Антуан де Сент-Экзюпери

Антуан Мари Жан-Батист Рожэ дө Сэнт-Экзюпери (франц. Antoine Marie Jean-Baptiste Roger vicomte de Saint-Exupéry; 1900 оны 6-р сарын 29-нд Лион хотод төрсөн-1944 оны 7-р сарын 31-нд нас барсан)- францын зохиолч, яруу найрагч, мэргэжлийн онгоцны нисгэгч.

Антуан Сэнт-Экзюпери. 1942 он

Антуан дө Сэнт-Экзюпери францын Лион хотод даатгалын байцаагч Мартин-Луи Жан Экзюпери (1863—1904) болон гэргийн Мари Буаэ де Фонколомб нарын гэрт төржээ. Тэд өмнөд францын "Перигор" нутгийн язгууртнуудаас гаралтай ажээ. Антуан (түүнийг гэрийнхэн нь «Тонио» гэж дууддаг байжээ) айлын 5 хүүхдийн гурав дахь хүүхэд байсан. Мари-Мадлен «Бише» (1897 төрсөн), Симона «Моно» (1898 төрсөн) хоёр эгчтэй, Франсуа (1902 төрсөн эр), Габриэла «Диди» (1904 төрсөн эм) хоёр дүүтэй байжээ.

Экзюпери 1908 онд Лион хотод Гэгээн Варфоломейн (франц. école chrétienne de la Montée Saint-Barthélemy) сургуульд явж эхэлсэн бөгөөд 1908 онд тэдний гэр бүл Ле-Ман хот руу нүүхэд тэнд 1914 он хүртэл Сент-Круа (de Sainte-Croix) коллежид сурчээ.

1912 онд 12 настайдаа анх онгоцонд сууж нисч үзжээ.

1921 онд Антуан цэрэгт татагдсан бөгөөд Страсбург дахь сөнөөгч онгоцны 2-р хороонд алба хаажээ. Эхлээд түүнийг засварын ангид хуваарилсан боловч дараа нь тэр иргэний нисгэгчийн шалгалт өгч чаджээ.

Түүний дараа Экзюпериг Марокко руу шилжүүлжээ, тэндээ цэргийн нисгэгчийн эрхийг авч, дараа нь францын Истр хот руу мэрэгжил дээшлүүлэхээр илгээсэн байна. 1922 онд Антуан Авора хот дахь нөөц офицеруудын курс төгсөж, бага дэслэгч цол хүртжээ. 10-р сард тэрээр Парисын ойролцоох Ле Бурже дахь нисэхийн 34-р ангид томилогдож 1923 оны 1-р сард тэрээр анх удаа онгоцны осолд орж толгойндоо гэмтэл авчээ. Гуравдугаар сард түүнийг нисэх чадамжгүй болсон гээд цэргээс чөлөөлжээ. Улмаар Экзюпери Парис руу нүүж, уран зохиолоо бичих болжээ.

1926 онд Экзюпери сая нэг өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрчээ. Тэрээр Африкийн умард эрэгт шуудан хүргэдэг "Aeropostal" компанийн нисгэгч болжээ. Хавар нь тэрээр Тулуз - Касабланка, дараа нь Касабланка - Дакар гэсэн чиглэлд шуудан тээвэрлэх ажлыг гүйцэтгэж 1926 оны 10-р сарын 19-нд тэрээр Сахарын хамгийн захад орших Кап Жуби хэмээх завсар дундын нисэх буудлын (Вилья-Бенс) даргаар томилогдож тэндээ анхны бүтээл болох "Өмнөд шуудан" романаа бичсэн байна.

1929 оны 3-р сард Сэнт-Экзюпери Францад буцаж ирээд Брест дэх тэнгисийн цэргийн нисэхийн дээд курст орсон байна. Удалгүй Галлимардын хэвлэлийн газар түүний "Өмнөд шуудан" романыг хэвлэж, Эксюпери өөрөө "Aeropostal" компанийн Аргентин дахь салбарт компанийн техникийн захирлаар очжээ. 1930 онд Сэнт-Экзюперид иргэний агаарын тээврийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн "Хүндэт Легионы" одон хүртээжээ.

 
Сэнт-Экзюперигийн нэрэмжит Лион хотын нисэх онгоцны буудал

Тэрээр 1930 оны 6-р сард Андын нуруунд осолдсон найз Анри Гийомыг хайх ажиллагаанд оролцож байх үеэр «Шөнийн нислэгт» романаа бичсэн ажээ.

Удалгүй Сент-Экзюпери Испанийн иргэний дайны сурвалжлагчаар томилогдон ажилласан байна.

1939 оны 9-р сарын 4-нд Франц улс Германд дайн зарласны маргааш Сэнт-Экзюпери Тулуз-Монтодраны цэргийн нисэх онгоцны буудалд дайчилгааны газарт очиж өргөдлөө өгч 11-р сарын 3-нд алсын зайн тагнуулын агаарын нислэгийн ангид бүртгэсэн байна. Олон найз нөхөд нь Сент-Экзюпериг зохиолч, сэтгүүлчийн хувьд улсдаа илүү их ашиг тус авчирна, нисгэгчийг бол олон мянгаар бэлтгэж болно, чи амь насаа эрсдэлд оруулах ёсгүй гэж ятгаж байжээ. Гэвч Сэнт-Экзюпери зориуд байлдааны ангид томилогдсон байна.

Сэнт-Экзюпери "Блок-174" онгоцоор хэд хэдэн байлдааны нислэг үйлдэж, агаарын тагнуулын даалгавар гүйцэтгэж, Франц улсын Цэргийн загалмай (франц. Croix de guerre) одон хүртжээ. 1941 оны 6-р сард Франц ялагдаж эзлэгдсэний дараа тэрээр эзлэгдээгүй нутаг дахь эгч дээрээ нүүж очоод сүүлд нь АНУ руу явсан байна. Тэрээр Нью-Йоркт амьдарч байхдаа 1942 онд түүний хамгийн алдартай бүтээл болох "Бяцхан ханхүү"-ээ бүтээж, жилийн дараа франц, англи хэл дээр зохиогчийн зургаар чимэглэн хэвлүүлжээ. (Францад уг үлгэр 1946 онд хэвлэгдсэн). Энэ зохиол нь дэлхийн 190 орчим хэл дээр орчуулагдсан юм. Монгол хэл рүү уг зохиолын дипломатч Т.Төмөрхүлэг орчуулсан байдаг.


1943 оны 4-р сард тэрээр "Францын байлдааны нисэх хүчин"-д элсэж шинэ өндөр хурдны "P-38 Lightning" онгоц жолоодож сурах ёстой болжээ.

1944 оны 7-р сарын 31-нд Антуан дө Сэнт-Экзюпери Корсика арлын Борго нисэх онгоцны буудлаас тагнуулын нислэгээр хөөрөөд буцаж газардаагүй байна.