Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2010-23
Гизагийн агуу пирамид гэдэг Хеопсын (Хуфугийн) пирамид нь өнөөгийн Египет улсын нийслэл Кайр хотын ойролцоох Гизад орших хаадын оршуулгын цогцолбор пирамидуудын хамгийн аварга, хамгийн эртнийх нь бөгөөд Эртний Дэлхийн 7 гайхамшгаас өнөөдөр үлдэж хоцорсон цорын ганц бүтээл юм. Энэхүү байгууламжийг Египетийн дөрөв дэх хаант улсын фараон Хуфугийн (Грекээр Хеопс хэмээн дуудагддаг) шарилыг хадгалах булш гэж үздэг бөгөөд 20 жилийн турш барьж МЭӨ 2560 онд дуусгасан гэж таамагладаг. Уг пирамид баригдаж дууссан цагаасаа хойш 3800 жилийн турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж байсан байна.
Хуфу пирамид нь Гизагийн цогцолборын үндсэн байгууламж бөгөөд уг цогцолборт Хуфу пирамидаас гадна гашуудлын хос сүм (нэг нь Хуфугийн хажууд, нөгөө нь Нилийн эргийн ойролцоо), Хуфу фараоны эхнэрүүдэд зориулсан “дагуул” маягийн гурван жижиг пирамид, сурвалжит угсаатнуудын шарилыг хадгалах мастаба хэлбэрийн булшнууд тэдгээрийг холбосон замууд ордог.
Жижиг гурван пирамидын нэгэнд нь фараон Хуфугийн их хатан Хэтэфэрэсийн шарил, нөгөөд нь хатан бөгөөд төрсөн эгч Снеферугийн шарил, сүүлийнхэд нь фараоны эхийн шарил хадгалагдаж байдаг болохыг 1925 онд нээсэн байна. (бүрэн эхээр унших)