Батын Гоош
Батын Гоош (1934 онд Улаанбаатар хотод төрсөн- 2009 оны 6 сарын 7-нд нас барсан) -Монгол Улсын төрийн шагналт, Ардын Эмч мэс засалч, ШУА-ийн гишүүн.
Намтар
засварлахТүүнийг эх барьж авсан орос эмч Гоша гэсэн нэр өгсөн нь сунжран Гоош болсон гэдэг.
1957 онд Монгол Улсын Их Сургуулийн Анагаах Ухааны факультетыг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1957-1960 онд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байгаад 1960 оноос хойш Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуульд мэс заслын тэнхимийн багшаас эрхлэгч, хүрээлэнгийн захирал, клиникийн удирдагч, зөвлөх багш хүртэл ажил хийж байв.
1991 онд ЭМЯ-ны мэс заслын Ерөнхий мэргэжилтэн, ЭМЯ-ны Сайдын дэргэдэх мэс заслын салбар зөвлөлийн дарга, 1997 онд Монголын мэс засалч эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, 2004 онд ШУА-ийн анагаахын бага чуулганы гишүүн, 2004 онд АШУ-ны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, 2004 онд “Монголын Анагаах Ухаан” сэтгүүлийн редакцын зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, 2004 онд ЭМШУИС-ийн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр сонгогджээ.
Эрдмийн зэрэг
засварлахБ. Гоош 1971 онд “Элэгний бэтгийг оношлоход дэлүүнд тодруулах бодис шахаж шинжлэх арга (спленопортографи) хэрэглэхүй” сэдвээр дэд эрдэмтэн, 1989 онд “Элэгний бэтгийн хавсарсан ба хүндэрсэн хэлбэрүүд” сэдвээр анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэргийг хамгаалсан. 1998 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1981 онд дэд профессор, 1990 онд профессор цол, 1990 онд “Элэг цөсний эмгэгийг оношилж, мэс заслаар эмчлэх нь” бүтээлээрээ Монгол улсын Төрийн шагнал, 1995 онд Монгол улсын Хүний гавьяат эмч, 2004 онд Ардын эмч цол хүртсэн.
Тэрээр 2009 оны 6 сарын 7-нд нас барсан.