Вернер фон Зименс
Эрнст Вернер фон Зименс (герман. Werner von Siemens; 1816 оны 12-р сарын 13-нд Германы Доод Саксоний Герден хотод төрсөн—1892 оны 12-р сарын 6-нд Германы эзэнт гүрний Шарлоттенбург хотод нас барсан) — германы инженер, алдарт зохион бүтээгч, аж үйлдвэрлэгч. Тэрээр цахилгаан, харилцаа холбооны конгломерат болсон "Siemens"-ийг үүсгэн байгуулж, цахилгаан трамвай, троллейбус, цахилгаан зүтгүүр, цахилгаан лифт зохион бүтээжээ. Тэрээр нийгмийн болон улс төрийн зүтгэлтэн. 1888 онд "фон" цол хүртсэн.
Намтар
засварлахВернер Зименс 1816 оны 12-р сарын 13-нд Ганновер хотын ойролцоох Герден хотод төржээ. Тэрээр фермер эрхлэгч Кристиан-Фердинанд Зименс болон түүний эхнэрийн гэр бүлийн 14 хүүхдийн дөрөв дэх хүүхэд байсан.
Тэрээр Любек хотын Катаринеум гимнази, дараа нь 1835-1838 онд Пруссын цэргийн академийн Магдебургийн их буу болон инженерийн сургуулийг онц дүнтэй төгсөөд Берлин дэх артиллерийн ангид дэслэгч цолтой ажиллаж, шинжлэх ухааны туршилт хийж зохион бүтээх болжээ.
Эцэг эхээ нас барсны дараа 24 настай Вернер арван дүү нарын том нь болж үлджээ.
1845 онд тэрээр шинээр байгуулагдсан Физикийн нийгэмлэгийн хамгийн нэр хүндтэй залуу эрдэмтдийн нэг болж, дараа жил нь цахилгаан телеграфыг нэвтрүүлэхэд бэлтгэх зорилгоор Германы Зэвсэгт хүчний Жанжин штабын комисст томилогдов.
1847 оны 10-р сарын 1-нд тэрээр механикч Иохан Халскетэй хамт цахилгаан телеграфаас гадна нарийн механик, оптикийн чиглэлээр өргөн хүрээний ажил эрхэлдэг "Telegraphenbauanstalt Siemens & Halske (S&H)" телеграфын барилгын компанийг байгуулжээ. Түүнчлэн эмнэлэгийн зориулалттай цахилгаан хэрэгслийг зохион бүтээж байв. 1849 онд S&H Германы анхны телеграфын шугамыг Берлин-Франкфурт хотын хооронд барьжээ.
Голдуу агаарын шугамын нэг хэсэгт гуттаперча тусгаарлагчтай газар доорх кабелийг Зименсын зохион бүтээсэн пресс ашиглан хийжээ. Үүний зэрэгцээ Вернер кабелийг хар тугалгаар ороож хоолой болгон чангалахыг санал болгосон юм.
Тэрээр мөн Wheatstone-Cook нарын телеграфыг сайжруулж, Англид болсон анхны Олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэнд (1851) хамгийн өндөр шагналын нэгээр шагнагджээ.
Түүний Парисын Шинжлэх Ухааны Академид тавьсан цахилгаан телеграфийн тухай илтгэлийг Вилхелм фон Хумбольдт өндрөөр үнэлж, Доминик Франсуа Араго-гийн зөвлөмжийн дагуу илтгэлийг нийтлэсэн байна. Вернер фон Зименс 35 настайдаа цахилгааны инженерийн салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх мэдэлтнүүдийн эгнээнд нэгдсэн. 1860 онд Берлиний их сургуулиас түүнд философийн ухааны хүндэт доктор цол олгожээ.
1868-1870 онд S&H компани нь 11,000 км урт Лондон-Калькутта хотыг холбосон Энэтхэг-Европын телеграфын шугамыг барихад оролцсон. Энэ шугамын нэг хэсэг нь (Кавказаар дамжин) төмөр тулгуур дээр баригдсан бөгөөд 1871-1931 он хүртэл ажиллаж байжээ.
1889 оноос хойш Вернер Зименс компанийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо аажмаар больсон бөгөөд энэ үед түүний компани Лондон, Санкт-Петербург, Вена дахь охин компаниудыг оруулаад аль хэдийн 5000 ажилтантай болсон байжээ. 1889 оны 12-р сарын 31-нд Вернер фон Зименс компанийн удирдлагаас гарсан байна.
1892 онд тэрээр газар доорхи кабелийг механик нөлөөллөөс хамгаалах ган туузан хуяг зохион бүтээсэн байна.