Алфред Адлер (герман. Alfred Adler:-1870 онд Австри улсын нийслэл Вена хотод төрсөн-1937 онд Их Британий Шотландын Абердин хотод нас барсан) -Австрийн эмч, сэтгэцийн эмч мэргэжилтэй бөгөөд бодгаль сэтгэл судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан алдартай эрдэмтэн юм. Тэр Зигмунд Фройдийн хамтран зүтгэгч, психоанализийг хөгжүүлэхэд хүчин зүтгэж байснаас гадна Венийн психоанализийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагчдын нэг юм.

Алфред Адлер /1870-1937/

Альфред Адлер 6 хүүхэдтэй еврей гэр бүлд төрсөн. Багадаа рахит өвчнөөр өвдөж, 2 нас хүртлээ алхаж чадахгүй байсан ба дөрвөн настайдаа уушгины хатгалгаа тусч байсан зэрэг хүүхэд насанд нь үүсч байсан эрүүл мэндийн олон асуудлууд, бага нялх дүүгийнх нь үхэл зэргээс шалтгаалж эмч болохоор шийдсэн гэдэг. Адлер хүүхэд байхдаа өөрийн ах Зигмунд Адлертай бие махбодынхоо сул дорой байдлыг харьцуулан шаналдаг байсан нь хожмоо өөрийн онолоо боловсруулахад чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг.

1895 онд Венийн их сургуулийг анагаахын мэргэжлээр төгссөний дараа ажлын гараагаа нүдний эмчээр эхлүүлж, дараа нь ерөнхий эмч болсон байдаг. Тэрээр их сургуульд суралцаж байх хугацаандаа Оросоос ирсэн оюутан Райсу Эпстайнтай танилцан гэрлэжээ.

Адлер сэтгэл судлал, сэтгэцийн эмгэгийн талаар сонирхон судлах болж 1902 онд Зигмунд Фройд түүнийг психоаналитикийн хэлэлцүүлгийн бүлэгт нэгдэхийг урьж байжээ. Энэ бүлэг долоо хоног бүрийн Лхагва гарагт Фройдийн гэрт уулздаг байсан нь сүүлд Венийн психоаналитикийн нийгэмлэг болж өргөжин хөгжсөн. 1911 онд Адлер Венийн Психоанализийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан ч Фройд болон нийгэмлэгийн зарим гишүүдийн үзэл хандлага, онолтой санал нийлэхгүй байсан тул өөрийн сэтгэлгээний сургуулийг бий болгохын тулд салж гарсан анхны томоохон хүмүүсийн нэг байв. Фройдийн бэлгийн дур хүсэл хүний амьдралыг чиглүүлэх гол хүч гэсэн үзэл санаатай тэрээр санал нийлдэггүй, харин хүний бие махбодын байдал хүний амьдралд чухал нөлөөтэй гэсэн онолыг дэвшүүлж байжээ.

Үүний дараа Адлер өөрийнхөө Психоаналитик чөлөөт судалгааны нийгэмлэгийг байгуулсан /Хожим нь Бодгаль сэтгэл судлалын нийгэмлэг болж нэр нь өөрчлөгдсөн/.

Дэлхийн 1-р дайн Адлерийн үзэл санаад томоохон өөрчлөлтүүд оруулсан байна. Тэрээр нийгмийн сонирхол, өрөвч сэтгэл нь хүний сэдлийг бий болгодог хэмээн үзэж дайны дараа лекц унших, багш нарыг сургах зэрэг ажлуудыг хийж өөрийн үзэл баримтлалаа баталгаажуулж хөгжүүлэх арга замуудыг эрэлхийлж байжээ.

Альфред Адлерын онолууд сэтгэл засал, эмчилгээ, хүүхдийн хөгжил зэрэг олон салбарт чухал үүрэг гүйцэтгэсэн. Алдерын үзэл санаанууд нь бусад сэтгэл судлаач, психоаналистууд буюу Абрахам Маслоу, Карл Рожерс, Карен Хорни, Ролло Мэй, Эрих Фромм, Альберт Эллис зэрэг судлаачдад ихээхэн нөлөө үзүүлсэн байдаг. Тэрээр дутуугийн мэдрэмжийн улмаас сэтгэл хөдлөлийн бэрхшээлтэй хүмүүсийг төлөвшил, эрүүл саруул ухаан, нийгэмд хэрэгтэй зүйл рүү чиглүүлэхийн тулд уян хатан, дэмжлэг үзүүлэх сэтгэл заслын эмчилгээг боловсруулсан байдаг.

Түүний онолоор хүүхэд төрсөн цагаасаа эхлэн дутуугийн мэдрэмжтэй байдаг. Төрсөн цагаасаа эхлэн хүн амьд үлдэхийн тулд бусдаас бүрэн хамааралтай байдаг нь өөрийгөө сул дорой, бусдаас дутуу гэсэн мэдрэмжийг мэдрэхэд хүргэдэг гэжээ. Энэхүү дутуугийн мэдрэмж нь хүүхэд байх хугацаанаас хэлээд насанд хүрсний дараа ч энэ мэдрэмжээ давж гарах гэсэн сэдлээр хүнийг сэдэлжүүлдэг гэсэн байна. Хүн нийгмийн амьдралд оролцож, амжилт бүтээлтэй байгаа нь дутуугийн мэдрэмжээ даван гарч буй хэлбэр гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл дутуугийн мэдрэмж хүний амьдралд түлхэц болж буй томоохон хүч бөгөөд бусадтайгаа өөрийгөө харьцуулан тэр зүйлийг даван туулж өсөж хөгжиж байгаа бол энэ нь эрүүл хөгжил гэсэн байдаг. Гэвч дутуугийн мэдрэмжийг хүн бүр амжилттай даван туулж чаддаггүй бөгөөд үүнээс үүдэн дутуугийн комплекс бий болдог. Эрх дураараа эсвэл гадуурхагдан үл тоогдож байсан болон бие махбодын хөгжил доогуур хүүхдүүдэд дутуугийн комплекс илүүтэй ажиглагддаг. Мөн түүний хүүхдийн хөгжлийн талаарх чухал үзэл санаанд хүний амьдралын туршлага нь хүрээлэн буй орчин, нөхцөл байдлыг аюултай эсвэл аюулгүй гэж харахад нөлөөлдөг. Анх хүн амьдралын утга учрыг юу гэж харж хүлээж авсан нь өөрийнх нь ертөнцийг үзэх үзэлд нөлөөлдөг. Ингэснээр хүн цаашид хэрхэн амьдрах тухайгаа тунгааж, “би” дүрээ бүрдүүлдэг гэсэн байна. Хэрвээ хүүхэд амьдралыг эерэг байдлаар олж харж чадсан бол бүтээгч, хайрлагч, бусдад туслагч байдлаар бүрдүүлдэг бол сөрөг байдлаар олж харсан бол түрэмгийлэгч, сүйтгэгч, сөнөөгч хэв загвартай болдог гэжээ.

Мөн тэрээр сэтгэл судлалд төрөлтийн эрэмбийн талаарх онолыг гаргасан ба хүүхдийг төрсөн цагаас эхлээд хүрээлж буй бусад хүмүүсийн харилцаа, хандлага нөлөөлдөг гэсэн талаас энэ онолоо дэвшүүлж байжээ. Айлын том хүүхдүүдийн хувьд дүүтэй болтлоо айлын ганц хүүхэд байдаг учраас бусдын анхаарал халамжийг өөр дээрээ авч өсдөг. Дүүтэй болсноор энэ байдал багасч ирдэг тул өөрийн байр сууриа хамгаалах, авч үлдэхийг оролддог байна. Мөн бусад хүүхдүүдтэй харьцуулахад харьцангуй эрт бие дааж сурдаг. Айлын 2 дахь хүүхдүүдийн хувьд нэлээдгүй өрсөлдөөнч зантай байдаг. Ууган хүүхдийн илүү бие даасан, чадвар өндөртэй байдлыг ялах гэсэн хүсэл эрмэлзэл давамгайлдаг ба шинжлэх ухаан, спорт зэрэг салбарт амжилттай байдаг гэсэн байна. Харин айлын бага хүүхдүүдийн хувьд бусдын анхаарал халамж дунд, өвөрмөц онцлогтой байдаг ч дутуугийн мэдрэмжүүд их байдаг. Айлын ганц хүүхдүүдийн хувьд бусдын анхаарал халамж их байдаг учир бие даах байдал бусад хүүхдүүдтэй харьцуулахад харьцангуй сулаас гадна юмсыг ганцаараа эзэмших хүсэлтэй байдаг гэсэн. Гэхдээ төрөлтийн эрэмбийн онолд хүүхдэд илэрч болох түгээмэл шинж, хандлагыг дурдсан ба онолыг ашиглахдаа хүүхэд хоорондын нас, генетикийн хүчин зүйлс зэргийг мөн харгалзан үзэх хэрэгтэй байдаг.

1926 онд Адлер Нью-Йорк дахь Колумбын их сургуульд профессороор ажиллах урилга хүлээн авсан. 1928 онд тэрээр АНУ-д очиж, Нью-Йорк дахь Нийгмийн судалгааны шинэ сургуульд лекц уншжээ. Колумбийн их сургуулийн ажилтан болсныхоо дараа Адлер зөвхөн зуны саруудыг Вена хотод өнгөрөөж, багшлах үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, өвчтөнүүдийг эмчилдэг байсан.

1932 онд Адлер эцэст нь АНУ руу нүүжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрээр барууны олон дээд боловсролын байгууллагуудад идэвхитэй лекц уншдаг байжээ.

1937 оны 5 дугаар сарын 28-нд тэрээр Абердинд (Шотланд) цуврал лекц уншихаар хүрэлцэн очоод 67 насандаа зүрхний шигдээсээр гэнэт нас барсан бөгөөд тэнд нь оршуулсан ажээ.