Аттила ба хүннүчүүд

Аттила ба хүннүчүүд хэмээх уг номыг Монсудар хэвлэлийн газар-аас 2011 онд монгол хэлээр эрхлэн хэвлүүлсэн.

АТТИЛА БА ХҮННҮЧҮҮД
Эрхлэн гаргасан
Монсудар хэвлэлийн газар
Номын тухай мэдээлэл
ЗохиогчХ.Шрайбер
Эрхлэн гаргасан он2011
ХэлМонгол
ISBN код978-99962-0-459-3
АнгилалМонголын түүх
Форматхатуу хавтастай
Худалдаалагдаж буй газарИнтерном номын их дэлгүүр

Дотоодын үймээн самууны улмаас эх нутгаасаа гарч Евразийн уудам тал нутаг, Перс, Ойрхи Дорнодоор дамжин Европод хүрч, төр улсаа байгуулан суусан хүннүчүүдийн талаар цэгцтэй ойлголтыг та энэ номноос авах боломжтой юм. Хожуу үеийн нүүдэлчин ард түмнээс өнөө цагийн хүмүүсийн ой тойнд хамгийн ихээр бат бөх хадгалагдан үлдсэн нь Хүннүчүүд болон тэдний хаан Аттила бөлгөө. Австрийн түүхч, судлаач Херманн Шрайбер зохиол туурвилдаа энэхүү морьтон ард түмнийг нүдэнд харагдахуйц маш сонирхолтой байдлаар бичжээ. Энэ ард түмний зүгээс учруулсан асар их аюул занал нь наран жаргах зүгийн улс орнууд хоорондын зөрчлөө хойш тавьж, түр зуур ч болов эвсэн нэгдэхэд хүргэсэн байна. Зохиогч Хүннүчүүдийн гарал үүслийн тухай домог түүхийг буурьтай судалсны үндсэн дээр тэдний Ази болон Европын уудам орон зайд бусдыг айлган сүрдүүлсэн хүчирхэг гүрэн болж дэвшсэн замнал, Аттилагийн ноёрхлын чухал үйл явдлууд, түүний оргил нь болох Хүннүчүүд Европт хэрхэн цөмрөн орсон болон их тулалдаан, учир битүүлэг байдлаар мөхсөн түүхийг тод томруун дүрслэн үзүүлжээ.

Херманн Шрайберын эл бүтээл нь Хүннү гүрний талаар эртнээс уламжлагдан ирсэн бүх л эх сурвалж, шинжлэх ухаан болон хуучин судлалын мэдлэг мэдээлэлд тулгуурлаж буй бөгөөд тэдгээрт шүүмжлэлтэй хандаж, бүтээлчээр судалж, өөрийн үнэлэлт дүгнэлтийг оруулсан байна. Тиймээс энэ бүтээл нь өрнийн он дарааллын бичиг, түүх бичлэг, сүм хийдийн түүх, домог туульс, хууч яриа гэх мэт ховор нандин эх сурвалжуудыг судлан өнөөг хүртэл төдийлөн нэг мөр болоогүй, тодорхой бус олон асуудлыг тодруулсан байна. Эртний Европын түүхэнд хүннүчүүд, тэдний хаан Аттилагийн гүйцэтгэсэн асар их үүргийн талаар үнэн бодитой мэдлэг мэдээллийг уншигчдад өгнө.


Номын агуулга

засварлах

I: ИХ АЮУЛ

засварлах

Тэд дөрвөн зүг, найман зовхисоос чимээгүйхэн, бараг үзэгдэж харагдалгүй гарч ирэв. Дунай мөрний хөндийд хөшилдсөн манан дотор эхлээд жижиг жижигхэн хар цэгүүд мэт байснаа манан хөөрч талын дээгүүр өнгийх нарны алтан туяа цэргүүдийн хуяг дуулга, зэр зэвсгээс ойн гялсхийх тэрхэн мөчид Ромын хилийн хана хэрмийн өмнө цэлийх уужим тал газар гэв гэнэтхэн тэдгээр муу ёрын халдаар ирэгсэд язганах нь харагдав. Тэд мориныхоо дэл рүү бөхийн давхих тул хүн морь хоёр нэг цул болж бие галбир, хөдөлгөөн нь бараг ялгагдахгүй ажээ. Намхан хэрнээ бахим морин дээрээ бат сууж хийсгэх агаад тохиолдох саад хоригийн өмнө хэд хуваагдаж таран байрлаж, дөрөө шүргэм өвсөн дундуур салхи мэт хурдлахыг нь ажихад хараа үл гүйцэх аж. Ромын цэргийн ангид аль хэдийн түгшүүр зарлажээ. Хэдэн зуун хос нүд энэ хэсэгт урсгал дөлгөөн мөрний өргөн мандал дээгүүр хүчлэн хараачилна. Тэр цагт Истер хэмээн нэрлэгдэж асан Дунай мөрөн Ромын эзэнт гүрний хувьд хэдэн зууны турш халхавч хамгаалалт болж, өмнөд эрэгт нь Ромын эзэмшлийн цэрэг байрлаж байв. Хэдийгээр өмнө нь ийм юм болж мэднэ гэдгийг зөгнөж ярьж байсан ч энэ нь сандрал бачимдлыг нь хөнгөлсөнгүй. Дунайн хойд эрэгт морьтойгоо нэг цул болсон тэдгээр тоо тоймгүй хүн хар саарал кентаврууд өргөн эгнээгээр ус руу харайлган орох мөчид мөрний битүү хүрхрэх чимээнээс нэг их гай зовлон юу юугүй гэтэн ирж, яагаад ч хориглож саатуулах аргагүй болсон нь мэдрэгджээ. “Үүгээр түүгээр хэрэн давхилдах үй олон зэрлэг морьтнуудын хамт шинэ гай гамшиг нөмрөн ирсэн агаад тэдний ийн аюумшиг тарьж, түйвээн сүйтгэж эзэрхийлж хүчирхийлэх нь зэрлэг бүдүүлэг овог аймгууд дотроо ч хэтийдсэн зэрлэг гэхээр байлаа” хэмээн хүннүчүүд Дунай мөрний доод бие хавьд анх үзэгдэх үеийг дүрслэн Клермоны хамба ламтан, эрдэмд нэвтэрсэн яруу найрагч, бичгийн хүн Солиус Аполлинарис Модестус Сидониус бичиж байв. Түүний энэ олон нэрээс зөвхөн хоёр дахь болоод дөрөв дэх нь л сүүлд өөрт нь үлдсэн билээ. Улс оронд нь халдан ирсэн хүннүчүүдийн тарьсан тэр аюумшиг Каталонийн тал нутагт эцэс болох үед тэрбээр хорин гуравтай байв. Гэхдээ түүний хүүхэд нас хэдэн зууны турш амгалан тайван амьдарч ирсэн Европ энэ их аюул заналыг ерөөс ойлгох чадваргүй байсан тэрхүү гамшгийн цаг үед тохиожээ. Мөнөөхөн Сидониус Аполлинарис хүннү нарын тухай бичихдээ “Шинэ төрсөн нялх хүүхдийнх нь нүүр царай хүртэл эрэмдэг зэрэмдэг, нэг л хэлбэр дүрсгүй хэсэг бөөрөнхий юм шовойж, толгой болон духных нь дор хоёр нүх гялайж гялтайх ч юмгүй харагдах нь нүд ажээ. Магнайд нь тусах өдрийн гэрэл нүдээ аниагүй үед ч ялгаагүй тээр цаана байх хүүхэн хараанд нь хүрч тусахгүй. Ухархай нь өчүүхэн жижиг ч нүд нь эргэн тойрны юмыг сайн харах агаад хүүхэн хараа нь жижиг хэдий ч хараа хурц тул тэртээ холын гүн гүнзгий ангал, нүх сүв, ганга жалганд буй юмыг ч сайтар ялган харж чадна. Хамар нь нүүрнээсээ урагш илүү гардаггүй, дуулганы унжлага дор багтаахын тулд хамрыг нь боолтоор ороож дарах ажээ. Ийм байдлаар эх нь хүүгээ зөвхөн л цэрэг дайны хэрэгсэл болгох гэж зэрэмдэглэх бөгөөд хамар нь урагшаа товойж ургахыг зогсоодог учир нүүр нь өргөн хавтгай юм болдог ажээ” хэмээжүхүй...


II: ТЭД ХААНААС ГАРЧ ИРСНИЙГ ХЭН Ч ҮЛ МЭДНЭ

засварлах

Хүннү нарын нэр болон уг гарвалын тухай асуудлыг лавтай барьж ажиллах үедээ би авьяас билигт хэдэн арван судлаач энэхүү хүчир ажилд насан туршийн амьдралаа зориулсан, эл асуудал яагаад өнөөг хүртэл шийдэгдээгүйн учрыг ухаарч эхэлсэн юм. Хүннү нар дэлхийн олон улсад ихээхэн нэрд гарсан ард түмэн байж мэднэ. Учир нь хүн бүр л хэзээ нэг цагт, хаа нэгтээ тэдний тухай сонссон байдаг ч үнэн хэрэгтээ тэд бүх улс түмэн дотроос хамгийн танигдаж мэдэгдээгүй нь бөгөөд учир нь тэд өөрсдийгөө хэн болох, хэний хэлээр ярьдаг, үхэгсдээ ямар ёс заншлаар оршуулдаг гэдгээ бараг л мэдэхгүй, за тэгээд хаанаас ирснээ бүр ч мэдэхгүй билээ. Нүүдэллэн байнга бууриа сэлгэж явах дуртай учраас заримдаа хүннү нар төрсөн эхээ ч мэдэхгүй, энэ замбуутивийн гэгээг хаана анх харснаа ч гадарлахгүй. Үр хүүхэд нь эцгийн булшийг олох аргагүй... Уран зохиолын барьцтай гэхээр зүйл, өөрөөр хэлбэл бичгийн дурсгалаас эхлээд авч үзье. Чингэвэл Ромд боловсрол олсон, гоотын түүхийг туурвигч Иорданесын дор өгүүлэх түүх хэн хүнийг гайхуулж алмайруулна. “Хүннү нарын гарал үүслийн тухай эртний домогт өгүүлснээр гоотуудын тавдугаар хаан Филимер Скандинав арлаас гарч яваад скифүүдийн оронд ард түмнийхээ хамт буужээ. Тэнд тэрбээр албат нарынхаа дунд “haljarunae” хэмээн нэрлэгдэх ид шидийн ухаанд нэвтэрсэн олон эмс хүүхэн байгааг олж мэджээ. Тэд өөрийг нь болон ойр дотны хүмүүсийг нь хорлож магадгүй хэмээж эмээхдээ Филимер хаан тэднийг их цэргээс холдуулж зайлуулахаар тушаасныг ёсоор болгосонд тэд харь нутгийн эзгүй зэлүүд газраар тэнэж бэдэрч явах болсон аж. Бөглүү зэрлэг газар хэрэн тэнэх эдгээр эмсээс шуламсын сүнс сүлд тодорч гарсан нь анзаарагдалгүй өнгөрсөнгүй. Тэд гоотуудтай нийлж аймшигт муухай үр удмаа үлдээсэн агаад тэд нь эхлээд балчиг намаг газар амьдран сууж байжээ. Энэ бол намхан загзгар, жигшмээр муухай дүртэй, ухаан муутай, ерийн хүнтэй адил төстэй юм бараг үгүй хүмүүсийн овог байсан бөгөөд хүнээс гарах дуу авиаг санагдуулам төдий хэлээр ярилцдаг байжээ. Эдгээр хачин амьтдаас хүннү нар үүссэн агаад тэд гоотуудын нутгийн хязгаарт гэнэт гарч иржээ. Түүхч Прискүсийн мэдээлснээр ийм байдлаар бий болсон хүннү нарын овог Маэогийн (Азовын тэнгисийн эргийн) намаг газрын зах, тэнгисийн дорно эрэгт оршин сууж байжээ. Тэд ажил хийж дадаагүйн учир хэсэг хугацаанд ан гөрөө хийн амьдарч байгаад, бие даасан ард түмэн болж өсөж үржсэнийхээ дараа хөрш ард түмэн, овог аймгуудад халдан дээрэм тонуул хийж, амар суулгахгүй болжээ...


III: АТТИЛАГИЙН АРД ТҮМЭН

засварлах

Бид Европод байлдаж буй хүннү нарыг Христийн тооллын 434 оны орчимд орхисон билээ. Хатан хаан Евдокиа бурхан тэнгэрт мөргөн гуйж хүннү нарын хаан Ругилад Визант хотод аюул занал учруулж амжихаас нь өмнө завдан аянга цахилгаан буулгасны хүчээр тэрбээр тамд одсон байв. Дорнод Ромын нийслэл Визант хотод наран жаргах зүгийн өөр бусад аль ч хотоос илүү хууран мэхлэх, садарлаж самуурах, матаж ховлох, хөрөнгө мөнгө үрэн таран хийх ажил явдал ихэд дэлгэрсэн бололтой байдаг агаад дараагийн мянган жилд ч үүнийгээ тавилгүй, эцэст нь хүннү нарын холын хамаатан османууд 1453 онд энэ бүхнийг эцэслэн цэг тавьж, Визант хот эздээ солих үеийг хүртэл үргэлжилжээ. Ругила амьдралынхаа сүүлийн жилүүдэд хүннү нарыг ганцаар захирч ирсэн агаад түүнтэй хамтран төр барьж асан дүү Октар нь хэдэн жилийн өмнө нас баржээ. Энэ хоёрын дараа мөн л ах дүү нар Бледа, Аттила хоёр засгийн эрхэнд гарсан нь Мисир оронд нэг хэсэг эгч дүү хоёр төр барьж асан, мөн өнөөдөр ч Сан Марино хэмээх усан үзмийн мод ургасан налуу ухаа толгодоос тогтсон энэ бяцхан үзэсгэлэнт оронд хоёр капитан-регент (capitani reggenti) төрийг захирч буйн адилаар Хүннү гүрэнд хоёр хаан төр барих засаглалын тун сонин хэлбэр заншсан байжээ гэсэн таамаглал төрж буй юм. Гэвч хуучны Хятадын Хүннү гүрний хаадын нэрсийн жагсаалтад хоёр хааны засаглалын ийм тогтолцооны талаар Христийн тооллын өмнөх 127 оны хавьд Ихизэ хэмээх нэгэн хаан эцгээс бус ахаасаа хаан ор залгамжилсан тухай дурдсаныг эс тооцвол өөр ямар нэг барьцтай зүйл олдоогүй. Хүннү нар олон эхнэр авдаг учир хааны шууд удам угсаа эрэгтэй талаасаа хангалттай байсан нь тодорхой бөгөөд тиймээс хаан ширээ хааны ах эсвэл дүүд шилжиж байв. Гэхдээ хүннү нарын нас нөгчсөн хоёр хаан Ругила, Октар хоёрт бас өөр хоёр ч дүү, тухайлбал Мүндзүх, Оебарсиус нар байсан бөгөөд Ругилаг нас барах үед (Түүний нас барсан жил 448 он болох нь мэдэгдэж буй) лав л Оебарсиус нь амьд байсан нь бидэнд мэдэгдэж буй тул будлиан үүсэж байгаа хэрэг. Энд хааны дүү, бүр нэгээр тогтохгүй хэрэв Мүндзүх бас амьд байсан бол хоёр ч дүүгээс нь жонон нарыг илүүд үзсэн хэрэг болж буй. Энэ бүх будлианы цор ганц боломжийн тайлбар нь хүннү нар аливаа чухал шийдвэр гаргахдаа гагцхүү нарийн учир холбогдлыг л хатуу мөрдлөг болгодог байсан явдал болой. Бледа, Аттила хоёр авга ахыгаа нас нөгчиж, суудал нь эзгүйрэх үед нусаа гоожуулсан жаалууд байсангүй. Тэд хоёул хэдэн арван тулалдаан хийсэн, нийт ард түмэндээ танигдсан байсан нь эргэлзээгүй. Тиймээс ч энэ үед магад хэдийн жаран насны босгыг алхчихсан хэн нэг авга ахыг нь тэднээс илүүд үзэх учир шалтгаан үгүй. Тэр үед Аттила гучин естэй, Бледа түүнээс арай ах байсан бололтой агаад тэд засгийн эрхийг авч мөнөөхөн Октар, Ругила нарын адилаар эрх засгаа хувааж авахдаа эрх үүргийн дагуу бус, харин газар зүйн орон зайг голчилсон нь мөн л зүй ёсны хэрэг байв. Жинхэнэ хоёр хаан төр барих уламжлалт ёс тогтнож буй үед жишээлэхэд Аттила их цэргийн жанжин, Бледа дээд тайлгач болох ч юм уу, эсвэл нэг нь дайн тулаанд, нөгөөх нь энх цагт ард түмнийг удирдах ёс байж болох байв. Ийм ёс Германы зарим нэг овог аймгуудад байсан бололтой. Гэвч энэ нь хүннү нарын хувьд дэндүү хуурмагласан (sophisticated) хэрэг болох бөгөөд юуны өмнө тэд энэ завсар хэтэрхий их газар нутаг эзлэн дагуулаад байсан юм. Энэ нүдний хараа цуцам асар өргөн уудам газар нутгийг хуваахаас амархан юмгүй. Аттила, Бледа хоёр эртнээс инагш хүннү нарын үе үеийн хаадыг төрүүлсээр ирсэн нэг л овгоос, нэг л гэр бүлээс гаралтай, бүх эрчүүд нь үндсэндээ нэг л адилхан хүсэл санаархалтай байжээ гэдэгт эртний бүх эх сурвалж санал нийлдэг. Үнэхээр ч зөвхөн хамгийн шилдэг, хамгийн хүч чадалтай нь юм уу, өөрөөр хэлбэл хамгийн өршөөл энэрэлгүй, харгис хатуу нь төрийн эрхийг авч байжээ. Өдий төдий ах дүүс, ач гуч нар, татвар эмсийн хүүхдүүд, аль эсвэл хаан эзний суудалд санаархагч өөр бусад олон хүн ганц Хүннүгийн улс ч бус, ер нь хаа сайгүй л маш хурдан үхэж үрэгдэж алга болж байсан билээ. Ийм явдал эртний Мисир оронд заншиж тогтсон л байсан, Британийн хааны удмынхны ийм жишээ ч дэлхийн утга зохиолд хачин сонин сэдэв болж байлаа...



IV: АТТИЛАГИЙН АМЬДРАЛ БА НОЁРХОЛ

засварлах

Бүргүндчүүд хүннү нарын сүүлчийн аймшигт довтолгоонд өртөж хүйс тэмтрэгдэх үед Аттила хаан болоод наад зах нь хоёр жил болж байв. 434, 439 онууд түүний хаанчлалын хамгийн бүдэг жилүүдэд тооцогддог. Тэрбээр энэ үеийн тухай он дарааллын түүхэнд цухас тэмдэглэгдсэн зарим чухал шийдвэрээ чухам энэ үед гаргасан байх учиртай. Тиймээс ийм нөхцөл байдалд тэрбээр Вормсын бүргүндчүүдийг хэрхэх зэрэг жижиг асуудлаар хөөцөлдөхгүй нь тодорхой, тэднийг Райн мөрөнд бут цохьсон тулалдааныг өөрөө удирдсан байж ч таарахгүй. Судлаачид “Аттила бүргүндчүүдийг дайлахад оролцоогүй, бүргүндчүүд ч түүний орд өргөө рүү дайраагүй” (Хомайер) хэмээн нэгэн дуугаар баталдаг ч бүрэн үгүйсгэж бас болохгүй. Нибэлүнгийн дуулалд Аттила-Этцэль Вормс руу мордоогүй хэмээгээд харин бүргүндчүүдийг хүннү нартай уулзуулах учиртай байсан учир арай аятайхан хувилбарыг сонгож, бүргүндчүүдийг Дунай мөрнөөр дорно зүг явсан, тэнд чухамхүү түүхэнд тэмдэглэгдсэн Хүннүгийн хааны орд өргөө байсан, бүхий л улс орны элч төлөөлөгчид тийш явж байсан хэмээн дурджээ. Европын голт зүрхийг дорно дахинтай холбож буй энэ их мөрнөөр хөлөг баатруудын хийсэн энэ аян дундад зууны Австрийн Бабенбергийнхний ордонд тэмдэглэгдсэн байх магадлалтай өгүүллийн гол үйл явдал бөлгөө.


V: АТТИЛА ТЭНГЭРТ ХАЛЬЖ, ИРД ХУВИЛГААН ДҮРИЙГ ОЛСОН НЬ

засварлах

Аттила хааны эзэнт гүрэн бол хааны өргөөлөх байнгын суурин хотгүй сонин улс байв. Хааны суух өргөө нь ч ил харагдахаар элдэв алба, эрх мэдэл бүхий түшмэл гэхээр юмгүй нь мөн л сонин. Аттилад зөвлөхүүд байсан ч засгийн газар, тодорхой нэг салбар эрхэлсэн сайд гэж байсангүй. Одоогийнхоор бол (тэргүүн) шадар зөвлөх хэмээгдэх хүн нь Онегесиус нэртэй байсан бололтой. Гэхдээ энэ нь түүний өөрийнх нь нэр мөн эсэх нь тодорхойгүй. Харин Аттила хааны байнгын “дугуй ширээний андууд” (Артур хааны дугуй ширээний хөлөг баатруудын яриаг санах нь зүй. Орч.)-ыг үргэлж инээлгэж баясгагч ордны алиа салбадай гэж байсан нь мэдэгддэг. Хааны найрын ширээ суудлын хуваарьтай, тэр нь Аттилагийн шадар хүмүүсийн зэрэг зиндааг илтгэж, энгийн, харахад л ойлгомжтой, бас өөрчлөхөд ч хялбар зүйл байсныг тухайн үеийн хүмүүс гэрчлэн үлдээжээ. Гэрт мэндэлсэн Хүннүгийн хаан Германы хаадад байсны адил олон өрөө тасалгаагүй, нэгэн уужим их танхимд морилдог, зэрлэг ард түмний толгойлогч энэ хүн “Brain Trust” (Англи хэлнээс үгчлэн орчуулбал “тархины трест” болно. Нарийвчилсан судалгаа хийж бодлогын үндэс суурь болох дүгнэлт гаргадаг өндөр IQ бүхий хүмүүсийн хамтлагийг хэлнэ. Энд ойр дотны зөвлөхүүдийн бүлэг гэдэг утгаар өгүүлжээ. Орч.)-тай байсан тухай мэдээ баримт буй. Хааны өргөөнд байнга болдог “Diner de tetes” (”Толгойтнуудын зоог” гэсэн үг агаад Францын жүжгийн зохиолч Жан Ануийн хошин жүжгийн нэр. Орч.)-ийн үеэр хэрэвзээ Аттила тушаах л аваас хэн ч бай толгойгоо алдаж мэдэхээр байжээ... Аттилагийн эзэнт гүрэн ямар улс байв? Түүний нутаг дэвсгэр хаана эхэлж хаана дуусаж, хил хязгаар нь хаагуур байв? Энэ гүрэн Чингис хаан, доголон Төмөрийн гүрэнтэй эн зэрэгцэхээр дэлхийн гүрэн байсан уу? Рене Грүссэ тал нутгийн ард түмнүүдийн тухай номондоо Аттила-Чингис хаан-Төмөр хэмээсэн давхар гарчиг зориудаар тавьж, түүндээ Хүннү гүрний тухай өгүүлэхдээ: “Монгол гарлын Чингис хааны эзэнт гүрэн өөрийн тугийн дор монголчуудаар зогсохгүй Азийн цээжнээ нутаглах нийт түрэг, түнгүүс нүүдэлчдийг нэгтгэж байсны адилаар хүннү, өөрөөр хэлбэл түрэгүүд гол цөмийг нь бүрдүүлж байсан Аттилагийн гүрэн нь Урал, Райн мөрнүүдийн завсрын нутагт амьдран суух сармат, алан, остгоот, гэпид болон бусад бүх зэрлэг ард түмнүүдийг хамарч байв” хэмээжээ. Улирч өнгөрсөн олон зууны түүхийг арван хуруу шигээ мэддэг, өөрийн салбарт Грүссэгээс дутуугүй нэр хүндтэй Теодор Моммзен, эртний зохиогчдын дурдсан Аттилагийн захирч байсан “далайн арлууд” нь Британи мөн гэдэгт эргэлздэггүй бөгөөд үүнээс үүдэн британичууд Аттилад алба барьж байсан, хүннү нарын захиргаа Райн мөрний адагт лавтай хүрч байжээ хэмээн дүгнэж болно. Остгоотууд зэрэг Германы овог аймгууд хоёр үеийн турш хүннү нарын эрхшээлд байж, хаад ноёд нь Аттилагийн хараат албат болон амьдарч, тэмцэж явжээ. Байлдаж тулалдахдаа гаргууд Трансильваны гэпидүүд, Карпатын уулсын нумарсан хэсгийн зүүн хойд этгээдэд өргөн уудам нутагт тархан суух рүгичүүд Аттилагийн захиргаанд орсон билээ. Тюрингчүүд Аттилаг хүлцэн дагасан нь ч тодорхой. Хүннү нарын хурдан шаламгай цэргийн ангиуд Райн мөрний бэлчир газар үе үе гэнэт халдаж аюумшигт цохилт өгч байсныг бид бүргүндчүүдийн амссан хувь заяанаас мэднэ. Райн мөрний франкуудаас брүктэрэрүүд хэмээгч хамгийн хүчирхэг овог нь хүннү нартай ойр дотно холбоотой явжээ. Түүний дээр хэрүлүүд, түрцилингүүд, куадууд, маркоманнууд ч хүннү нартай холбоотой байсныг наймдугаар зууны лангобардуудын түүхийг туурвигч Паулус Диаконус гэрчилж буй. Тэрбээр Historia romana (Ромын түүх)-даа эртний зохиогчдын бүтээлүүдээс нэлээд зүйл иш татаж оруулсан бол Их Карл хааны ордонд үүргээ гялалзтал биелүүлсний дараа уугуул нутаг Монте Кассино сүмдээ буцаж ирээд Historia langobardorum (Лангорбардуудын түүх) хэмээх маш чухал бүтээлээ туурвисан бөлгөө...

Мөн үзэх

засварлах