Буянтын Дашцэрэн

Жалайр овогт Буянтын Дашцэрэн (Дорнод аймгийн Халхгол суманд 1925 онд төрсөн) -Монгол Улсын дипломатч бөгөөд БНМАУ-ын тусгаар тогтнолыг олон улсаар баталгаажуулсан төрийн нэрт зүтгэлтэн.

Намтар засварлах

Эцэг Буянт нь хэдийгээр малчин хүн байсан ч бичиг үсэгтэй нэгэн байжээ.

Б.Дашцэрэн 1947 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд суралцахаар явжээ.

1961 онд БНМАУ НҮБ-ын гишүүнээр элсэхэд Монголын төлөлөөгчдийн бүрэлдэхүүнд орж явсан. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 16 дугаар чуулганы 1043 дахь Бүгд хурлаар гаргасан 1630 дахь тогтоолд: 1961 оны 10 дугаар сарын 25-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн “Аюулгүйн зөвлөл”-ийн зөвлөмжийг хүлээн авч, мөн БНМАУ-ын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсэний үндсэн дээр БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болохыг зөвшөөрөв гэжээ. Ийнхүү Монгол Улсын болон дээр дурдсан улстөрч, дипломатуудын уйгагүй хичээл зүтгэл үр дүнд хүрч өнөөгийн туурга тусгаар бүрэн эрхт улсыг тунхагласан түүхтэй.

Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн ач холбогдлыг ГХЯ-ны сайд асан Ц.Гомбосүрэн: “Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш гол тэмцсэн асуудал бол тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх байлаа. Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэж 25 жил болсон. Харин ЗХУ-аас 1921 онд Ардын Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд дэлхий дахинд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан юм. Харин 1924 оны 5 дугаар сард байгуулсан Орос, Хятадын харилцааны зарчмын тухай гэрээнд Монгол бол Хятадын салшгүй хэсэг гэж бичсэн байдаг. Уг гэрээ 1946 он хүртэл хүчин төгөлдөр байлаа. Тэгэхээр ЗХУ, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь олон улсын эрх зүйн үүднээс үзэхэд албан ёсны гэдэг нь тодорхой биш байлаа. Харин Дэлхийн II дайны дараа 1945 онд дэлхий дахины байдал өөр болсон. Монгол Улс НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо дэлхийн хэмжээнд баталгаажуулна гэдэг үнэхээр чухал үйл явдал байсан” хэмээн дүгнэж хэлсэн юм.

Б.Дашцэрэн 1982-1986 онд ГЯЯ-нд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажилласан бөгөөд 1984-1986 онд ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр Монгол улсаас анх удаа сонгогдон ажилласан.

Тэрбээр ГЯЯ-нд хэлтсийн туслах ажилтнаас хэлтсийн дарга, тусгай үүрэгт Элчин сайд хүртэлх бүх шатны албыг хашиж, Бээжин дахь ЭСЯ-нд атташе, Унгар дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Москвад 2 удаа томилогдохдоо нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх , Нью-Йорк дахь БТГ-т 3 удаа томилогдохдоо зөвлөх, Байнгын төлөөлөгчийн орлогч, Байнгын төлөөлөгч Элчин сайд, Энэтхэгт болон Японд Элчин сайдаар тус тус томилогдон ажиллаж байсан.