Батжаргалын Ганбат

Батжаргалын Ганбат (1976 - ) нь Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, үндэсний бөхийн улсын арслан юм.

Батжаргалын Ганбат
Төрсөн он1976 оны 7 сарын 29 (1976-07-29) (48 настай)
Төрсөн газарМонгол, Увс, Баруунтуруун
Алдар цол
Бөхийн цолулсын арслан
Цол ахисан он жил
Улсын арслан2010
Улсын заан1999
Улсын начин1998
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн1 (2010)
Шөвгөрсөн12 (1998, 1999, 2000, 2001,
2002, 2005, 2006, 2008,
2009, 2010, 2011, 2016*)
Цагаан сарын барилдааны амжилт
Түрүүлсэн1 (2009)
Үзүүрлэсэн1 (1998)
2013-7-13-ны байдлаар мэдээлэв.

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Улсын арслан Батжаргалын Ганбат 1976 оны 7 сарын 29-нд төрсөн. Түүний өвөө лам хүн байсан төдийгүй улс орны ороо бусгаа цаг үед Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал сумуудад 35 жил амьдарч байгаад цаг үе тайван болоход нутагтаа эргэн очиж байсан тухай Б.Ганбат арслан дурссан удаатай.

Б.Ганбат арслан багадаа бөх төдийгүй цэргийн хүн болохыг мөрөөддөг байсан бөгөөд тэрээр мөрөөдлөө биелүүлж чадсан юм. 1997 оны цагаан сарын барилдаанд аймгийн арслан цолтой байхдаа Б.Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүүнд үлдэж анх удаагаа үзүүрлэж байсан. Энэхүү барилдааныхаа тухай тэрээр хожим дурсахдаа: "Б.Бат-Эрдэнэ аваргатай барилдаж үзэх мөрөөдлөө тэр үед биелүүлсэн. Өөртөө итгэхгүй, зүүдэлж байна л гэж бодож байлаа" хэмээсэн юм. Б.Ганбат 1998 онд Ардын хувьсгалын 77 жилийн ойгоор Дархан аварга Хорлоогийн Баянмөнхөөр тав давж улсын начин цолыг хүртэж байв. Тэрээр зургаагийн даваанд Дархан аварга Агваансамдангийн Сүхбатад өвдөг шороодсон юм.

1999 онд Улсын аварга О.Балжиннямаар долоо давж Улсын заан цол хүртсэн байна. Наймын даваанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэд өвдөг шороодсон билээ. Б.Ганбат заан болсон жилийнхээ намар осолд орж 4, 5 жилийн туршид бэлтгэл хийх чадваргүй байсан юм. Гэхдээ төрийн наадамдаа зодоглон 2000 онд Улсын начин Б.Одхүүгээр зургаа, 2001 онд аймгийн арслан Д.Болдоор тав, 2002 онд Улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэвээр зургаа давж шөвгөрсөн юм.

2005 онд Улсын харцага Г.Батбаяраар тав, 2006 онд Улсын заан Ц.Мягмарсүрэнгээр долоо, 2008 онд Улсын харцага Т.Амартүвшингээр долоо давж шөвгөрсөн билээ. 2008 онд ардын хувьсгалын 87 жилийн ойн баяр наадмаар наймын даваанд Улсын гарьд Н.Ганбаатарыг амлаж барилдаад өвдөг шороодсон юм. Энэхүү барилдааныхаа талаар дараа нь дурсахдаа: "Би бичлэгээ хожим үзэхэд долоогийн даваа хүртэл маш тогтуун, их болгоомжтой барилдсан юм билээ. Харин наймын даваанд ам аваад л явдал түргэсээд, гүйж эхэлсэн байна лээ. Наймын даваанд сэтгэл зүй муу, маш болгоомжгүй барилдаан хийсэн. Би ам авахдаа түрүүлчих юм байна гэж бодсон л доо. Н.Ганбаатарыг хурдан унагаая л гэж бодож байлаа. Дараагийн даваагаа л бодож байсан. Би ер нь хүнийг сэждэггүй. Анх удаагаа л Н.Ганбаатарыг сэжээд нөгөө талдаа татуулаад унасан. Би унаж байхдаа "төрийн наадмын дээд даваанд гарч ирээд ийм амархан уначихдаг юм байх даа" л гэж бодож байсан даа. Тэр барилдаанд маш их харамсаж явдаг" хэмээн ярьсан байдаг.

2009 онд ардын хувьсгалын 88 жилийн ойгоор тавын даваанд Улсын өсөх идэр начин Ц.Сумъяабээст өвдөг шороодсон ч хожмоо өрсөлдөгчөөс нь сэргээш илэрсэн тул түүнийг давсанд тооцсон билээ.

2010 он Б.Ганбат арслангийн од нь гийсэн жил байсан юм. Тэрээр 2010 оноос өмнө улсын баяр наадамд ес шөвгөрөхдөө гурван удаа долоо даваад байсан билээ. Б.Ганбат арсланд наймын даваа л барцадтай даваа байв. 2010 онд наймын даваанд Улсын арслан Х.Мөнхбаатартай тунан барилдсан юм. "Би ямар ч хөдөлгөөн хийгээгүй. Ер нь зогсож байгаад л давна гэсэн ойлголттой байсан. Зогсож байхад Х.Мөнхбаатар арслан намайг хаячихгүй байх гэж бодож байлаа. Харин Мөнхбаатар арслан золгохоос өмнө ажиллаад байсан. Золгож барилдвал намайг эвгүй барилдаантай гэдгийг ойлгосон байх л даа. Мөнхбаатар арслан бараг 45 минут орчим ажилласан. Би найм давчихаад арслан болсноосоо илүү баярлаж байсан. Үзүүр түрүүний барилдааны өмнө цэнгэлдэх даяар миний нэрийг хашгирч байлаа. Ард түмэн намайг түрүүлээсэй гэж хүсэж байгааг би мэдэрсэн. Г.Өсөхбаяр аварга хоёулаа золгоод барилдчихья гэж санал гаргалаа. Заалны барилдаанд таараад золгож барилдахаар болохдоо бид хоёр хурууддаг байсан. Өсөхөө аварга үргэлж ялдаг байсан учраас би шодъё гэж хэлсэн. Шоо миний талаар буусан даа. Бөх хүний хамгийн баяр бахдалтай агшин бол төрийн наадамд түрүүлэх байдаг." хэмээн Б.Ганбат арслан хожмоо хуучилсан. Ийнхүү тэрбээр Их Монгол улс байгуулагдсаны 804, ардын хувьсгалын 89 жилийн ойгоор Дархан аварга Г.Өсөхбаяраар ес даван түрүүлж Улсын арслан цолны болзлыг хангасан билээ. Дараа жил нь буюу 2011 онд Улсын начин С.Батсууриар зургаа давж төрийн наадамдаа арван нэг дэх удаагаа шөвгөрсөн юм. Б.Ганбат арслан: "Таваас дээш даваа үнэхээр хүнд байдаг. Алхаа гишгээ минь хүртэл хариуцлагатай болчихдог юм." хэмээн хожим ярьсан байдаг.

  • 1998 онд 5 давж улсын начин цол хүртсэн
  • 1999 онд 7 давж улсын заан болжээ
  • 2000 онд 6 давсан
  • 2001 онд 5 давсан
  • 2002 онд 6 давсан
  • 2005 онд 5 давсан
  • 2006 онд 7 давсан
  • 2008 онд 7 давж шөвгөрчээ
  • 2009 онд 4 давж, тавын даваанд улсын начин Ц.Сумъяабэйст унасан ч өрсөлдөгчөөс нь сэргээш илэрсэн тул 5 давж шөвгөрсөнд тооцогдон "Улам нэмэх" чимэг хүртсэн[1].
  • 2010 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол хүртсэн
  • 2011 онд 6 давсан
  • 2016 онд 5 давсан* (Өрсөлдөгч Б.Ганзоригоос сэргээш илэрсэн)
  1. "Б.Ганбат, Д.Баасандорж нарт чимгийг нь олголоо". Өнөөдөр сонин. 2009-11-27. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)[permanent dead link]