Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Төрийн далбаа
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Төрийн далбаа нь 1924 оноос 1992 оныг хүртэл оршин тогтносон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн бэлгэ тэмдэг юм.
Түүх
засварлах1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, түүн дээр Хорлоогийн Чойбалсан Москвад хийсэн айлчлалын талаар ярьж, Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болох тийш хандаж байгааг тэмдэглээд “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” асуудлыг тусгайлан яаралтай хэлэлцүүлжээ. Тус хурлаар БНМАУ-ын далбааны маяг, найруулгыг батлан тогтоохдоо: “БНМАУ-ын далбаа нь 2:1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь нь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуан цэцэггүй соёмбо байна” хэмээн заажээ. Үүнээс өмнө Үндсэн хуульд гол төлөв БНМАУ-ын туг далбаа хэмээн бичиж ирсэн бөгөөд энэ үеэс хойш БНМАУ-ын төрийн далбаа хэмээх болов. Энэ далбааны эхийг БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, УГЗ Д.Чойдог зохиосон байна. Энэ үйл явдлыг Монгол улс тусгаар тогтносон улс гэдгээ өндөр цохон тэмдэглэсэн явдал хэмээн Х.Чойбалсан тодорхойлжээ.
Улмаар 1949 онд Үндсэн хуульд нэмэлт орсноор улсын далбааны талаарх заалт дараах байдалтай болжээ:
„Зуун зургаадугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбааг улаан ба цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд уг далбааг гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь тэнгэрийн хөх цэнхэр өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан шар өнгийн таван хошуу, түүний дор мөн алтан шар өнгийн Соёмбо тэмдэг, бадамлянхуа цэцэггүйгээр байна. Далбааны өргөн урт хоёр нь 1:2-ын харьцаатай байна.“
1960 оны Үндсэн хуулийн ерэн нэгдүгээр зүйлд улсын далбааны талаар заахдаа:
„Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улсын сүлдийг үндэслэн хийнэ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хушуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна. Далбааны өргөн урт хоёр нэгийн харьцах хоёрын харьцаатай байна“
хэмээжээ.