчин хүүхэд асрах газарт шилжүүлсэн байна. 1942 онд Төмөр замын ажилчны сургууль дүүргээд Красноярск хотын Енисей өртөөнд галт тэрэгний найруулагч, жижүүрээр ажиллажээ.

Төмөр замчныхаа хувиар, фронтод явахгүй байх албан ёсны эрхтэй байсан хэдий боловч 1942 онд сайн дураараа цэрэгт явав. Эхлээд Новосибирск хотод байрлаж байсан явган цэргийн ангид алба хааж байгаад, 1943 оны хавар фронтод очжээ. Их бууны бригадад жолооч, холбоочин байсан. 1944 оны есдүгээр сард хүнд шархдаж, Украины фронтын шуудангийн ангид алба хааж байхад нь дайн дуусав. Улаан тугийн одон, “Эр зоригийн төлөө”, “Варшавыг чөлөөлсний төлөө”, “Германыг ялав” медалиудаар тус тус шагнагджээ[5].

"1943 оны 10 дугаар сарын 20-ны тулалдаанд улаан цэрэг Астафьев В.П ажиглах байртай холбоо тасарсныг дөрвөн удаа зассан. Даалгавар биелүүлэх явцад дэргэд нь бөмбөг дэлбэрч, шороонд даруулсан. Их буу, миномётын хүчтэй галын дунд, тасарсан утсыг олж залган холбоог сэргээснээр бие бүрэлдэхүүн явган цэргийн ангитай тасралтгүй мэдээ авалцаж, галын дэмжлэг үзүүлэх нөхцлийг хангасан" “Эр зоригийн төлөө” медалиар шагнуулах тодорхойлолтоос.[6]

 
Зохиолчийн бичгийн хэв номынх нь хавтсан дээр.

1945 онд байлдагч цолтойгоор армиас халагдаж Уралын Молотовская мужийн (одоогийн Пермийн хязгаар) Чусовой хотод суурьшив. Слесарь, туслах ажилчин, багш, галт тэрэгний өртөөний жижүүр, агуулахын эрхлэгчээр ажиллаж байжээ. Тэр жилээ Мария Семёновна Корякинатай гэрлэсэн. Тэд охин Лидия (1947 онд төрөөд удалгүй эндсэн), охин Ирина (1948-1987), хүү Андрей (1950) нарын гурван хүүхэд төрүүлжээ. Мөн Анастасия, Виктория хэмээх хоёр охин үрчилж өсгөсөн. Эхнэр нөхөр хоёр 57 жил хамт амьдарчээ.

1951 оноос “Чусовской рабочий” сонинд ажилд орж, анхны өгүүллэгээ (“Гражданский человек”) нийтлүүлэв[7]. Сурвалжлага, өгүүлэл, өгүүллэг нийтлүүлж явсаар 1953 онд анхны номоо (“До будущей весны”) хэвлүүлжээ[8].

1958 онд ЗХУ-ын Зохиолчдын эвлэлд гишүүнээр элсэв.

1959-1961 онд Москва хотод М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсэд суралцжээ.

1962 онд Пермь, 1969 онд Вологда хотод шилжин сууж байгаад 1980 онд төрөлх Красноярсктаа очиж суурьшсан байна.

1989-1991 онд ЗСБНХУ-ын Ардын депутатуудын хуралд төлөөлөгч байв.

2001 оны 11 дүгээр сарын 29-нд 77 настайдаа Красноярск хотод өвчний улмаас нас баржээ. Төрөлх Овсянка тосгоных нь дэргэд оршуулсан[9].

Уран бүтээл

засварлах
 
В.Астафьевын хөшөө. Красноярск хот.

Хүүхэд асрах газарт хүмүүжихээр ирэхэд нь тэнд Зөвлөлтийн зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч Игнатий Рождественский багшилж байжээ. Тэрбээр бяцхан хүүгийн зохиол бичих авьяастайг таньсан төдийгүй, тавдугаар ангид байхад нь анхны богино өгүүллэгийг нь (“Жив”. Хожим 1953 онд “Васюткино озеро” нэрээр шинэчлэн бичиж хэвлүүлсэн) сургуулийн сонинд нийтлүүлсэн түүхтэй[10].

1951 онд “Чусовской рабочий” сонинд өгүүллэгээ нийтлүүлснээс хоёр жилийн дараа анхны номоо хэвлүүлжээ. Дараагийн жилүүдэд нь гол төлөв хүүхдийн богино зохиол бичиж байгаад 1958 онд анхны томоохон зохиолоо (“Тают снега”) хэвлүүлэв[11].

Пермь, Вологдад 1930-аад оны Оросын тосгон, дайн, дайны дараах Оросын хөдөөгийн амьдралаас сэдэвлэсэн хэд хэдэн тууж бичсэн бөгөөд тэдгээрийн нэг нь (“Стародуб”) 1968 онд Прагад чех хэлээр гарсан нь, хилийн чанадад бүтээл нь анх удаа хэвлэгдсэн явдал болов. “Последний поклон”, “Кража”, “Пастух и пастушка” зэрэг гол зохиолуудаа энэ жилүүдэд бичжээ[12].

1976 онд хамгийн алдартай зохиол “Хаан загас” туужаа "Наш современник" сэтгүүлд хэвлүүлэв. Хэвлэл, утга зохиол хянах газар уг зохиолын бүхэл бүтэн нэг бүлгийг хасах зэргээр ихээхэн танасан хэдий ч, хоёр жилийн дараа уг зохиол ном болж хэвлэгдсэн даруйдаа ЗХУ-ын Төрийн шагнал хүртжээ[13]. Уг зохиолыг 27 жилийн дараа буюу 1993 онд анх бичсэн бүрэн эхээр нь хэвлүүлсэн юм. “Хаан загас” фин, англи, латви, польш, франц, чех, словак, румын, нидерланд, солонгос, хятад зэрэг гадаадын 20 шахам хэлнээ орчуулагдсан[14].

1981 онд түүний бүрэн зохиолын түүвэр дөрвөн ботиор гарав. Энэ үед тэрбээр Красноярскт нүүн очиж төрөлх Овсянка сууриндаа байшин худалдан авч төвхнөөд байжээ. 1983 онд түүний тухай анхны баримтат кино “Виктор Астафьев” дэлгэцэнд гарав. Улмаар түүний зохиолоор найруулсан мөн өөрөө зохиолыг нь бичсэн дөрвөн ч кино үзэгчдийн хүртээл болжээ[15].

1986 онд “Гунигт явдал” (“Печальный детектив”) зохиолоо бичиж нийтүүлсэн нь, өөрчлөн байгуулалт эхлээд байсан Зөвлөлтийн нийгэмд ихээхэн шуугиан тарьсан юм[16]. Уг зохиол Зөвлөлтөд гараад удалгүй Франц болон бусад олон оронд хэвлэгджээ.

Дайны тухай нэлээд ил тод, нарийн дэлгэрэнгүй өгүүлэмж бүхий дараагийн томоохон зохиол нь (“Прокляты и убиты”) 1993 онд гарч уншигч, шүүмжлэгчдийн анхаарлыг ихээр татсан бөгөөд анх гарснаасаа хойш зөвхөн ОХУ-д 20 шахам удаа хэвлэгдэв. Уг зохиолоороо 1996 онд ОХУ-ын Төрийн шагнал хүртсэн[17]. Төрийн шагнал хүртэхэд нь тухайн үеийн ОХУ-ын ерөнхийлөгч Б.Ельцин Овсянка сууринд зорьж очин түүнтэй уулзаж байв. Ер нь Михаил Горбачёв, Александр Солженицын, Никита Михалков тэргүүтэй утга зохиол, урлаг, улс төрийн нэртэй зүтгэлтнүүд болон уншигчид нь түүнтэй уулзахаар Овсянкад тасралтгүй очдог байжээ[18].

1998 онд Красноярск хотод түүний зохиолын бүрэн түүвэр 15 ботиор гарчээ[19].

Дурсгал

засварлах
 
Хаан загастай хөшөөний дэргэдээс Енисей мөрөн ингэж харагддаг. Гол руу түрж орсон тэртээ хошуунд буй суурин нь Овсянка.
  • Төрөлх Овсянка сууринд нь В.Астафьевын музей-номын сан, уран бүтээлийг нь судалж дэлгэрүүлэх төв ажилладаг.
  • 2002 онд года Овсянкад В.Астафьевын дурсгалын гэр-музей нээгджээ. Зохиолчийн хувийн архивын баримт материалууд Пермь мужийн улсын архивт буй. Чусовой хотод мөн гэр-музей бий.
  • 2006 онд Красноярск хотод В.Астафьевын хөшөөг босгосон.
  • Красноярск хотын Утга зохиолын музей В.Астафьевын нэрэмжит юм.
  • 1960-аад онд Пермь, Вологда хотод сууж байсан байшингийнх нь хананд, мөн Чусовой хотын галт тэрэгний буудалд дурсгалын пайз бий.
  • Красноярскаас Дивногорск хот хүрдэг засмал замын дэргэд "Хаан загас" зохиолд зориулсан өвөрмөц хөшөө байдаг. Туужид гардаг аварга том хилэм загас, загасчны торыг урж буйг энэ хөшөөнд дүрсэлжээ. Хөшөөг тойроод амрах талбай, орчин тойрныг харуулдах тавцан бий бөгөөд эндээс Енисей мөрөн, Овсянка тосгон илхэн харагдана. Хөшөөг Красноярскийн нэгэн бизнесмэн санаачилж бариулжээ.
  • В.Астафьевын багадаа байсан, мөн “Хаан загас”-т нь олонтаа гардаг Игарка хотын дунд сургууль, зохиогчийн сурч байсан Красноярскийн Төмөр замын ажилчны сургууль, Красноярскийн багшийн их сургуулийг В.Астафьевын нэрэмжит болгожээ.
  • Хуучин “Ленанефть-2035” гэдэг байсан, газрын тос тээвэрлэх усан онгоц одоо “Виктор Астафьев” гэдэг нэртэй[20].
  • 2003 онд түүнд ОХУ-ын Төрийн шагналыг нэхэн олгожээ[21].

В.Астафьев Монголд

засварлах

1982 онд Улсын хэвлэлийн газар “Хаан загас” туужийг Ц.Гомбосүрэнгийн орчуулгаар (редактор Д.Алтанхуяг) хэвлэн гаргаснаар В.Астафьевын зохиол анх удаа монгол уншигчдын хүртээл болов.

1976 онд анх хэвлэгдэхэд нь Зөвлөлтийн цензур уг зохиолыг уул эхээс нь нэлээд хэмжээгээр хасч гаргасан бөгөөд хожим зохиолч хасагдсан хэсгүүдийг буцаан нэмж бүрэн бүтэн болгоод 1993 онд хэвлүүлснийг мөн орчуулагч Ц.Гомбосүрэн (анхны монгол хэвлэл гарснаас 35 жилийн дараа) гүйцээн хөрвүүлжээ[22]. “Хаан загас”-ын энэ бүрэн хувилбарыг “Болор судар” хэвлэлийн газар 2017 онд эрхлэн хатуу хавтастайгаар хэвлүүлсэн байна[23].

“Гунигт явдал” туужийг мөн Улсын хэвлэлийн газар 1990 онд Р.Ганбатын орчуулгаар (редактор Г.Амар) гаргажээ [24].

В.Астафьевын өгүүллэгийн түүвэр “Дайны тухай өгүүллэгүүд”-ийг “Өдөр Шөнө” хэвлэлийн газар 2003 онд Б.Чимэдбатын орчуулгаар хэвлэн гаргасан байдаг[25].

Утга зохиол, уран сайхны “Цог” сэтгүүлийн 2000 оны №1 (267)-д, Оросын хэвлэлд гарсан В.Астафьевын томоохон ярилцлагын орчуулга “Овсянка тосгоны аварга эр” нэртэйгээр нийтлэгдсэн бий.

Виктор Астафьев 1986 онд Монголд ирж байжээ. Монголоор аялсан сэтгэгдлээ тэрбээр Сибирийн бас нэг алдартай зохиолч Валентин Распутинтай хожим хуваалцсан тухай Монголын сэтгүүлч Д.Цэдэн-Иш “Ардын эрх” сонины 1990 оны долдугаар сарын 31-ний дугаарт нийтлүүлсэн өгүүлэлдээ цухас дурьдсан байдаг[26].

Эх сурвалж

засварлах
  1. https://24smi.org/celebrity/15531-viktor-astafev.html
  2. http://magazines.russ.ru/ural/2004/5/ast1.html
  3. https://24smi.org/celebrity/15531-viktor-astafev.html
  4. http://magazines.russ.ru/ural/2004/5/ast1.html
  5. https://24smi.org/celebrity/15531-viktor-astafev.html
  6. "Астафьев Виктор Петрович". ОБД «Подвиг народа». Эх хувилбараас архивласан: 2013-03-21. Татаж авсан: 2013-03-18. {{cite web}}: Unknown parameter |description= ignored (help)
  7. http://www.krugosvet.ru/enc/kultura_i_obrazovanie/literatura/ASTAFEV_VIKTOR_PETROVICH.html
  8. http://www.krugosvet.ru/enc/kultura_i_obrazovanie/literatura/ASTAFEV_VIKTOR_PETROVICH.html
  9. http://www.krugosvet.ru/enc/kultura_i_obrazovanie/literatura/ASTAFEV_VIKTOR_PETROVICH.html
  10. https://24smi.org/celebrity/15531-viktor-astafev.html
  11. http://biblio-ast.ru/astafev/osnovnye-daty-zhizni-i-tvorchestva-v-p-astafeva/
  12. http://biblio-ast.ru/astafev/osnovnye-daty-zhizni-i-tvorchestva-v-p-astafeva/
  13. Постановление ЦК КПСС и Совета Министров СССР от 19 октября 1978 года № 852 «О присуждении Государственных премий СССР 1978 года в области литературы, искусства и архитектуры»
  14. http://biblio-ast.ru/astafev/osnovnye-daty-zhizni-i-tvorchestva-v-p-astafeva/
  15. http://biblio-ast.ru/astafev/osnovnye-daty-zhizni-i-tvorchestva-v-p-astafeva/
  16. http://zms.mn/saihan-zuudneesee-sertsgee-uran-zohiolchid-oo/[permanent dead link]
  17. s:Указ Президента РФ от 27.05.1996 № 779
  18. http://biblio-ast.ru/astafev/osnovnye-daty-zhizni-i-tvorchestva-v-p-astafeva/
  19. http://biblio-ast.ru/astafev/osnovnye-daty-zhizni-i-tvorchestva-v-p-astafeva/
  20. Речные суда Виктор Астафьев (Memento 21. Аравдугаар сар 2013 цахим архивт).
  21. s:Указ Президента РФ от 12.06.2004 № 766 (в области театрального искусства)
  22. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2018-11-11. Татаж авсан: 2018-10-28.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  23. http://book.mn/product/show/19869
  24. http://27.123.215.236/cgi-bin/Lib4UOPAC.cgi/detail?Lang=MON&ID=3783[permanent dead link]
  25. http://xacbook.blogspot.com/2011/10/blog-post_12.html
  26. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2015-03-24. Татаж авсан: 2018-10-28.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)