Бэрээвэн Номун ханы хийд
Бэрээвэн Номун ханы хийд нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байсан хийд.
Сэцэн хан аймгийн Дайчин жонон вангийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Дэлгэрхан уулын урд оршино. Өдгөө тус хийдийн туурь нь Хэнтий уулын салбар Бэрээвэнгийн хонхор хэмээх нэрээр нэрлэгдсэн газарт буй.
Бэрээвэн хийдийг анх Дайчин жонон ван Гомбожавын үед Тэнгэр Тэтгэсний 55-р он /1789/-д урьд дүрийн Номун хан Цэвээндорж ламтан нэгэн ихээхэн сүм байгуулж дээш айлтгаад зарлигаар “Бэлэг Өлзийт” сүм хэмээх нэр шагнагдав. Мөн онд засаг Гомбожав нэгэн хурал байгуулав. Ийнхүү Бэрээвэн хийд байгуулагджээ.Энэ хоёр сүмийг нутгийн ард олон Шар сүм, Цагаан сүм хэмээн нэрлэх бөгөөд хийдийн хойморт тусдаа байжээ. Улмаар 1792 онд Цанид дацанг, 1813 онд Цогчин дуганыг, 1848 онд дацанг, 1855 онд Зурхайн хурал сургууль, 1880 онд Шар хүрээг Олноо өргөгдсөний долдугаар онд Сэцэн хан аймгийн чуулган дарга, хошой чин ван Цогбадрах Цанид номын хурлыг дарааллан байгуулжээ. Мөн 1794 онд 4 сүм байгуулж 4 аймаг хурал байгуулжээ. Тус хийд 8000 ламын данстай халх монголын зүүн жигүүрийн шашны төв байжээ. Харин 1930-аад оны бүртгэлээр дацан 12, аймаг 4, дуган 26, сум 11, жас 28, ламын тоо 934 гэжээ. Бэрээвэн хийд нь Тэгчилэн, Намжил, Чойнхор, Тойсон гэх дөрвөн аймагтай. Мөн Ёго, Дашнайчин, Майдар, Аюуш, Цамба, Лхам бурхадын сүм, жас, сангуудаас бүрдэнэ.
Бэрээвэн хийд нь их хөвч тайга бүхий уулын энгэрт байрласан учир барилгууд нь чулуу, мод голчилсон хийцтэй. Мөн хад чулуунд наалдуулан авируулан босгосон Майдар бурхны сүм байсны дээд талын элгэн хаданд гэлэн Дамбибрамжабал гэгч соёмбо тэмдэг сийлсэн нь одоо хадгалагдаж үлджээ. Бэрээвэн хийдийг 1939 онд устгаж шатаасан юм. Харин 1937-1938 оны үед Оросын нэгэн эрдэмтний авсан гэрэл зургийг Д.Майдар өөрийн бүтээлдээ нийтэлсэн байна. Өдгөө тус хийдийн голын гурван сүмийг сэргээн шашин, номын үйл ажиллагааг явуулж байна.